Үерийн дараах сэргээн босгох ажил үргэлжилж байна


Дарь-Эхийн шинэ эцэст үерийн дараах нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа. Үерийн усанд автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутагт дэвсгэрт сэргээн босголт, цэвэрлэгээ үйлчилгээний ажил үргэлжилсээр. Ойрын үед нийслэл хотод болсон хамгийн том үйл явдал учраас хэвлэлийнхэн ч тэр зүг цувраастай. Бүгд өөр өөрийн өнцгөөр мэдээлэл түгээж байна. Үерт өртсөн тухайн бүс нутгийн иргэд бухимдах нь бухимдаж, зарим нь асуудалд хүлээцтэй хандана. “Манай хашаа, гэрийг хурдан цэвэрлэж өгөхгүй бол хэвлэл дуудлаа” гэх нэгэн ч байх аж. 

Хэдийгээр лаг шавар цэвэрлэх ажил дуусах шатандаа орсон ч ойрын өдрүүдэд бороо хур хороогүй учраас хуурай тоос, шороо боссон сааралтсан орчин угтана. Ерөөс андашгүй. Дарь-Эхийн хуучин эцсээс хойшоо нэг км орчим явахад л өнөөх шороон сааралтсан орчин нүдний өмнө ил үзэгдэнэ. Маш их цэвэрлэгээ хийх шаардлагатай нь харагдсан. Албаны хүний яриагаар бол лаг шавар, бохирдлыг цэвэрлэх ажил 94 хувьтай яваа гэнэ. Үнэндээ зам дагуу, нүүрэн эгнээ болон хоёр дахь эгнээг л цэвэрлэж дуусчээ. Гурав болон дөрөв дэх гудамжинд хүрч амжаагүй, зарим хэсэгт нь машин, техник хэрэгсэл орох боломжгүй байгааг иргэд хэлж байна. Товчхондоо бол иргэд болон албаныхны ам зөрөх маягтай. Үерийн гамшиг болсноос хойш дөрөв хоногийн дараа бид сурвалжилга бэлтгэхээр Дарь-Эхийг зорьсон нь энэ. НОБГ-ын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямын хэвлэлийнхэнд өгсөн албан мэдээгээр “Цэвэрлэгээний гүйцэтгэл 94 хувьтай яваа. 1056 ажилтан, алба хаагч 117 тээврийн хэрэгсэлтэй ажиллалаа. Нийт давхардсан тоогоор 2888 хүн, 413 тээврийн хэрэгсэлтэй ажилласан. Өнөөдөр үерийн усанд автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны 194 өрхийн хашаанд тогтсон 3942 тонн лаг шаврыг 153 рейсээр зөөж цэвэрлэлээ. Нийт 536 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллагын 10,054 тонн лаг шаврыг 410 рейсээр цэвэрлэсэн. Нийт 44.1 га талбайн 94 хувийг бүрэн цэвэрлэж дууслаа. Харин дөрвөн хувьд нь одоо ажиллаж байна. Үлдсэн хоёр хувь нь техник, хүн орох боломжгүй, нойтон лаг шавартай байгаа. Энэ газарт маргааш ажиллана. Далан хөвөөний засвар дүүргэлтэд 332 рейсээр 6191 шоо метр дайргыг ачиж зөөлөө гэв. Ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж буй. Айлын хашаа, нийтийн эзэмшлийн 440 мянган ам метр зам талбайд ариутгал, халдваргүйтэл хийжээ. Одоогийн байдлаар орон гэргүй болсон 22 өрх байгаа бөгөөд тоо нь нэмэгдэж байгаа” гэв. 

Манай сонины сурвалжлах багийн очсон газар бол 21 дүгээр хороо болон шуурхай штаб байрлаж буй 127 дугаар сургууль. 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн нүүрэн талыг ерөнхийдөө цэвэрлээд дуусчээ. Хэдий тийм ч хот тохижилтын ажилтнууд өдөр бүр замыг дахин дахин цэвэрлэж байна. Тэд өглөөний ургах нарнаас үдшийн бүрий болтол амралтгүй ажиллаж байгаагаа хэлж байлаа. Зам дээр ажиллаж байсан хүмүүс “Дахин их хэмжээний бороо битгий ороосой. Бүрэн гүйцэт цэвэрлэж дуусаагүй байтал дахиад бороо орвол ажил бүр хүндэрнэ. Тиймээс бороо битгий ороосой л гэж хүсэж байна” хэмээн ам уралдуулан ярьж байв. 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр цагаан хувцас өмсөж, гартаа хүрз барьсан цэргийн алба хаагчид харагдсангүй. Харин өөрсдийн байшин, хашаагаа цэвэрлэх иргэд ажиллаж харагдана. Иргэдийн хувцас шаварт будагдаж, хааяа нэг уртаар санаа алдаж, цэвэрлэгээ хийнэ. Модон, төмөр гээд төрөл бүрийн хашааг ч үерийн ус ялгалгүй хуу хамжээ. Иргэд урсалгүй үлдсэн тавилга эд зүйлсээ хашаан дотроо угааж, цэвэрлэсэн дүр зураг хаа сайгүй. Ер нь ер усны гамшиг иргэдэд нэлээд төвөг, чирэгдэл, хүндрэл учруулжээ. Уулзаж сэтгэгдлийг нь сонссон бүх л хүн ажлаасаа чөлөө авчээ. Бас албан байгууллагаас нь цалинтай чөлөө өгсөн ч тохиолдол байлаа. Эргэн тойронд ачааны машин, ковш, ус цацаж, тоосжилтыг багасгаж байлаа. Эмнэлэг, цагдаа, онцгой байдлын гэх мэт 20 гаруй машин цувж, хамгаалалтын хувцастай 200 гаруй алба хаагчид ажиллах, дуу чимээ ихтэй энэ зураглал зөвхөн Дарь-Эхэд бий. Шуурхай штаб байрлах 127 дугаар сургуулийн баруун урд хэсэгт нэг дэлгүүр байна. Хамгийн түрүүнд хараанд өртлөө. Дөхөж очоод сонирхвол бүхий л бараа нь үерт автаж хэрэглэх аргагүй болсон учраас хаяхаар овоолж байлаа. Дэлгүүрийн ойр орчимд 5-6 хүн цэвэрлэгээ хийж нааш, цааш холхино. Яриа авах гэж оролдвол “Завгүй байна аа, уучлаарай. Хэдэн өдөр л ярилаа. Одоо юугаа ярих вэ дээ” хэмээн дургүйцэв. Амьдралын эх үүсвэрээ үерт тавиад туучихсан хүмүүст ийм зүйлээ яриад суух нь хэцүү санагдсан биз. 

Монголын улаан загалмай нийгэмлэг, “Thanks man” төрийн бус байгууллага, Баянзүрх дүүргийн Социал демократ залуучуудын холбоо гэх мэтээр сайн дурын тусламж үзүүлж буй байгууллага, иргэд цөөнгүй. Тэд иргэдээс цуглуулсан хандиваараа дулаан хувцас, хөнжил, хоол хүнс, цэвэр ус, ахуйн хэрэглээний бараа зэрэг нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнээр туслалцаа үзүүлж байгаа аж. Түүнчлэн айл, өрхийн хашааны лаг шавар, бохирдлыг цэвэрлэхэд тусламж үзүүлсэн байна. 360 гаруй өрхөд иргэдийн өгсөн хандив, тусламжийг хуваарилж, олгох ажлыг зохион байгуулжээ. Тэрчлэн бичиг баримт дутуу, бичиг баримтгүй, автомашин нь үерийн усанд урссан иргэдийн тодорхойлолтыг Ажлын хэсэг газар дээр нь олгож байна. Үерт өртсөн 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлэхээр зам засах ажил үргэлжилж буй. Цахилгаанаар хангах болон бусад дэд бүтцийн ажлыг холбогдох байгууллагынхан төлөвлөгөөний дагуу хийх юм. Энэхүү ажил хэрхэн үргэлжилж байгааг сонирхлоо. Үерийн гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс иж бүрэн тавилгатай гэр өгөхөөр болсон. Мөн эдгээр иргэнийг амьдарч байсан газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд Тоосгоны хэсэгт байрлах таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэж, гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлээр хангаж байгаа аж. НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч, хурандаа Б.Эрдэнэпил “Үерт өртөж, орон гэргүй болсон эхний ээлжийн 20 айлын газрын зураг, кадастрыг Баянзүрх дүүргийн Газрын албанаас хийж, нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар болон дүйцүүлэхийн алба хаагчдын хүчээр буурийг засаж, 20 гэр барилаа. Энэ ажилд нийслэл, дүүргийн бүх байгууллага оролцож буй. Тухайлбал, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар худаг байгуулж байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани цахилгааны трассаа гаргаж, цэгүүдээ тодорхойлоод байна. Зам засах ажил дуусаж, машин явах боломжийг бүрдүүлсэн” гэлээ. Тэнд суурьших айл бүрд эрүүл хөрстэй 0.07 га газар өмчлүүлж байгаа юм. Уг нь бол сайхан боломж. Гэвч зарим нь хотоос зайтай, өвөлдөө хүйтэн байдаг, сургууль, цэцэрлэгээс хол зэрэг шалтгаанаар дургүйцэж байгаа аж. Үерт өртсөн хашаагаа цэвэрлэж, янзлаад тэндээ амьдарна гэх иргэд ч байлаа. Хэдийгээр энэ нь хүний эрхийн асуудал ч дахиад үер буувал тэд яах вэ. Дахиад л үерт өртлөө гээд гомдол нэхээд суух уу. Үерийн дараах сэргээн босголтын нэг чухал хэсэг нь ариутгал, халдваргүйжүүлэлт. Гурван хорооны нутаг дэвсгэр дээр ажиллаж буй 1100 гаруй иргэнийг өдөр бүр ариутгахаас 50 мянган ам метр гудамж талбай, 205 айл өрхөд ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Ариутгал, халдвар­гүй­жүүлэлтийн багийнхан өдөрт хамгийн багадаа хоёр удаагийн давтамжтай ариутгал хийж байгааг албаныхан хэлэв. Дор хаяж нэг сар орчмын хугацаанд энэхүү бүс нутагт халдваргүйжүүлэлтийн ажил хийх ёстой аж. Ариутгалыг тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн компаниуд НЭМГ-ын эрүүл ахуйн байцаагч нарын хяналт дор тогтмол хийж буй. Иргэд өөрсдөө гэрийн нөхцөлд ариутгал хийхдээ хлорын суурьтай шахмал бодисыг зохих тун, хэмжээгээр нь усанд найруулж, халдваргүйжүүлэх боломжтой гэнэ. 

 

Үерт өртсөн хохирлоо хэрхэн барагдуулах вэ

 

Шуурхай штаб байрлаж буй 127 дугаар сургууль дээр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энд өнөөдрийн байдлаар 14 том хүн, 11 хүүхэд, нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн түр байрлаж байгаа аж. Сургуулийн хашааны гадна талын зогсоолд машин тавих зайгүй шахам. Үүдний хэсгийн гурван ангид гурван хорооны хэсгийн ахлагч нар болон ОБЕГ-ын газрын ажилтнууд иргэдтэй уулзаж байна. 108 тоот хаалганы үүдэнд урт дараалал үүссэн байв. Гэтэл үерт эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн гомдлыг авч, тодорхойлолт гаргаж өгч байгаа нь энэ аж. Автомашин нь үерт өртсөн бол иргэний үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, өргөдөл, оршин суугаа хорооны тодорхойлолт, үерт өртсөнөө баталгаажуулах зураг хавсаргасны үндсэн дээр холбогдох албаныхан “Үерт өртсөн нь үнэн” гэх утгатай тодорхойлолт гаргаж өгч байна. Харин хашаа байшин, гэр, ажлын байр нь үерт өртсөн бол дээр дурдсан зүйлүүд дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нэмэгдэнэ. Хамгийн гол нь баримтжуулсан зураг сайтай байхыг албаныхан сануулж байлаа. Ингээд тодорхойлолт авсан иргэд материалаа оршин суугаа хороондоо өгнө. Улмаар хорооноос дүүрэг, дүүргээс нийслэл, нийслэлээс УОК-т иргэдийн өргөдөл хүрснээр Засгийн газрын хуралдаанд оруулж, хохирлыг барагдуулах аж. Ингэхдээ мэргэжлийн хүмүүсээр бүрдсэн баг ажиллаж иргэдийн өгсөн өргөдөл, үнэлгээнд нарийн хяналт тавих аж. НОБГ-ын мэргэжилтэн Э.Энхбаяр энэ чиглэлээр иргэдэд заавар, зөвлөмж өгч харагдлаа. Тэрбээр “Тэртээ, тэргүй улсаас салбар бүрийн, тал талын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг гарч нарийвчилсан үнэлгээ хийнэ. Тиймээс та бүхэн үнэлгээний компанид өндөр үнэ төлж үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Зүгээр л эвдэрч, сүйдсэн эд хөрөнгийнхөө зах зээлийн үнэлгээг л үнэн зөвөөр тодорхой бичээд ирэхэд болно” хэмээн ярина. Түүний хувьд асуулт асуусан хүн бүрд дэлгэрэнгүй тайлбар өгч байгаа харагдсан. Үерт урссан машинаа аваад, цэвэрлүүлж, асаалгаж байгаа нэгэн байхад засуулж, асаалгах нь битгий хэл цэвэрлүүлж ч чадахгүй хүн олон байна. Тэр хүмүүс журмын хашааны төлбөр их гарахаас айж, машинаа ирж аваад хашаандаа тавьж, боломжтой нэгэн нь гэрийн нөхцөлд цэвэрлэж эхэлжээ. Үерт 105 машин урссан гэх албан тоог гаргасан байдаг. Эдгээрийн талаас илүү нь даатгалгүй. Тэгвэл даатгалтай нь үнэлгээгээ хийлгээд даатгалын компаниуд эхнээсээ хохирлыг нь барагдуулаад эхэлсэн байна. Харин даатгалгүй нь яахаа мэдэхгүй, өргөдөл цаас болоод явж байна. Иргэн Мөнхбаяр даатгалтай ч хугацаа нь өнгөрсөн зургадугаар сард дууссанаас хойш сунгуулж амжаагүй явжээ. Гэтэл зам дээр түгжирч яваад үерт өртсөн гэнэ. Тэрбээр “Даатгалгүй учраас хүнд тусаж байна. Хоёр хоног энүүгээр /шуурхай штаб/ эргэлдлээ. Үнэлгээний компаниар үнэлүүлэх гэтэл үнэтэй байна. Лаг, шавар, дотор салоныг нь цэвэрлүүлэх санаатай ченж угаалгын үнэ асуутал 300 мянгаас буухааргүй шинжтэй. Ямар ч байсан хашаандаа машинаа аваачиж тавьсан. Төр засгаас хэр хугацаанд хохирол барагдуулахыг мэдэхгүй юм. Ямар ч байсан материалаа бүрдүүлээд өг­лөө. Хамгийн гол нь бодитоор үнэлж, хохирол барагдуулаасай” гэв.  

Ямартай ч алба хаагчид зогсоо зайгүй ажилласаар. Нөхцөл байдлыг хуучин хэвэнд нь аваачих гэж хичээж байна. Дайны хажуугаар дажин гэгчээр нөхцөл байдлыг далимдуулах иргэд ч мэр сэр байх аж. Үерт өртсөн гэж хуурамч дуудлага өгөх, үерийн голомтод ажиллах албан хаагчдыг элдвээр доромжлох, агсам согтуу тавих, албан хаагчдын эд зүйлд халдах зэрэг тохиолдол гарч байгаа гэнэ. 

“Манай хашаа, байшингийн лаг шаврыг цэвэрлэж өгөхгүй удлаа. Та нарыг хүлээсээр би залхаж гүйцлээ” хэмээн хуурай агсам тавих ахимаг насны эмэгтэйчүүд, “Би гомдолтой байна” гэх халамцуу эр тэр хавиар хаа нэг үзэгдэнэ. Үерт хохирол амссан дөрвөн айл хоёр өрөө байранд орохоор болж, 20 айл шинэ суурьшлын бүсэд 0.07 га газар, иж бүрэн тавилгатай, таван ханатай гэртэй болж байна. Зүгээр ч нэг гэр өгсөнгүй. Буурийг нь засаж, гэрийг нь бариад өглөө. Зам харгуй, худаг ус, цахилгаан, хоол хүнс гээд бүхий л зүйлээр хангаж байна. Түүнчлэн аж ахуй эрхэлж байсан хүмүүсийн татварыг хөнгөлж, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох асуудлыг ч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.


Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 8 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 11 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 11 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 11 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 11 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 11 цагийн өмнө
SDY Calling you... 11 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 12 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 12 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 12 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 12 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22