Эрдмийн баяр есдүгээр сарын нэгэн хаяанд ирлээ. Яг хоёр долоо хоногийн дараа 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлнэ. Энэ хичээлийн жил хэд хэдэн онцлогтой. Юуны өмнө Боловсролын хуулийг анх удаа багцаар нь шинэчлэн баталсан тул бүх шатны сургуулиуд эрх зүйн цоо шинэ орчинд хичээллэж эхэлнэ. Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх, Дээд боловсролын, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулиудад оруулсан шинэлэг өөрчлөлтүүд “амь орно” гэсэн үг.
Шинэчлэгдэн батлагдсан багц хууль боловсролын салбарт бодит өөрчлөлт, дорвитой шинэчлэлийг авчирна гэж үзэж байгаа. Ингэж үзэх үндэслэл бий. Засгийн газар, салбарын яамнаас багц хуулиудынхаа талаар олон удаа танилцуулга, тайлбар хийж, иргэд, олон нийт болон судлаачдын санал бодлыг тусган батлуулсан. Тиймээс багц хуулийн шинэчлэл цогц реформ болсон гэдэгтэй олон хүн санал нийлж байгаа юм.
Боловсролын хөтөлбөр, сурах бичгүүдийн агуулга цаг үеэсээ хоцорсон, дэндүү академик, амьдралд хэрэгтэй ур чадвар болж чадахгүй байгааг өөрчлөхөд боловсролын багц хуулийн шинэчлэл бүхэлдээ чиглэсэн. Хүүхдийг хүчээр уншуулж, тоо бодуулдаг, сэтгэн бодуулах биш цээжлүүлэх хэлбэрээр сургадаг арга барил өнгөрсөн зуунд үлдсэнийг амьдрал харуулж байгаа. Тиймээс шинэ зуунд хамгийн чухал хэрэгцээтэй сэтгэн бодох ба бусадтай хамтран ажиллах, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх ур чадварыг хүүхдэд олгох, ингэхийн тулд сургалтын хөтөлбөрөө шинэчлэх шаардлага үүссэн. Багц хуулийн шинэчлэл энэ хүлээлтэд хариулт болж буй. Боловсролын салбарт энэ шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл болж манай өнөөдрийн дугаарт “Шидэт квадрат” математикийн сургалтын төвийн үүсгэн байгуулагчийн ярилцлага уншигч танд шинэ мэдээлэл өгөх болно. Математикийн төрөлжсөн сургалтыг явуулдаг төрөлжсөн анхны төвүүдийн нэгийн хувьд “Шидэт квадрат”-ынхны сургалтын арга барил, туршлага өөрийн гэсэн онцлогтой.
Боловсроын салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зураглалаар нь харсны үндсэн дээр хөтөлбөр, боловсролын засаглал, санхүүжилтийн тогтолцоо, үнэлгээний тогтолцоо, хүний нөөц, цахим засаглал гэсэн үндсэн зургаан шинэчлэлийг боловсролын багц хуулиар шинэчлэн зохицуулсан. Энэ хүрээнд ерөнхий боловсролын болон дээд боловсролын салбарт шинэлэг алхам, дорвитой өөрчлөлт бий болно. Үүний жишээ болох хоёр сургуулийг мөн бид энэ дугаарын “Сэдэв” буландаа онцолсон. Тодруулбал, Монголын анхны боардинг “Green School Mongolia” сургууль дэлхийн боловсролын салбарт шинэ чиг хандлага болж буй “Greening school” хөтөлбөрийг оруулж ирээд байгаа аж. Олон улсын Кембрижийн ногоон боловсролын хөтөлбөрөөр сургалт явуулж, уг хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулийн загварт хувиргах судалгааг тус сургууль давхар хийж байгаа. Энэ тухай илүү дэлгэрэнгүйг IX нүүрээс уншаарай.
Ташрамд дурдахад Засгийн газар боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийг хийхдээ энгийн, гэхдээ ойлгомжтой байх нь илүү чухал гэдэг үзэл баримтлалд суурилжээ. Хэт академик мэдлэгийг цээжлэх, ойлгох төдийхнөөр эзэмшиж байгаа нь өөрийгөө болон өрөөлийг хуурч байгаа явдал. Харин дээд эрэмбийн ур чадвар олгоход чиглэсэн сонирхолтой, ач холбогдлыг нь ухамсарлан суралцсан, хичээл дээр олж авсан мэдлэгээ амьдралд хэрэглэх дадал эзэмшүүлэхэд шинэчилсэн хөтөлбөр чиглэнэ. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үндэс нь англи хэл, математик, мэдээллийн технологи. Тиймээс дэлхийн жишгээс хоцрохгүйн тулд дээрх хичээлүүдийг бага ангиас нь судлах боломжийг бүрдүүлээд байгаа.
Дээд боловсролын салбарт судалгааны их сургуулиудыг төлөвшүүлэн хөгжүүлэх шаардлага бий. Тиймээс Боловсролын багц хуулийн хүрээнд Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Уг хуульд “Монгол Улсын төрийн ивээлд эрдмийн эрх чөлөөг баталгаажуулж, эдийн засаг, нийгмийн хөгжил, шинжлэх ухаан, технологи, инновацийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлнэ. Эрдэм шинжилгээ, судалгааны чадамжийг сайжруулж, мэдлэгт суурилсан нийгмийг манлайлах хүний нөөцийг бэлтгэнэ. Эрдэмтэн судлаачдын оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, инновацийн соёлыг бүрдүүлнэ” гэсэн заалтууд бий. Үүн лүгээ зохицсон нэгэн их сургуулийг “Сэдэв” булангаараа бид онцлон танилцуулж байна. Энэ бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Амбагын үүсгэн байгуулсан Шинэ анагаах ухааны сургууль юм. Шинжлэх ухаан, боловсролын салбарт шинэ шан татаж яваа энэ хамт олны тухай мэдээлэл хичээлийн шинэ жилийн босгон дээр ийн уншигчдад хүрч буй юм.
Г.Санчир
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна