“Би бол жирийн нэгэн эрдэмтэн, судлаач хүн. Эзэн Чингис хааны нутаг Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн баатар гэдэг төрийн эрхэм дээд цолыг хүртсэндээ туйлын баяртай байна. Энэ бол малчин аав, ээжийн хүү, 1964 оны Хэнтий аймгийн Баянмөнх сумын сургуулийн сурагч хүнд ирж байгаа эрхэм дээд шагнал юм. Би шинжлэх ухааны салбарт 1973 онд 18 наснаасаа эхлэн судалж, суралцсан. Миний 50 жилийн судалгааны эрдэм шинжилгээний гол бүтээл бол “Хүн, амьтны биеийн протон хамааралт бүхэллэг тогтолцооны систем загвар”
Энэ насны амьдралаа зориулсан судалгаа, шинжилгээний бүтээлд төрийн шагнал хүртээсэн болохоор би өөрийгөө эрдэмтэн баатар боллоо гэж ойлгож байна” хэмээн сэтгэгдэлдээ хуваалцаж байгаа эрхэм бол “Шинэ анагаах ухаан” их сургуулийг үүсгэн байгуулагч, Онолын шинжлэх ухааны салбарын анхны Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Миеэгомбын АМБАГА.
Түүний бүтээсэн “Хүн, амьтны биеийн протон хамааралт бүхэллэг тогтолцооны систем загвар” хэмээх энэхүү нэг хуудас бүтээл нь 206 боть ном, дагалдсан 300 бүтээл, гадаадад хэвлүүлсэн зургаан ном, 100 гаруй гадаадын өгүүлэл, 500 гаруй ишлэл, найман эм, NCM анагаах ухааны загвар болон задарчээ.
Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх профессор М.Амбагад Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлигдаа эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт эх орныхоо хөрсөнд ургадаг эмийн ургамлаар “Салимон”, “Дентамон”, “Барбадин” зэрэг импортыг орлох 10 гаруй нэр төрлийн эм бэлдмэлийг шинээр бүтээж, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны шинэ үзэл баримтлал, шинэлэг аргазүйг нэвтрүүлснийг нь өндрөөр үнэлснээ дурдсан байдаг.
Профессор М.Амбага 1977 онд ШУА-ийн Байгалийн Нэгдлийн хүрээлэнд доктор Ц.Хайдавын удирдсан Уламжлалт анагаах ухааны том судалгааны байгууллагад эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар анх ажилд оржээ. Тэнд маарамба Чойжамц, Доржжанцан , Санжаажав, Баавгай гуай гээд түвд хэлтэй мундаг хүмүүс ажиллаж байсан гэдэг. Тэдний ярьдаг сэдэв нь хий, шар, бадган, таван махбодийн онол. Шинэхэн ажилтан М.Амбагад энэ сэдэв сонирхлыг нь татдаг байв. 1979 онд аспирантураар ОХУ-д эрдмийн зэрэг хамгаалах үед түүнд нэгэн азтай учрал тохиожээ. Түүний багш А.Х.Коган мембраны онолын хүн. Түүнд мундаг маарамбуудаас хий шар, бадган, таван махбодын онол суралцахаас гадна гадаад багшаасаа мембраны төлөвийн талаар сонссон нь яваандаа хоорондоо холбогдох учир барилдлага болсон байна. Аспирантураа төгсөж ирээд хий, шар, бадганы онолын талаар оролдлогоо үргэлжлүүлсээр... 1990 оны намар нэг өглөө хий, шар, бадганы гурвалсан онол, мембраны гурван төлөв хоёр холбоотой гэсэн бодол залуу эрдэмтний санаанд харван орж иржээ. Ингээд дөрвөн жилийн дотор судалгаа шинжилгээний ажлаа хийж, 1994 онд энэ сэдвээр Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 2000 онд “Монос” коллежоо үүсгэн байгуулсан нь өнөөдрийн “Шинэ анагаах ухаан” их сургуулийн эхлэлийг тавьсан түүхтэй.
Өнөөдөр профессор М.Амбагын Newly Coded Medicine /NCM/ буюу Шинэ анагаах ухаан гэсэн нэр томьёо Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан. New гэдэг нь шинэ, Code гэдэг нь нэг талаас уламжлалт анагаах ухаан, нөгөө талаас орчин үеийн анагаах ухааны үзэл баримтлалыг холбосон шинэ мэдлэгэн код-хоорондоо үл нийцэгч мэдлэгүүдийг нэгтгэн холбогч гүүр код гэсэн утгатай үг. Тодруулбал, “Хүн төрлөхтний бий болгосон хоёр том анагаах ухаан хоёр талдаа байхад бидний олсон , бий болгосон шинэ мэдлэгийн код тэдний дунд нь зогсч, хооронд нь нийлүүлснээр цоо шинэ гуравдагч анагаах ухаан бий болж байна гэсэн санаагаар NCM гэж нэрлэсэн.” хэмээн профессор М.Амбага тайлбарладаг.
Профессор М.Амбагын багийн бүтээсэн “Дентамон” “Нефромон”, “Хоффитас” “Барбадин”, “Салимон” гээд дархлаа сайжруулах үйлчилгээтэй эмийг монголчууд бид андахгүй. 10 мянган жороос оновчтойг нь сонгоно гэдэг эрдэмтэн хүнд мэдлэгээс гадна мэдрэмж, зөн совин шаарддаг биз ээ. Цаашлаад М.Амбага баатрын нэвтрүүлсэн шинэ санааг олон улсын эрдэмтэд “Таны энэ санаа өмнө нь байгаагүй давтагдашгүй чанартай болжээ” хэмээн дүгнэсэн байдаг. Энэ нь монгол эрдэмтнийг дэлхий хүлээн зөвшөөрсний илрэл юм.
Ийнхүү Онолын шинжлэх ухааны салбарын анхны Монголын Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбагын үүсгэн байгуулсан “Шинэ анагаах ухаан” их сургууль Систем загварт суурилсан NCM, анагаах ухаан шинэ мэдлэг, шинэ нээлт, шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж “Шинэ анагаах ухаан”-ыг кодлон нэвтрүүлсээр байна.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/
Сэтгэгдэл (1)