Хятад улс энэ оны эхний гурван сарын байдлаар автомашины экспортоороо Японыг гүйцэж, дэлхийд тэргүүллээ. Тайлангаас харвал 1.07 сая автомашин экспортолжээ. Энэ нь 2022 оны мөн үеэс 58 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин Япон энэ оны эхний гурван сард 954 мянган автомашин экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс зургаан хувиар өссөн үзүүлэлт аж. Хятадын өсөлт нь цахилгаан машины хэрэгцээ болон Оростой хийсэн худалдаатай холбоотой. Тус улс нь өнгөрсөн жил Германыг гүйцэж, дэлхийн хоёр дахь том экспортлогч болоод байв. Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр тус улс 2022 онд нийт 3.2 сая автомашин экспортолсон. Харин Герман 2.6 саяыг экспортолжээ. Шатахуунаас татгалзсан нь Хятадын өсөлтөд маш их түлхэц үзүүлсэн байх юм. Цахилгаан машин гэх мэт шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспорт л гэхэд дангаараа 90 гаруй хувиар өссөн. “Тесла”-гийн Хятад дахь салбар “SAIC” болон “BYD” нь шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн экспортоороо Хятаддаа тэргүүлж байна. Шанхай хот дахь “Тесла”-гийн нүсэр үйлдвэр нь Япон, Европ гэх мэт орон руу автомашин экспортолдог. Тус үйлдвэр нь жилдээ 1.25 сая автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай.
Түүх сөхвөл...
Хятадад анхны ачааны машины үйлдвэр 1930-аад онд байгуулсан түүхтэй. Харин 1950-1960 аад онуудад ЗХУ-ын “Зил” ба “Газ” загваруудыг үйлдвэрлэж байв. 1980-аад онд жилд 100-200 мянган ачааны машин дөнгөж 5000-6000 суудлын машин үйлдвэрлэдэг байсан. 1980-аад оны эхээр Зөвлөлттэй харилцаа муудаж, Америк ба Японоос автомашин импортолж эхлэв. 1985 онд Японы экспортын хоёр дахь зах зээл болон 350 мянган суудлын ба ачааны автомашин импортолсон байжээ. Хятадын удирдлага энэ импортоос хараат байдлыг өөрчлөхөөр шийдэж 1985 онд дэс дараатайгаар автомашины импортын татваруудаа огцом нэмсэн бөгөөд барууны авто брэндүүдийг угсрах үйлдвэрээ байгуулах боломжийг олгож эхэлжээ. Барууны Volkswagen, Chrysler, Jeep, Peugeot брэнд хамгийн түрүүнд үйлдвэрээ нээснээс Volkswagen Santana загвар маш сайн зарагдаж эхлэв. Энэ загвар нь энгийн бөгөөд бат бөх, сэлбэг нь элбэг, аль ч тосгонд засаж болдог давуу талтай байсан нь манайд Hyundai Excel-ийн гүйцэтгэсэн үүрэгтэй их ойролцоо үүрэг гүйцэтгэж ард түмний унаа болсон байдаг. Энэ загвараас эхлэн герман брэнд Хятадын зах зээлд танигдаж, жил ирэх тусам нэр хүнд, борлуулалт нь өсөх суурь болсон гэж үздэг. 1992 онд Хятадад үйлдвэрлэсэн автомашины тоо анх удаагаа нэг сая ширхгийн босго давжээ. Мөн Volkswagen-ны Santana загвар талх шиг зарагдаж буй амжилтыг харсан барууны олон авто брэнд Хятадад үйлдвэрүүдээ нэмж барих болов. Барууны үйлдвэрүүд эхний жилүүдэд өртөг бууруулах үүднээс баруундаа хуучирсан загвараа Хятадын үйлдвэртээ нэвтрүүлдэг байсан бол 2000 оноос хэрэглэгчийн төлөөх өрсөлдөөн ширүүсч шинэ загвараа шууд Хятадын үйлдвэртээ нэвтрүүлж эхэлсэн байна. 2008 онд Хятадад 5.6 сая орчим автомашин үйлдвэрлэснээс дэлхийд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн түүхтэй. Сүүлийн 10 жил Хятад нь автомашины хамгийн том үйлдвэрлэгч, мөн зах зээл хэвээр буй. Барууны автомашины үйлдвэрүүдийг даган эд анги үйлдвэрлэгч ханган нийлүүлэгчид бараг бүгд орж ирэв. Жишээ нь, автомат хурдны хайрцаг дээр Германд ZF, Getrag, Японд Aisin Seiki, Jatco, Америкт Allison, Borg-Wagner, Eaton зэрэг фирм Хятадад үйлдвэрээ байгуулсан бөгөөд зургаа болон найман шатлалт хурдны хайрцгуудаа үйлдвэрийн шугаманд нийлүүлэх гэж өрсөлдөж байна. Герман, Япон, АНУ, Солонгос, Англи, Францын нэр хүнд бүхий 40 орчим авто брэнд Хятад дахь үйлдвэртээ 14 сая ширхэг автомашин үйлдвэрлэн, борлуулжээ.
Өмнөд хөршид үйлдвэрлэсэн бүх машин муу биш
30 жилийн өмнөх Santana загвараар, эсвэл Эрээн хотын “амьжиргаа”-ны машинаар Хятадад хийсэн машиныг төсөөлдөг цаг ард хоцорч. Хятад нь асар том зах зээл тул тэнд ядуу тосгонд зориулсан хямд “амьжиргаа цагаан”-ыг ч хийдэг Европ, Америк руу экспортод гардаг дэлхийн чанар, стандарт хангасан ганган машин ч бас хийж байна. Тэд 30 жилд чанарын том үсрэлт хийж, харин бид 30 жилийн өмнөхөөрөө байгаа мэт бодсоор иржээ. Та Хятадад хийсэн машин гэж сонсоод шууд муулах гэж яарвал дэлхийн автомашины үйлдвэрлэлийн чиг хандлагын талаар маруухан хүн болж харагдах нь ээ.
Хятад машины сэлбэг
Экспортод зориулаагүй, англи сэлбэгийн каталоггүй мөн албан ёсны дилергүй автомашиныг Эрээний нэг зуучлагчаар дамжуулж авбал танд дараа нь сэлбэг амар олдох нь юу л бол. Манайхны нэг алдаа үүн дээр илэрдэг. Хятад дотор зориулсан машины сэлбэгийн каталоги хятад хэл дээрээ л байна. Түүнийг нэр томьёог ойлгодог мэргэжлийн механик л зөв ойлгохоос энгийн нэг наймаачин ойлгодоггүй бөгөөд танд “Олдохгүй, хийхээ больсон” гэдэг үгээр ам таглана, эсвэл будилж буруу сэлбэг ирүүлнэ.
Сайн машин авах
Хятадад хийсэн сайн машиныг Монголд албан ёсны дилертэй, хийж буй машин нь экспортод гардаг, англи сэлбэгийн каталогитой газраас авбал айж болгоомжлох зүйлгүй юм байна. Чанартай сайн машиныг боломжийн үнээр авах нь манай улсын валютын гадагшаа урсгалыг багасгадаг сайн талтай. Нэг шинэ машин орж ирээд 15 хүртэлх жил ашиглалтад байж, тухайн улсдаа үр ашгаа өгдөг. Харин хуучин машин 6-8 жилийн дараа л ашиглалтаас гардаг байна.
М.Гантулга: Монголчууд хятад машины чанарыг мэдрэх нь цаг хугацааны л асуудал
Монголд автомашин борлуулдаг аж ахуйн нэгжүүд сүүлийн үед хятад машин импортлон хэрэглэгчдэд нийлүүлдэг болсон. Албан ёсны гэрээтэй учраас найдвартай гэж хэлж болно. Худалдан авалт ч боломжийн байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Бид “Богд авто молл”-ын менежер М.Гантулгатай хятад машины талаар цөөн хором ярилцлаа.
-Танай байгууллага хэдэн оноос үйл ажиллагаа явуулж эхлэв. Хятад машин оруулж ирэх болсон шалтгаан юу вэ?
-Манай компани байгуулагдаад нэг жил болж байна. 150 автомашины зогсоолтойгоор үүд хаалгаа нээсэн. Анх хүмүүсийн машиныг зарж өгдөг үйлчилгээ эрхэлж байлаа. Харин 2023 он гарснаас хойш хятад машиныг албан ёсоор болон захиалгаар оруулж ирдэг болсон. Анх солонгос машиныг монголчууд ихээр унадаг байсан бол одоо япон боллоо. Энэ бол эргэлтийн үе. Яг үүн шиг удахгүй хятад машинууд япон тэргийг орлож чадахуйц болно гэдгийг мэдэрсэн. Тэр үүднээс хятад машиныг Монголын зах зээлд таниулах, хэрэглэгчдэд нийлүүлэхээр ажиллаж байна. Үнэ боломжийн, технологи нь хөгжсөн учраас хүссэн, хүсээгүй хятад машин Монголын төдийгүй дэлхийн зах зээлд тэргүүлнэ.
-Хятад машин Монголын зах зээлд хэр хурдацтай орж ирэв?
-Анх “Номин”, “Таванбогд” гэх мэт хоёр, гурван том компани л оруулж ирдэг байлаа. 2021 оноос хүмүүс хятад машины мөн чанарыг ойлгож эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Цоо шинэ хэрнээ үнэ боломжийн, технологи нь төгс хөгжсөн, шатахуун зарцуулалт бага зэрэг шалтгаан нь Монголд нийцэж байгаа юм. Яг өнөөдрийн хувьд Монголд бага хувь эзэлж байгаа ч удахгүй хүч түрнэ. Хамгийн гол нь 0 заалттай шинэ машин хэрнээ Японы хуучинтай дүйцэхүйц үнэтэй учраас манайхан худалдан авалт хийхэд хүндрэлгүй.
-Хятад машин Монголын замд тохирохгүй. Амархан эвдэрнэ. Сэлбэг, эд анги ховор гэх мэтээр ченжүүд ярьдаг. Үүнд хариулт өгөх үү?
-Би өөрөө хятад машин унадаг. Манай хөрш орон учраас сэлбэг хэрэгслээ хямд авах боломжтой. Өөрөө хэрэглэж байгаа учраас Монголын замд тохирохгүй, муу гэж хэлмээргүй байна. Машинтайгаа 3000 км аялаад ирлээ. Ямар ч эвдрэл алга. Бас хөдөө, орон нутгаар явахад тоос шороо кабинд ороод байхгүй. Энэ нь битүүмж сайн гэсэн үг. Эдэлгээ тал дээр үнэхээр сайн гэж хэлье. Тэгэхээр Монголын замд явахад тохиромжгүй гэдэг өрөөсгөл. Энэ бол япон машин зардаг ченжүүдийн л яриа. Хятад машин, хятад бараа муу гэдэг сэтгэхүйгээсээ одоо монголчууд салах хэрэгтэй. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн машиныг удахгүй монголчууд хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна. Хамгийн том давуу тал нь шатахуун зарцуулалт үнэхээр бага. Энэ бол том давуу тал юм.
-Монголчуудын ихэнх нь машинаа лизингээр авдаг. Танайхаас машин авбал ямар боломж байна вэ?
-Урьдчилгаа 30 хүртэлх хувийг нь төлөөд банк болон банк бусаар зээл авах боломжтой. Хоёр жилийн баталгаа өгнө. Иргэдийн олонх нь орлогоо нотолж чаддаггүй учраас ББСБ-аас зээл хүсдэг. Гэтэл хүү нь 2.5-3.0 хувь байгаа юм. Тиймээс бид нэгэн туршилт явуулсан. Урьдчилгаа 50 хувиа төлсөн тохиолдолд 1.5 хувийн хүүтэй, компанийн лизингэд хамруулж 10 автомашин борлуулсан. Үүний үр дүн сайн гарвал цааш үргэлжлүүлнэ.
-Борлуулалт хэр байдаг юм бол?
-Дажгүй. Гэхдээ иргэд хүлээлтэд орсон байна. Энэ машины чанарт монголчууд эргэлздэг учраас хүлээлт үүсгэсэн. Тиймээс цаг хугацаа л бүхнийг харуулна. Цоо шинэ машин өөр шүү гэдгийг монголчууд мэдрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа юм. Магадгүй нэг, хоёр жилийн дараа монголчууд хятад машиныг мэддэг болж, Монголын зах зээл илүү хүрээгээ тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Бид хятад машины төлөөлөл болгож, сүүлийн үед залуучуудын дунд трэнд болж буй TANK 300 загварыг танилцуулъя.
Хөдөлгүүр
Бензин: 2.0 л GW4C20NT турбо I4
Цахилгаан мотор
3-ыг 1-д мотор хөтлөх систем (300 HEV)
Эрчим хүчний гаралт
167 кВт
(224 морины хүчтэй; 227 PS)
8 шатлалт ZF 8HP автомат
9 шатлалт 9HAT автомат
(300 HEV)
Hybrid хөтөч
Эрчим хүч хуваах hydrid
(300 HEV)
Хэмжээ
Тэнхлэг хоорондын зай
2750 мм (108.3 инч)
Урт
4.760 мм
(187.4 инч)
Өргөн
1930 мм
(76.0 инч)
Өндөр
1927 мм
(75.9 инч)
Үнэ:
110-120 сая /Тоноггүй/
140-150 сая /Тоногтой/
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна