Нийслэл хотын хаана түгжрэл хамгийн их үүсдгийг захын хүн хэлнэ. “Нарантуул” олон улсын худалдаан төв, “Да Хүрээ” техникийн зах, “Драгон” төв, “Хархорин” зах гээд л. Худалдаа, үйлчилгээний төвлөрөл, дэд бүтцийн онцлогийг дагаж үүсдэг энэхүү түгжрэлийн “түгжээ”-г тайлах түлхүүр уг нь бэлэн байгаа. Түүгээр түгжрэл байтугай олон асуудлыг цогцоор нь шийдчих боломжтой ажээ. Түгжрэлийг тайлах тэр түлхүүрийг шинэлэг шийдэл гээд ойлгочиход болно. Ямар шийдэл вэ гэвэл хотын суурьшлын бүсэд буй авто вокзал болон томоохон худалдааны төв, авто машин, авто сэлбэгийн худалдаа, ачаа тээврийн терминалуудыг Сонгинохайрхан дүүргийн баруун зах руу, тодруулбал 22-ын товчоон дахь Авто худалдааны цогцолбор руу шилжүүлэх. Ингэж чадвал тун удахгүй хотын төвийнхөн, 40, 50 мянгат, Их, Бага тойруугийнхан, мөн Чингэлтэй, Хайлааст, Зуун айлынхан бүгд “Сонгинохайрхан руу нүүе” гэдэг болно. Зайсангийнхан ч тэр чигээрээ баруун тийш хошуурна. Хотын төв гэдгийг Сүхбаатарын талбай тойрсон хэдэн байшин гэж төсөөлдөг цаг өнгөрнө. Сонгино хайрханы энгэр бэлийг түшсэн хотын шинэ төв хүн, машины хөдөлгөөн ихтэй олны хөлийн газар болно. Энэ бол мөрөөдөл биш бэлэн болчихсон, судалгаа, тооцоотой төсөл, мөдхөн хэрэгжих төлөвлөлт. Энэ тухай дэлгэрүүлэн өгүүлье.
Шийдэл нь бэлэн төслүүд
Улаанбаатар хотыг дор хаяж зургаан дэд төвтэй болгон хөгжүүлж, төвлөрлийг нь сааруулах төлөвлөлт хэрэгжиж байгаа. Яармаг руу хотын захиргааг нүүлгэж байгаа нь энэ л бодлогын нэг хэсэг. Түүнчлэн нийслэл хот баруун тийшээ тэлж хөгжих хамгийн өргөн боломжтой. Хотын шинэ төвийг Сонгинохайрхан дүүрэг гэж төлөвлөж, тооцоо судалгаа ч хийж байсан. Тооцоо, судалгаа, төлөвлөлт хийх нэг хэрэг. Харин түүнийг бодит ажил хэрэг болгох чухал. Ингэхийн тулд бодитой судалгаа, төлөвлөгөө, тооцоолол хэрэгтэй.
Ийм төлөвлөлтийн нэг жишээ нь Олон улсын худалдаа, логистикийн төвөөс боловсруулаад буй төслүүд аж. Тус төвийн талаар товч мэдээлэл хүргэхэд 2014 онд байгуулагдсан “Авто худалдааны цогцолбор” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг 2018 онд НИТХ-ын шийдвэрээр “Олон улсын худалдаа, логистикийн төв” ХК болгон өөрчлөн байгуулсан юм байна.
Анх байгуулагдахдаа зөвхөн нийслэл хот доторх авто машин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгсэл худалддаг зах, цэгүүдийг нэгтгэх зорилготой байсан бол таван жилийн өмнөөс үйл ажиллагааны цар хүрээ нь илүү өргөн, олон талтай болсон гэсэн үг. Гэхдээ мэдээж тус төвийн үйл ажиллагаа нийслэлийн агаар хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулахад чиглэсэн хэвээрээ. Өнгөрсөн хугацаанд тус төв 20,4 га талбайд 6,375 автомашины зогсоол, цахилгааны дэд станц, агаарын шугам, шилэн кабeль, гэрэлтүүлэг, хяналтын камер, зөөврийн сууц, хашаа, худаг зэргийг бүтээн байгуулаад байгаа аж.
Ийнхүү нийслэл хотын хувьд анх удаа авто худалдааны нэгдсэн цогцолборыг байгуулж улмаар олон улсын худалдаа, логистикийн төв болгон өргөжүүлээд байна.
Олон улсын худалдаа, логистикийн төв 2021-2025 онд нэн тэргүүнд хэрэгжүүлэх зургаан төсөл боловсруулжээ. Үүнд, “Хангарди терминаль” төсөл, Төмөр замын гаалийн хяналтын бүс төсөл, “Улаанбаатар экспо” үзэсгэлэнгийн танхим, Авто сэлбэг, тос тосолгооны материал, дагалдах хэрэгслийн бөөний төв, Хүнс барааны бөөний худалдааны төв төсөл, “Шувуут нуур” төсөл багтжээ. Эдгээр төсөл цогцоороо хэрэгжих аваас нийслэлийн баруун дүүрэгт тээвэр логистик, гаалийн хяналтын бүс, олон улсын худалдаа, үйлчилгээний төв, аялал жуулчлал, амралт чөлөөт цагийн эко цогцолбор бүхий цоо шинэ төв бий болно гэж тооцоолжээ. Төсөл бүрийг задлан ярих юм бол бүхэл бүтэн илтгэл тавих хэрэг гарна. Онцлох заримаас нь дурдахад “Хангарди” терминаль төсөл бол яах аргагүй цагаа олсон, даацтай, олон талын ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болох аж.
Хамгийн наад зах нь уг терминаль байгуулагдсанаар Таван шар, Сүлжмэл орчмын Энхтайваны өргөн чөлөөний авто замын түгжрэл буурна. Албан ёсоор 31-хэн автобусны зогсоолтой атлаа өдөрт 14 аймгийн 800 гаруй хот хоорондын зорчигч тээврийн автобус хүлээн авдаг “Драгон” төвийн дуу чимээ, хөдөлгөөний нягтрал, орчны бохирдол, түгжрэл зэрэг түмэн бэрхшээл, мянган зовлон үгүй болно. Угаасаа “Драгон” төвийг “Хангарди” терминаль руу нүүлгэнэ гэсэн үг. Баруун болон төвийн 16 аймгийг холбосон 100 автобусны зогсоол, 16900 метр квадрат талбайтай оффисын барилга, үйлчилгээний талбай, 300 авто машины зогсоол, нийтийн тээврийн дулаан зогсоол зэргийг цогцоор нь төлөвлөжээ.
Олон улсын худалдаа, логистикийн төвийнхөн төмөр замын гаалийн хяналтын бүсийг Сонгинохайрхан дүүргийн баруун хэсэгт байгуулах төсөл мөн боловсруулаад байгаа аж. Сонсголон-Тавантолгой чиглэлийн хуучин төмөр замыг шинээр ашиглалтад оруулж, тээврийн хэрэгсэл, бараа таваарын импортыг нэг цэгт төвлөрүүлнэ гэж төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд Амгалан өртөөнөөс Толгойт хүртэл Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам, Ажилчдын гудамж дагуу нийт 15 гаалийн хяналтын бүс байдаг. Эдгээр бүсүүдийн орчим авто замын ачаалал, орчны бохирдол маш их. Тэгвэл Сонсголон-Тавантолгой чиглэлийн гаалийн хяналтын бүсийг байгуулснаар дээрх хүндрэлийг арилгаж, зохистой шийднэ. Ийнхүү нийслэлээс баримталж буй бодлогыг дэмжиж, дагуул хот, дэд төвүүдтэй уялдуулан төмөр замыг ашиглан гаалийн хяналтын талбай бүхий ачаа тээврийн логистикийн төв байгуулагдсанаар ажлын байр шууд болон шууд бусаар нэмэгдэж, хотод татварын орлого төвлөрүүлж, төсөвт тодорхой хувь нэмэр оруулахын зэрэгцээ замын хөдөлгөөний түгжрэл, дуу чимээ, агаар хөрсний бохирдол, хүн амын төвлөрлийг 12-15 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоо, судалгаа гарсан байна.
Аялал, жуулчлал, худалдааны шинэ бүс
Улаанбаатарын томоохон үзэсгэлэнгүүд “Мишээл экспо”-д л болдог. Нийслэлд хамгийн томд орох уг төвийн талбай 2376 ам метр. Энэ нь олон улсын стандарт шаардлага хангадаггүй. Өөрөөр хэлбэл манай нийслэл үзэсгэлэн, хурал, эвэнт, хүлээн авалтын арга хэмжээний цогц төв байхгүй. Харин “Олон улсын худалдаа, логистикийн төв” ХК-ийнхны боловсруулсан төслөөр бол шинээр баригдах үзэсгэлэнгийн танхим нь 10500 ам метр буюу “Мишээл экспо”-гоос дөрөв дахин том талбайтай, зоорийн давхартайгаа нийлээд дөрвөн давхар байгууламж баригдах юм. Үүнийг дагаад олон улсын үзэсгэлэн, худалдаа, эвент арга хэмжээнүүд тасралтгүй зохион байгуулагдах боломж бүрдэнэ.
Гадаад дотоодын жуулчдын урсгал ч Сонгинохайрхан руу чиглэнэ. Нийслэлийн иргэдийн хөл хөдөлгөөн ч уг шинэ бүс рүү хөвөрнө. Тиймээс банк, татвар, даатгал, авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын үйлдвэр, нотариат, авто машин, түүний сэлбэг хэрэгслийн худалдаа, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөний бүртгэл, авто техникийн хяналтын үзлэгийн төв буюу авто оношлогооны газар, цайны газар, нийтийн бие засах газар, автомашины угаалга, дугуй засвар, автомашины засварын газар зэргийг цогцоор нь шийдэх төлөвлөлт гаргажээ. Сонгино хайрханы өвөрт орших Шувуут нуурыг л гэхэд орчны бохирдол, экологийн доройтлоос нь урьдчилан сэргийлэх, нүүдлийн болон суурин шувуудыг нь хамгаалах замаар бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийж аялагч, жуулчдын очих амралт, чөлөөт цагийн бүс болгох төсөл боловсруулжээ.
Олон улсын худалдаа, логистикийн төвийн боловсруулсан зургаан төсөл ийнхүү цогц концепцоор боловсруулагдсан нь бүрэн хэрэгжих нөхцөл, үндэслэл болж байна. УИХ-ын бодлого, шийдвэр, Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд тусгагдсан зорилтуудтай нягт уялдсан тул ингэж онцолж буй юм.
Тухайлбал, Сонсголон өртөөнөөс Сонгино чиглэл буюу Авто худалдааны цогцолбор хүртэлх 3.5 км-ийн ашиглагдахгүй байгаа төмөр замыг сэргээн засварлаж, ашиглалтад оруулах боломжийг судлан шийдвэрлэх, олон улсын логистикийн болон төмөр замын ачиж буулгах төвийг Авто худалдааны цогцолборт байгуулах асуудлыг судалж, санал болгох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах талаар 2018 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, Зам тээврийн хөгжлийн сайдад үүрэг, чиглэл өгч байжээ. Мөн нийслэл хотыг 2021-2025 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд Улаанбаатар хотын зүүн, баруун хэсэгт ачаа тээврийн логистик, зорчигч тээврийн нэгдсэн терминал байгуулсан байна гэж тусгасан аж. Нийслэлийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Хотын зүүн, баруун хэсэгт олон улсын ачаа тээвэр, логистикийн бөөний худалдааны төв байгуулна. Орон зайн оновчтой төлөвлөлтийн хүрээнд хотын төвлөрлийг задалж, Улаанбаатар хотын хөгжлийг хангасан, стандартад нийцсэн инженерийн дэд бүтцийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн заалт мөн бий.
Г.Санчир
Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24562/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна