“Олон улсын худалдаа, логистикийн төв” буюу иргэдийн мэддэгээр 22-ын товчоон дахь Авто худалдааны цогцолборын гүйцэтгэх захирал С.Мөнхбаттай ярилцлаа.
-Авто худалдааны цогцолбор одоогоор хэчнээн төрлийн, ямар үйлчилгээг иргэдэд үзүүлж байна вэ. Танай байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн талаар ярилцлагаа эхлүүлье?
-“Олон улсын худалдаа логистикийн төв” ХК буюу олны хэлж заншсанаар 22-ын товчооны Авто худалдааны цогцолборт олон төрлийн үйл ажиллагааг явуулж байна. Мэдээж үндсэн үйл ажиллагаа бол авто машины худалдаа, борлуулалт. Үүнийгээ дагаад автомашины татвар, даатгал, эзэмшигчийн шилжүүлэг, лизинг зэргээс гадна Авто тээврийн үндэсний төвийн нэг цэгийн болон төрийн цахим буюу “Хурдан” үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ нийтийн аж ахуй, хоол хүнс, худалдааны чиглэлийн үйл ажиллагааг явуулж байна. Өнөөдрийн байдлаар 2500-3000 машины борлуулалт хийдэг. Хүчин чадал бол 6375 машины зогсоолтой. Нийт цогцолборын хэмжээнд 100 га талбайд бүтээн байгуулалт хийх боломж байна. Тиймээс бид цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, нийслэлийнхээ түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулсан хамгийн сүүлийн үеийн логистикийн төв болох зорилготой ажиллаж байна.
-Таны хувьд энэ төвийг удирдаад удаагүй байна. Анх ажил хүлээж авахад нөхцөл байдал ямар байв. Удирдлагын хувьд энэ байгууллагад ямар амбицтай ирэв. Өнөөдрийн байдлаар үр дүнгээ хуваалцаж болох уу?
-Энэ байгууллагын гүйцэтгэх захирлаар томилогдоод яг хоёр жил болж байна. Анх ажил авахад багагүй хүндрэлтэй байсныг үгүйсгэхгүй. Учир нь ковидын дараах цаг хугацаа таарсан л даа. Тухайн үед 700 машинтай, 1.5 тэрбум төгрөгийн өртэй байгууллага хүлээж авсан. Ерөнхийдөө маркетинг, үйл ажиллагааны шинэчлэл, хүний нөөц, ажиллагсдын цалин хангамжаас гадна авто машины борлуулалтын тоог нэмэгдүүлэх, худалдаачдыг дэмжих чиглэлд голлон анхаарч ажиллаж байна. Байршлын хувьд хотоос зайтай учраас ажиллагсдын тухайд хүндрэл үүсчих гээд байдаг талтай. Энэ бүхэнд төвлөрч ажилласны үр дүнд хоёр жилийн хугацаанд 1.5 тэрбумын өрнөөс 1.2 тэрбумыг нь төлж барагдууллаа.
Одоо бидэнд 300 орчим сая төгрөгийн өр үлдсэн. Цар тахлын дараагаас бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүнийг дагаад бензин тос, унааны зардал нэмэгдэхийн хэрээр хүний нөөцийн доголдол үүсэх хандлагатай болсон учраас ажилчдынхаа цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Эхний ээлжид 2021 онд нийт ажиллагсдын цалинг 25 хувиар нэмсэн, мөн энэ оны есдүгээр сарын 1-нээс дахин 25 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлээд байна. Ингэж зөв менежмент хийснээр нийт ажилчдынхаа цалинг дунджаар 40-60 хувиар нэмж байна гэсэн үг. Аливаа байгууллагын үйл ажиллагаа ажилчдын нуруун дээр өрнөдөг учраас цалин нь амьдралд хүрэлцдэг байх ёстой. Ингэж байж энэ хүмүүс бүтээмжтэй ажиллана шүү дээ.
Манай байгууллага нийслэлээс ямар нэгэн татаас авалгүйгээр өрөө төлөөд дуусах гэж байна, мөн цалингаа нэмэгдүүлчихлээ. Энэ бол чамгүй үр дүн гэж харж байгаа. Ирэх жил манай байгууллагын 10 жилийн ой болно. Ойгоо өр ширгүй, өндөр бүтээмжтэй угтах зорилго тавиад ажиллаж байна. Нөгөөтэйгүүр манайх өмнө нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байсан. Энэ тохиолдолд хөрөнгө санхүү босгож болдоггүй учраас хувьцаат компани болгох шийдвэр гарч, 2018 оноос нийслэлийн өмчит хувьцаат компани болсон. Ингэснээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, санхүүгийн чадавхтай болох боломж бүрдсэн л дээ. Тухайлбал, хувьцаа эзэмшигчдээс зарим асуудлаар эрх шилжүүлэх зэргээр эрх зүйн хувьд ажил төлөвлөөд эхлүүлээд ажиллаж байна.
-Төрийн өмчийн оролцоотой компаниудад сайн жишиг болохуйц үр дүнтэй ажиллажээ. Хоёрхон жилийн хугацаанд гаргасан энэ амжилтаа ахиулахын тулд тодорхой төсөл хөтөлбөр боловсруулсан гэсэн. Энэ талаар дэлгэрүүлнэ үү?
-Ажлаа хүлээн авснаар ямар боломж байгааг тал талаас нь бодож эхэлсэн, төсөөлсөн, төлөвлөсөн. Бидэнд энэ том газар байна, нийслэлд түгжрэл, хэт их төвлөрөл гэдэг том хүндрэл байна. Нөгөө талаас түгжрэлийг бууруулах, хотыг тэлэх бодлогод бид ямар хувь нэмэр оруулж чадах вэ. Цаашлаад “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-2050”, нийслэлийн мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг хөгжлийн бодлого, хөтөлбөртэй өөрсдийн үйл ажиллагааг уялдуулах нь зүйтэй гэж шийдсэн. Ингэснээр хотын иргэдийг хамгийн их бухимдуулдаг түгжрэлийг бууруулах хүрээнд зургаан төрлийн төсөл хөтөлбөрийг боловсруулаад байна.
Эхний ээлжид маш их төвлөрөл үүсдэг хүнсний захуудыг манай цогцолбор тийш гаргавал яасан юм бэ гэж байгаа юм. Үүний тулд бид мэргэжлийн байгууллагуудтай хамтраад “Нарантуул”-ын өргөтгөл хэсэгт судалгаа хийж үзсэн. Энэ зах амардаг болон ажилладаг өдрийн замын ачааллыг харьцуулж судалж үзсэн. Үүний үр дүнд зөвхөн “Нарантуул” захын өргөтгөлийг манай цогцолбор руу нүүлгэчихвэл тухайн орчмын замын түгжрэл 15 орчим хувиар буурна гэдэг дүгнэлт гарсан.
-Өнөөдөр гол сэдэв болоод байгаа “Драгон” төвийг хотоос гаргаж, түгжрэл бууруулах санаачилгыг анх танайхаас гаргаж байсан юм билээ. Энэ тухайд судалгааны дүгнэлт нь хэрхэн гарсан юм, 22-ын цогцолборт “Драгон” төвийг аваачих боломж, нөхцөл байсан уу?
-Ковидын үед бид энэ талаар бүх талын судалгааг хийсэн юм. Тэнд хэчнээн автобус, хувийн машин, такси үйлчилгээ үзүүлж байгааг эхлээд судалсан. Улмаар “Драгон” төвийг хотоос гаргачихвал яах вэ гэдгийг ч тооцож үзсэн. Ерөөсөө бид бүх ажлаа судалгаагаар эхлүүлсэн. Замын цагдаа, Тээврийн цагдаа, Авто тээврийн үндэсний төв зэргээс тоон судалгаа авсан л даа. Ингээд эхний ээлжид “Нарантуул”, “Драгон” хоёрыг л авто худалдааны цогцолбор руу нүүлгэхэд хотын түгжрэлээс багагүй хэмжээгээр бууруулах боломжтой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.
Бид энэ судалгааг дур зоргоороо хийчихсэн ч юм биш. “Драгон” төвийг авто худалдааны цогцолбор руу нүүлгэх Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан байдаг. Үүний дагуу судалгаа явуулсан гэсэн үг. Баруун талаас Улаанбаатар хот руу орж ирдэг 16 аймаг бий. Зүүн талаас цөөн. Тиймээс 16 аймгийн иргэд хотод орж ирээд “Драгон” дээр бууж, нэг захаас нөгөө зах хүртэл “Нарантуул” руу зүтгэж замын ачааллыг маш ихээр үүсгэж байхаар манай цогцолбор руу нүүлгэчихвэл хотын гол замын ачааллыг бууруулж чадна.
Үүнийг дагаад хүний төвлөрлөө түшиглээд хүнс, бараа, барилгын материал, авто сэлбэгийн бөөний төв байгуулах боломжтой гэж үзсэн. Эндээс харахаар баруун аймгаас ирж байгаа хүмүүс манай цогцолборт бууж, бүх төрлийн үйлчилгээгээ аваад буцах боломж байна. Буух буудлыг нь хүртэл төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах боломжтой. Улмаар шөнийн бөөний худалдааны төвийг байгуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн.
Дэлхийн олон хотод ийм шөнийн худалдааны төв байдаг. “Нарантуул”-ын бөөний төвөөс бараа татаж, орон нутагт тээвэрлэдэг, дайвар авч явдаг том машинуудыг бүгдийг авто худалдааны цогцолборт төвлөрүүлчих. Ингэвэл тухайн орчимд үүсдэг хүний бөөгнөрөл, машины түгжрэл цэгцэрнэ. Мөн “Драгон” төвөөс хүн тээвэрлэдэг хувийн машинууд ялангуяа суудлын авто машинууд өнөөдөр ч баталгаагүй хэвээр байна. Үүнийг шийдвэрлэх шаардлагатай. Хувийн авто машинуудыг аймаг тус бүрээр нь шугаманд оруулж бүртгэлжүүлээд, хариуцлагажуулчихна. Энэ нь олон талын ач холбогдолтой шийдэл. Энэ мэт асуудлуудыг шийдвэрлэж чадвал олон улсын худалдааны логистик гэдэг ойлголт маань ч бүрэн утгаараа хэрэгжих юм.
-“Драгон” төвийг танай цогцолбор руу нүүлгэхээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд дурдсан байтал яагаад “Номин агуулах” руу нүүлгэхээр болчихсон юм бэ?
-Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд маш тодорхой заасан байтал Зам, тээврийн хөгжлийн яамныхан хуралдаад “Номин агуулах” руу нүүлгэх шийдвэр гаргачихсан. Бодит байдал дээр “Номин”-гийн хажууд байгаа сэлбэгийн болон “Сутайн буянт” захаас гадна, төв замын эгнээ, гарцыг харахаар ачаалал хэрээс хэтрэхээр байгаа. Тийм ачаалалтай зам дээр автобус хэрхэн эргэж, орж гарах юм бүү мэд. Шийдлийг харахдаа яавал түгжрэлийг бууруулах вэ гэдэг гол зорилгодоо төвлөрмөөр байгаа юм.
Ер нь хувийн эрх ашгаар юм уу эсвэл аливаа байгууллагын лоббигоор шийдвэр гаргахаа болих хэрэгтэй. Ийм шийдвэрүүдээс болоод эцсийн дүнд нь түгжрэл улам нэмэгдэж, хувийн хэвшлийнхний хөрөнгө гаргаж хийсэн бүтээн байгуулалтыг нь нураах хэмжээнд хүрдэг. Өөрөөр хэлбэл, өмнө нь эсвэл лоббид автаж шийдвэр гаргасан дарга нь сайн нэр зүүгээд, яг өнөөдрийн нөхцөл байдалд шийдвэр гаргасан удирдлага нь буруудаад, ялыг нь үүрдэг байж болохгүй.
Өнөөдрийн жишгээр “Драгон” төвийг “Номин агуулах” руу нүүлгэх шийдвэр гаргаж байгаа нь эргээд “Номин”-д өөрт нь ч хэт их ачаалал үүсгэхээс гадна тухайн ойр орчимд амьдардаг иргэдийн бухимдлыг мөн ялгаагүй төрүүлээд эхэлчихлээ шүү дээ. Одоогийн нөхцөл байдал, нэмэгдэх ачаалал зэргийг бодитоор тооцож, шийдвэр гаргадаг баймаар байна. Ингэж аль аль талдаа стресс ачаалал нэмээд байж болохгүй. Шийдэл нь юу вэ гэхээр манай цогцолбор руу нүүлгэх.
Бид энэ тухайд жижиг судалгаа хийсэн. “Драгон” төвийг нүүлгэхтэй холбоотойгоор 15 цахим сайтад гарсан мэдээллийн дор бичсэн 1577 уншигчийн сэтгэгдэлд анализ хийж үзэхэд 674 нь буюу 42 хувь нь “Драгон” төвийг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэх хэрэгтэй гэдгийг хэлсэн байна. Тэр дундаа Орбит, Цэргийн хотхон, Толгойт орчмын иргэд маш их стресстэж байна. Бид ажил, гэртээ хэрхэн ирж очих вэ, энэ нарийхан зам дээр авто вокзалыг авчирчихаар юу болох вэ, хотоос гаргаж, 22 руу нүүлгэж, хотын хөгжилтэй уялдуулаач гэдгийг хэлсэн байна. Аливаа ажлыг тухайн ойр орчмын иргэдийн сэтгэгдэлд тулгуурлаж шийдвэл илүү үр дүнтэй байдаг. Гэтэл шууд сэтгэл хөдлөлөөр юм уу эсвэл хэн нэгний лоббигоор шийдвэр гаргаад байвал иргэдийн төрд итгэх итгэл улам л суларна. Төрийн ажилд эрх ашиг гэж байх ёсгүй шүү дээ. Ганцхан жишээ хэлэхэд, “Номин агуулах”-ынхан “Драгон” төвийг 4 га талбайд хүлээж авна гэсэн. Гэтэл бид 8 га талбайг төлөвлөн бэлдсэн байгаа. Таксины зогсоол, автобусны чиглэл бүрээр талбай гаргасан. Манайд хангалттай зай талбай бий.
-Түгжрэлийг бууруулах чиглэлд та бүхэнд бэлээхэн шийдэл байгаа юм байна. Ажил хэрэг болгоход асуудал хаанаа байгаа юм бэ?
-Аль аль талдаа бий. Төрийн байгууллагуудын хоорондын ойлголцлын асуудал байдаг. Хариуцлагагүй хүмүүсийн балаг ч гараад байна. Тодруулбал, Авто худалдааны цогцолбор гэхэд анх зураг төсөл батлуулахдаа дэд бүтцийн сүвэлгээг төмөр замаас зөвшөөрөл авалгүйгээр шийдвэрлэсэн байдаг. Ингээд зураг төслөө батлуулаад ажлаа эхлэнгүүт төмөр зам дээр очоод гацна биз дээ. Ингэж хоёр жил гацсаны дараа арай гэж төмөр замынхантайгаа учраа олоод ажлаа явуулах гэтэл ковидын дараа бараа бүтээгдэхүүний үнэ өртөг өсөөд бидний дэд бүтцийн ажил хийх өртөг даруй хоёр дахин өсчихөж байгаа юм. Ингээд батлуулсан төсөв хүрэхээ больчихож байгаа нь тэр. Энэ асуудлыг шийдээд цааш урагшлахаар “Улаанбаатар цахилгаан түгээх”-ээс өндөр хүчдэлийн шугамын доогуур дэд бүтцийн сүлжээ явуулахгүй гэчихдэг. Дээр нь тендер авч ажил гүйцэтгэж байгаа компаниудад тавих хариуцлагыг өндөржүүлмээр байна. Тухайн компани тендерийн хэдэн ажил авчихдаг, ямар нэгэн шалтгаанаар нэгийг нь зогсоолоо гэхэд хаяад нөгөөх рүүгээ явчихдаг. Өөрөөр хэлбэл, нэг ажлаа дуусгаж байж нөгөө рүү нь оруулдаг тогтолцоонд шилжүүлэхгүй бол энд тэнд ажил сэглэдэг муу жишиг тогтчихлоо.
Татвар төлөгчдийн хөрөнгийг хэдэн тэрбумаар нь газар булаад хаячихсан байна шүү дээ. Энэ тухайд төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой, гүйцэтгэлтэй баймаар байгаа юм. Энэ мэт асуудлаас болоод бид өнөөдөр ч дэд бүтцийн ажлаа дуусаагүй л явна. Цахилгаанаар халаалтаа шийддэг. Ид ачааллын буюу 12, 1, 2 дугаар сард зөвхөн цахилгаанд 30 гаруй сая төгрөг төлдөг. Үүний оронд бид өрнөөсөө салж, нийгмийн асуудлаа шийдмээр байна шүү дээ. Төрийн байгууллагууд нягт уялдаа холбоотой ажиллаж чадвал илүү их хэмнэлт хийх боломж байна. Төр ч хүчирхэгжиж, хувийн хэвшлээ хөгжүүлж, бүтээн байгуулалт өрнүүлэх боломж байгааг онцолъё.
Нийслэлийн удирдлагууд бол биднийг дэмждэг. Бидний санаачилсан зургаан төслийг эхнээс нь явуулахын тулд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Яг ажил явуулах болохоор төсөв санхүүгийн асуудал гардаг, гацдаг. Хотын дарга ямар сайндаа л бонд босгох вэ дээ. Хотод нэгэнт гаргаад өгөх мөнгө байхгүй учраас бид тал бүрээр ажиллаж байна. Хамгийн сүүлд л гэхэд нийслэлийн хөрөнгө оруулагчдын форумын үеэр бид Гаалийн баталгаат агуулах барих асуудлаар хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
Ингээд гадна дотнын хөрөнгө оруулагчидтай ажил явуулах гэхээр асуудал гарч ирдэг. Тухайлбал, хөрөнгөө оруулаад бүтээн байгуулалт хийх компаниуд эхний ээлжид газрын асуудлыг хөнддөг. Хөрөнгө оруулагчид хүний газарт бүтээн байгуулалт хийхгүй нь тодорхой. Тиймээс хамтрагчид, санхүүжүүлэгчдээ хохироохгүйн тулд газраа өмчлүүлэх юм уу, эсвэл эзэмшүүлэх үү гэдэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Яагаад ийм асуудал ярьж байна вэ гэхээр манай цогцолборын зогсоолууд буюу газар нь хувьцаа хэлбэрээр байдаг. Хувьцаа эзэмшигчид нь нийслэлийн иргэдийн хурал байна гэж дүрэмдээ заасан байдаг. Тиймээс манай хувьцаа эзэмшигчид хуралдаж газрын асуудлыг шийдэх учиртай. Энэ талаарх хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад хүргүүлчихсэн байгаа.
-Нийслэлийн ИТХ-аас шийдвэр гаргачихвал та бүхэнд бэлэн төсөл байгаа юм байна. Гэхдээ хөрөнгийг хэрхэн босгох тухайд ямар нэг шийдэл байна уу?
-Байлгүй яах вэ. Эрх зүйн орчноо сайжруулаад, газрынхаа асуудлыг хувьцаа эзэмшигчдээр шийдвэрлүүлчихвэл хөрөнгөө гаргаад бүтээн байгуулалт хийе гэсэн газрууд байгаа. Жишээлбэл, бид хүнс, барааны бөөний төв барьж түрээслээд ашгаа олъё, танайд “Хангарди терминал” буюу “Драгон” төвийн барилгыг бариад өгье гээд зураг төсөл гаргачихсан байгууллага ч байна. Тиймээс бид үүнийг ажил хэрэг болгохын тулд төрөөс дэмжлэг үзүүлээд шийдвэрээ гаргачихвал ажил эхлэхэд бэлэн байна гэсэн үг.
Тэр бүү хэл, холбогдох газрууд ойлголцоод шийдвэр гаргачихвал бидний боловсруулсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд эхэллээ гэхэд бид цогцолбороос гарах, орох гарцынхаа тоог хэрхэн нэмэхээ хүртэл тодорхой болгосон. Тухайлбал, одоогийн гарцан дээр нэмээд Эмээлт, Морингийн даваа, Сонсголон руу зам тавих боломжтой. Ингэж дөрвөн чиглэлийн замтай болсноор урсгал нэмэгдэнэ, аль ч зүг рүү чирэгдэлгүйгээр нэвтрэх боломжтой болно. Ерөөсөө л зам, дэд бүтцийн ажлыг эхлүүлж, бодлогоор дэмжээд өгвөл шийдэл нь бидэнд байна.
-Авто худалдааны цогцолбор өөрийн эзэмшлийн газрынхаа хэчнээн хувийг ашиглаж байна вэ. Цаашид томоохон зах, худалдааны төвийг танай цогцолбор руу нүүлгэх боломжтой юм байна гэж ойлголоо?
- Авто худалдааны цогцолбор нийт 137 га газартай. Түүнээс одоогоор 20 гаруй га талбай ашиглагдаж байна. Хотын түгжрэлд үлэмж ачаалал нэмдэг “Нарантуул” зах, “Да Хүрээ” авто худалдааны төвөөс гадна тос тослох материалын худалдаа эрхлэгчид, сэлбэгийн газруудыг бүгдийг багтаах талбай хангалттай бий. Бидэнд 100 гаруй га газар байна. Нийтийн эрх ашгийн тусын тулд, хотынхоо түгжрэлийг бууруулах үүднээс эдгээр үйлчилгээг нэгтгэж, олон улсын жишигт нийцсэн тээвэр логистикийн төвийг ажиллуулахын тулд холбогдох хүмүүс анхаарал хандуулж, бидний төлөвлөсөн ажлыг дэмжиж, хамтран ажиллах хүсэлтээ танай сониноор дамжуулан уламжилъя.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24562/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна