Ипотекийн зээлийн хөтөлбөрийг зогсоохгүй


Ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх ажил  хэдийнэ эхэлжээ. Ажлын хэсгийнхэн төлөвлөгөөгөө боловсруулан дуусах шатандаа орсон бөгөөд ойрын өдрүүдэд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна. Ингэснээр ипотекийн зээлийг Засгийн газар бүрэн хариуцаж хэрэгжүүлэх бөгөөд цаашид хэрхэн үргэлжлүүлэх нь  тодорхой болох юм.

Зээлийн хөтөлбөрийг цаашид хэрхэн санхүүжүүлэх, хүүг хэдэн хувьд барих, жилд энэ төрлийн зээлд хэчнээн иргэнийг хамруулж,  хэдэн төгрөгийн санхүүжилтийг төсөвлөх зэрэг нарийвчилсан мэдээллийг шинэчилснээр олон нийтэд зарлан мэдээлнэ. Энэ процессыг энэ ондоо багтаах учиртай. Тиймээс  Монголбанк, Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам болон МИК-ын төлөөллийг багтаасан  хамтарсан ажлын хэсгийг байгуулаад байна. Тус ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахалж байгаа юм. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд холбогдох тооцоо, судалгааг хийсэн бөгөөд хоёр яамны хувьд өөрсдийн чиг үүргийн дагуу харьяалах асуудлаа хариуцаж явах юм байна. Тодруулбал, төсөв тооцоо, санхүүжилттэй холбоотой бүх төрлийн асуудлыг Сангийн яам хариуцах бол орон сууцны чанар, стандарт, хүрэлцээ  хангамж зэргийг Барилга, хот байгуулалтын яам шууд харьяалан хариуцах нь зүйтэй гэж ажлын хэсгээс үзсэн байна. 

Дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас нийтээрээ хөл хорионд орсон учраас иргэдийн орлогыг хамгаалж, зээлийн дарамтыг бууруулах зорилгоор төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулсан. Ингэхдээ УИХ-аас  Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлан гаргасан юм. 

Тус хуулийн  хэрэгжилт  2022  оны  арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр  дуусгавар болсон. Тиймээс 2023 он гарснаар ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хоёр жилийн хугацаанд хойшлуулсан иргэд  зээлээ төлж эхэлсэн юм. Цар тахалтай холбоотойгоор 2020 оноос хойш нийт таван удаа  ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байдаг.  Үүний зэрэгцээ ОУВС-гаас “Монголбанк үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн ажлаа л хийх ёстой. Ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх ёстой” гэдэг зөвлөмжийг 2018 оноос эхлэн өгч ирсэн. Гэвч төв банкнаас 2013 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн ипотекийн зээлийн санхүүжилтийг найдвартай үргэлжлүүлэх суурийг бий болгох зорилгоор Засгийн газарт шилжүүлэх ажил хойшлогдсоор өнөөг хүргэсэн байна. 

Харин өнгөрсөн онд УИХ-аас баталсан тогтоолын дагуу энэ оны долдугаар сарын 1-нд багтаан дээрх санхүүжилтийг Засгийн газарт шилжүүлэх чиглэлийн дагуу  Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд  ойрын өдрүүдэд шийдвэрээ танилцуулахаар болоод байгаа нь энэ юм.  Ийнхүү ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхтэй холбоотойгоор процессын ажил өрнөх явцад зээл гаралт удаашрах болсныг иргэд “Ипотекийг зогсоох нь” хэмээн хардаж байна.  Үүнтэй холбоотойгоор албаныхны байр суурийг сонслоо. 

 Ажлын хэсэгт голлох үүрэгтэй ажиллаж буй Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр олон талын ач холбогдолтой, үр дүнтэй зээл.  Тиймээс энэ төрлийн  зээлийг зогсооно гэдэг ойлголт байхгүй.  Монголбанкнаас Засгийн газарт  шилжүүллээ гээд өмнөх явж ирсэн жишгээр үргэлжлүүлэхээс гадна ямар нэгэн доголдол гаргах ёсгүй гэж үзсэнээр Ажлын  хэсгийнхэн шилжүүлэх процессыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Харин удаашралтай байгаа нь үнэн. Ипотекийн зээлийн хөтөлбөр өмнөх зээлийнхээ эргэн төлөлтөөр санхүүждэг.

Мөн өмнөх жилүүдэд хүсэлт өгсөн хүмүүс байгаа. Өөрөөр хэлбэл, зээлийг цаг хугацааны дарааллаар шийдвэрлэж байгаа. Мөн зээл гаргаж байгаа банкуудын санхүүгийн боломж бололцоотой ч холбоотой. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг анх 2013 оноос  хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тухайн үед арилжааны банкуудын  санхүүжилтийн эх үүсвэрээр Монголбанк энэ хөтөлбөрийг  хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш тогтвортой хэрэгжүүлж явсаар  2023 оны   мөнгөний бодлогыг УИХ-аар батлахдаа ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр ипотекийн зээлийн хөтөлбөрийг энэ оны хагас жилдээ багтаагаад Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлнэ гэдэг шийдвэр гарсан.  Үүний дагуу байгуулагдсан Ажлын хэсгийнхэн ажиллаж байна.  

Бидэнд байгаа мэдээллээр Ажлын хэсгийнхэн тун удахгүй Засгийн газарт асуудлаа тайлагнана. Ингэснээр Засгийн газраар хэрэгжүүлэх эрхийг  ямар хэлбэрээр шилжүүлэх, ипотекийн зээлийг цаашид хэрхэн олгох зэргийг эцэслэн шийдсэнээр олон нийтэд зарлах учиртай.  Нэгдсэн шийдвэрийг Засгийн газраас тогтоол баталснаар гаргана”  гэлээ.  Түүний хэлсэнчлэн одоогийн байдлаар уг зээлийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх нь тодорхойгүй байгаа ч арилжааны банкууд  дотоод санхүүжилтийнхээ хүрээнд ирсэн зээлийн хүсэлтийг шийдвэрлээд явж байгаа юм байна.

Түүнчлэн цар тахлын хоёр жилийн хугацаанд  банкууд ипотекийн  зээл гаргаагүй учраас хүсэлт хураагдсан бөгөөд удаашралтай байгаа нь  өмнөх хүсэлтүүдийг хангахтай холбоотой юм байна. Хэдийгээр зээлийн шийдвэр гаралт удаашралтай байгаа ч зогсоогоогүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байгаа юм. Тэгвэл энэ онд хэчнээн иргэнд зээл олгосон талаар  Сангийн яамнаас тодруулахад  зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар 3516 өрх айлд ипотекийн зээл олгосон гэх статистик мэдээллийг Монголбанк болон арилжааны банкуудаас  өгсөн байна. Ташрамд дурдахад, 2022 онд 730 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг найман мянга орчим зээлдэгчид олгожээ.

 

Орон нутагт олгож буй  ипотекийн  зээлийн журмыг уян хатан болгон өөрчилжээ

 

Монгол Улсын Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөөг хөгжүүлэх  тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд Хөдөөгийн сэргэлтийн ажлын хэсгийг албан ёсоор байгуулж, орон нутгийг хөгжүүлэх чиглэлд төр  бодлогоор оролцож эхэлснээр Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших болон тухайн аймаг, сумандаа амьдарч байгаа иргэдэд орон сууцны зээлийг хотынхоос бага хүүгээр буюу гурван хувиар олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм. Ингэснээр энэ оны хоёрдугаар сарын 28-нд   гурван хувийн хүүтэй зээлийн асуудлаар  арилжааны  найман банктай гэрээ байгуулсан байдаг.

 Өнгөрсөн хавар буюу гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн уг зээл одоогоор маш амжилттай үргэлжилж байгаа бөгөөд нөхцөл, шаардлагад явцын дунд өөрчлөлт оруулжээ.Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-нд ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулсан байна. Энэ талаар “Гурван хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийг сүүлийн нэг жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн байх ёстой гэдэг хатуу шалгуур байсныг өөрчилсөн. Сүүлийн нэг жилийн нийгмийн даатгалаа гурав хүртэлх сараар төлөөгүй байж болох буюу энэ хугацаанд тасалдсан байсан ч ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулах нь  зүйтэй гэж үзсэн. Учир нь тухайн зээлийн  хувьд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийг дэмжих зорилготой учраас  нүүж очоод төвхнөх болон дараагийн ажилд орох зэрэг  хугацаанд нийгмийн даатгалаа гурав хүртэлх сараар тасалдуулсан байсан ч зээлд хамруулж байхаар тугсасан.  

Амьдрал дээр ийм хугацааны зөрүү гарах боломжтой гэж үзсэн учраас ийнхүү уян хатан зохицуулалтыг нэмсэн” гэдгийг Сангийн яамны зүгээс онцоллоо. Энэ жилийн хувьд гурван хувийн хүүтэй дээрх зээлд 2700 өрхийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд хүүгийн зөрүү болох гурван хувийг  улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон юм.  Үүний тулд 2023 оны төсөвт 16.1 тэрбум төгрөгийг  дээрх зээлд зориулан батлаад байна.   Уг хөнгөлөлттэй зээлд одоогийн байдлаар 176  айл хамрагдаад байгаа аж. Үүний 167 нь орон нутагтаа амьдарч байсан иргэд бол  ес нь Улаанбаатараас орон нутагт очсон айлууд юм байна. Орон нутагт ипотекийн зээл авч буй иргэдийн хувьд Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай бол урьдчилгаа төлбөрийн хэмжээ 30 хувиас бага байж болохоор зохицуулалтыг журамд тусгасан нь зээлд хамрагдах иргэдэд дөхөмтэй байгааг хэлж байгаа аж.  

Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаа нь орон нутагт шилжээд түүнийг даган очсон ажилчин тухайн зээлд шууд хамрагдах боломжтой. Энэ тухайд одоогийн байдлаар хоёр аж ахуйн нэгж зээлийн хүсэлтээ гаргасан бөгөөд арилжааны банкнаас материалыг нь хянаж байгаа гэдгийг Монголбанкнаас мэдээллээ.  Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн өгсөн мэдээллээр  ипотекийн зээлийг Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээр 2021 онд нийт нэг их наяд төгрөгийн зээлийг, 13 мянга орчим зээлдэгчид олгосон бол 2022 онд 730 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг найм орчим мянган зээлдэгчид олгосон байна. Түүнчлэн  2023 оны эхний зургаан сарын турш сар бүрийн эргэн төлөлт болох 40 орчим тэрбум төгрөгийн төлөлтөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж байгаа юм.

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр