М.Жаргалмаа: Оёдлын үйлдвэрүүд кластераар хөгжих боломжтой


Үндэсний үйлдвэрлэгчдийн анхдагчдын нэг “Төмөр трейд” компанийн төв оффис хөл, хөдөлгөөн ихтэй байна.  Эднийхийг спортын болон сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг оёдлын үндэсний цөөн компаниудын нэг гэдгээр нь олон нийт андахгүй. Хичээлийн шинэ жил хаяанд ирсэн энэ өдрүүдэд ачаалал өндөр, захиалга их байх нь аргагүй биз.  

Одоогоос 10-аад жилийн өмнөөс сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүд үйлдвэрлэх “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас”  уриатай Засгийн газрын тогтоол батлагдаж байсан билээ. “Төмөр трейд” сурагчийн дүрэмт хувцсыг стандартад заасны дагуу байгалийн гаралтай материалаар оёж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ хэрэглэгчдийн таашаалд хүрсэн. Хэрэглэгчид “Төмөр трейд”-ийн сурагчийн болон спортын хувцсыг  “материал нь бөөсөрдөггүй, эдэлгээ сайтай, чанартай” гэж ам сайтай байдаг билээ. Тиймээс ч тус компанид сурагчийн болон спортын хувцас худалдан авахаар, захиалга өгөхөөр хувь хүн, албан байгууллагууд хандсаар байна.  
“Төмөр трейд” ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Жаргалмаа хуучнаар ЗХУ-ын Украины Киев хотын Их сургуулийг  Оёдлын технологичоор төгсөж, соц үеийн 6000 ажилтантай Оёдлын үйлдвэрийн нэгдэлд технологичоор ажиллаж, ЗХУ-ын Арменид газар хөдлөлт болоход Монголоос тусламж үзүүлэх бүрэлдэхүүнд Оёдлын үйлдвэрийг төлөөлөн, баг бүрэлдэхүүнийг ахалж явсан билээ.
 

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж, үйлдвэр завод татан буугдахад эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн салбараа орхилгүй үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж,  өөрийн урласан үндэсний дээл, оёдол, хатгамал бүтээлээрээ АНУ, Япон зэрэг улсад үзэсгэлэнгээ дэлгэж, “Төмөр трейд” компаниар овоглон өнөөдрийг хүрчээ. 

Түүний урласан Баяннамсрай бурхан Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалаастай байдаг бол Чойжин ламын сүм музей дэх Богд хааны олбогийг сэргээн засварлан оёж,  сурагчийн дүрэмт хувцасны төслийг санаачлан боловсруулж, төр, засгийн бодлогод тусгуулсан гээд салбартаа оруулсан түүний хувь нэмрийг дурдахад олон бүтээл хөвөрнө. Тэрбээр сурагчдын дүрэмт хувцасны стандарт, чанарт өндөр шаардлага тавьсаар ирсэн эрхэм. Ингээд “Төмөр трейд” ХХК-ийн захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан  Мөнхбаярын ЖАРГАЛМАА-тай ярилцлаа.

-Танайх аль аймгуудад сурагчдын дүрэмт хувцсыг нийлүүлж байна вэ?

-Бид Баянхонгор, Говь-Алтай, Төв, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуульд сурагчдын дүрэмт хувцсыг захиалгын дагуу нийлүүлдэг. Энэ хичээлийн жилийн  сурагчдын дүрэмт хувцасны захиалга авах БШУЯ-ны тогтоол энэ сарын 15-нд гарлаа.  Тогтоол оройтож гарсан учир бид захиалагчдадаа сурагчдын дүрэмт хувцсаа есдүгээр сарын сүүлээр нийлүүлэхээр байна. Үндэсний үйлдвэрээ дэмжих захиалагч нар маань энэ хугацааг хүлээх шаардлагатай болох нь.

-Танайх түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Хувцас үйлдвэрлэнэ гэдэг өөрөө их нарийн төвөгтэй процесс байдаг. Жирийн нэг биеийн тамирын хувцас хийнэ гэхэд олон янзын түүхий эд материал ордог. Өнөөдөр бид үндсэн түүхий эд, туслах материалын хувьд бараг 100 хувь импортоос хараат байна. Бид материалаа урдаас захиалан авдаг. Манай захиалсан материал стандарт шаардлага хангасан. Хэрвээ шаардлага хангаагүй материал ирүүлсэн бол бид буцаадаг. Хил, гаалийн татвараас гадна хамгийн өндөр нь тээврийн зардал болж байна. 

-Сурагчийн дүрэмт хувцсанд ямар шаардлага тавигддаг вэ?

-Дүрэмт хувцас гоёлын хувцас биш. Дүрэмт хувцас бол сурагчдын амьдралын амьжиргааны ялгаатай байдлыг арилгаж, ижил тэгш тэнцвэртэй байх боломжийг олгодог. Тиймээс сурагчийн дүрэмт хувцас чанартай, хүүхдийн биед харшил өгөхгүй, бөх бат байх ёстой. Сурагчийн дүрэмт хувцасны стандартыг армитай адил мөрдөж, төр бодлогодоо авах ёстой.  Цэрэг, армийн хувцас мөн ялгаагүй, ханцуй залгаа, өмдний ар суудлыг хоёр дахин оёх стандарттай. Гал, усны аюул, газар хөдөлбөл хувцаснаас л татна. Гэтэл хуурамчаар үйлдвэрлэж байгаа хувцас оёдлын стандарт  мөрдөхгүй. Хүүхэд сурагчийн дүрэмт хувцсаа хичээлийн жилийн турш өмсөх учир чанартай, бөх бат байх ёстой.

Сурагчийн дүрэмт хувцасны тендерийг хамгийн сүүлд 2006 онд БШУЯ-наас зарлахад манай компани оролцож байлаа. Тэр үед бид сурагчийн дүрэмт хувцсаа оёод аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлнэ.  Тэндээсээ сургуулиудад тараадаг байлаа. Гэтэл өнөөдөр оёдлын үйлдвэрүүд ЕБС-иудын захиралтай ярьж байна.

-Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Хятадад хуурамчаар үйлдвэрлэн худалдааны төвүүдэд борлуулдаг хууль бус үзэгдэл байсаар байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Төр, засгаас үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжиж, хуульдаа үндэсний үйлдвэрийн үйлдвэрлэсэн сурагчдийн дүрэмт хувцсыг худалдан авч, хүүхдүүддээ өмсүүлэхийг заасан. Гэвч Хятад улсаас үндэсний компанийн хуурамч шошготой бүтээгдэхүүн оруулж ирж, “Дүнжингарав”, “Нарантуул” худалдааны төвд борлуулж байна. Бид үүнтэй тэмцээд дийлэхгүй байна. Мэргэжлийн хяналт байгаад ч зах зээлийн зарчим үйлчилж байна. Энэ нь хуулийн хэрэгжилт,  гүйцэтгэх тал дээр алдаа гараад байна гэсэн үг.

Сурагчийн дүрэмт хувцас бол БШУЯ-ны оюуны өмч. Салбарын хуульд “Ерөнхий боловсролын суралцагч дүрэмт хувцастай байна” гэж заасны дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгдсэн загварын дүрэмт хувцсаар жигдэрч байна. Гэтэл Хятадад хуурамчаар үйлдвэрлэсэн сурагчдын дүрэмт хувцасны материал хүүхдийн биед хортой, чанарын шаардлага хангахгүй, эдэлгээ муутай байдаг.

Хамгийн гол нь хүүхдийн эрүүл мэндийг бодох хэрэгтэй. Гаднын улс оронд хүүхдийн хувцсыг оруулж ирэхдээ нарийн шинжилгээ хийдэг. Харин манай улсад хүүхдийн биед харшил өгөх материал бүхий дүрэмт хувцаснууд импортоор орж ирж байхад хяналт тавьж чадахгүй байна. “Манай хүүхэд сурагчийн дүрэмт хувцсаа өмсөөд хөлрөөд байна” гэж байна. Энэ нь хувцасны материалтай холбоотой.  Хүүхдийн хувцасны материалд формальдегинийн бодис байх нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Бидний зах зээл 100 хувь Хятадаас хамааралтай байна. 

-Үндэсний  үйлдвэрүүд сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлээд, бүрэн хангаад явах бололцоотой юу?

-Засгийн газрын тогтоолоор 2013, 2014 онуудад манай улс сурагчийн дүрэмт хувцсаа 100 хувь дотооддоо үйлдвэрлэсэн. Би өөрөө энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө их явсан. Өнөөдөр дотооддоо ч асуудал байна. Манай компаниар хувийн сургуульд сурагчийн дүрэмт хувцсаа захиалан хийлгэж байна. Гэтэл зарим ерөнхий боловсролын сургууль болон бусад бизнес эрхлэгчид энэ тал эх оронч бус сэтгэлээр ханддаг гэж хэлж болно. 

-Та Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний ассиоциацийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүн.   Оёдлын үйлдвэрүүдийн өнөөгийн байдал ямар байна вэ. Танай компаниар жишээлэхэд...?

-Манайх Монголын хамгийн анхны спорт, хүүхдийн хувцасны үндэсний  үйлдвэр. Анх нийтдээ 240 ажилтантай байсан бол өнөөдөр энэ тоо буурсан.  Олонхи улс орны хувьд оёдлын болон хүнсний салбар нь стратегийн чухал ач холбогдолтой салбар байдаг. 

Өнөөдөр мэргэжлийн сургуулиудад суралцагчид байна. МСҮТ-дэд суралцан төгсөж байгаа хэдий ч мэргэжлээрээ ажиллах нь ховор байна. Манай үйлдвэрт гэхэд орон нутгаас ирж суралцаж байгаа хүүхдүүд төгсөөд ажлын байраа мэргэжлээрээ сонгохгүй гэж байна. Дээр нь мэргэжлийн хүмүүсээ гадаадад алдаж байна.  Эрээн,  Хөх хотод олон тооны монгол оёдолчид ажиллаж байна. Энэ нь бид өөрсдийнхөө баялаг бүтээгчдийг гадагшаа алдаад эхэлчихлээ гэсэн үг юм.   Цаашид манай оёдлын  үйлдвэрүүд кластераар хөгжих шаардлагатай.

Өнөөдөр Засгийн газраас олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүнд оёдлын салбарыг ч хамруулах шаардлагатай. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж энэ салбарт шүгэл үлээх зайлшгүй шаардлага байна.

Н.Энхлэн 

Монголын үнэн сонин №031/24562/

 


М.Жаргалмаа: Оёдлын үйлдвэрүүд кластераар хөгжих боломжтой
М.Жаргалмаа: Оёдлын үйлдвэрүүд кластераар хөгжих боломжтой
М.Жаргалмаа: Оёдлын үйлдвэрүүд кластераар хөгжих боломжтой
М.Жаргалмаа: Оёдлын үйлдвэрүүд кластераар хөгжих боломжтой
М.Жаргалмаа: Оёдлын үйлдвэрүүд кластераар хөгжих боломжтой
М.Жаргалмаа: Оёдлын үйлдвэрүүд кластераар хөгжих боломжтой
М.Жаргалмаа: Оёдлын үйлдвэрүүд кластераар хөгжих боломжтой
М.Жаргалмаа: Оёдлын үйлдвэрүүд кластераар хөгжих боломжтой
М.Жаргалмаа: Оёдлын үйлдвэрүүд кластераар хөгжих боломжтой
М.Жаргалмаа: Оёдлын үйлдвэрүүд кластераар хөгжих боломжтой

0
angry
0
care
0
haha
6
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр