Манай улс энэ жил улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 80 орчим хувийг дотоодоосоо хангах урьдчилсан тооцоо гарчээ. Урьдчилсан балансаар 501 мянган тонн үр тариа, үүнээс 472.2 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.7 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, таван мянган тонн жимс жимсгэнэ хураан авах төлөв гарчээ.
Энэ жилийн хувьд дөрөв болон тавдугаар сард цаг агаар сэрүүн байсантай холбоотойгоор хаврын тариалалт өмнөх жилүүдээс 5-7 хоногоор хойшилсон ч ургалтын хугацаанд газар тариалангийн төвийн бүсэд цаг агаар тааламжтай, хур тунадас дунджаас ахиу орсноор ургацын болц жигдэрч ургацын хэмжээ, чанарт эергээр нөлөөлжээ. Мөн улаанбуудайн үр, технологийн шинэчлэл хийсний үр дүнд нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.8 цн/га-аар буюу 30 гаруй хувиар нэмэгдэх төлөв гарчээ. Харин Увс, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай зэрэг аймагт зуны эхэн үед хур тунадас бага орж, мөндөрт цохиулах зэргээр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас ургацын болц жигд бус, ургацын хэмжээ өмнөх жилүүдээс харьцангуй буурахаар байгаа аж.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын дунд арав хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй байгаа тул салбар яам ургац хураалтын ажлыг эрчимжүүлэхээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж буйгаа мэдэгдлээ.
Улсын хэмжээнд энэ онд 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, долоон мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган га-д тариалалт хийсэн.
Зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын хэмжээнд төмснөөс бусад төрлийн хүнсний ногооны үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор хангахын зэрэгцээ хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, ажилгүйдлийг бууруулах, өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэх зорилгоор “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих” төслийг хэрэгжүүлэхээр болов.
Одоогоор Дархан, Сэлэнгэ, Ховд болон Төв аймагт суурь судалгаа явуулж байгаа бөгөөд судалгааны үр дүнд сонгогдсон аймагт 2023-2026 онд тухайн төслийг хэрэгжүүлнэ. Сонгогдсон аймагт эрчим хүчний хэмнэлттэй, ургалтын хугацаа урт, дунд хэмжээний хүлэмж бүхий загвар аж ахуйг бий болгох бөгөөд уг аж ахуйд тулгуурлан хүлэмжийн тогтвортой үйлдвэрлэлийн технологи, тариалалтын төрөл бүрийн аргыг нэвтрүүлнэ. Түүнчлэн уг загвар аж ахуйд хураалтын дараах боловсруулалт хийх агуулах байгуулан хүнсний ногоо, бүтээгдэхүүнийг ангилах, ялгах, боловсруулах, савлах, түгээх үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн технологийг сонгон, туршиж үр дүнг танилцуулах юм байна.
Мөн тогтвортой хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэхэд зориулан хөрс хамгаалал, хөрсний үржил шим, тарималд шаардлагатай шим тэжээлийн бодис болон усалгааны менежмент, ургамал хамгааллын цогц менежмент, цогц органик үйлдвэрлэл, үр үйлдвэрлэл, ургац хураалт ба хураалтын дараах үйл ажиллагаа гэх мэт өндөр бүтээмжтэй, хүнсний ногоо үйлдвэрлэлийн тогтвортой дадлыг цогцоор нь хөгжүүлэхэд техникийн тусламж үзүүлэх аж.
Импортын хүнсний ногоог дотоодод үйлдвэрлэнэ
Төслийг хэрэгжүүлснээр хэд хэдэн үр дүн гарна гэж тооцжээ. Тухайлбал, хүнсний ногооны үйлдвэрлэл болон импортын хүнсний ногоог дотоодод үйлдвэрлэж, боловсруулсан хүнсний ногоогоор орлуулах ажилд тогтвортой хувь нэмэр оруулах, хүнсний ногооны чанарыг сайжруулан өртгийн сүлжээний менежментийг бэхжүүлж үйлдвэрлэгч, ногоочдын зах зээлийн гарцыг тэлнэ. Мөн хүн амын хүнсний ногооны жилийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилгоор хүнсний ногоо боловсруулах, хадгалах болон хураалтын дараах бусад үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлэх, хүнсний ногооны хэрэглээний ач тусын талаарх хэрэглэгчдийн ойлголт, мэдлэгийг сайжруулах зэрэг ач холбогдолтой болохыг мэрэгжилтнүүд онцолж байна.
Төслийн суурь судалгааны тусламжтайгаар Монгол орны цаг уур, агро-экологи, зах зээлийн нөхцөл байдалд хамгийн тохиромжтой өвлийн болон ургалтын хугацаа урт хүлэмжийн загвар, улирлын онцлогт тохируулан хүлэмжид тариалахад хамгийн ашигтай таримал, хүлэмжийн тариалалтын ашгийг нэмэгдүүлэх арга зам зэргийг тодорхойлж үйл ажиллагаандаа тусгах аж.
Энэхүү төслийг АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн /USAID/ санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлэх юм байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24563/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна