Монголд тавтай морил


“Цар тахлын өмнө ба дараа” гэсэн харьцуулалт дэлхийн улс орнуудын эдийн засгийн агуулгатай мэдээллээс тогтмол сонсогдож, албан ёсны яриа хэллэгийн гол түлхүүр болжээ. Цар тахлын үед хийсэн судалгаанд дэлхийн ДНБ-ий бууралтын 70 хувийг аялал жуулчлалын салбарын алдагдал эзэлж байсныг дурдсан нь аялал жуулчлал өндөр хөгжсөн төдийгүй харьцангуй бага хөгжсөн улс орнуудын ч анхаарлын төвд байсан юм. Цар тахлын оргил дэгдэлт, хөл хорионы хатуу дэглэмд хоёр жил гацсан сая сая хүн хорио цээрийн дараа хаашаа ч хамаагүй, хилийн дээс алхан, аялж зугаалах хүсэлд автсан нь хүн гээч амьтан хориг, хүлээсэнд орохыг тэвчдэггүйг тод харуулж, аяллын шинэ давлагааны эхлэл болсон.

Ийнхүү улс орнууд олон улсын аялал жуулчлал буурвал эдийн засаг их хэмжээний алдагдал амсана гэсэн ойлголтыг ижил түвшинд авч эхэлсэн бөгөөд ковидын тархалт аажмаар буурахтай зэрэгцэн улс орнууд ирээдүйгээ, эдийн засгийн өсөлтөө аялал жуулчлалтай холбон тооцож эхэлсэн юм. Тиймдээ ч хөл хориог тавихад улс орнууд аялал жуулчлалыг сэргээх цогц арга хэмжээг уралдан авч хэрэгжүүлж байна. 
Энэ давлагаанаас Монгол Улсын Засгийн газар ч хоцроогүй бөгөөд эдийн засгийн тэргүүлэх салбарын нэгд багтаан 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан юм. Энэ хүрээнд “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо” байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлэн  ажиллаж байна. 
Тус хороо аялал жуулчлалын салбарын стратегийг боловсронгуй болгон шинийг сэдэж, гаднын жуулчдыг татах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд үндэсний өв соёл, онцлогийг харуулсан аялал жуулчлалын жилийн хуанли гаргаж, Монголд саадгүй зорчих агаарын тээвэр, тав тухтай, аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нэгдсэн стандартыг бий болгож эхэллээ.
Мөн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд энэ оны хоёр, дөрөв, зургадугаар сард Япон, Өмнөд Солонгос, Хятад улсад “Welcome to Mongolia” шууд нислэгтэй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Энэ зун жуулчдын урсгалыг татах зорилгоор Япон, Өмнөд Солонгосын өдрүүд, “Нүүдэлчин-2023”, Зүүн Азийн залуучуудын наадам зэрэг олон арга хэмжээ, эвент зохион байгуулсан. Эдгээрээс Монголын Эдийн засгийн форум “NASSUMMIT-2023” арга хэмжээ нийгэм, эдийн засагт тусах ач холбогдлоороо ялгарч байв.
“Welcome to Mongolia” арга хэмжээний салхийг хагалан өнгөрсөн тавдугаар сард Камила Валиева тэргүүтэй ОХУ-ын зэрэглэл өндөртэй уран гулгагчид Улаанбаатарт хүрэлцэн ирж, хамтарсан шоу тоглолт зохион байгуулсан бол БНСУ-ын алдартай жүжигчид болон CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч “Quest Means, Business” нэвтрүүлгийн хөтлөгч Ричард Куэст, цахим орчинд олон сая дагагчтай алдарт илбэчин, контент бүтээгч, хөрөнгө оруулагчид Монгол Улсад хүрэлцэн ирж, олон арван контент бэлтгэн дэлхийн сая сая хүнд хүргэлээ.
Эдийн засгийн форумд гадаадын 500 гаруй зочин, төлөөлөгч Монголд ирсэн. Ар араасаа хөвөрч буй гаднын төлөөлөгчдийн цувааг Ватиканы тэргүүн Ромын Папын айлчлал үргэлжлүүлсэн бол эдгээр арга хэмжээг CNN, “Financial Times”, “Washington Post” зэрэг 40 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл Улаанбаатараас шууд дамжуулан хүргэж, орчин цагийн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, өнөөгийн байдлыг дэлхий даяар мэдээлсэн юм.  
“Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэ онд улсын хэмжээнд 69 арга хэмжээ зохион байгуулна. III улиралд төлөвлөсөн арга хэмжээгээ амжилттай зохион байгуулаад дуусаж байна. Монгол Улс 2023-2025 онд жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилго тавьж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авна гэж тооцсон бол өнгөрсөн оны наймдугаар сарын 29-ний байдлаар 431130 жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 650 сая орчим ам.долларын орлого оруулжээ.
Гадаад, дотоодод явуулсан сурталчилгаа үр дүнгээ өгч, жуулчдын тоо өмнөх жилээс өсөн нэмэгдэж буйтай зэрэгцэн жуулчны баазуудын ариун цэврийн байгууламжийн асуудал өнөөдөр ярианы гол сэдэв болж байна. Салбарын яам энэхүү санал, шүүмжлэлийг ажил хэрэг болгохоо мэдэгдэж,  “Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалын үндсэн маршрутын дагуу орчин үеийн ариун цэврийн байгууламж барьж байгуулах, аялал жуулчлалын иж бүрэн стратегитай болох асуудалд анхаарал хандуулж эхэллээ. 
Гаднын аялал жуулчлалын зах зээлд танигдаж эхэлсэн “Welcome to Mongolia” уриа, арга хэмжээндээ түшиглэн цаашдаа өвлийн аялал жуулчлалын концепц, стратеги гаргах ажлыг одооноос эхлүүлэх санал, санаачилга Засгийн газрын түвшинд яригдаж эхлэв. Өвлийн аялал жуулчлалын стратеги төлөвлөлт, гадаад зах зээлд чиглэсэн маркетинг, жуулчдын эрх ашгийг хангах утасны үйлчилгээний асуудлаас бүрдсэн  концепц, стратеги удахгүй олон нийтийн анхаарлыг татахад гайхах хэрэггүй болжээ.  

 Д.Жаргалан

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал… 19 цагийн өмнө
“Жангар” туулийг 600 метр урт цаасан дээр хулсан үзгээр бичжээ 19 цагийн өмнө
Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлж байна 19 цагийн өмнө
“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно Өчигдөр
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эх… Өчигдөр
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборууд… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр су… 2024/10/08
Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц б… 2024/10/08
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа 2024/10/08
​ Монголбанк 2023.6 кг үнэт металл худалдан авав 2024/10/08
Улаанбуудайн хураалт 56, төмснийх 64 хувьтай байна 2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу… 2024/10/07
Багануурын 50 МВТ-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачаал… 2024/10/07
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан ста… 2024/10/07
А.Номин-Эрдэнэ: Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би 2024/10/07
Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой за… 2024/10/07
Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалта… 2024/10/07
Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил” 2024/10/07