Чингэлтэй дүүрэг энэ оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн зүгээс үйлдвэрлэгчдийг кластер байдлаар хөгжүүлж, тэдэнд бүх талын дэмжлэг үзүүлснээр бүтээмж нэмэгдэнэ хэмээн тооцоолж буй. Тийм ч учраас дүүргээс олгодог аливаа зээл тусламж, төсөл хөтөлбөрт зорилтот үйлдвэрлэл эрхлэгчийг хамруулан үйл ажиллагааг нь өргөжүүлсээр байгаа юм. Энэ бодлого, зорилтыг бодит ажил хэрэг болгон, амжилттайгаар үйл ажиллагаа явуулж буй жишиг үйлдвэрлэл эрхлэгчдийг онцолж байна.
Х.Халиун: Дүүргийн дэмжлэгээр бидний үйлдвэрлэл тав дахин өргөжсөн
/“Уран баян” нөхөрлөлийн тэргүүн/
-Манай нөхөрлөлийн хувьд оёдлын кластер үйлдвэрлэл болон даавуун хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Миний хувьд хоёр найзтайгаа хамтраад 2021 онд анх гарааны бизнес эрхэлж эхэлсэн бол одоогоор арвуулаа болсон. Мөн дээрээс нь даавуун хэвлэлийн үйлдвэрлэл явуулахад 3-4 хүний орон тоотой. Оёдлын үйлдвэрийн хувьд бүх төрлийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүний зэрэгцээ бид үндэсний болон европ, гэр ахуйн, масс үйлдвэрлэл буюу зөөлөн эдлэл болох ор хөнжлийн даавуу зэргийг ямар нэгэн төрөлд баригдалгүйгээр хийж байна. Түүнчлэн захиалгаар бүх төрлийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бидний хувьд мэргэжлийн загвар зохион бүтээгч, технологич, оёдолчид нэгдсэн учраас бусад брэндийн загвар гаргах, технологийг нь хийж өгөх, үйлдвэрлэлийг нь хариуцах зэргээр буюу оёдлын кластер хэлбэрээр үйлдвэрлэл явуулдаг гэсэн үг. Миний хувьд загвар зохион бүтээгч, техногич мэргэжилтэй, зөөлөн эдлэлийн дизайнераар мэргэжил дээшлүүлсэн. “Язгуур” нэртэй үндэсний брэндийг тусгайлан хөгжүүлж байна. 2013 онд сургууль төгссөн цагаасаа энэ чиглэлээр хувиараа ажилласан боловч төдийлөн амжилтад хүрээгүй гэж хэлж болно. Эзэмшсэн мэргэжилдээ маш их цаг хугацаа зарцуулсан ч дэвшин дээшлэх боломжгүй, өөрөө өөрийгөө авч явах байдлаар богино циклээр эргэлдээд байсан. Улсаас ямар нэгэн дэмжлэг авч байгаагүй. Ингэж явсаар Чингэлтэй дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийнхөнтэй 2022 онд холбогдсоноор хүн хүчээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ бидний орлого тав дахин нэмэгдсэн. Ер нь Чингэлтэй дүүргийн удирдлагуудын зүгээс үйлдвэрлэл эрхлэгчдээ бүх талаар дэмжиж ажилладгийн бодит жишээ нь бид. Одоогийн байдлаар бидний явуулж буй үйл ажиллагааны 70 хувь нь Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дэмжлэгтэйгээр явдаг. Энэ хоёр жилийн хугацаанд санхүүгийн үзүүлэлт ч маш өндөр дүнтэй гарч байна. Дүүргийн зүгээс бидний үйл ажиллагаанд шаардлагатай бүх төрлийн дэмжлэгийг үзүүлдэг. Хамгийн том дэмжлэг нь хөнгөлөлттэй ажлын байраар хангасан. Мөн оёдлын үйлдвэрийн тоног төхөөрөмжөөс гадна хатгамлын машин олгосон. Даавуун хэвлэлийн үйлдвэрийг дүүргийн төсвөөс бүрэн санхүүжүүлэн авч өгсөн. Ингэснээр бид үйлдвэрлэлдээ бүрэн төвлөрөөд ажиллаж байна. Даавуун үйлдвэрийн хувьд Монголдоо анхдагч. Манай оёдлын салбарынхан даавуун хэвлэл хийлгэх гэж урд хөрш рүү заавал явахаас аргагүй байдаг. Тэгвэл ийм цаг хугацаа, хөрөнгө мөнгөний асуудлыг манай дүүрэг бүрэн шийдвэрлэсэн гэсэн үг. Ингэж залуу хүмүүсийн гарааны бизнесийг дэмжиж, ахуйдаа баригдалгүйгээр дэвжин дээшлэх боломжийг олгож, тусалдагт маш их баярлаж байгаагаа энэ ташрамд илэрхийлье.
Б.Батзориг: Чингэлтэй дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвтэй холбогдсоноор бүтээгдэхүүн борлуулалт, хөгжүүлэлтэд санаа зовохооргүй болсон
/”Эко гар утасны тавиур” ХХК захирал/
Намайг Б.Батзориг гэдэг. Автоматжсан тоног төхөөрөмж дээр модон эдлэлийн үйлдвэрлэл хөгжүүлээд явж байна. Бид анх гар утасны тавиур, утас тогтоогч үйлдвэрлэдэг байсан бол одоо 10-12 хүний бүрэлдэхүүнтэйгээр хоолны модон таваг, ванны тавиур, салфетка болон савангийн суурь, талх болон боорцогны модон сав зэрэг 20-оод нэр төрлийн модон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Модон тавагнуудаа хүнсний зориулалтаар, тосон түрхлэгтэй хийдэг учраас урдаас орж ирдэг модон тавагнуудтай харьцуулшгүй чанартай, эрүүл мэнд талдаа чанартай баталгаатай гэсэн үг. Анх 2015 онд модон тавилгаар үйлдвэрлэлээ эхлүүлж байлаа. Модон тавилга хийхэд хаягдал их гардаг учраас үүнийг бүтээгдэхүүн болгох хэрэгтэй юм байна гэж шийдээд анх эко гар утасны тавиураа хийж эхэлсэн. Ингээд энэ бүтээгдэхүүнээ хөгжүүлэхийн тулд Германы хамтын ажиллагааны байгууллагаас зарласан иннновац шингэсэн бүтээгдэхүүний төсөлд шалгарснаар анх тоног төхөөрөмжийн зээл авч байлаа. Ингээд 2021 онд зээлээ амжилттай хэрэгжүүлсэн гэж үзсэнээр бидэнд олгосон зээлийг буцалтгүй болгож, өөрсдийн гэсэн тоног төхөөрөмжтэй болсон. Түүнээс хойш модон таваг болон бусад модон эдлэлийг үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст тулгардаг нэг том асуудал нь бүтээгдэхүүний борлуулалт буюу сурталчлан таниулах ажил байдаг. Чингэлтэй дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийнхөнтэй холбогдсоноор энэ асуудлаа шийдсэн гэж хэлж болно. Дүүргийн зүгээс биднийг бүх талаар дэмждэг. Олныг хамарсан үзэсгэлэн худалдаанд лангууны түрээсгүйгээр биднийг байнга оролцуулна. Энэ бол бидэнд маш том боломж. Олон нийтэд бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахаас гадна маш олон хүнд танилцуулах, захиалга авах, хэрэглэгчдийн сэтгэгдлийг сонссоноор үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэх, шинэ санаа олох зэрэг олон талын ач холбогдолтой дэмжлэг. Түүгээр ч зогсохгүй дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвөөс үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан санхүү, хүний нөөц, маркетингийн компаниудаар зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Манай дүүргийн удирдлага, ЖДҮ-ийг дэмжих төвийнхөн загас өгөх биш яаж барих аргыг нь зааж өгдөг байх нь байна шүү дээ. Үйлдвэрлэл эрхлэгчдийг ингэж сургаж, хөгжүүлэхэд маш их анхаардагт баярлаж явдгаа энэ ташрамд илэрхийлье. ЖДҮ-ийг дэмжих төвөөс зохион байгуулдаг олон төрлийн сургалтад оролцож, өөрөө төдийгүй ажилчдаа хөгжүүлэхээс авахуулаад бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, санхүүгийн сургалтад хүртэл хамрагдаж үйлдвэрлэлээ бүх талаар хөгжүүлэх боломжийг нээж өгсөнд баяртай байдаг. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах хүндрэлтэй байсан бол дүүргийн Ажлын байрыг дэмжих зээлд хамрагдсанаар энэ асуудлаа шийдсэн, ирээдүйд үйлдвэртэй болохыг зорин ажиллаж байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №037/24568/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна