Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.26-д “Ахмад настны асаргаа үйлчилгээ, сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээг өргөжүүлж, хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулахыг дэмжинэ” гэсэн бодлогын зорилтыг хангахад “Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр” чиглэнэ гэж тусгажээ. Ахмад настны хүн ам зүйн ачаалал 1989-2000 он хүртэл эрчимтэй буурсан бол 2000 оноос тогтворжиж, 2017-2018 оноос нэмэгдэх хандлага ажиглагдсанаас үүдэн Монгол Улсын хүн ам насжиж эхэллээ гэж үзэж байна. 2009-2018 онд нийт ахмад настны тоо 44.3 хувиар, насны ангиллаар авч үзвэл 55-59 насныхан 1.9 дахин, 60-64 насныхан 1.7 дахин, 65-69 насныхан 13.4 хувиар, 70-аас дээш насныхан 17.6 хувиар тус тус өсжээ. Үүнд төрөлтийн өндөр түвшинтэй 1960-аад оны үеийн хүүхдүүд ахмад настны эгнээнд шилжиж, монгол хүний дундаж наслалт нэмэгдэж байгаа нь нөлөөлж байна. Хүн ам насжихын зэрэгцээ монгол гэр бүл, өрхийн бүтэц, хэв маяг өөрчлөгдөж байна. 2009-2018 оны хоорондох 10 жилд нийт өрхийн тоо 178 мянгаар, үүнээс хотын өрх 150 мянгаар, хөдөөний өрх 28 мянгаар нэмэгджээ. Энэ хугацаанд өрх үүсгэн ганц бие амьдарч байгаа ахмад настны тоо 1.8 дахин өссөн байна. Энэ нь хөдөөд ажлын байр хомс, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, чанар хангалтгүй зэргээс хот руу чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн эрчимжсэнтэй холбоотой. Ахмадаа асран хүндлэх зан заншил, ёс зүйг хотынхноос илүү эрхэмлэдэг хөдөөд өрхийн тоо төдийлөн өсөхгүй, хотод хүн ам хэт төвлөрч, ялангуяа ганц бие ахмад настан олширч байгаа нь ахмад настанд үзүүлэх нийгмийн халамж, урт хугацааны тусламж үйлчилгээний нэр төрөл, хүртээмж чанарыг нэмэгдүүлэх хэрэгцээг бий болгож байна. Ийм шалтгааны улмаас асрамжийн үйлчилгээний төрөл чанарыг нэмэх, тоог нь олшруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.
“Өнчин ядуусыг тэтгэх газар”
Анх 1925 онд нийслэл хүрээнд “Өнчин ядуусыг тэтгэх газар” гэж байгуулснаар Монгол Улсад төрөлжсөн асрамжийн үйлчилгээний эхлэл тавигдсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн болон орон нутгийн өмчит найм, хувийн хэвшлийн дөрөв, нийт 12 асрамжийн газар үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 386 асруулагч үйлчлүүлж байна гэсэн тоо баримт бий. Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар асрамжийн газруудыг төрөлжүүлэх ёстой боловч олонх асрамжийн газарт асруулагчид ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд гэх зэргээр холилдсон байдаг. Үүнд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй болох, хөгжлийн бэрхшээлтэй хүн ахмад насанд шилжих тохиолдолд асруулагч дассан газар, хамт олноосоо холдох хүсэлгүй, асруулагч шинээр авах тохиолдолд аль сул ортой газарт нь хуваарилах, асрамжийн газруудын үйлчилгээний төрөл, хэлбэр, асруулагчдын ангилал тодорхойгүй болох зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг гэнэ. Нэг асрамжийн газарт чадварын түвшин ялгаатай, өөр эрэлт хэрэгцээтэй асруулагчид амьдарч байгаа нь асрамжийн газраас тэдэнд зориулан олон төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжийг хязгаарлаж үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байгаа юм.
Өөрчлөх хэрэгтэй бидний уламжлал
Соёл, иргэншлийн монгол нүүдэлчин гэдэг өвөрмөц бодит хэлбэрийн нийтээр хэрэглэх ойлголт, томьёоллыг бид бий болгожээ. Тэрхүү монгол нүүдэлчин гэдэг ойлголт нь байгаль, хүн, мал аж ахуйн өвөрмөц харилцаа, шүтэлцээгээр илэрхийлэгдэнэ. Хүн хоорондын ийм өвөрмөц харилцаа, шүтэлцээтэй монголчууд өтгөс, настнаа өргөн тэтгэх өнө удаан жилийн түүхтэй. Их Монгол Улсыг байгуулсны дараа “Их цааз” хуулинд өтгөс, өнчин ядуусыг тэтгэх тухай оруулсан байдаг нь санамсаргүй зүйл биш. Өтгөс ядуусыг асран тэтгэх талаар түүхэн уламжлалтай ч энэ нь өнөөгийн асрамжийн газруудаас тэс өөр ойлголт авай. Бид 1925 онд “Өнчин ядуусыг тэтгэх газар” байгуулж тахир дутуу иргэд хийгээд өнчин, ядуус, хөгшдийг асран тэнхрүүлэх газрын талаар орчин үеийн ойлголттой болсон. Монгол ахуй ийм газрыг үгүйсгэсээр ирсний нотлогоо Батсүмбэр дэх Ахмадын асрамжийн газрын талаар амнаас ам дамжсан сайн, муу олон яриа байдгаас харагдана. Асрамжийн газрын 100-аад жилийн түүхийг бүтээчихээд байхад шүү. Гэр орон, үр хүүхэдгүй хөгшчүүлийг Төв аймгийн Батсүмбэр сум дахь Баянголын асрамжийн газар цөлдөг хэмээн иргэд ярьдаг. “Цөллөг” хэмээх үг юуг илэрхийлдгийг хүн бүр мэднэ. Тэнд очсон хөгшчүүл өлсөж, даарч, нар бараадан сууж бор хоногийг өнгөрөөхдөө зарим нь үр хүүхэд, ах дүү минь ирээсэй хэмээн сэтгэлдээ битүүхэн горьдлого тээж алсад зурайх төмөр замыг ширтэн харуулддаг бол нөгөө хэсэг нь шууд утгаараа үхлийг хүлээдэг гэсэн ойлголт бидний дунд байдаг билээ. “Сүүлчийн өртөө” гэх нь ч бий. Асрамжийн газрын талаарх ийм сөрөг ойлголтоос болж хөгшид настнаа асран тэтгэх үүргийг залуус нь хүлээдэг. Энэ нь бидний нүүдэлчний уламжлалт сэтгэлгээнээсээ салж чадаагүйн л илрэл. Нүүдэлчин амьдралд зохицсон дугуй хэлбэрийн гэр сууцдаа нүүр, нүүрээ харан сууж, ярилцаж, амьдрал ахуйгаа зөвлөн, хөөрөлддөг хэлбэр монголчуудын сэтгэлгээнд гүн гүнзгий суусан. Энэ нь орчин үеийн олон өрөөтэй, хувийн орон зай ихтэй байр сууцад амьдардаг бидний ертөнцөд утгаа алдаж эхлээд байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой болов уу. Нөгөө талаас настнуудын бодол санаа, зарим зан үйл, амьдралын хэв маяг залуусынхаас тэс өөр учир залуустай ойлголцохоо больж дотогш чимээлэн сууж хатуухнаар хэлэхэд гэрийн буг, хоригдол болгох тохиолдол бий.
Тэд үеийнхэнтэйгээ ярилцаж, дурсамжаа хөврүүлж, өөрсдийнхөө үеийн дуртай дуунуудаа дуулж, тэд л ойлгох хошин яриагаа ярин инээлдэж, наргиж, дуртай спорт, урлагийн төрлүүдээрээ хичээллэн амьдрах эрхтэй. Тэгж байж биеэ чагнахгүй, сэтгэлээр өвдөхгүй, ганцаардаж гуниглахгүй. Энэ нь биеийн эрүүл мэндээ сэтгэлийн эрүүл мэнд нь дэмжиж буйн хэлбэр юм болов уу. “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэдэг үгтэй дээ. Жижиг суурин газрын настнууд урт насалдаг нь үүнтэй холбоотой байж ч мэднэ. Судалгаа байдаг л байх мэдэхгүй юм. Хөвсгөл аймгийн төвийн багууд настнуудын цугладаг газрыг багийнхаа төвд байгуулснаар тэдний нийгмийн оролцоо илт сэргэж ирсэн тухай яриа сонсож байлаа. Би ээжийнхээ амьдралын сүүлийн хоёр жилийнх нь гэрч. Хааяа нэг үеийнхэнтэйгээ утсаар ярилцаад харц нь хэрхэн гэрэлтэж байсныг олонтаа харсан. Таньдаг үеийнхэн нь цөөрөх тусам залгах, ярих хүн нь ховордож хий дэмий л утсаа илэн санаа алдан суугааг нь харсан гашуун дурсамж надад бий.
Өтгөсөө асрах шинэ хувилбарын эрэлд
Энэ бүхнийг бичих ямар шалтгаан байна вэ. Бид уламжлалт сэтгэлгээндээ өөрчлөлт хийж, зарим заншлыг ардаа орхиж байж урагшлах ёстой юм гэдгээ ойлгох цаг болсон. Дэлхийн улс орнууд асрамжийн газрын “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”, “Биеийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх тусламж”, “Мэдрэхүйн эмгэгийн тусламж үйлчилгээ” гэх мэтээр долоон ангилал бий болгож хөгжүүлж ирсэн байх юм. Асрамжийн газар гэдэг ойлголтыг “Сүүлчийн өртөө” гэдэг утгаар биш биесээ ойлгон нөхөрлөх, хөгжих, хань ижлээ олох хүртэл амьдрал өрнөдөг гэр амралтын газар болгожээ. Энэ утгаараа өндөр настнуудын очих дуртай, эцэг эхдээ хайртай залуус аав, ээжийгээ өгөх дуртай орчин болжээ. Жишээ нь, Японд өндөр настай эцэг, эхийгээ асрамжид өгөөгүй хүүхдүүд хамгийн муу хүүхдийн тоонд орох жишээтэй. Манайд бол эсрэгээрээ өөрсдөө асрах нэрээр тэтгэврийнх нь мөнгөнд санаархан гэрийн хоригдол болгох ачлалгүй нөхөд ч байх.
Ямар байвал шаардлага хангах юм бэ
Уг нь нийгмийн халамжийн тухай хуульд тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсвэл тэжээн тэтгэх хүүхэд нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй, тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь тухайн ахмад настны эсрэг хүчирхийлэл үйлдэх явдал гардаг бөгөөд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настныг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулахаар зохицуулсан ч нийгэм, хүн ам зүй, гэр бүлийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас үйлчилгээний хамрах хүрээ, нэр төрлийг өргөжүүлэх шаардлага бий болсон. Асрамжийн газруудад хөрөнгө оруулалт дутагдалтай, санхүүжилтийн механизм зохистой биш, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн засвар, шинэчлэл шаардлагаас хоцрогдсон зэрэг нь үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн тав тухыг хангахад сөрөг нөлөө үзүүлж байна. Нийгмийн халамжийн тухай хуульд заасан журмын дагуу 2017 онд хийсэн “Төрөлжсөн асрамжийн газруудыг магадлан итгэмжлэх, ажил, үйлчилгээ явуулах эрх олгох” үйл ажиллагааны үр дүнгээс үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн гурав, хувийн өмчийн хоёр асрамжийн газар стандартын шаардлага хангасан байна гэсэн үзүүлэлт бий.
2009-2018 оны хооронд эдийн засаг жил бүр өссөн үзүүлэлттэй, төсвийн зарлага байнга өсөн нэмэгдсэн ч асрамжийн газруудын насанд хүрэгчдийн хоолны норм, илчлэгийн хэмжээ, зардлын дундаж норматив болон төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэний хувцас, ариун цэврийн болон хичээлийн хэрэглэлийн зардлын дундаж норматив, эдэлгээний хугацаа, асрамжийн газарт зайлшгүй байх эмийн жагсаалт зэргийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш шинэчлээгүй, санхүүжилтийг нормативын дагуу олгохгүй байна. Үүний дээр нэмээд ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин хөлс бага, нийгмийн баталгаагүй, чадавх нэмэгдүүлэх сургалт арга хэмжээ дутагдалтай зэрэг нь тэдний тогтвор суурьшил, үйлчилгээний чанарт сөрөг нөлөөлдөг.
Хөгшрөлт амьдралын нэг л үе
Хөгшрөлт бол амьдралын олон үеийн л нэг. Зарим настны хувьд эрүүл мэнд нь маш сайн хэвээр идэвхтэй, эрч хүчтэй байх нь бий. Юу ч байсан, нас ахих тусам бидний амьдралын хэрэгцээ өөрчлөгдөж болох тул зөв сонголт хийхэд туслах янз бүрийн төрлийн ахмад настан, ахмад настны асаргаа сувилгаа байдаг. Үүнд “Бие даан амьдрах нийгэмлэг”-үүд орно. Тэнд ганц бие хүмүүс болон өөрсдөдөө анхаарал халамж тавьж чаддаг ч өөрийн насны бусад хүмүүстэй хамт амьдрахыг хүсдэг хосуудад зориулагдсан. Энэ нь гэр орондоо амьдрахаас татгалзах, ахмад настнуудын нэг том асуудал болох ганцаардалтай тэмцэхэд туслах хамтын нийгэмлэг юм. Эв нэгдлийн мэдрэмж тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд тусалдаг гэсэн судалгаа байдаг аж. “Хүний тусламжтай амьдрал” нь дараагийн алхам бөгөөд тэнд санал болгох зүйл нь ялгаатай. Асуудалтай тулгарвал эсвэл эргэн тойронд хэн нэгэн байгаа гэдэгт итгэхийг хүсдэг хүмүүст энэ газар зориулагдана. Энэ нь цөөхөн үйлчлүүлэгчтэй өндөр настны асрамжийн газар эсвэл эрүүл мэндийн байгууллага, амралт зугаалгын төв бүхий томоохон орон сууцны цогцолбор байж болно. Эцэст нь хэлэхэд ийм газрууд тухайн өндөр настны хэрэгцээ шаардлагын дагуу үйлчилгээ үзүүлдэг байхаас гадна “Асрамжийн газар” гэдэг нэршлээс татгалзаж “Ахмадын өргөө” эсвэл “Ахмадын амралт” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулбал хүмүүсийн чихэнд өөр сонсогдож мэдэх л юм. Асрамжийн газар “Сүүлчийн өртөө” биш “Сүйн өргөө” байж яагаад болохгүй гэж.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна