Иргэд хууль тогтоох эрхээ шууд хэрэгжүүлэхийн төлөө эвлэлдэн нэгдэж эхэллээ


Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа жирийн иргэд төрийн үйл хэрэгт бодитоор, шууд оролцох, засаглах эрхээ хэрэгжүүлэх боломжоо эдэлж эхэллээ.  Тодруулбал, Үндсэн хуулийн 3.1-т “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Мөн 16.12-т “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлд “Үндсэн хуульд заасан энэхүү засаглах эрхээ ард түмэн эдлэхдээ  тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ УИХ-ын албан ёсны программ хангамжаар дамжуулан хэрэгжүүлж болно” гэж заасан байдаг. Хэдийгээр холбогдох хуулиудад иргэдийн төрийн үйл хэрэгт оролцох боломж нээлттэй талаар тухайлан заасан байдаг ч өнгөрсөн хугацаанд бодитоор, хэн нэгний шахалт шаардлагагүйгээр санал бодлоо илэрхийлж, түүнийг нь төрийн түвшинд авч хэлэлцсэн тохиолдол бараг үгүй.  Тийм ч учраас ард түмний засаглах эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг  парламент бүрдүүлэх ёстой гэдэгт   УИХ-ын дарга манлайлал үзүүлсэн нь онцлууштай үйл явдал юм. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс  НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгон нэмэгдүүлэх саналыг нийтийн өргөдөл гомдлын системд оруулсан. Тухайн саналыг 100 мянгаас дээш тооны иргэн дэмжвэл хуулийн төсөл санаачлан УИХ-д  өргөн барихаар хуульчилсан. Үүний дагуу  өдгөө дээрх асуудлаар  хуулийн төсөл өргөн барьсны дагуу өдгөө Ажлын хэсгийг УИХ-аас байгуулаад байна. Тус Ажлын хэсгийн ахлагчаар Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ажиллах бол ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Д.Өнөрболор, Ж.Батсуурь нар ажиллахаар болсон. Энэ бол иргэдийн саналын дагуу парламент анх удаа хэлэлцүүлэг өрнүүлж,  судалгаа шинжилгээ эхэлсэн анхны кейс. Энэ тухайд Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн   “100 мянган иргэн санал өгсөн нь зарчмын хувьд том дэвшил гэж үзэж байгаа. Мөн НӨАТ-тай холбоотой далд эдийн засаг байгаа. НӨАТ төлөхгүй далд мөнгө байгаа нь үнэн. Энэ нь татварын ачаалал өндөр байгаатай холбоотой гэж үзэж байна. Миний бие энэ ажлын хэсгийг өөрөө ахалж, 100 мянган иргэний саналыг судалж, үнэлэлт дүгнэлт өгнө.  Ажлын хэсэг гаргасан нь асуудлыг бүх талаас нь судалж үзээд, шаардлагатай бол бодлогын баримт бичиг боловсруулахаар оруулж ирнэ” гэсэн юм.

Ийнхүү  “D-Parliament” платфомын хүрээнд “D-Petition” буюу нийтийн өргөдлийн цахим систем бий болсноор Монгол Улсад төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх томоохон алхам болсныг харж болохоор байгаа юм. Учир нь иргэд олон нийт төрийн үйл хэрэгт оролцох хүсэлт сонирхол ямар их байсныг харуулах дараагийн нэг  кейс нь  НДШ, ХХОАТ-ын хувь  хэмжээтэй холбоотой байлаа. Тодруулбал, НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжээд байна.  Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системд иргэн Шагж овогтой Хүрэлтулгын зүгээс 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр байршуулсан “НДШ, ХХОАТ шимтгэлийг 50 хувиар бууруулах” хуулийн төсөл санаачлах талаар гаргасан саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрсэн. “D-Өргөдөл” буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгдөг учраас хуурамч хаягаас саналаа өгөх, хүний өмнөөс хандах боломжгүй буюу  иргэн нэг бүрийн бодит санал гэсэн үг.  Тийм ч учраас Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, хүссэн иргэн  “D-Өргөдөл” цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар Ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой. Үүний хүрээнд иргэн Ш.Хүрэлтулгын жишгээр  иргэд төрийн үйл хэрэгт бодитоор оролцох, санал хүсэлтээ гаргах, улмаар   дүгнэлт гаргуулах боломж ийнхүү нээлттэй болоод байна.  Хуулийн дагуу НДШ, ХХОАТ шимтгэлийг 50 хувиар бууруулах  саналын талаар хуулийн төсөл боловсруулах нөхцөл бүрдсэн учраас цаашид энэ талаарх хэлэлцүүлэг, үйл явц өрнөхөөр болж байгаа юм. Одоогоор НДШ нь ажилтан, ажил олгогч нийлээд 24-26 хувь, ХХОАТ 10 хувь байдаг. Эдгээр хувь хэмжээг бууруулбал иргэдийн гар дээр ирэх мөнгөн орлого бодитоор нэмэгдэх боломжтой болно гэж  санал гаргасан иргэн үзэж байгаа аж. 

Улс орны эрх ашгийн төлөө олон нийтийн санал бодлыг бодитоор сонсох, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах орон зай алс байсан. Тиймээс Төр-иргэний холбоог ийнхүү  технологийн дэвшил ашиглан ойртуулахаар зорьж байгааг олон нийт талархалтай хандаж байгаа юм.

Энэ тухайд УИХ-ын дарга Г.Занданшатар  “Иргэдийнхээ үзэл бодлыг эрхэмлэн сонсож, хууль тогтоох нь монгол төрийн үндсэн зарчим.  Монголын төр иргэдээсээ хоцорсон гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болсон, Монголын төрийн хөшүүн байдал, шинэчлэлээс айх айдас урагшлах замаас ухрааж байна. Монголын парламентын түүхэнд иргэд хууль тогтоох эрхээ шууд хэрэгжүүлэхийн төлөө эвлэлдэн нэгдэж, саналаа өгч байна.  НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэн  таван хувьд хүргэх саналыг 100 гаруй мянган иргэн өгч, УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Ажлын хэсэг гарч ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл болон ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувь бууруулах саналыг 100 мянган иргэн дэмжжээ. Төр, засаг иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд санал бодлыг нь сонсож, хуульчлан биелүүлэх үүрэгтэй юм” хэмээн онцолж буй. 

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24573/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 4 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 6 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 6 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 6 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 6 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 7 цагийн өмнө
SDY Calling you... 7 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 7 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 7 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 7 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 7 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22