Монгол Улсын засгийн газраас хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах, орон нутагт шилжин суурьшин ажиллаж, амьдрах хүсэл сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжийн урсгалыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Хот, хөдөөгийн сэргэлт” бодлогыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү бодлогыг эрчимжүүлэх зорилгоор байгуулагдсан “Хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн дарга, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайтай ярилцлаа.
-“Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд орон нутагт очиж ажиллаж, амьдрах иргэд, аж ахуйн нэгжид олон таатай боломжуудыг санал болгож байна. Гол нь тухайн орон нутаг шилжин ирэгсдийг хүлээж авахад бэлэн үү. Таны ахалсан ажлын хэсэг энэ суурийг нь хэрхэн тавив?
- Манай ажлын хэсэг байгуулагдсан даруйд дэд сайд нар маань 21 аймагт ажиллаж тухайн орон нутгийг удирдаж буй удирдлага, хамт олон, иргэдийн төлөөлөлүүдтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонсохоос ажлаа эхэлсэн. Гол зорилго нь хөдөөг сэргээх, хөгжлийг хурдасгахад тухайн орон нутгийн иргэд, удирдлага, хамт олны оролцоо их чухал. Энэ ажлын хүрээнд орон нутаг бүр өөрийн онцлог, давуу талд суурилсан хөгжлийн баримт бичгүүдийг мөн шинээр шилжин суурьшихаар ирж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг хэрхэн хүлээн авах, хөрөнгө оруулалтын таатай орчныг хэрхэн нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй байдлыг хэрхэн хангахад чиглэсэн “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр аймгууд маань энэхүү хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлсэн.
Улсын хэмжээнд бол гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын чуулганыг салбар бүрд тогтмол зохион байгуулж хэвшсэн. Харин орон нутаг өөрсдийн онцлог, боломжуудаа олон нийтэд таниулсан, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлсон, хөрөнгө оруулагчдыг урьсан олон талт арга хэмжээг зохион байгуулж байсан тохиолдол өмнө нь төдийлөн их байсангүй. Тэгэхээр “Нээлттэй аймаг” хөтөлбөр маань хандлагын төдийгүй сэтгэлгээний томоохон өөрчлөлт рүү оруулж буй чухал хэлбэр болсон. Хөдөөг сэргээж, хөгжүүлэх нь ганцхан Засгийн газрын хийх ажил биш. Бүх талын идэвхтэй оролцоо, хүсэл сонирхол зайлшгүй хангагдах ёстой.
-Хөдөө очиж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх шийдэлд хүрсэн. Энэ ажил хэр үр дүнтэй байна вэ?
-“Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн гол концепц нь зөвхөн Улаанбаатарын төвлөрлийг бууруулахад чиглэхгүй. Том зургаараа орон нутаг бие даан хөгжих тэр боломжийг нь бүрдүүлж, банк санхүүгийн, татварын таатай, давуу нөхцөлийг бий болгоход чиглэсэн алхмуудыг Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд эхлүүлээд байна. Тухайлбал, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд 90 хүртэлх хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх, банк санхүүгийн хөнгөлөлттэй зээл олгох нөхцөлийг бүрдүүлэх, орон сууцны зээлийн хүүг бууруулах зэрэг ажлыг нэрлэж болно. Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар 17 аймгийн 52 суманд үйлдвэр, үйлчилгээ, худалдаа, логистикийн цогцолборыг хувийн хэвшлийн саналд үндэслэн нийт 740 орчим сая ам.долларын санхүүжилттэй төслийн ажил эхэлнэ. Өнгөрсөн долдугаар сард УИХ-аар гэрээг нь соёрхон баталсан. Ингэснээр бидний олон жил ярьсан малын түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулахаас авахуулаад сүү, сүүн бүтээгдэхүүн бэлтгэх, хүнсний ногоо, мах хадгалах хөргөлтийн системийг байгуулах, худалдан борлуулах гэх зэрэг цогц бүтээн байгуулалтыг дунджаар таван га газарт байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү төслийг Эдийн засгийн, хөгжлийн яамны хамт олны судалгаа, тооцоон дээр үндэслэн тухайн сумыг тойрсон бүс нутгийн таталцлыг тооцоолж, байршлыг сонгож хэрэгжүүлэхээр байгаа. Ер нь Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд ирэх жилээс орон нутагт өргөн хүрээний олон талт ажил бодитоор эхэлнэ гэсэн хүлээттэй байна.
-Эдийн засаг хаана байна, иргэдийн нүүдэл тийшээ чиглэдэг. Тиймээс орон нутагт ажлын байр хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Хөдөө орон нутагт иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх асуудлыг нэн түрүүнд анхаарах ёстой. Өнгөрсөн 20-оод жилийн хугацаанд орон нутаг дахь цалин хангамж, боловсрол, эрүүл мэндийн чанар хүртээмж, байгалийн давагдашгүй сөрөг хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан төв суурин газрыг зорьсон их нүүдэл өрнөснийг та бид сайн ойлгож байгаа. Үүнийг саармагжуулах, тогтоон барих, улмаар бууруулах хөшүүрэг нь ерөөсөө л орон нутагт амьдралын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх явдал. Юун түрүүнд ажлын байрыг нэмэгдүүлэх, тухайн орон нутагт ажиллаж, амьдарч байгаа төрийн бүх шатны албан хаагчийн цалин хангамж, нийгмийн баталгааны давуу байдлыг бий болгоход чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Засгийн газрын зүгээс эхний алхмуудаа хэрэгжүүлээд эхэлсэн. Эхнээсээ үр дүнгээ өгч байна. Хөдөөг зорих сонирхолтой мэргэжлийн боловсон хүчнүүд тэр дундаа багш, эмч нарын дутагдалтай байдал орон нутагт үндсэндээ арилах хандлагатай байна. Өнгөрсөн жил хөдөө орон нутагт нэг өрхийн дундаж орлого 1.3 сая төгрөг, Улаанбаатарт 1.7 сая төгрөг гэсэн судалгааны дүн гарсан. Энэхүү харьцааг өөрчлөхийн тулд орон нутагт иргэд, аж ахуйн нэгж ажиллаж, амьдрахад илүү таатай давуу боломж, өргөн сонголтыг бид бүрдүүлж өгөх ёстой. Монгол Улсын иргэд ажиллаж, амьдрах газраа өөрсдөө чөлөөтэй сонгох эрхийг Үндсэн хуулиараа бид баталгаажуулсан. Нөгөө талаас тухайн орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэддээ ч давуу боломжуудыг олгох ёстой. Мөн орон нутаг хүн амын тоогоо зохист хэмжээнд нэмэгдүүлэхэд чиглэсэн бүхий л талын үйл ажиллагааг эрчимжүүлснээр эдийн засаг тэлэх, амьдралын чанар сайжирна гэдгийг иргэд, аж ахуйн нэгждээ сайтар ойлгуулах нь их чухал байна. Цаашлаад орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдыг чадавхжуулах, бэлтгэх, сургахад чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах чиглэлд холбогдох байгууллагууд ажиллаж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн хүрээнд жилд дунджаар 1.2-1.8 их наяд төгрөгийг орон нутагт зарцуулсан. Ерөнхийдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой хэрэгждэг малжуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэх мэт олон төсөл хөтөлбөрийн үр өгөөж төдийлөн хангалттай хэрэгжиж чадаагүй гэж үзэж байна. Олон хүчин зүйлс нөлөөлж байгаа хэдий ч шат шатандаа ажил хариуцсан алба хаагч нараа чадавхжуулах, сэтгэлгээ, хандлага, ажлын арга барилд салхи оруулах зайлшгүй шаардлага байна гэж дүгнэж байна.
-Ер нь орон нутгийн хөгжлийн гарц нь дэд бүтэц шүү дээ. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд энэ талд ямар ажил хийв?
-Ерөнхийдөө үе үеийн Монгол Улсын Засгийн газар дэд бүтцийн найдвартай, хүртээмжтэй эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн төлөө ажилласаар ирсэн. Үүний үр дүнд ямартаа ч Улаабаатар хоттой 21 аймаг маань хатуу хучилттай авто замаар холбогдоод дуусаж байна. Өнгөрсөн долдугаар сард Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн “Таван цагариг” хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлснээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд аймгуудыг хатуу хучилттай авто замуудаар холбох, хилийн боомтуудыг авто зам болон, төмөр замаар холбох ажлыг хийнэ. Эдгээр ажил үр дүнтэй хэрэгжсэнээр хөдөөг сэргээхэд чухал нөлөө үзүүлнэ.
-Орон нутагт жалга, довны үзэл газар авсан. Өөр аймаг, сумын иргэдийг гадуурхах хандлага их. Орон нутгийн иргэдийн энэ хандлагыг өөрчлөх ёстой гэж та яриандаа хэд хэд дурдлаа. Ер нь сүүлийн жилүүдэд орон нутгийн иргэдийн тоо нэмэгдэхгүй байгаа шалтгааныг Ажлын хэсгийнхэн хэрхэн оношлов?
-Олон шалтгаан нөхцөл бий. Ерөнхийдөө сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд шилжин ирсэн иргэдийн дийлэнх нь амьдралын чанараа дээшлүүлэх, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах мөн байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллөөс амьжиргааны эх үүсвэрээ алдсан зэргээс шалтгаалан Улаанбаатар хотод суурьшсан гэсэн судалгааны дүнг олон улсын байгууллагууд гаргасан. Мөн түүнчлэн бид өнгөрсөн хугацаанд төвлөрлийг саармагжуулахад чиглэсэн дорвитой арга хэмжээг шат шатандаа төдийлөн хэрэгжүүлж чадаагүйтэй ч холбоотой. Тиймээс хөдөөг сэргээх ажилд бүх талын оролцоог хангах нь чухал байна. Таны хэлсэнчлэн шилжин суурьшигчдыг гадуурхах хандлага нэлээд байгааг өөрчлөх шаардлагатай. Үүнд чиглэсэн нөлөөллийн ажлыг ч бид хэвлэл мэдээллийн байгууллага, олны танил уран бүтээлч, эрдэмтэн судлаач, тухайн орон нутагт шилжин очоод амжилттай ажиллаж, амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран тасралтгүй өрнүүлж байна. Цаашид энэ буруу хандлагыг халах, орон нутгийн иргэд маань шинэ уур амьсгалыг хүлээж авах дадалд суралцах, харилцан хамтдаа нутаг орондоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө байх ёстой. Мөн шилжин очиж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд маань тухайн газар орны соёл, ёс заншил, иргэд олон түмэнд хүндэтгэлтэй хандах арга барилд ч зайлшгүй суралцах ёстой. Энэ бүхний тэнцвэрийг хангахад орон нутгийн засаг захиргааны үүрэг оролцоо маш чухал. Манай аймаг, орон нутгийн удирдлага, хамт олон хөдөөгийн сэргэлт бодлогыг сайтар ойлгож хүн амаа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг нутаг орондоо татах чиглэлд эрчимтэй ажиллаж эхэлж байгаад Ажлын хэсгийн ахлагчийн хувьд талархалтай байгаа. Тухайлбал, томоохон аж ахуйн нэгжүүд орон нутагт салбараа нээж байна, чадварлаг багш, эмч нарыг тухайн орон нутаг урьж ажиллуулаад эхэлж байна, хувийн хэвшлийн зарим томоохон сургууль орон нутагт салбараа нээх ажил ид өрнөж байна гээд дурдаад байвал бас ч чамлахааргүй ажил өрнөж байна. Ийм сайн хандлагыг цааш нь хэвшил болгоход орон нутгаас гадна Засгийн газар бодлогоор дэмжиж ажиллах нь чухал. Нөгөөтэйгүүр аймаг, орон нутаг бүр аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалан, уул уурхай гээд өөрийн онцлогт тохируулан хөгжих боломж нөөц бий. Цаашид төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэсэн санал санаачилга бүрийг Засгийн газар дэмжин ажиллахаа илэрхийлсэн.
-Ирэх оны улсын төсвийг баталлаа. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд төсөв санхүүгийн ямар дэмжлэг үзүүлэхээр тусгав?
-Ирэх оны улсын төсөв үндсэндээ хөдөөг сэргээхэд чиглэсэн гэдгийг Засгийн тэргүүн онцолсон. Тухайлбал, суманд ажиллах ажилтан албан хаагчийн цалин хөлсний нэмэгдлийг 40 хувь олгохоос авахуулаад, улсын хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг хөдөөг сэргээх, ялангуяа эрчим хүч, дэд бүтцийн найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглүүлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн үр өгөөж ч ирэх жилүүдэд хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж харж байна.
-Орон нутагт ипотекийн зээлийг гурван хувь болгосон. Одоогийн байдлаар хэчнээн иргэн энэ төрлийн зээлд хамрагдаад байна вэ?
-Засгийн газраас орон нутагт ипотекийн зээлд хамрагдсан иргэнд гурван хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан. Энэхүү зээлд аймаг, сумдад орон сууц анх удаа худалдан авч байгаа иргэд болон орон нутагт шинээр шилжин суурьшиж буй иргэд хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар 1600 орчим зээлийн хүсэлт ирснээс 180 гаруй иргэн хамрагдсан гэдэг мэдээллийг манай холбогдох байгууллагуудаас ирүүлээд байгаа. Арилжааны банкууд тухайн хүсэлтүүдийг судлах шатандаа явж байна.
-Орон нутагт шилжиж очсон аж ахуйн нэгжүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг хэр явцтай байна вэ?
-Орон нутагт шилжин очиж үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд жилийн нэг хувийн хүүтэй, 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг тухайн банкны эх үүсвэрээр олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн. Хүүгийн зөрүүг улсын төсвөөс олгоно. Аж ахуйн нэгжүүдийг тухайн орон нутагтаа ажлын байр бий болгоход чиглэсэн дэмжлэг гэж ойлгож болно. Мөн иргэнд жилийн нэг хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг олгох шийдвэр гарсан. Нийт зээлийн хэмжээ 110 тэрбум төгрөг. Хөнгөлөлттэй нэг хувийн зээлд таван жилийн хугацаанд хамрагдсан аж ахуйн нэгж улсаас 247 сая төгрөгийн дэмжлэг авах боломжтой. Одоогийн байдлаар энэхүү зээлд хамрагдсан аж ахуйн нэгж байхгүй байна.
-Хөдөөгийн сэргэлтийн ажил эхэлснээс хойш орон нутагт өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн нүүж очив?
-Оны төгсгөлд нэгдсэн дүн гарна. Ерөнхийдөө бид орон нутгийн удирдлагуудтайгаа зөвшилцөн 2023 оны эхэнд дунджаар хүн амаа 10-20 хувь нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж эхэлсэн. Жил бүр Засгийн газар үйл ажиллагаагаа дүгнэж, үр дүнгээ ярилцдаг. Өмнөговь, Дорноговь, Эрдэнэт, Дархан зэрэг аймаг үндсэндээ хүн ам нь тогтвортой буюу нэмэгдэх хандлагатай байгаа юм.
-Хот, хөдөөгийн сэргэлтийн ажлын хэсэг Үндэсний хороо болж өргөжлөө. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Засгийн газрын шийдвэрээр Хот, хөдөөгийн сэргэлтийн Үндэсний хороог Ерөнхий сайд ахална. Тэгэхээр хөдөөг сэргээхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа илүү хурдтай, өргөн далайцтай өрнөх боломж нэмэгдэж байна гэж ойлгож болно. Хөдөөгийн сэргэлтийн үйл явц бүхий л салбарын уялдаа, хамтын ажиллагааны үр дүн, тогтвортой, төлөвлөлттэй бодлогын үр нөлөөний үндсэн дээр тасралтгүй үргэлжилж байж тодорхой хугацааны дараа олон түмэнд мэдрэгдэх ажил. Манай ажлын хэсгийн хамт олон энэ том ажлын эхлэл, суурийг өрнүүлж чадсанд миний бие баяртай байгаа. "Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ" гэсэн ардын сайхан үгээр хоёулаа яриагаа өндөрлөе.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна