Засгийн газрын ээлжит хуралдаанаар цас зудын нөхцөл байдлын талаар тухайлан хэлэлцсэнээр дээрх шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы зүгээс өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн юм. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байгаа аж.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байгаа юм байна. Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 508039 толгой мал хорогдсон, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанаас улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргалаа.
Мал аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох хүмүүст үүрэг болгосон юм. Ингэхдээ шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, малчдад туслах аяныг аж ахуйн нэгж болон олон улсын байгууллага, гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулж, олон нийтэд уриалга гаргах, малчдыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон малчдын судалгааг гаргаж, малжуулах, нийгмийн хамгаалал болон халамжийн төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах, орон нутгийн төсвийн давсан орлогыг малчдад туслах арга хэмжээнд зарцуулах зэрэг ажлыг зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгалаа. Түүнчлэн импортын зарим барааг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгасан юм. Ийнхүү улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр хэрхэн ажиллах талаар Шадар сайд С.Амарсайхан хоёрдугаар сар гарснаас хойш 14 аймгийн 47 сум төмөр зудтай, мал бэлчээрлэх боломжгүй, малчид өвс тэжээлээ татах боломжгүй нөхцөл байдалд орсон.
Мөн 17 аймгийн 135 сум цагаан зудтай, улсын хэмжээнд нийтдээ 250 гаруй сум зудын нөхцөлд байгаа учраас өвөл хэрэгжүүлсэн арга хэмжээгээ хаврын турш хэрэгжүүлж, малчид иргэддээ бүх талын туслалцааг үзүүлнэ. Бүх боломжоо дайчилж ажиллана гэдгийг онцолсон.
Түүнчлэн тэрбээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарлах, импортоор орж ирж байгаа гурил, тэжээлийг татвараас чөлөөлөх, гурил, өвс тэжээлийн хангалтыг нэмэгдүүлэх, үндэсний хэмжээнд малчдаа дэмжих аян зарлаж байгааг тодотгосон юм. Тэрбээр “Өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг нь байнгын үйл ажиллагаатай штаб ажиллана. Мал аж ахуйн салбараа хамгаалах шаардлага үүсээд байна. Тухайлбал, өвөл хур тунадас их орсон учраас шар усны үер болж болзошгүй байна.
Тиймээс аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Өвөл бид малчдадаа тэжээл, өвсийг хөнгөлөлттэй үнээр хүргэсэн ч нөөц өнөөдөр хангалттай биш байна. Импортоор авч байгаа гурил, тэжээлийн үнийг татвараас чөлөөлөөд өгчихвөл үнэ ханш өсөхгүй, хомстол үүсэхгүй байх боломжтой. Улсын нөөцөөс өнгөрсөн хугацаанд 15 мянган тонн тэжээлийг хямдралтай үнээр малчдад нийлүүлсэн. Нэмээд 6000 тонныг нийлүүлэх гэж байна.
Монгол Улсын хэмжээнд өдөртөө 300 тонн тэжээл гарах боломжтой. Гурилын хүрэлцээгүй байдлаас тэжээлийн гарц муудаж байгаа учраас импортоор орж ирж байгаа тэжээлийн татварыг бууруулснаар мал аж ахуйн салбар хаваржилтыг хохирол багатай даван туулна. Үүний тулд Улаан загалмай нийгэмлэгтэй хамтраад аж ахуйн нэгжүүдээ оролцуулаад монголчууд бие сэтгэлээрээ хамтдаа байх, малчдыг хэцүү цаг үед дэмжиж ажиллах шаардлага үүсээд байна. Энэ хүрээнд хаваржилт дуустал тодорхой ажлуудыг зохион байгуулахаар боллоо. Хөдөө аж ахуйн салбар бол зөвхөн малчдын асуудал биш. Нийт монголчуудын амьжиргаатай холбоотой асуудал учраас үүссэн нөхцөл байдлыг даван туулахын тулд хүн хүчээ нэмэгдүүлье гэж байгаа юм.
Зуд нүүрлэснээс үүдэлтэйгээр малчид өвс тэжээлээ татаж авах боломжгүй болсон, зам даваа хаагдсан байгаа тул нээх арга хэмжээ авах, шар усны үерээс сэргийлэхийн тулд цасны хунгаруудаа арилгах. Малын зүй бус хорогдлоос шалтгаалж малын гоц халдварт өвчин тархахаас сэргийлэх, малын вакцинжуулалтыг эрчимжүүлэх зудад нэрвэгдэж махгүй болсон айл өрхүүдэд нийгмийн халамж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх зэрэг арга хэмжээ авна. УОК дахин хуралдсанаар эдгээр асуудлыг хэлэлцээд зарим тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэлээ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК хуралдсан бөгөөд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ сарын 14-нөөс ирэх тавдугаар сарын 15 хүртэл үргэлжлүүлэхээр боллоо.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна