МАН-ын Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай ярилцлаа.
-Өнөөдөр Эх орончдын өдөр тохиож байна. Таны хувьд эх оронч гэж хэнийг хэлэх вэ?
-“Монголын үнэн” сонины нийт уншигчдад Эх орончдын өдрийн баярын мэнд дэвшүүлье. Миний хувьд өөрийгөө болон улс орноо хөгжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой хүн бүрийг эх оронч гэж тодорхойлох дуртай. Зөв зорилгын төлөө тууштай ажиллаж байгаа бол эх оронч хүн юм. Тэр зорилгууд нь нийлээд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна гэж бид үздэг.
-МАН, МАХН гурван жилийн өмнөх энэ өдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 1-нд нэгдсэн байдаг. Та тухайн үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Өнөөдөр МАН-ын Нарийн бичгийн даргын албыг хашиж байна. Хоёр нам нэгдэхдээ ямар зорилго дэвшүүлж байсан бол?
-Монгол Улсад парламентын тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “Хүн биш хууль засагладаг” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх, гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн МАН, МАХН нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилт дэвшүүлж, хамтарсан ажлын хэсэг байгуулж байлаа. Тус ажлын хэсгээс Монгол Улсын хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийн засгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан 10 зорилт бүхий хамтарсан уриалгыг гарган, нийт намын гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлэн, 90 гаруй хувийн дэмжлэг авсан. Гишүүд дэмжигчдийнхээ санал хүсэлтэд үндэслэн хоёр нам нэгдэж, МАН үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэж байлаа. Нэг угшилтай хоёр нам эвлэлдэн нэгдсэн нь Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх, иргэн бүрийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг бий болгохын төлөөх нэгдэл байсан юм. Тухайн үед Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга асан Н.Энхбаяр “Энэ хоёр намыг нэгтгэж байгаа нь хэн нэгэн хүнд зориулсан, хэн нэг хүний эрх ашгийг хамгаалсан үйл явц биш. Монгол Улсыг өнөөдрийг хүртэл авч явж байгаа Монгол Ардын Намын 100 жилийн түүх тохиож байгаа энэ үед намын гишүүд эв нэгдэлгүй байж болохгүй. Эв нэгдэлтэй, нэгдсэн зорилготой байх ёстой” гэж хэлж байлаа. Монгол Улсад улс төрийн намыг үүсгэн байгуулсан “Анхны долоо” үнэхээр эх орныхоо төлөө чинхүү сэтгэлээр зүтгэж байсныг өнөөдөр түүх гэрчилдэг. Яг үүнтэй адилаар 2021 онд МАН, МАХН эргэн нэгдсэн нь түүхэн чухал алхам байсныг хойч үе маань үнэлнэ гэж бодож байна.
-Эвлэлдэн нэгдсэний үр дүнг намын гишүүд хэрхэн дүгнэж байна вэ?
- Биднийг асар том зорилго нэгтгэж байна. Миний дээр хэлсэнчлэн зөв зорилгын төлөө нэгдэж, эвсэж, хамтарч чадаж байгаа хүмүүсийг эх орончид гэнэ. Зөв зорилго нь улс эх орныхоо хөгжлийн өмнө тулгарч байгаа асуудлыг шийдэх тухай юм. Зөв зорилго дор нэгдэж, улс орныхоо хөгжлийг урагшлуулдаг. Тухайлбал, 2021 онд хоёр нам нэгдэх үед “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨҮГ-т будилаан үүссэн, “Оюутолгой”-н гэрээний асуудал маргаан дэгдээсэн байсан. Бид эвлэлдэн нэгдсэнээр хөрөнгө оруулагчдад өөрсдийн саналыг тавьж, “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ыг 100 хувь төрд авснаар ковидын хүнд үед иргэдийнхээ эрчим хүчний төлбөрийг төр бүрэн хариуцаж, иргэд “Эрдэнэт”-ийн эзэн гэдгийг мэдрүүлж чадсан. “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагааг ил тод болгосноор төсвийн орлогыг нэмэгдүүлж, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт гарсан хууль бус үйлдлийг зогсоож, иргэдийн мэдэлд авчирсан. Энэ бүхэн МАХН-ын гишүүд, дэмжигчдийн шаардаж, тэмцэж байсан үйлс биелж, биднийг зөв зорилго дээр нэгдсэнийг харуулж байна. 2024 онд эдийн засгаа хүчирхэг, хойч үеэ боловсролтой болгож, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж, хүний эрхийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх боломж бололцоо бий болж байна. 1921 онд хийсэн хувьсгал, 1990 оны хувьсгал бүхэлдээ нийгмийн тогтолцооны хувьд хаант засгаас ардчилсан бүгд найрамдах тогтолцоо руу, нэг намын тогтолцооноос ардчилал руу шилжсэн, сайжруулсан томоохон дэвшил байсан билээ. Өнөөдөр ч ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, ардчиллын боломжийг хэсэг бүлэг хүмүүст завшуулах бус харин нийт иргэддээ ижил тэгш боломжоор хангахын төлөө хийх ажил, засах сайжруулах зүйлс маш олон байна. Алдаанаас суралцаж, хүний эрхийг дээдэлсэн сайн сайхан нийгмийг бүрэлдүүлэхийн төлөө цаг ямагт зүтгэх нь ардчиллын зорилго юм.
-Энэ гурван жилийн хугацаанд нэгдэн нийлж, хамтдаа бодлого, зорилтуудаа хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
-Хоёр нам нэгдэж нийлэхдээ байгуулсан зургаан бүлэг 33 зүйл бүхий гэрээнд Монгол Улсад ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, эдийн засгаа хүчирхэгжүүлж, бие даасан хараат бус байдлыг бататгах, бүс нутгийн төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй улс орон болох зорилтуудыг тусгасан. Гурван жилийн дараа харахад бидний хэлэлцэн тохирсон зорилго, зорилтуудын олонх биеллээ олж, хэрэгжиж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн пропорционал тогтолцоог УИХ баталлаа. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой хэмжээний өөрчлөлт орууллаа. Засгийн газраас “Тавантолгой”-н ордын үйл ажиллагааг ил тод болгож, “Эрдэнэс Тавантолгой”-н 2022, 2023 оны ашгаас иргэн бүрдээ ногдол ашиг хүртээж байна. Энэ нь бидний дэвшүүлсэн “Баялагтаа эзэн Монгол” хөтөлбөр биелж байна гэсэн үг.
Боловсролын салбарт багш мэргэжилтэй оюутнуудад зориулсан тусгайлсан тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 21 аймаг, 330 сумаас сурлагаараа бусдыгаа тэргүүлсэн хүүхдүүдийг гадаадад сурах боломжийг бүрдүүлж, тэтгэлэгт хамруулдаг боллоо. Энэ мэтчилэн өмнө нь алдаатай байсан бодлогуудыг зассан гурван жил боллоо гэж дүгнэж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар амаргүй цаг үед ажиллаж байна. Дэлхий нийтэд тархсан ковидын нөхцөл байдал 2022 оны төгсгөл хүртэл намжаагүй байсан. БНХАУ-тай хийх гадаад худалдаа 2022 онд хил нээгдсэнээр хэвийн нөхцөлд шилжлээ. Гэтэл хойд хөрш ОХУ геополитикийн хувьд амаргүй нөхцөлд шилжилж орсон. Энэ нь хоёрхон хөрштэй Монгол Улсын хувьд хүнд нөхцөлийг бүрдүүллээ. Гэсэн хэдий ч Монгол Улс эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч, нэг хүнд ногдох ДНБ-ээ 5000 ам.долларт хүргэж, өсөлтийн эхлэлийг тавьж чадсан.
Тиймээс шинэ зуун жилд МАН иргэдээ эдийн засгийн хувьд бүрэн тусгаар тогтносон улс болгох зорилтын төлөө ажиллаж байна. Энэ зорилтдоо хүрч чадна гэдэгт найдаж байна. Мөн Монгол Улс өнгөрсөн 30 жилд олж авсан ардчилсан засаглал, ардчилсан нийгмээ бэхжүүлж, иргэн бүр эрхээ хамгаалуулж чаддаг нийгмийг цогцлоохын төлөө ажиллах шаардлага бидний өмнө тулгарч байна.
-Энэ жилийн сонгууль Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр томсгосон тойргоор явагдана. Гишүүдийн хариуцлага өндөрсөх байх?
-Бид намынхаа зуун жилийн ойг тэмдэглэсний дараа анхныхаа УИХ-ын сонгуульд орох гэж байна. Үүний өмнө 2021 онд хүчээ нэгтгээд, нэг улс төрийн хүчин болсныхоо дараа Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсон. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх үнэмлэхүй өндөр саналаар сонгогдож, иргэдийн дэмжлэгийг авч чадсан. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогчдын олонхын саналаар сонгогдсон Ерөнхийлөгч болж түүхэнд үлдэж байна. Нэг зорилгын төлөө хүчээ нэгтгэвэл иргэдийн олонхын дэмжлэгийг авч чадна гэдгийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль бидэнд харуулсан. 2024 онд бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу бүсчилсэн тойргоор сонгуулийг зохион байгуулна. Монгол Ардын Намын гишүүдийн хувьд хариуцлагатай сонгууль юм.
-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн зургаан бодлогын тэргүүнд Боомтын сэргэлтийг тусгасан. Боомтын асуудал хариуцсан сайдын хувьд ажил хэр ахицтай явж байна вэ?
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого дахь зургаан тэргүүлэх зорилтын нэгдүгээрт Боомтын сэргэлтийг тавьж ажиллаад хоёр жилийн нүүр үзэж байна. Шинэ сэргэлтийн бодлогыг анх зарлахад Монгол Улс тээвэр, логистикийн, боомтын нэвтрүүлэх чадамжийн хувьд дэлхийн 180 орчим улс орноос сүүл мушгисан үзүүлэлттэй олон улсын судалгааны дүн гарсан байлаа. Бид эдийн засгаа тэлэхийн тулд худалдааг нэмэгдүүлэх ёстой. Энэ богино хугацаанд хийж хэрэгжүүлсэн, одоо хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа, туршиж эхлүүлсэн ажлаас дүгнэхэд чамгүй ахицтай, амжилттай ажиллалаа. Гадаад худалдааг нэмэгдүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэх институц бол боомт, дэд бүтэц, тээвэр логистикийн төвүүд юм. Бид эдийн засгаа тэлэх, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлье гэвэл хязгаарлагч хүчин зүйл болоод байгаа боомтуудаа хөгжүүлэх ёстой. Үүний тулд Боомтын сэргэлтийн бодлогыг зарлаад хэрэгжүүлж байна.
2023 онд найман боомт дээр бүтээн байгуулалтын ажлыг хийж, гурван боомтын цогцолборын ажил дууссан. Хэд хэдэн боомтыг хатуу хучилттай авто замаар холболоо. Зарим боомтыг төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил явж байна. Эдгээр ажил дуусахад гарааны эхэнд байсан тээвэр логистикийн чадамж бусад улсын дундаж түвшин рүү шилжилж, хүчин чадал одоо байгаагаас дөрөв дахин нэмэгдэнэ. Боомтын дэд бүтцийг сайжруулж, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр иргэдийн худалдааны эргэлт сайжирна. Ингэснээр эдийн засаг хэд дахин тэлэх бололцоо бүрдэнэ. Хоёр хөршөөсөө гадна гурав дахь улс руу худалдаа хийх бололцоотой болно. Хоёр хөршийн, хоёр тивийн хоорондын худалдааг зуучилж, нэмүү өртөг шингээх боломжтой болох юм. Тиймээс боомтын сэргэлт гэдэг бол гадаад худалдааны сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт буюу хөгжлийн бодлогын сэргэлт юм.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24587/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна