Нээлттэй музейд хүүхэд багачууд хамгийн их зочиллоо


Судар бичгийн хүрээлэнгээс эхлэлтэй 100 жилийн түүх

 

Монгол Улсад орчин цагийн музейг байгуулснаас хойш 100 жилийг үджээ. Дурдан буй хугацаанд музейн салбарыг хөгжүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлсээр өнөөдөртэй золгож байна. Тодруулбал, 1921 онд тухайн үеийн Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэд орчин цагийн музейн суурийг тавьжээ. Судар бичгийн хүрээлэнгийнхэн хоёр жилийн хугацаанд бэлтгэл хангасны үндсэн дээр буюу 1923 оны намар цуглуулсан үзмэрүүдээ нэгтгэж, музейн даргаар О.Жамьян гүнийг томилсон түүхтэй аж. Засгийн газрын 1926 оны тогтоолоор улсын музейг Богд хааны өвлийн ордонд өргөтгөн байгуулах шийдвэр гаргасны дагуу тус ордны өнгө будаг, өрөө тасалгааг музейн зохион байгуулалтад тохируулан засаж үзмэрээ төрөлжүүлэн ангилж дэлгэн тавьжээ. Музейг шинэчлэн байгуулсны дараа эрхлэгчээр нь Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан ЗХУ-ын мэргэжилтэн В.И.Лисовский ажиллахаар болсон байна. 

Ийнхүү Монголын анхны музей 200 гаруй үзмэртэйгээр нээгдэж олон нийтийн хүртээл болж байжээ. Музейн үзмэрүүд нь шинжлэх ухаан, соёл урлагийн хувьд үнэ цэнтэй төдийгүй үндэсний түүх, соёл, байгалийн өвөрмөц дурсгалуудыг оруулснаараа ард олны таашаалд нийцэж, музейг сонирхон зорин ирэх үзэгчийн тоо жил ирэх тутам нэмэгдэх болсон байна. Энэ цагаас хойш буюу өнгөрсөн 100 жилийн хугацаанд төрийн болон орон нутгийн 35 музей, орон нутаг судлах 270 музей үйл ажиллагаагаа явуулж, хүн ардыг соён гэгээрүүлэх, соёлын өвөө хадгалан хамгаалах, судлан шинжлэх их үйлсэд 800 гаруй албан хаагчид гар бие оролцон ажиллаж байгаа юм.  

Монгол Улсын Засгийн газар 2020 оны долдугаар сарын 16-ны пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, орон тооны хязгаарыг баталжээ. Ийнхүү 24 жилийн дараа Соёлын яамаа эмхлэн байгуулснаар он цагт улиран хоцрогдсон эрх зүйн орчныг шинэчлэх, хүн амаа соён гэгээрүүлэх, соёлын өвөөрөө дамжуулан эх орноо сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилтуудыг хэрэгжүүлэх боломж бүрдсэн юм.

 

Музейн салбарын бүтээн байгуулалтуудыг онцолж байна

 

...Улсын хэмжээнд энэ сарын 4-ний байдлаар төрийн болон орон нутгийн өмчийн 35 музейг 68,821 хүн үзсэнэээс 42.22 хувь буюу 29,101 нь хүүхэд, багачууд байжээ...


Чингис хаан үндэсний музей:

 

Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоолоор 2019 оны долдугаар сарын 3-нд Чингис хаан үндэсний музейг байгуулахаар шийдвэрлэв. Энэхүү музей нь 22500 ам метр талбайтай, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн шилдэг шийдэл бүхий есөн давхар барилгатай. Үзүүллэгийн 10200 ам метр талбай бүхий Монголын анхны төрт улсууд, Монголын Их Эзэнт улс, түүний бүрэлдэхүүн улсууд, дэлхий дахин ба монголчууд, Их хааны хүндэтгэлийн өргөө зэрэг байнгын үзүүллэгийн есөн танхимтай. Түүнчлэн үзмэр бүртгэх, сэргээн засварлах, хадгалж хамгаалах, судлах үүрэг бүхий музейн олон улсын стандартад нийцсэн тусгай лабораторитой юм.

 

Хэнтий аймгийн музей:

 

Засгийн газраас Хэнтий аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласан билээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д “Мянганы суут хүн Их Эзэн чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний парк байгуулахаар тусгасан бөгөөд Хэнтий аймагт Монголын төрт ёсны түүх, дурсгалын үнэт өв, нүүдлийн соёл, уламжлалт ахуйд түшиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Эдгээр зорилтын хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод орон нутаг судлах музейн шинэ барилгыг ашиглалтад оруулсан. Музей нь 1100 дэсийн 2100 гаруй эх үзмэртэй. Байгалийн өвийн танхим, Эртний түүхийн танхим зэрэг нийт долоон танхимтай.

 

Говь-Алтай аймгийн “Жангар” музей:

 

Говь-Алтай аймгийн музейг 1947 онд Орон нутгийг судлах кабинет нэртэйгээр байгуулж, 1967 оноос музей болгон өргөжүүлжээ. Музейн шинэ барилга нь 1800 ам метр талбайтай, хоёр давхар, үзмэрийн зургаан танхимдаа нийт 2500 гаруй үнэт үзмэртэй. Тус музейн үзэл баримтлалын гол агуулга нь орон нутгийн онцлогт суурилсан, байгалийн, түүхийн, угсаатны, шашны болон интерактив төрлөөр үзүүлэг дэглэлтийг хийхээр төлөвлөсөн. Үүний дотроос манай эриний өмнөх 4-5 мянган жилийн үед холбогдох хаш чулуун сүх, хүрлийн үеийн олдворууд болон Галданбошигт хааны хэрэглэж байсан эмээл, Засагт хан аймгийн засагт ханы хошууны мөнгөн тамга зэрэг ховор нандин түүх, соёлын дурсгал, үнэт үзмэрийг дэглэн байршуулснаараа онцлогтой. 

 

Хамтын ажиллагаагаа тэлж, судалгааны грант шинээр бий болгожээ

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” хөтөлбөрийг тусгаж энэ хүрээнд хилийн чанадад байгаа Монголын түүхтэй холбогдох соёлын өв, дурсгал, олдворуудыг хамтран судлах, хамтарсан үзэсгэлэн гаргах, зарим үзмэрийг эх орондоо буцаан залах зэрэг ажлуудыг хийж байна. Эдгээрийн нэгэн том жишээ нь өдгөө Бүгд Найрамдах Франц улсын Нант хотноо дэлгэгдэж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжин ажиллаж байгаа бөгөөд талуудын хамтын ажиллагаа, соёлын сурталчилгааны хүрээнд ашгийн бус зорилгоор Чингис хаан үндэсний музей Франц улсын Нант хотын Британийн Гүнгийн ордон буюу Түүхийн музей хамтран зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Чингис хаан үндэсний музей, Хархорум музей, хувь цуглуулагчдын нийт 400 гаруй үзмэрийг толилуулж буй. Францын Лувр, Сэвр, Азийн урлагийн Гимэй, Франц улсын Ерөнхийлөгч асан Жак Ширакийн нэрэмжит Брэнли музей болон Европын холбооны бусад улсаас нийт 150 гаруй үзмэрийг дэлгэж байгаа бөгөөд түүхэн баримт бүхий үзэсгэлэн дэлхий нийтэд анх удаа олон нийтийн хүртээл болж байгаагаараа онцлогтой. “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг АНУ болон ХБНГУ, Швейцарын Холбооны улсад үргэлжлүүлэн толилуулахаар төлөвлөжээ.

Мөн олон улсын түвшинд монгол судлалын салбарыг хөгжүүлэхээр Соёлын яам, Кембрижийн их сургуультай хамтран ажиллахаар болсон байна. Энэ хүрээнд Чингис хаан судлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, судалгааны грант шинээр бий болгох тухай санамж бичиг 2023 оны арваннэгдүгээр сард байгуулсан. Уг грант нь Чингис хаан судлалыг дэмжих, ингэснээрээ түүний дэлхийн түүх, хэл, соёлд оруулсан хувь нэмрийг илүү нарийн судлахад түлхэц болох ихээхэн ач холбогдолтой юм. Судалгааны грантыг энэ жилээс эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд Чингис хаан судлалыг идэвхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно хэмээн талууд үзэж байна.

 

Музейн нээлттэй өдрүүдэд иргэд олноор оролцлоо 

 

Соёлын сайдын тушаалаар “Музейн нээлттэй өдрүүд-2024” онцлох арга хэмжээг зохион байгууллаа. Төрийн болон орон нутгийн бүх музейг хамарсан энэхүү арга хэмжээ энэ сарын эхний долоо хоногт болж иргэд үнэ төлбөргүйгээр үйлчлүүлэв. Монгол орон даяар зохион байгуулсан “Музейн нээлттэй өдрүүд”-д хүүхэд, багачуудын оролцоо хамгийн их байсныг харьяа яамнаас мэдээллээ. Улсын хэмжээнд энэ сарын 4-ний байдлаар төрийн болон орон нутгийн өмчийн 35 музейг 68,821 хүн үзсэнэээс 42.22 хувь буюу 29,101 нь хүүхэд, багачууд байжээ. “Музейн нээлттэй өдрүүд”-ийг Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулснаараа онцлогтой. Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх нь энэхүү арга хэмжээний зорилго байв. Эдгээр өдрүүдэд Дүрслэх урлагийн музейд танка зурагт туссан бүсгүй хүний дүр бүхий бүтээлийн цуглуулгаар “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт-4” тусгай үзэсгэлэн, Чингис хаан үндэсний музейд О.Доржготовын Монголын 21 хүрээ хийдийн зургийг түүхийн судалгаанд үндэслэж сэргээн бүтээсэн “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэнг дэлгэжээ. Түүнчлэн Монголын үндэсний музейд Монголын нүүдэлчдийн хэрэглэж ирсэн аяганы цуглуулгын “Нүүдэлчдийн аяга” номын нээлт, Эх орончдын өдөрт зориулсан “Монгол төрийн бэлгэдэл алтан соёмбо” болон “Уламжлалт монгол тоглоом", “Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал” боловсролын хөтөлбөрүүд, Монгол цэргийн музейгээс “Төрийн цэргийн хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн албан хаагчдыг алдаршуулах” гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг тус тус зохион байгуулжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн музейнүүд төр хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг орон нутгийн төрийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулахаар удирдамж хүргүүлэн, маркетинг олон нийтэд түгээх сурталчилгааны нэгдсэн өнгө төрхийг бүтээсэн байна.

Музей нь тухайн улсын өнгөрсөн одоо цагийн оюуны сан үнэт зүйлийг цуглуулж, хадгалж хамгаалж, түүндээ тулгуурлан олон нийтэд үндэсний түүх, соёл, ондоошил онцлогийг илэрхийлсэн мэдлэг мэдээллийг түгээж байдаг хамгийн тэгш хүртээмжтэй соёл гэгээрлийн байгууллага юм. Энэ утгаараа нийгмийн хөгжлийг дэмжих, оюунлаг иргэнийг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан 2018 оноос эхлэн “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг улс орон даяр зохион байгуулж үзэгчдэд нээлттэй, үнэ төлбөргүйгээр үзүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд музейд зочлох үзэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ажээ.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22