П.Лхагвадулам: Шагнал авсан мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй


Эртлэн босож холоос ирсэн зочинтой уулзахаар гарлаа. Миний хувьд тэр их онцгой хүн.  Цар тахал гарахаас өмнө мессенжерээр танилцсанаас хойш гурван жил өнгөрчээ. Олон улсын наадамд сойсон кино нь амжилт гаргахад баяр хүргэж, мэнд устай явсаар өнөөдөр уулзах гэж байгаа нь энэ. Тэр энэ удаа эх орондоо ирэхдээ том олзтой ирсэн. Найруулагчаар ажилласан кино нь Венецийн кино наадмаас эзэндээ “арслан” авчирчээ. Монголын кино урлагийн салбарт шинэ түүхийг эхлүүлсэн найруулагчийг “Дулмаа” гэж хүмүүс дууддаг юм билээ. Харин бүтэн нэр нь П.Лхагвадулам. Цар тахлын давлагааг үл ажран бүтээсэн түүний  “Есдүгээр сарын цас” кино олон улсын наадмуудад амжилттай оролцож явна.

-Цар тахлаас өмнө онлайнаар холбогдож байсан тантай Монголдоо уулзахад сайхан байна. Эх орондоо ямар ажил бүтээхээр ирсэн бэ?

-Баярлалаа. Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.  Манай кино багийн  хамт олон “Шилүүс” богино хэмжээний киног 2020 онд хийж байсан. Энэ киноны сэдвээр бүрэн хэмжээний кино хийхээр Монголд ирээд байна. Монгол найруулагчтай, монгол уран бүтээлчид оролцон тоглосон киноны зураг авалт удахгүй эхэлнэ. Киноныхоо бүх зургийг Улааанбаатар хотод  авах юм.

 ...“Шилүүс” кино бол “Зочир филмз”, “Гуру медиа” студи болон Их Британийн “Poisson Rouge Pictures”-ийн дэмжлэгтэйгээр бүтсэн богино хэмжээний бүтээл юм. Киноны гол дүрд “Fill” студийн найруулагч М.Аззаяа, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Г.Дөлгөөн нар тоглосон. Харин туслах дүрд Монгол Улсын Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, СИТИ  их сургуулийн багш С. Сарангэрэл болон СУИС-ийн Театр урлагийн дээд сургуулийн багш  П.Мөнх-Од нар тоглосон байна. Мөн уран бүтээлийн зураглаачаар Энэтхэг улсын залуу зураглаач Криш Махижа, эвлүүлэгчээр Австрийн уран бүтээлч Мадлен Сийгхартслайтнер нар ажиллаж, Португалын Лиссабон хотын “Dmix” студид дууны найруулгыг хийжээ...

 -Та киноны шинэ санаагаа олбол бүтээл болтол нь цаг хугацаа харамгүй зарцуулдаг. Одоо ажиллаж байгаа төслөө эхлүүлээд хэдий хэр хугацаа өнгөрч байна вэ?

-“Есдүгээр сарын цас” киноны зохиолыг өнгөрсөн оны хавар цар тахлын үеэр бичсэн. Би Францын кино студитэй хамтран ажилладаг. Тиймээс кино зохиолоо франц продюсертоо танилцуулсан.  Бүрэн хэмжээний бүтээл хийхээс өмнө богино хэмжээний киног хамтран хийх саналтай байгаагаа хэлсэн юм. Нөгөө талаараа энэ  зохиол кино болбол хоёр улсын уран бүтээлчид хамтран ажиллахад туршлага болох байсан.  Иймд “Есдүгээр сарын цас” бол бүрэн хэмжээний кино хийхийн өмнөх ажил болсон гэж ойлгож болно. 

-Энэ оны Венецийн кино наадмын “Шилдэг богино кино” шагнал, Торонтогийн кино наадмын “IMDbPro Short Cuts - Шилдэг богино кино" шагнал хүртсэн “Есдүгээр сарын цас” киноныхоо нээлтийг хэдхэн хоногийн өмнө Монголд хийлээ. Магтаал шүүмжийг хослуулсан нээлт болсон гэж бодож байна?

-2022 он миний хувьд үнэхээр гайхалтай жил болж байна. Бидний хийсэн кино Венецийн кино наадамд оролцож байгаа нь л гайхалтай мэдрэмж төрүүлсэн. Шагнал авсан мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Түүнчлэн кинонд тоглосон жүжигчид мундаг байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй.  

-Найруулагчийн хувьд хамгийн эхний даалгавар нь уран бүтээлийн шинэ санаа байдаг. “Есдүгээр сарын цас” кино бүтээх санаа хэрхэн төрсөн бэ?

-Найз нартайгаа ярилцаж байгаад энэ киноныхоо сэдвийг олсон. Өсвөр насны хүүхэд өөрөөсөө эгчмэд эмэгтэйтэй уулзаж  учирснаар хэрхэн хохирч байгааг үзүүлсэн кино юм. Хэдийгээр кино 20 минут үргэлжилдэг ч өргөн агуулгыг бага хугацаанд өгүүлснээрээ онцлогтой.

-Та дэлгэцийн бүтээлийн олон төрлөөс богино хэмжээний киног сонгосон. Богино хуга­цаанд зорьсон бүтээлийнхээ ард гарах амаргүй байдаг уу?

-Богино хэмжээний кино хийснээр уран бүтээлч өөрийнхөө ямар ур чадвартайг мэдэх бо­ломжтой. Залуу найруулагчийн хувьд энэ нь төсөв мөнгөний хувьд ч  ажиллахад хялбар болгодог. Үүгээрээ амжилт гаргавал олон нийтийн анхаарлыг илүү татдаг. Найруулагчийн хувьд бүрэн хэмжээнийхээ киноны төслөө гадаадад танилцуулахад өмнө нь ямар богино хэмжээний кино хийснийг нь хардаг. Дээр нь “Ямар амжилт гаргасан бэ” гэж асуудаг. Тэгэхээр богино хэмжээний кино хийж байж өөрийгөө танилцуулах нь залуу найруулагчийн хувьд боломж юм. 

-Залуу найруулагчийн хувьд уран бүтээлээ “А” зэрэглэлийн наадмуудад сойх нь том сорилт?

-Тийм шүү. “А” зэрэглэлийн кино наадамд оролцох нь ховор боломж. Оролцож байгаа бол тухайн уран бүтээлчийн ирээдүй нь тод байна гэсэн үг. Ялангуяа олон улсын төсөл, продюсерүүд тэдгээр уран бүтээлчдэд анхаарлаа хандуулдаг. Тиймээс Монголд хийж байгаа богино хэмжээний киног эхнээс нь л “А” зэрэглэлийн наадмуудад оролцуулаасай гэж хүсдэг. Учир нь, тэнд очсон бараг бүх хүн урлагийн бүтээл хийдэг хүнийг хайж явдаг юм.

-Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд та дадлага хийж байсан. Найруулагч болох цагаан шунал тэнд байхад л төрсөн үү?

-Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн, түүний гэргий Д.Цэцэг нарын  удирдлага дор тэнд бүтэн жил дадлага хийсэн. Эвлүүлэг хийхээс эхлээд их зүйлийг сурсан даа. Тухайн үед найруулагч болохоор Туркэд сурч байсан ч сургуулиасаа нэг жилийн чөлөө авч дадлага хийж байсан юм. Багаасаа л  найруулагч болно гэсэн хүсэл мөрөөдөл минь намайг хурцалсан гэж боддог.  

-Одоо та хаана, ямар мэргэж­лээр сурч байна вэ?

-Одоо Португалд докторын зэргээ хамгаалахаар сурч байна. Бүрэн хэмжээний киноны зураг авалт эхлэх гээд хичээл, судалгааны ажлаа хойш тавьчихаад явж байна. Кино зохиолчоор докторын сэдвээ хамгаалах юм.

-Өсвөр насныхны харах өнцөг,  тэдний туулж өнгөрүүлж байгаа бүхнийг та бүтээлдээ тусгадаг.  Дараагийн  бүтээлээ ч гэсэн энэ сэдвээр үргэлжлүүлэх үү?   

-Бүрэн хэмжээний кино зохиолд маань бас л өсвөр насны хүүхдүүдийн тухай өгүүлнэ. “Шилүүс”, “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино ч хүүх­дүүдийн шилжилтийн нас, тэр үед тохиолддог юмс үзэгд­лийн талаар гардаг. Жишээ нь, “Шилүүс” гэхэд эмэгтэй хүүх­дийн  тухай, орчин нөхцөлдөө хайр­цаглагдчихаад бие сэтгэлээ ойлгоогүйгээс ганцаардаж байгаа хүүхдийн тухай кино. “Есдүгээр сарын цас” ч эрэгтэй хүүхдийн тухай болохоос илэрхийлэх гэсэн зүйл нь нэг ижил шүү дээ.

-Гаднын найруулагч, продю­серүүд монгол кино, монгол найруулагчийг ямар өнцгөөс хүлээн авч байна. Хүлээлтээс давсан мэдрэмжийг авч чаддаг уу?

-Монгол киног гаднын хүмүүс маш их сонирхдог. Гэхдээ хүмүү­сийн сонирхлыг татах амархан. Хамгийн гол нь сайн кино, дэлхийн хэмжээний уран бүтээл болж байна уу гэдэгт л анхаарал хандуулах хэрэгтэй юм.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №04224523


П.Лхагвадулам: Шагнал авсан мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй
П.Лхагвадулам: Шагнал авсан мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй

0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 8 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 8 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 8 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 8 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 8 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 8 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 8 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 9 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр