Л.Даваажав: Цэцэг бол миний хайсан "БУРХАНЫ НҮД"


Намар хурц өнгөний улирал. Эсвэл хурц өнгөөр урласан улирал гэмээр ч юм уу. Цонхоор миний ажиглан зогсоо хатан Туул маань шаргал өмсгөлөө ганцхан шөнө сэгсэрч хаяад өвлийн дун цагаахан нөмрөг хөдрөөд суучихдаг. Би зорьж очсон урлангийнхаа цонхоор харж зогсохдоо ийн төсөөлөв. Бас чамин, чимхлүүр зүйлс ихтэй гоёмсог мэдрэмж төрүүлсэн орчин нөлөөлсөн биз. Урлангийн эзнийг Лхамаагийн Даваажав гэх бөлгөө. Урлангийнх нь хаалган дээр Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, “Хүннү арт” галерейн үүсгэн байгуулагч гэсэн тодотголтойгоор эхнэр Лувсанвандангийн Баярцэцэгийн нэрийн хамт дурайж авай. “Бүтээлч урлан”-гийн маань зочин гэр бүлээрээ уран бүтээлчид аж. Гэр бүлээрээ амьсгалсан урлагийнх нь дулаахан орчин намайг биеэ хүчлэн барих зовлонгоос дуртайяа салгаж байлаа. Урлангийн зүг бүрээс ширтэх хөрөг зургууд түүний гэргий, зураач Л.Баярцэцэгийн бүтээлүүд ажээ.

 -Ямар чиглэлээр зонхилон уран бүтээлээ туурвидаг вэ. Энэ ханаар дүүрэн байгаа зураг та хоёрынх уу?

-Эхнэр бид хоёрын уран бүтээлүүд л дээ. Эхнэр маань хөрөг, морь, хөдөө ахуй гэхчилэн реалист хэв маягаар голлон зурдаг. Миний уран бүтээлүүд импрессионизм болон реализм хосолсон байдаг. Гэхдээ голлон цэцэг зурдаг, сонин байгаа биз.

-Харин тийм. Эрэгтэй хүн цэцэг зурахдаа байгальд ургасан байдлаар, ер нь байгалийн цогц үзэмж маягаар зураад байх шиг санагддаг. Ер нь цэцэг зурдаг эрэгтэй зураач хэр олон байдаг юм бэ?

-Би анх цэцгийг бүр их нарийн зурдаг байлаа. Цоморлиг, дэлбээ навчсыг нь маш нарийн, амьд юм шиг дүрсэлж бараг эс бүрийг нь үзүүлэхийг хичээдэг байлаа. Одоо илүү урлаг тал руу нь зурдаг болсон.Энэ вансэмбэрүү, цагаан уул хоёр байна (Жаазалж хананд өлгөсөн зургийг заав) Эдгээр нь хосоороо ургадаг цэцэг. Хосоороо л байвал гоё. Ер нь яг цэцгээр дагнан зурдаг эрэгтэй зураач ер нь ховор шүү.

-Хосоороо гэснээс эхнэр чинь 2008 онд, өөрөө 2009 онд сургуулиа төгссөн гэхээр эхнэр чинь залуу хүү аваад суучихаж ээ. Наргиа шүү.

-Бид хоёулаа Дүрслэх урлаг, дизайн технологийн “Од” сургуулийг төгссөн. Адилхан уран бүтээлчид болохоороо дээд, доод гэж оны ялгаа байх биш холилдож, уран бүтээлээ ярьж зөвлөж явсаар байгаад л нэг гэрт орцгоосон доо. Би Баянхонгорынх, эхнэр Хэнтий аймгийнх гэхээр баруун, зүүн хоёр талаас ирж энд л бие биенээ олох ерөөлтэй хоёр байж.

-Уран бүтээлийн долоо дахь үзэсгэлэнгээ гаргана гэж байна, цэцгээр дагнасан үзэсгэлэн гаргасан зураач танаас  өөр бий юү?

-Надаас өөр байхгүй. Би дан цэцгээр бүтсэн уран бүтээлийн бие даасан долоо дахь үзэсгэлэнгээ ирэх жил гаргахаар төлөвлөөд явж байна. Өнгөрсөн жилүүдэд “Хээнцэр цэцэг”, “Хатан цэцэг”, “Цэцгэн зүйрлэл” гэх зэрэг зургаан үзэсгэлэн гаргасан. Жил бүрийн гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж бүсгүйчүүд, ээжүүддээ бэлэг барьдаг уламжлалтай боллоо. Бүтэн жил зурж байж 50-60 зурагтай үзэсгэлэн гаргадаг юм. Хойтон жилийн ойн дээрээ бүгд зарагдчихсан л байдаг.

-Нэлээд эрэлттэй байх нь, Өнгөрсөн жил Blue моon-д “Хээнцэр цэцэг” үзэсгэлэнгээ гаргах үеэр үзэгч ихтэй байсан гэж сонссон?

-“Blue моon”-ы “Norphei Art gallery”-д арав хоног үзэсгэлэнгээ гаргасан. Тийм шүү үзэгч ихтэй ямар гоё халуун дулаан мэдрэмж төрүүлсэн үзэсгэлэн болсон гээч. Тэр жилийн хамгийн их үзэгчтэй зураачаар шалгарсан. “Norphei Art gallery”-н зүгээс нэг статистик гаргасан байна билээ. Тэгээд надад “Давааням аа чиний үзэсгэлэнг арав хоногт 70 мянга гаруй хүн үзжээ” гэж байсан.

-Бүсгүйчүүдээр хүрээлүүлсэн арав хоног байжээ дээ. Уран бүтээлээс чинь ямар мэдрэмж аваасай гэж боддог вэ?

-Бүсгүйчүүд гэхээсээ илүү эрчүүд ирж үзээсэй гэж боддог шүү. Уран бүтээлчид хайртай бүсгүйг нь, эхнэрийг нь, ээжийг нь, охиныг нь цэцэгтэй зүйрлэн магтан дуулаад байхад яагаад ирж үзээд, тэднийхээ уран гоёмсгийг мэдэрч болохгүй гэж. Гоо даль гэж цэцэг бий. Тэр бол цор ганцаараа эмзэг нарийхан дэлбээн дээрээ эгц дээшээ тэмүүлэн ургадаг, ихэмсэг хээнцрийн жишээ болдог цэцэг. Хүнээр бол мисс, гүнж, дагина ч юм уу. Ийм гоё цэцэгсийг хараад бүсгүйчүүддээ аваад өгвөл хэчнээн сайхан санагдах бол гэж би боддог.  

Цэцэг бол миний хайрласан, хайсан “Бурханы нүд”. Тэгээд л цэцэг зурдаг байх. Хүний амьдралын баяр, гуниг ямар ч үед цэцэг байж л байдаг. Хүн чинь бурханд залбираад зовлон жаргалаа ярьдаг биз дээ. Үүнтэй адилхан цэцэг хүний хайр сэтгэлийг, харуусал гашуудлыг ч мөн илэрхийлж байна. Цэцгээр хүмүүс сэтгэлээ илэрхийлдэг. 

Цэцэг бүр өөр өөрийн гэсэн үнэртэй. Үнэр болгон нь  хувь хүний зан араншинг илэрхийлдэг юм шиг санагддаг. Жишээ нь, лили бол гайхалтай гоё үнэртэй цэцэг шүү дээ. Түүнийг хамгийн сайхан сэтгэлтэй хүнд өгөх ёстой гэдэг ч юм уу. Цагаан уул гэхэд л мөнх хайрыг бэлгэддэг, удвал цэцгийг настай хүнд өгдөг ч гэх юм уу бас тийм бэлгэдэл талын юм ч бий. Сарнай цэцэг байна. Маш олон сорт гарсан тэр болгон бэлгэдэлтэй.

-Чамайг сонсож суухдаа би бодож байна л даа. Цэцэг гэдэг бас л нэг амь. Янз бүрийн баяр ёслол болоход бид хоорондоо цэцэг өгч авалцах бүрдээ нэг амь хороож байна, харин цэцэгний зураг бэлэглэвэл өөр хэрэг тийм ээ?

-Баяр ёслол болоод өнгөрсний дараа тэр орчмоор нь явахад мөн ч сэтгэл эмтрэмээр шүү дээ. Нөгөө цэцэг өгч байгаа хүн нь бодвол их л сайхан үг хэлээд, бодоод ерөөгөөд өгсөн байлгүй. Тэр цэцэгс газраар нэг хөглөрчихсөн хүний хөлд гишгэгдээд үхчихсэн хэвтэж байх. Хэчнээн олон хүнийг баярлуулаад үхсэн бол.

-Өөртөө зориулж цэцэгний зураг худалдаж авч байгаа бүсгүйн нүд рүү харж байсан уу. Гунигтай байдаг байх даа?

-Ажиглаж байгаагүй юм байна. Уран зураг авч байгаа хүмүүс маань голдуу баяр хөөртэй, инээмсэглэсэн царайтай байдаг.

-Хэчнээн инээмсэглэж байгаа ч нүд нь гунигтай байх болов уу гэж надад бодогдоод байх юм.

-Нээрэн нэг анзаарч харъя байз.

-Жил болгон ч юм уу улсаас хэдэн төгрөг гаргаж зураачдын бүтээлүүдээс худалдаж авдаг байх аа?

-Улсаас 50 сая төгрөг төсөвлөж фонддоо зураг авдаг л даа. Зураачдын хувьд тэр бол бараг доромжлол шүү дээ. Тавин сая төгрөгөөр хэдэн зураг авах юм бэ. Эсвэл зүгээр нэг захын хуулбар зургийн лангуу бараагаа татаж байгаа юм уу. Миний борооны дараах агшинг буулгасан өгүүлэмжтэй зураг 360 гаруй бүтээлээс шалгарч эхний аравт орж байсан л даа. Би тэгээд за шалгарчих юм бол улсдаа нэг их үнэрхээд яахав хэр таарсан үнээр нь өгье гэж бодож байлаа. Минийх шалгараагүй, нэг настай зураачийн бүтээл шалгарсан санагдана. Сүүлд нь бодож байх нь ээ зураач бүгд л над шиг улсдаа юм чинь гэх сэтгэл гаргаад хямдхан өгчихдөг юм болов уу. Бид чинь өнгөрсөн зуунд уран зургийн хувьд фонд үүсгэж чадаагүй юм байна билээ. Үсрээд л Г.Одон гуайн “Азарганы ноцолдоон” Ч.Ядамсүрэн гуайн “Өвгөн хуурч” биз дээ. Ер нь тэгээд өөрийнхөө бүтээлийг санаснаараа үнэлж чадахгүй юм бол яахав надад байж л байг. Зураач өөрөө маш том цуглуулагч байдаг юм.

-Дээр үеийн зураачдын намтар, түүхийг сонсож суухад их л өрөвдмөөр хувь тавилантай хүмүүс байсан байдаг. Одоог бодвол мэдээлэл түгээх боломжгүй болохоор зургаа зарах, худалдан авагч олох нь ёстой бухал өвсөн дундаас зүү олохтой адил байсных байх даа л гэж боддог юм. Та маркетинг талдаа хэр вэ?

-Би тэр тал дээр үнэндээ муу муу. Гэхдээ одоо бол үнэн утгаа алдаж байна. Нэг үзэсгэлэн гаргалаа гэхэд л галерейгаа оллоо өөрөө зургаа зураад, сурталчилгаагаа хийгээд, урилгаа тараагаад, борлуулалтаа хийгээд явж байна. Уг нь яг зах зээлийнхээ зарчмаар явбал тэгдэггүй юм байна лээ шүү дээ. Би үзэсгэлэн гаргах боллоо тэр галерейтайгаа гэрээ хийгээд л боллоо. Зургаа зураад байж байна. Тухайн галерей энэ бүх маркетингаа хийгээд явчихна. Зарим галерей ингэж ажиллаж байна. Уран бүтээлчид ч асуудал байна л даа. Төлбөрөө төлж чадахгүй бартердах гэх мэт асуудал хааяа гаргана шүү дээ (инээв). Гэхдээ хамгийн гол нь юу гэхээр зохиолч ч бай, зураач ч бай ер нь уран бүтээлчид бид урлаг судлаач, шүүмжлэгч, маркетинг, менежмент хийдэг хүмүүсээ ор тас хаячихсан. Уг нь цуг хөгжөөд явах ёстой байтал дээшээ харж давхиад тэднийхээ үгийг тоохгүй орхичихсон. Уг нь тэд л энэ уран зураг ч юм уу, яруу найргийг гаргаж ирнэ шүү дээ. 

Өнөөдөр миний нэг уран зургийг урлаг судлаач үзээд зад шүүмжлээд, ололттой тал байдаг юм бол түүнийг нь дүгнээд бичээд өгвөл надад хэрэгтэй. Тэгж байж би хөгжинө. Гэтэл тэгэхгүй байгаа юм чинь. “Пөөх чи мундаг шүү”, “ Гайхалтай юмаа” л гээд байдаг. Ингэхээр чинь уран бүтээлчдийн нүд чих тагларч урагшаа явахгүй байна шүү дээ. Үзэсгэлэн болгоны дараа тэр үзэсгэлэнгийн талаар дүгнэлт нийтлэл бичдэг, үнэхээр болохгүй байгааг нь тас шүүмжилдэг судлаач хэрэгтэй. Урлагт чинь тодорхой хэмжээний цензур байх ёстой. Одоо гэтэл яаж байна, бүр утгаа алдчихсан. 

Яруу найрагт хүртэл харагддаг. Толгой холбосон хэдэн мөр биччихээд л “би яруу найрагч” гэж сагсуурах нөхөд олширсон. Юуг уран, юуг яруу гэх юм бэ тийм ээ. Хэдий ардчилсан нийгэм ч гэлээ ямар нэгэн байдлаар дэг журам байх ёстой. Бид дэг журамтай байж урагшаа алхана. Жишээ хэлэхэд, саяхан болж өнгөрсөн урд хөршийн тэр хурлыг харж суухад тэр удирдагч нар ард түмнээ хүндлээд бүгд масктай, хурлын дэг жаяг, тэр тайзны засал декрац, үг хэлэх дипломат ёс горимоо барьж байгаа байдал гээд л бид авч хэрэгжүүлмээр сурмаар юм их байна. Төрийн түшээд нь тийм байхаар ард түмэн нь хүртэл төрөө хүндэлнэ.

-Хоёулаа улс төр рүү хадуураад яах вэ. Уран бүтээлээ л ярья. Ирээдүйд хийх уран бүтээлийн сайхан яриагаар ярилцлагаа дуусгавал ямар вэ?

-Одоохондоо хүүхэд бага, эхнэр бид хоёр өөрсдөө “Их Засаг” их сургуулийн дүрслэх урлагийн сургуульд багшилж байна.Жаахан нас яваад ирэхээр Хэнтий явж амьдарна. Тэнд урлангаа байгуулчихаад өөрсдийнхөө дур тааваар Монголынхоо  аль л үзэсгэлэнтэй сайхан газруудаар явж уран бүтээлээ туурвина. Өөрийнхөө хайсан “бурхны нүд цэцэг”-ийг олж зурна даа.

 -Ярилцсанд баярлалаа.

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24523/


Л.Даваажав: Цэцэг бол миний хайсан
Л.Даваажав: Цэцэг бол миний хайсан
Л.Даваажав: Цэцэг бол миний хайсан
Л.Даваажав: Цэцэг бол миний хайсан
Л.Даваажав: Цэцэг бол миний хайсан
Л.Даваажав: Цэцэг бол миний хайсан
Л.Даваажав: Цэцэг бол миний хайсан

0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 9 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 12 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 12 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 12 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 12 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 14 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 14 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 14 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 14 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 14 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 14 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 14 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 14 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 14 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 15 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 15 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 15 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 15 цагийн өмнө