Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуус энэ амралтын өдрүүдэд дэлхийн оддыг дэргэдээс нь харах нь. Олон улсын шилдэг сагсан бөмбөгчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж жанжин Сүхбаатарын талбайд гал гарсан тулаануудыг үзүүлэхэд бэлэн боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй олон улсын тэмцээн “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри”-аар хөшгөө нээнэ. Тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг хурд хүчээ сорих юм. Монгол Улсаас үндэсний шигшээ баг болон 23 хүртэлх насны шигшээ баг энэ амралтын өдрүүдэд талбайд гарна. “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнд оролцох Монгол Улсын үндсэн шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, Э.Нарангоо, М.Булбул, О.Хулан нарыг дууджээ. Харин U23 насны шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Гэрэлмаа, Б.Энхтуул, Н.Минжирмаа, Н.Номин-Эрдэнэ нар багтсан байна. Эдгээр тоглогчид Монгол Улсын шигшээ цөмийг бүрэлдүүлж “FIBA 3x3 U23 World Cup 2023” тэмцээнд амжилттай оролцож байсан юм. Н.Гэрэлмаа Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2024 оны драфтаар тэргүүн сонголтоор сонгогдсон. Харин Н.Минжирмаа хоёр, Н.Номин-Эрдэнэ дөрөв дэх сонголтоор драфтаар орж ирж байна.
Энэ тэмцээнтэй зэрэгцэн “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн болох хуваарьтай. 3x3 сагсан бөмбөгийн мэргэжлийн хамгийн нэр хүндтэй тэмцээнийг анх удаа эх орондоо хүлээн авч буй нь Дэлхийн их дуулга болж байна. Тэмцээнд дэлхийн шилдэг мэргэжлийн багууд болох Серби улсын ҮБ, АНУ-ын “Майами”, Нидерландын “Амстердам”, Швейцарын “Лозанн” баг болон Монгол Улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй 12 баг өрсөлдөнө. Эдгээр баг бүрэлдэхүүнээ танилцуулсан бөгөөд “Завхан Сайнскор”-ын тоглогчдыг зарлалаа. Энэ удаагийн тэмцээнд Б.Энхсайхан, Э.Цэрэнбаатар, Н.Батбаяр, Н.Ганбаатар нарыг нэрлэжээ. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны “MGL 3x3 Pro League” тэмцээний найман зогсоолд дөрвөн удаа финалдсан. “FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2024” тэмцээний аварга, БНХАУ-д зохион байгуулсан “FIBA 3x3 Zhijiang Challenger” тэмцээнд гуравдугаар байрт орсон амжилттайгаар тэдний амжилтын буухиа үргэлжлэх нь.
Түүнчлэн чансааны зургадугаар байрт эрэмбэлэгдэж байгаа “Улаанбаатар ММС Энержи” багийн бүрэлдэхүүнийг зарлаад байна. Д.Дэлгэрням, Стив Сөр, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал нарыг багт дууджээ. Тэд БНХАУ-д болсон “FIBA 3x3 Zhijiang Challenger” тэмцээнд түрүүлээд байгаа юм.
Олон улсын тэмцээнд оролцох бусад багийн мэдээллээс онцлоход, дэлхийн чансааны тэргүүнд эрэмбэлэгдэж буй баг Монголд ирж байна. Сербийн “UB” багийн бүрэлдэхүүн “Парис-2024” олимпын наадмыг зорих улсынхаа шигшээ багийн гол тоглогчдын цөмийг бүрдүүлж буй юм. Үндсэн бүрэлдэхүүнд энэ улирлаас эхлэн Stefan Stojacic нэмэгдэж байна. Монгол Улсыг зорих багийн бүрэлдэхүүнд Страхина Стойчич болон Стефан Стойчич нар багтжээ. Стефан Стойчич энэ улирлаас эхэлж ҮБ багийн бүрэлдэхүүнд нэгдсэн байна. Дэлхийн хоёр удаагийн аварга, дэлхийн чансааны тэргүүн тоглогч Страхина Стойчич болон түүний ах 2018 оны дэлхийн аварга Стефан Стойчич нар хамтдаа Монгол Улсын нийслэлд ирэх нь.
Түүнчлэн чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа Америкийн “Miami” багийн бүрэлдэхүүн сар гаруйн дараа эхлэх олимпын наадмыг зорих шигшээ багийн гол тоглогчдоос бүрдэж байна.Үндсэн бүрэлдэхүүнд энэ улирлаас эхлэн 23 настай Bryce Wills нэмэгджээ. “Miami” баг энэ улирлын эхний дэлхийн их дуулгад амжилттай оролцож түрүүлээд байна.
“Улаанбаатар дэлхийн их дуулга”-аас онцлох өөр нэг баг нь чансааны долдугаар байрт эрэмбэтэй “Beijing” юм. Тус багийн бүрэлдэхүүн “Парис-2024” олимпын наадмыг зорих БНХАУ-ын шигшээ багийн гол тоглогчдоос бүрджээ. Тэд “FIBA 3x3 Zhijiang Challenger” тэмцээний шилдэг наймд үлдэж, тэмцээнээ өндөрлүүлээд байгаа билээ.
Б.Сийлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24601/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна