Сурын спортынхон залуу үеэр бүл нэмжээ


Монгол түмний баяр наадам сар хүрэхгүй хугацааны дараа эхлэх  гэж байна. Хэдий гурван хоногт хотол олноороо тэмдэглэдэг ч сонин хачныг нь дараа жилийн наадам хүртэл дурсан ярьдаг. Наадам бол зөвхөн уламжлалт спортын төрлүүдээр өөр хоорондоо уралдаан тэмцээн зохиох төдийгүй орчин цагт нүүдэлчин соёл иргэншлийн өв соёлоо залуу үедээ уламжлуулах, үндэсний ижилсэл бүтээх, тусгаар тогтнолоо баталгаажуулах гээд бидний үүх түүхээрээ бахдах учиртай өдрүүд билээ.  Тиймээс хүчит бөхчүүд эр бяр, эрхий мэргэн харваачид  цэц мэргэнээ сорин наадмын бэлтгэлээ чамбайлан хийцгээдэг. Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэлдэг уламжлалтай. “Наадам айсуй” булангаа харваачдын бэлтгэлээс сурвалжиллаа.  


 Нум, сумны үйлдвэрлэл хөгжиж, сурын талбай олширч байна
Монголын ард түмний эдүгээ хүртэл оршин тогтносон түүхийн урт хугацааны туршид бүтээсэн уламжлалт өв соёлын салшгүй хэсэг бол сурын харваа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх сурын талбайд бэлтгэл хийж буй харваачдын олонх нь залуучууд байлаа. Харваачид наадмын бэлтгэлээ улсын аварга шалгаруулах тэмцээний босгон дээр хамтатган базааж буй нь энэ. Тэдэнтэй сум мэргэн байхын ерөөл тавин  уулзвал “Орон нутгуудад сурын харвааны спорт эрчимтэй хөгжиж, харваачдын ур чадвар жилээс жилд сайжирч байна. 
Залуу хүний хувьд уламжлалт спор­тоороо хичээллэж, цаашид дэлгэрүүлэн хөгжүүлэхийг хүсдэг.

Манай сурын холбоо энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаад баяртай явдаг” хэмээв. Мөн сур харвааны өв уламжлалыг тээн, улсын наадамдаа олон жил цэц сорихын зэрэгцээ залууст зааж яваа ахмад харваач олон байгаа нь сайшаалтай. Хичээллэх, сонирхох хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр клубүүд, сурын талбай шинээр үүд хаалгаа нээх болжээ. Ойрын жишээ дурдвал, үндэсний спортыг хөгжүүлэх, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Налайх дүүргийн "Өв эрдэнэ" холбооны хамт олон, харваачид, Налайх дүүргийн удирдлагууд "Бүс нуур" цогцолборт 30 зурхай бүхий сурын талбай байгуулжээ. Үндэсний сурын спорт  өвөрмөц онцлогтой болох нь бэлтгэлийн талбайгаас харагдана. Харвах бай нь уран гоёмсог бөмбөг мэт бөөрөнхий хэлбэртэй, хөндий суран сүлжмэл байх бөгөөд газар дээр хана, хасаа болгон өрж харвах аж. Нум, сумыг хэрхэн урладаг талаар ахмад харваачдаас тодруулбал “Сумыг зөвхөн зулзаган бургасаар хийнэ. Сум зургаан талтай ясан булцуу, тас шувууны өдөөр хийсэн дэлтэй их бие, ацаас бүрддэг. Харин нумын хөвчийг малын хүзүүний сунадаггүй арьсыг сайтар боловсруулж эрчлэн мушгиж хийдэг. Зургаа,  долдугаар сараас эхлэн шөрмөс, мод зэрэг материалаа бэлтгэнэ. Өвөл модоо наах, угсрах болон шөрмөсөө тавьж эврээ наадаг аж. Шөрмөсөө хэдэн үе тавих уу гэдэг нь хүртэл нарийн утга учиртай. Хэрэв зуны цагаар эвэр нумыг хийвэл бат бөх биш, хол харваж чадахааргүй ерөнхийдөө чанарын шаардлага хангадаггүй гэнэ. Сонирхуулахад, дэлхийн хамгийн том нисэх онгоц “БОИНГ-730”-ын далавчийг тогтоосон технологийг монголчуудын нум сумны шөрмөс наах аргаар бүтээсэн гэдэг” хэмээн дэлгэрэнгүй тайлбарлан, спортоос гадна үндэсний өв болохыг онцолж байв. Үндэсний нум сумын үйлдвэр, урлаач хувь хүмүүс ч хэрэгцээг дагаад олширчээ.  Монгол хүний оюун ухаанаар бүтээсэн эвэр элэгтэй, шөрмөсөн артай нум болон бэлтгэлийн нум сумыг Хүннү гүрний үеийн арга технологийг өөрчлөхгүйгээр урлаж харваачдад нийлүүлдэг үйлдвэрлэл хөгжиж байна. Ингэхдээ уламжлалт хийц чанарыг алдагдуулахгүй байхаар зорьж буй эл үйлдвэрлэл дэх чухал ололт гэдэгтэй харваачид санал нэг байлаа.  Байны хоёр талд уухайчид эгнэн зогсож, харвалт бүрийн амжилтыг мялаан уухайлж, гар биеийн тусгай хөдөлгөөнт дохиогоор  мэдэгдэнэ. Сур харваж эхлэхэд "Оногтун" гэж уриалсан уухай, оноход "Онолоо" гэж баярласан уухай түрнэ. Хэрэв тавьсан сум дутсан, давсан бол дохио болгосон угтуул тус бүрдээ өөр  уухай аялж, гараар дэлж дутсан, давсныг үзүүлнэ. Сурын спортоор хичээллэж байгаа хүн эрдэж болохгүй, эцсийн сумаа тавьж дуусаад л санаа амрах ёстой. Сур харваа уламжлалт спорт учраас дэг жаяг, баримтлах ёс ихтэй гэнэ. Хамгийн чухал нь хүнийг хүмүүжүүлдэг, ам бардаж болдоггүйг ухааруулдаг спорт. Бүтэн жилийн бэлтгэл, уйгагүй хөдөлмөр шингэсэн амжилтаа наадмаар үзүүлж 40 сумандаа 40 онох нь харваачдын мөрөөдөл аж. Үнэхээр алдвал өөрөөсөө өөр хэнийг ч буруутгах үндэсгүй спорт юм л даа.

 

Зөвхөн эрчүүд л урианхай сураар харвадаг

 

Буриад, халх, урианхай гэсэн гурван төрлөөр  харваачид хичээллэдэг аж. Буриад сурын харваанд нас хүйс харгалзахгүй. Хасаа нь тод өнгийн даавуугаар бүрж хийсэн 8*10 см хэмжээтэй, 150-200 гр жинтэй бортого ч байна. Харваач бүр 20 ширхэг хасаа өрж, 45 метрээс найман сумаар харваж, дараа нь 10 ширхэг өрж 30 метрээс найман сумаар харвах гэхчлэн ээлжилсээр нийт 64 сум тавьдаг.  Халх харваа арай онцлогтой аж.  Харваачид хана ба хасаа гэсэн хоёр хэлбэрээр өрсөлдөнө. Хана харвааны байнд 60 ширхэг сурыг гурван үеэр, доод хэсэгт нь 21  сур, дунд үед 20, дээд үед 19 сур байхаар ам дарж битүү өрдөг онцлогтой. Хасаа харваанд  30  сураас 24-ийг хоёр хоёроор нь давхарлаж 12 домбо хэлбэртэй болгон  зэрэгцүүлэн өрөөд хоёр захад нь гурван сурыг хэвтээгээр нь өрж бай болгодог.  Урианхай сурын харваанд зөвхөн насанд хүрсэн эрчүүд оролцох бөгөөд харвах хүний тоог хязгаарладаггүй. Урианхайчууд сурыг "чих" хэмээн нэрлэж, харваач 40 метрийн зайнаас 30 сум тавина. Зурхай дээр хоорондоо 6.5 м зайтай, 15-20 см өндөр, зэрэгцээ хоёр хэсэг хязгаарлах шороон шугам татаж, түүнийгээ "өтвөг" гэж нэрлэдэг аж. Энэ талаар Урианхай сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг Монгол Улсын мэргэн Х.Болдбаатар “Урианхайчууд уламжлан авч ирсэн учир Урианхай сур гэж тодотгодог ч угтаа хамаг Монголын дунд өргөн дэлгэр тархсан харвааны соёл. Өнгөрсөн  хугацаанд урианхай сурын харваа Монгол Улсын спортын цол зэргийн нэгдсэн ангилалд  орж спорын дэд мастер болон спортын мастерын болзлыг 300 гаруй, улсын мэргэний болзлыг 20 гаруй харваач биелүүлээд байна.  Манай холбоо Монгол орны дийлэнх аймаг, сумдад болон нийслэлийн бүх дүүрэгт урианхай сурын харваагаар тэмцээн тогтмол зохион байгуулж сонирхогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж  байна. Урианхай сурын харваагаар зөвхөн эрчүүд ур ухаанаа уралдуулж, цэц мэргэнээ сорьдгоороо онцлог. Эрийн гурван наадмын утга агуулгыг алдуулаагүй зөвхөн эрчүүд нааддаг, эрт дээр үеэс уламжлагдан ирсэн язгуур, соёлын өв” хэмээлээ. Тэрбээр 2001 оноос хойш улсын наадамд цэц сорьжээ.  Манай үндэстний дэлхийн олон улсаас ондооших гол ялгарал, түүх соёлын илэрхийлэл бол Үндэсний их баяр наадам билээ. Өнө мөнхөд мандан бадрахуйн тайлал болсон нар, сар, галыг бэлгэдэн, эв нэгдэл, төрт ёс, бахархлыг зөгнөдөг монгол наадам нь эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуйн утга учиртай. Зуны дэлгэр цагт зон олноороо тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярын талаар түүхийн хуудаснаас сөхөн үзвэл, эртний Хүннүгийн үед хүрнэ. Тухайн үеийн сурвалж, бичгүүдэд наадмын талаар дурдсан байдаг нь үүнийг гэрчлэх төдийгүй морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн үздэг байв. Хүннүчүүд бутархай овог аймгийн эв нэгдэл, цэргүүдийн байлдааны ур чадварыг сайжруулах зорилгоор наадам зохион байгуулж ирсэн нь өдгөө монгол угсаатнуудын эрийн гурван наадмын төрхийг олжээ. Учир иймд энэ жил Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 862, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тэмдэглэх юм.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24602/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө