Бирж дээр зарагдаагүй ХҮН ЧАНАР


 

Түүний тоглосон кино гарын арван хуруунд багтахааргүй олон л доо. Намтрыг нь уншиж суухдаа дэлгэцийн биш театрын уран бүтээлч байжээ гэж бодож байв. Гэтэл тоглосон киноных нь нэрээр “Гажиг Гармаа” гээд ард түмэн нэрлэчихэж. Инээдмийн киноны төрөл дотроо нэлээд дээгүүр үнэлэгдэх романтик инээдмийн кино юм уу даа. Холливудын уран бүтээлчид энэ төрлөөр кино хийх их дуртай. Мэдээж романтик инээдмийн төрлийн оргил үе тохиосон 1990-ээд оноос хойш энэ төрөл эрчээ алдаж байгаа нь маргашгүй үнэн ч, үзэгчдийн тодорхой хувь одоо хүртэл аз жаргалтай төгсгөл бүхий сэтгэл сэргээм түүх үзэхийг хүсдэг хэвээрээ.


Холливудын уран бүтээлчдийн бүтээсэн “City Lights” (1931)  “Notting Hill” (1999), “Groundhog Day “(1993),  “10 Things I Hate About You” (1999),  “Bridget Jones's Diary” (2001) зэрэг инээд, нулимс хослуулсан кино одоо хэр нь үзэлт өндөртэй байдаг. Түүн шиг Монголын кино уран бүтээлчдийн романтик инээдмийн төрлийн “Өнөр бүл” уран сайхны кино хэзээд үзүүштэй уран бүтээл байсаар л ирсэн. Одоо эргээд санахад романтик инээдмийн киноны гол дүрийн нийтлэг шинж болсон бүтэлгүй, сайхан сэтгэлтэй, жаахан маанагдуу ч юм шиг сайн хүний дүрийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзийгөөс өөр хүн гаргаж чадахгүй байх гэж бодогдоно. 

Өөр хэн нэгэн тоглосон бол би мөн л ийн бодох нь гарцаагүй. Гэхдээ л тэр энэ дүрийг, дүр нь бас түүнийг гаргаж чадсан шүү. Ямар сайндаа л түүний тухай нэгэн үзэгч “Тэр хүн ерөөсөө уурладаггүй байх. Дандаа л инээж байгаагаар надад төсөөлөгдөөд байдаг” гэж олон нийтийн цахим сүлжээнд бичсэн байх вэ дээ. Ард түмний дунд “Гажиг Гармаа” гэдэг бүтэлгүй эрийн дүрээр мөнхөрсөн энэ эр хаана төрж өссөн юм бол. 

Ч.Алтан-Өлзий 1950 оны төмөр бар жил Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багийн нутаг “Улаан-Үзүүр” гэдэг газар дуугаа хадаан мэндэлжээ. Мань эр нэлээд эрх танхи өссөн нэгэн байж. Долоон хүүхэдтэй өнөр бүлийн том хүү. Дээрээ хоёр эгч, дөрвөн сайхан эрэгтэй дүү дагуулсан бараг л салаа командлагч. Хоёр эгчээсээ долоон насны зөрүүтэй нэлээд зайтай төрсөн юм билээ. Мэдээж хоёр охины дараа нэлээд хүлээлт үүсгэн байж ирсэн нуган үр эрх байлгүй яах вэ бурхан минь. 

Тэр нэгэн жил “Гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрээгүй” гавьяатыг балчирхан байхад аав ээж нь хотын иргэн болохоор тэмээн хөсөгтэй нутгийн дээс алхаж, алс замд бурантаг залжээ. Автозам хөгжөөгүй ачаа тээвэр бяджаагүй тухайн он цагт хот хүрэх нүүдэл гэж “Торгууд түмний их нүүдэл”-ээс дутахааргүй юм болдог тухай олон ч аман хууч сонсож байлаа. “Өнөр бүл”-ийн хот хүрэх нүүдэл мөн л паянтай. Эрх нуган үрийг аяншиж ядрах вий гэсэндээ арагт хийгээд тэмээнд тэгнэж орхижээ. Тэмээнд тэгнээтэй чигээр урт холын аяныг унтаж туулсан нь хөөрхөн паян. Ямар сайндаа л хожмоо “Нэг тийшээ харж хэвтсээр байгаад өрөөсөн шанаа наранд түлэгдэж борлоод хоёр өөр өнгийн хацартай хотын бараа харсан гэж манай хөгшчүүд дурсдаг юм” гээд “Тэгээд бас болоогүй нэг тийшээ харж унтсаар байгаад гилжгий болж орхисон юм” хэмээн хошигносон гэж байгаа. Тэмээнд тэгнэсэн арагт, алхаанд нь бүүвэйлэгдсэн хүүхэд унтаад л байхаас яах вэ.


Тэрбээр яг л “Өнөр бүл”-ийн Гармаа шиг юм, юманд оролцоотой, чадахгүй, тоглохгүй спорт гэж байдаггүй нэгэн байжээ. Үеийнхэн нь “Спортын банзал” гэж хочилсноос нь харвал чадаад зогсохгүй нэгэн байж л дээ янз нь. Гар бөмбөг, хөлбөмбөг, өндрийн харайлт, гүйлт гээд хаана л юу болно тэр бүгдэд Ч.Алтан-Өлзий гүйж явдаг байсан гэдэг шүү.

Түүний онож мэндэлсэн төмөр бар жилийн төөрөг зурхай тэгж таарсан уу, төрсөн гараг өдрийнх нь тавилан заяа тиймсэн үү мэргэжлийн сургууль соёлыг нь дүүргээгүй хэрнээ л жүжигчин болчихсон тууж явж. Анх 1967 онд Драмын театрын тайз засагчаар ажилд орж, 1973 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллаж эхэлсэн юм билээ. Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванган, Монголд циркийн урлагийг үндэслэгч, Ардын жүжигчин Л.Нацаг нар түүний авгууд байсан байг хамаагүй. Урлагт хөл тавихад нь хөтөлж оруулсан ч байг хамаагүй. Монголын театрын урлаг, кино дэлгэцийн уран бүтээлд тэр орж ирсэн нь чухал байжээ гэж бодон сууна. Түүнийг судлаачид “Үндэсний болоод сонгодог жүжигт, эмгэнэлт ба инээдмийн аль ч дүрд тоглох чадвартай арга туршлагатай жүжигчин бөгөөд тоглолтын хэв маяг нь үнэн, энгийн байдлыг эрхэмлэж, сэтгэлийн үйлдлийг тууштай баримталдагт оршино” хэмээн үнэлсэн байдаг нь миний ийн бодлогошрохын үндэс мөн өө. Кино, жүжиг гэдэг хүмүүний амьдралаас үүтгэлтэй ч өөрөөсөө өөр хэн нэгэн болж түүнд амьдарна гэдэг бас л санаанд багтамгүй юм шүү. Ах дүү Люмьерүүд кинематрыг өөрсдийн нэр дээр патенталж авч байхдаа “Бүх урлагийн дотроос хамгийн аугаа нь кино” болно гэдгийг мэдэж байсан болов уу.

Харин түүнийг жүжигчин болгосон хүн нь Хо.Нацагдорж хэмээх урлаг судлаач. Жүжигчнээр ажиллаж эхэлснээсээ хойш илгээлтийн эзний дүрээс өөр гавьтай юмгүй сууж байтал Ж.Бунтар найруулагч түүнд “Үүрийн цолмон” жүжгийн Цээж баяны дүрийг өгчээ. Авсан дүрээ гялалзтал таниулсны хүчинд өөрөө ч олонд танигдаж эхлэв. Хо.Нацагдорж багш нь түүнийг “Гоё нэрт” гэж дуудна. Загнуулж, зандруулж олж авсан жүжигчний мэргэжилдээ тэр үнэхээр хайртай, дуртай байсныг нь хамт ажиллаж байсан үеийнхэн нь гэрчилнэ. Одоо түүн шиг театрын алтан тайзныхаа дэргэдүүр малгайгаа аван хүндэтгэж алхдаг тийм гүн бишрэлтэн хэд бол. Хэдийгээр загнуулж, зандруулж байсан ч урлагийн их тогооноос чадлынхаа хэрээр шанагадсанаа “Надад урлагийн талаар ойлголт өгөх гэж мөн ч их загнасан даа. Магадгүй би тэрний хүчинд өнөөдөр ард олондоо их бага хэмжээгээр танигдаад явж буй биз” хэмээн багштайгаа холбон хүүрнэж байв. 

“Өнөр бүл”-ийн “Гажиг Гармаа” тухайн цаг үедээ яах аргагүй л од байлаа. Түүнтэй хийх уулзалтад очих гэж үйлдвэрийн ажилчин бүсгүйчүүд тасаг тасгаараа цугларан, хамаг л гоё сайхнаа өмсөн гангалж “Хайр, дурлал, болзоо” гэх мэт чих улаймаар үгс шивнэлдэн зогсохыг би хүүхэд байхдаа харж л зогслоо. Монголын ард түмэн түүнийг “Од” гэж үзсэн. Харин судлаач, шүүмжлэгчид түүнд магтаал, зэмлэл хоёрыг тунг нь тааруулаад л өгч байсан юм билээ. 

Гэхдээ шүүмжлэл нь өнөө үед бол жаахан өрөөсгөл юм уу гэж уншигдахаар. “Гармаа уг нь ажилчин ангийн төлөөлөл. Алиалагч биш. Жигжид Гармааг арай буруу тийш нь татчихсан юм шиг санагдлаа. Ажилчин ангийн том төлөөлөл гэдэг үүднээсээ тоглохгүй яагаад өндөр өсгийт өмссөн хүүхний араас хөөцөлдөөд явдаг залуу болгож орхив. Ч.Алтан-Өлзий ч түүнд нь хөтлөгдөөд тоглочихлоо” гээд л аваад өгч. Энэ шүүмжийг уншихаар нүдний шил зангиатай хоолойгоо шахсан намын үзэл сурталч бүдүүн дарга л нүдэнд үзэгдээд байгаа юм. Киноныхоо төрөл жанрыг ойлгоогүй л явсан байхаа даа. За энэ ч яах вэ.

Би Ч.Алтан-Өлзий гавьяатын амьдра­лынхаа сүүлийн жилүүдийн нэгэнд өгсөн ярилцлагыг уншиж сууна. Тэрбээр ярилцлагадаа “Нийгэм гэдэг эмзэг, байнга хувирч өөрчлөгдөж байдаг. Би ямар нийгэмд амьдарч байгаагаа ч мэдэхгүй байна. Ард түмэн хойч үе маань ямар аймшигтай, эмгэнэлтэй нийгэмд амьдарч байна аа. Ийм үед хүмүүс, ялангуяа уран бүтээлчид чөлөөтэй сэтгэх, сэтгэл хангалуун амьдрах бололцоо алга” хэмээн санаашран хүүрнэжээ. 


Түүний эхнэрийг Цэрмаа гэдэггүй. “Сахиул уу, сахиус уу” киноны төмөрт тоглож байхдаа танилцсан Нансал хэмээх жүжигчин бүсгүй. Г.Нансал Монголын радиод редактор, найруулагчаар ажиллаж байсан шаавай нэгэн байв. Амьдрал гэдэг сугалаанд хожих аз шиг гэнэт дайрах том завшаануудыг бус гэрэл гэгээтэй дурсамжуудыг аз жаргал хэмээн сануулах ажгуу. 

Тэдний амьдралын сайхан дурсамжуудын нэг бага хүүгээ мэндлэхэд тохиосон ажгуу. Эхнэрээ төрөхөд ажил дээрээсээ найруулагч Г.Доржсамбуу агсныг хөтөлчихсөн нэгдүгээр төрөхийн цонхон дор дэвхцэн шүгэлдэж зогссон гэдэг. Тэднийг харсан хүүхнүүд “Арслан, Гармаа хоёр ирчихэж” хэмээн шуугилдан төрөхийн цонхон дээр шавж бөөн баяр хөөр болсон гэдэг. Аз жаргалыг бусадтай хуваалцах сайхан биз дээ. 

Би эргээд л түүний ярилцлагыг уншаад эхэллээ. Жаахан уйтай, гуниг төрүүлсэн ярилцлага. “Орчин үед уран бүтээл гэдэг мөнгөн дээр тогтож хэн мөнгөтэй нь уран бүтээлч, уран бүтээл хоёрыг худалдаж авдаг боллоо. Уран бүтээлч худалдагдана гэдэг сайн бүтээл гарах аргагүй болж байгаа юм. Нэр алдартай, мөнгөтэй нь дуртай уран бүтээлээ худалдан авч өөрийн дураар хийгээд байна. Ингэж соёл урлаг минь худалдагдаж байгаад харамсаж явдаг” хэмээн нулимсаа залгин өгүүлэн сууж. Уран бүтээлчийн шаналан нэвт уншигдах дээрх хүүрнэл өнөө цагийн бидэнд юуг худалдаж болохгүй байх вэ гэдгийг хэлээд байна бус уу.

Хүмүүний амьдрал гэдэг аз жаргалтайгаар дурсагдах мөчүүд нь олон чиг, арга барагдан тамирдан унах үе ч байх. Махан бие цусан зүрхтэнд төрсөн нэгээхэн ч энэ үйл тавилангийн замаас гарч үл чадмуй. “Хүн хувь заяаныхаа замыг олох гэж л хувь заяаныхаа замаас гардаг” хэмээх нь чи төөргөөс огт гаждаггүй гэсэн санаа мөн биз. Нийгмийн шилжилт гэдэг зүйл дөнгөж амьдрал үзэж байсан олон ч залуусын ирээдүйг харах хүсэл тэмүүллийг булшилж орхисон. 

Сэтгэлийн хаттай нэг нь санаа алдаж аваад л шинэ нийгэмтэйгээ танилцахаар хөдөлж эхэлсэн бол барьц алдан алмайран зогссон нь түүнээс олон. Ч.Алтан-Өлзийд ч мөн хөл алдан бүдэрч явсан үе бий. Хуучны соронзон хальсанд буулгасан хэн нэгний зүрхний өчил мэт “Манайх гэдэг айл гэр хороололд хашаа байшинд хотын борчуудын нэг адил тарчигдуу амьдарч байна. Ажлаа сүүлийн хоёр жил хийгээгүй. Чөлөө авсан. Цалин мөнгө ч байхгүй ядруухан байна. Одоогоор уран бүтээл хийгээгүй. Наймдугаар сард ажилдаа орох байх” хэмээсэн эдгээр үг түүний амьдралын зурвасхан үеийн гэрч болон хэвлэлийн хуудаснаа үлджээ. Ямар азаар тэр дайсангүй байсан юм бэ.

 Хэрвээ дайсантай байсан бол нэмж хэчнээн дэвсүүлэх байсан бол. Түүний шаналан хэр гүнзгий байсан бол. Хэрвээ одоо амьд байсан бол би мөн ч их юм асуух байсан даа. Яагаад ч юм би энэ хүнтэй яриа таарч, санаа нийлэх юм шиг санагдаад байдаг юм. Хаа нэг зургаа, долоон буудлын хооронд “Луузан панз”-тай дөрөө харшуулчихсан халамцуухан морилж явах нь харагддаг сан. Уулзаад ярилцаж үзье гэж яагаад боддоггүй байснаа одоо гайхдаг юм. 

Одоо тэр хүн “Гажиг Гармаа” гэдэг дүрээр бидний сэтгэлд мөнхөрчээ. Нэгэн тэнгэрийн дор амьдарч асан биднээс ондоо нь тэр хүн “Гажиг Гармаа”-гаараа биднээс хойшид ч амьдарсаар л байна гээд бод доо. Түүний 1973 онд анх тоглосон Д.Мягмарын “Нандин эрдэнэ” жүжгийн сурагчийн дүрээс 2014 онд тоглосон В.Вампиловын “Хэрээт төгөл”-ийн Баохин хүртэл арав гаруй кино, 100 гаруй жүжгийн дүрээс “Өнөр бүл”-ийн “Гажиг Гармаа”-г л би бичих гэж хүслээ. 

Түүний хэлсэн үгээр би нийтлэлээ дуусгахаар шийдлээ.  Уран бүтээл, уран бүтээлч дэлгүүрийн хямдхан бараа шиг лангуун дээр хэвтэж байдаг бол хүн чанар, хүн ёстойгоо хамт биржийн дуудлага худалдаанд орсонтой юуны ялгаа. Тэр авьяасаа лангуун дээр тавьж худалдахыг хүсээгүй, хүн чанараа хөлгүй амьдралын дуудлага худалдаанд оруулалгүй оршсоор л одсон нэгэн.

“Манай нэг хөгшин намайг бага байхад “Хүн болоорой” гээд духан дээр минь дандаа үнсдэг байсан. Би чинь хүн шүү дээ, яагаад ингэж хэлдэг юм бол доо гэж боддог байлаа. Хожим нь жүжигчин болсон үедээ зохиолч Ч.Чимидийн “Буурай аав” гэдэг жүжигт тоглож байхад тэр жүжигт “Хүн болоорой” гэдэг үг гардаг. Одоо үед миний хүү баян хүн болоорой гэх байх даа. Нэг өдөр Ч.Чимид зохиолчоос энэ үгний утгыг асуувал “Их ухаантай үг дээ. Хүнийг хайрлаж сур. Хүнийг тэтгэж дэмжиж сур. Муу хүнийг жигшиж сур гэсэн үг шүү дээ. Монгол хүний хар ухаан гэдэг нь дэлхийд байдаггүй ухаан юм”

 Трамп Төмрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин 025/24604/

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22