Г.Түвдэндорж: Эдийн засгийн чуулган Монгол Улсыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, жуулчдад таниулна


“Go Mongolia” уриан дор зохион байгуулагдах 11 дэх удаагийн Монголын эдийн засгийн чуулганы  хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа.

 

-Удахгүй болох Монголын эдийн засгийн чуулганаар хэлэлцэх асуудлаас ярилцлагаа эхэлье. Энэ удаагийн чуулганд гаднаас онцлох ямар зочид ирж оролцохоор байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар болон бусад байгууллагатай хамтран жил бүр зохион байгуулдаг “Монголын эдийн засгийн чуулган-2024” арга хэмжээ энэ сарын 8, 9-нд Улаанбаатар хотод болно. Одоогоор бэлтгэл ажлыг хангаж байна. Чуулганд 2000 зочин, төлөөлөгч оролцох төлөвлөгөөтэй байна. Үүний 500 нь дэлхийн тэргүүлэгч бизнесийн манлайлагч, хөрөнгө оруулалтын банк болон олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын тэргүүн, төлөөлөл юм. Онцлоход хэвлэл мэдээллийн “CNN” агент­лагийн баг хамт олон ирж, хамтран ажиллана. Энэ удаагийн чуулганд What’s Next Development Agenda үндсэн сэдвийн дор хөгжлийн бодлого, ногоон эрчим хүч, эрчим хүчний салбарын либералчлал, хотын реформ, банкны салбарын хөрөнгө оруулалт гэсэн үндсэн дөрөв, салбар 12 хуралдаан болно.

-Чуулганаар хэлэлцэх эдгээр асуудлаас ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлалын асуудал олон нийтийн анхаарлыг нэлээд татаж байна. Энэ талд олон улсад ямар зарчим баримталж байна вэ?

-Эрчим хүч, эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, түүнчлэн хүн төрөлхтний оршин тогтнох хөгжилд чухал үүрэгтэй байдаг. Дэлхий нийтэд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүлэмжийн хийг бууруулах үүднээс ногоон эрчим хүчийг хөгжүүлж, шилжих арга хэмжээг улс орнууд эрчимтэй хэрэгжүүлж байна. Үүнд нар, салхи, ус, биомасс, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрчим хүчний технологийг шинэчлэх, байгаль орчны хамгаалалтыг нэвтрүүлж, эдгээр үйл ажиллагаанд төрөөс нь тодорхой хөнгөлөлт, урамшууллаар дэмжиж байна. Тухайлбал, нарны эрчим хүчний нийт хэмжээ 2013 онд 135 гВт байсан бол өнгөрсөн онд 1000 гВт-аас давж, салхины эрчим хүчний хувьд сүүлийн арван жилд 160 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

-Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ ямар түвшинд байна вэ?

-Манай улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн ердөө ес орчим хувийг л сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байна. Тодруулбал, Монгол Улс өнгөрсөн онд өмнөх оноос 4.3 хувиар их буюу 8.5 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн ч дотоодын хэрэглээний 22 хувийг импортолж байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ цаашид жилд 5-6 хувиар өсөх төлөвтэй байгаа нь ачааллыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний импортыг өсгөх төлөвтэй байна. Гэтэл нөгөө талаас дулаан, цахилгаан станцуудын насжилт өндөр, дийлэнх тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дуусаж байгаа нь өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангаж чадахааргүй нөхцөл байдалтай байна.

-Тэгвэл цаашид манай улс эл асуудалд ямар байр сууриас хандаж, юунд анхаарах шаардлагатай гэж харж байна вэ?

-Эрчим хүч бусад салбарын үйл ажиллагаанд голлох хүчин зүйл тул нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангаж, алдагдлын хэмжээг бууруулж, төрийн оролцоог багасгаж, бие даасан салбар болгох нь нэн тэргүүний асуудал болоод байна. Тиймээс өнгөрсөн онд эрчим хүчний либералчлалын ажлыг эхлүүлж, тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлсэн. 

Мөн эрчим хүчний тасралтгүй байдлыг хангах хүрээнд  цахилгаан дулааны станцуудын өргөтгөлийн ажлыг эхлүүлж, 80 мВт хүчин чадалтай хуримтлуурын байгууламжийг суурилуулж, ачаалал бага үеийн эрчим хүчийг хуримтлуулан оргил ачааллын төв шугамд нийлүүлж тасалдал үүсэх эрсдэлийг бууруулж чадсан. Гэсэн хэдийн ч цаашид хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, төрийн оролцоог бууруулах нь чухал байна. Үүний тулд тус салбарын үнэ тарифыг либералчлах нь чухал. Эрчим хүчний либералчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд тодорхой зарчмуудыг олон улсад нийтээр хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөж байна. 

Тухайлбал, энэ салбар дахь хувийн хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх. Ингэхийн тулд холбогдох хууль, дүрэм, журмыг нарийн боловсруулж, үйл ажиллагаа эрхлэх итгэл төрүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, салбарт үүсэж болзошгүй ашиг сонирхлын зөрчлийг бууруулахын тулд зохицуулалтын чиг үүрэг болон өмчлөлтэй холбогдох чиг үүргийг маш сайн тодорхойлж, салгах шаардлагатай. Ингэснээр яам, агентлагуудын эрхлэх асуудал, чиг үүрэг тодорхой салж, урт хугацаанд хувийн хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдэхэд чухал хүчин зүйл болдог. Эцэст нь, тарифыг үр ашигтай буюу зардал нөхөх түвшинд тогтоох нь чухал.

-Чуулганаар хэлэлцэх сэдэвт багтаж буй газрын ховор элементийн асуудал бас олны анхаарлыг татаж байна. Үүнийг тодруулна уу?

-Газрын ховор элементийн тодорхой хэсэг нь маш бага хэмжээтэй ч өндөр хүчин чадалтай байдаг. Өөрөөр хэлбэл, өндөр технологид хэрэглэгддэг учраас чухал эрдэс, түүхий эд болдог. Засгийн газраас газрын ховор элементийн асуудалд нэлээд анхаарал хандуулж байна. Нөөц нь стратегийн ач холбогдолтой бөгөөд цаашдын хөгжлийн түлхүүр болох боломжтой гэж үзэж эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг баримталж байна. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлнэ” хэмээн заасан. 

Тиймээс Засгийн газрын зүгээс газрын ховор элементийн салбарт хөрөнгө оруулалт татах, геологийн судалгааг нарийвчлан гүйцэтгэх ажлыг үргэлжлүүлэхээс гадна хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Газрын ховор элементийн асуудлыг “Эрдэнэс Монгол” ХХК хариуцан ажиллаж байгаа бөгөөд одоогоор хувийн хэвшлийн компаниудад хайгуулын тусгай зөвшөөрлийг олгон цаашид боловсруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр улсын хэмжээнд газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тоннын нөөцтэй, том, жижиг  нийт зургаан орд илрүүлсэн. Энэхүү эрдсийн баялгаараа манай улс дэлхийд эхний 15-д орж байна.

-Хоёр өдөр үргэлжлэх тус хуралдаанаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Энэхүү чуулган бол дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид нэг дор чуулж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих шинэ боломж, шийдлийг хэлэлцдэг, уламжлал болсон үндэсний платформ. Энэ удаагийн “Монголын эдийн засгийн чуулган-2024”-ийг УИХ-ын сонгуулийн дараа зохион байгуулагдаж байна. Чуулганаас бид шинэ УИХ, Засгийн газрын цаашдын үйл ажиллагаа, төрийн бодлогод тусгах, хэрэгжүүлэх арга хэмжээ, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах чухал санал, санаачилга зөвлөмжүүд гарна гэж найдаж байна.

-Гаднын хөрөнгө оруулагчид манай улсад уул уурхайгаас гадна ямар салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэл сонирхолтой байна вэ?

-Манай улсын хувьд ашигт малтмалын арвин нөөц баялагтай тул уул уурхайн салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулалт хийгддэг. Тэгвэл цаашид уул уурхайг түшиглэн гангийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, ураны олборлолт, хүдрийн баяжмал боловсруулах зэрэг үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт татаж томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Мөн хөдөө аж ахуйн салбарт буюу мал аж ахуй, мах боловсруулах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нар, салхины боломжит нөөц өндөртэй сэргээгдэх эрчим хүчний салбар, соёлын баялаг өв ихтэй орны хувьд аялал жуулчлал зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийх бүрэн боломж бий.

-Энэхүү чуулганыг 2010 оноос хойш зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ удаагийн чуулган юугаараа онцлог, ач холбогдолтой болох вэ?

-Чуулганыг Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулна. Энэ нь Монгол Улсыг дэлхийд сурталчлах, гадаад дотоодын хөрөнгө оруулагч, жуулчдад таниулах чухал арга хэмжээний нэг гэж харж байгаа. Мөн чуулганы үеэр хэд хэдэн дагалдах арга хэмжээг зохион байгуулна. Тухайлбал,  Төв Азийн бүс нутгийн орон, орны гарааны бизнес эрхлэгчид цуглаж аваргаа шалгаруулдаг “Central Asia Tech Summit” тэмцээн энэ сарын 9-нд Чингис хааны үндэсний музейд болно. Шалгарсан баг нэг сая ам.долларын шагналын сантай дэлхийн аварга шалгаруулах “Start World Cup”-д оролцох эрхтэй болох юм.

-Өнгөрсөн жилийн чуулганаар хэлэлцсэн асуудлаас ямар санал шийдэл гарч, түүнийг бодит ажил хэрэг болгох тухайд ямар ажил өрнөсөн бол?

-Өнгөрсөн оны чуулганд түүхэндээ хамгийн олон буюу 3300 гаруй оролцогч, гадаадын 740 гаруй хөрөнгө оруулагч оролцсон. Хөрөнгө оруулагчдад Монголд бизнес эрхлэх шинэ боломж, шинэ орчин бий болж буйг танилцуулснаараа ач холбогдолтой болсон. Энэ утгаараа чуулганаас эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, зохистой түвшинд хүргэх, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрхзүйн орчныг бий болгох, хөдөө аж ахуйн нөөцийн ашиглалтыг сайжруулах, бүс нутгийн дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх орчныг бүрдүүлэх зэрэг олон санал, зөвлөмж гарсан. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Мөн Засгийн газраас хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, итгэлийг сэргээх чиглэлд анхаарч байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг манай яам хүлээн авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Мөн Засгийн газраас энэ оны улсын төсөв, 2025-2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, ирэх оны улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа баримтлах эдийн засгийн бодлогын нэгээр “Зохицуулалтыг хялбарчилж, бизнесийг дэмжинэ” гэж тусгасан. Түүнчлэн төрөөс олгодог тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд одоогоор нийт 252 тусгай зөвшөөрлийн 95-ыг нь цахимаар авах боломжтой болсон. 

 Мөн “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулж, батлууллаа. Энэхүү бодлогын хүрээнд бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх Монгол Улсын дэд бүтцийн нэгдсэн сүлжээ үүсгэх төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдээд байна.

-Ер манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ. Цаашид эдийн засаг хэр зэрэг өсөх бол. Ямар төлөв ажиглагдаж байна вэ?

-Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, өнгөрсөн онд долоо, энэ оны эхний улирлын байдлаар 7.8 хувиар өсөөд байна. Эдийн засгийн өсөлтийг сүүлийн жил орчим хугацаанд гадаад эрэлт, уул уурхайн экспорт голлон дэмжиж байсан бол энэ оны эхний улиралд дотоод эдийн засгийн идэвхжил, дотоод эрэлтийн нөлөө давамгайллаа. 

Мөн өрхийн цалингийн орлого нэмэгдэж, үнийн нөлөөллийг арилгасан өрхийн бодит орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 орчим хувиар сайжирсан. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, улсын төсөв, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар гадаад валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтворжоод байна. Мөн инфляц төв банкны зорилтот интервалд хүрч, энэ оны тавдугаар сард 5.7 хувьд хүрээд байна. Цаашид эдийн засгийн өсөлт 2025 онд найман хувьд хүрэх болов уу гэж төсөөлж байна.

-Нэгэнт тантай ярилцсаных танай яамны бодлого чиглэлтэй холбоотой зарим зүйлийг тодруулъя. Танай яам байгуулагдаад хоёр жил өнгөрч байна. Манай улс Эдийн засаг, хөгжлийн яамтай болсноор ямар ахиц дэвшил бий болоод байна вэ?

-Цар тахлаас үүдэн Монгол Улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, ард иргэдийн бодит орлого унаад байсан үед Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулсан. Ингэснээр бид улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны нэгдсэн бодлогыг тодорхойлох, түүнийг улс, салбар хооронд болон бүс, орон нутгийн хэмжээнд уялдуулах, төрийн захиргааны төв байгууллагуудыг нэгдсэн бодлогын удирдамжаар хангах чиг үүрэгтэй ажиллаж байна. 

Манай яам цар тахлын дараах эдийн засгийг богино хугацаанд сэргээх хүрээнд эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, эдийн засгийн либералчлал, ил тод байдлыг хангах, өрсөлдөөнийг бий болгоход чиглэсэн бодлого, арга хэмжээнд анхааран ажиллаж байна. Тухайлбал, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох, шавхагдаад байсан валютын нөөцийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарт ил тод байдлыг хангахад чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр ил тод, нээлттэй борлуулдаг болж, нүүрсний экспорт өнгөрсөн онд түүхэн дээд түвшинд хүрч, гадаад валютын нөөц анх удаа таван тэрбум ам.долларыг давж, эдийн засаг долоон хувиар өссөн эерэг үр дүн гараад байна. Цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ.

-Эдийн засаг, хөгжлийн яамны үндсэн зорилгуудын нэг бол улс орны хөгжлийн бодлого, макро эдийн засгийн бодлого гэх мэт томоохон асуудалд төлөвлөлт хийж, улмаар зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой гэж ойлгож байгаа. Энэ хүрээнд ямар ахиц дэвшил гарч байна вэ? 

-Салбар бүр үндэсний хөгжлийн зорилт, үр дүнг хангахад чиглэж ажиллах ёстой байдаг. Бид салбар дундын уялдааг хангах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал,  “Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын арга зүй”-г нэвтрүүлэн богино,  дунд хугацааны бодлого, төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн. Сайн бодлого боловсруулж, амжилттай хэрэгжүүлэхийн тулд төлөвлөлтөөс гадна гүйцэтгэлийн хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээг боловсруулалтын үе шатнаас эхлэн төлөвлөж, үр дүнг дараа дараагийн бодлого боловсруулалтад ашиглах учиртай. Энэ утгаараа бодлогын үр дүнг салбар, байгууллагын түвшинд тодорхойлж, түүнийг хэмжих шалгуур, зорилтыг зааж өгснөөр урт, дунд, богино хугацааны хөгжлийн зорилт дахь салбар, салбар дундын уялдаатай хамтын ажиллагааг илүү тодорхой болгож буйгаараа энэхүү арга зүй онцлогтой.

Манай яам богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө”-г жил бүр боловсруулан ажилладаг. Энэхүү төлөвлөгөө нь тухайн оны улсын төсвийн суурь болохоос гадна гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэл гэх мэт санхүүгийн боломжит эх үүсвэрийг хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлтэй уялдуулахад чухал ач холбогдолтой.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24604/


0
angry
1
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.243
2024/07/08
0
0
Чээжээ дэлссэн эх орончид газар шороогоо ухуулж төнхүүлэхгүй гээд ямарч хайгуулын ажлыг хийлгэхгүй байгаа.
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 1 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 4 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 4 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 4 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 4 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 6 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 6 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 6 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 6 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 6 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 6 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 6 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 6 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 6 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 7 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 7 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 7 цагийн өмнө