Э.Энхрийлэн: Надад өсвөр насныхны төлөө ажиллах том хүсэл, зорилго бий


Тайланд улсад зохион байгуулах “Кids Star International” тэмцээнд шүүгчээр ажиллахаар уригдсан ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 11в ангийн сурагч, “Биднийг сонс” хөдөлгөөнийг санаачлагч Э.Энхрийлэнтэй ярилцлаа. Тэрбээр 2021 онд зохион бай­гуулсан олон улсын “Little Miss Mister” тэмцээнээс гранпри титэм зүүж, улмаар “Little Miss Mister Universe” тэмцээний шүүгчээр хоёр ч удаа ажилласан туршлагатай. Энэ нь Монгол Улсаас өсвөр насны хүүхэд дэлхийн тэмцээнд шүүгчээр ажилласан анхны тохиолдол билээ. 

-Хоёулаа “Биднийг сонс” хөдөлгөөний талаар ярилцлагаа эхэлье. Ямар санаа сэдлээр энэхүү хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх болсон бэ?

-2021 онд “Биднийг сонс” хөдөлгөөнийг анх санаачлан өрнүүлж эхэлсэн. Би цар тахлын үед БНСУ-д хөл хорионд орж байсан юм. Тэр үед уулзаж ярилцах найз нөхөд байхгүй, бас намайг сонсох хэн ч байгаагүй. Тухайн үед би ганцаардсан мэдрэмж авч байсан. Дараа нь Монголдоо ирэхэд миний үеийнхэн яг надтай адилхан мэдрэмж авсан байсан. Хичээлдээ явах, мэргэжил, сургуулиа сонгох, дүү нараа харах, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх гээд нэгэн зэрэг олон зүйлийг даван туулах ёстой, яг хариуцлагатай үед нь өсвөр насныхныг анхаарахгүй орхидог нь хаягдсан, хэнд ч хэрэггүй мэт мэдрэмж төрүүлдэг. Тиймээс би ийм хөдөлгөөн санаачлахаар шийдэж, энэ тухайгаа аав ээж, найз нөхдөдөө хэлэхэд тэд зөвшөөрч, дэмжсэн.

-Одоогоор танай хөдөлгөөнд хэчнээн хүүхэд нэгдээд байна вэ. Та бүхэн ямар төлөвлөгөөний дагуу хэрхэн ажилладаг вэ? 

-Өсвөр насныхан сайн дурын үндсэнд нэгддэг, нээлттэй хөдөлгөөн. Одоогоор 200 гаруй хүүхэд нэгдсэн. Бид жил, улирал, сар гэх мэт төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу аялал, урлаг, спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн зун Бээжин хоттой танилцах аялал зохион байгуулсан. Ингэж дурсамж бүтээхээс гадна аялахдаа тухайн улс орон хүүхдийн ялангуяа бидний үеийнхэнд хэрхэн анхаарал хандуулдаг, тэдний эрх ашгийг яаж хамгаалдаг вэ гэдгээс туршлага судлах, мөн өсвөр үеийнхэнд тохиолдож буй асуудлаар хоорондоо чөлөөтэй ярилцдаг.


Мөн бид сайн дурын үйл ажиллагаа явуулах, тодорхой асуудлын хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт олон төрлийн ажил, арга хэмжээ зохион байгуулдаг. Сүүлд би тусгай 29 дүгээр сургуулийн сурагчдад “Биднийг сонс” гэдэг сэдвээр илтгэл тавьсан. Дараа нь сурагчид маань манай хөдөлгөөнд нэгдэх хүсэлтэй буйгаа хэлэхэд таатай санагдаж байсан. Хүүхэд бүр дотроо алмаз эрдэнэтэй, бас авьяастай. Зарим нь хичээл номдоо сайн бол нөгөө хэсэг нь спорт аль эсвэл урлагийн авьяастай байх жишээтэй. Зарим хүүхэд түүнийгээ олж, илүү өнгөлж гялалзуулж чаддаг.

-Илтгэлийн үеэр хүүхдүүд ихэвчлэн ямар асуулт асууж, зөвлөгөө авахыг хүсэж байсан бэ?

-Хүүхдүүд “Аав, ээжтэйгээ яаж ойлголцох вэ” гэж их асуудаг. Хүүхдүүд аав, ээжийгээ зурагт үзэж, аль эсвэл ямар нэгэн зүйл хийж байхад нь асуулт асууж ярилцах гэж оролддог. Ийм үедээ ямар ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс ямар нэгэн асуудлаар аав, ээжтэйгээ ярилцаж шийдвэр гаргах гэж байгаа бол тусгайлсан цаг гаргаж, хэн хэн нь анхаарлаа төвлөрүүлж байж ярилцах хэрэгтэй шүү.  

-Бээжин хоттой танилцсан аяллын сэтгэгдлээс сонсъё. Аялал ямар байсан бэ. Монголдоо хэрэгжүүлж болохоор, ямар нэгэн шинэ санаа сэдэл олж харсан уу?

-Манай Улаанбаатар хотын тухайд өсвөр насныхан орж суух, ярилцах газар байдаггүй. Тухтай суух саад ч байхгүй шүү дээ. Харин Бээжинд явж байхад нэг зүйл нүдэнд маань маш тод туссан. “Энд 12-оос дээш насныхан орно” гэсэн бичигтэй өсвөр насныханд зориулсан тусгай саад байсан. Хүүхдүүд өсвөр насан дээрээ дуугаа хураагаад дотогшоо болж, ганцаараа байхыг хүсдэг үе бий. Яг ийм үед нь зөвхөн тэдэнд зориулсан тусгай газар бий болгож өгсөн нь үнэхээр гоё санагдсан.

-Нэгэнт аялал ярьсных, та бүхэн энэ удаад хаашаа аялахаар төлөвлөж байна вэ?

-Хамгийн боломжит газруудыг судалж үзсэн. Энэ удаад Хайнань явах төлөвлөгөөтэй байна. Тухайн газарт хүүхдийн ялангуяа өсвөр насныхны эрхийг маш их дээдэлдэг юм билээ. Гадаад руу аялал зохион байгуулж буйн зорилго бол хүүхдүүдийг гаднын улс орны нийгмийн харилцаанд оруулах, тухайн улс орны соёлоос суралцах, үүх түүхтэй нь танилцах юм. Мөн хэлний мэдлэгээ тодорхой хэмжээнд сайжруулах нэг боломж гэж харж байгаа.

-Ер нь өсвөр насныхан та бүхэнд ямар асуудал түгээмэл тулгардаг вэ. Томчууд юуг ойлгоосой бас сонсоосой гэж хүсэж байна?

-Биднийг сонсох хүн байдаггүй. Дийлэнх аав, ээж өсвөр насны хүүхдээ том болж байгаа гээд анхаарахгүй, орхичихдог. Гэтэл тухайн хүүхэд маш олон зүйлийг зэрэг амжуулах, шийдвэр гаргах насан дээрээ оччихсон байгаа учраас түүнийг сонсож, зөвлөх хүн ус агаар мэт хэрэгтэй байдаг. Нөгөө талаас нь харвал бид ямар нэгэн асуудлаар үзэл бодлоо илэрхийлэхэд томчууд хүүхэд гээд хүлээж авдаггүй. Тиймээс бид хамтарч ярилцах, дуу хоолойгоо нэгтэж шийдвэр гаргах хүмүүст хүргэх нь илүү үр дүнтэй учраас хөдөлгөөний маань утга учир үүнд бас оршиж байгаа юм.

-Та бүхэнд тулгамддаг олон бэрхшээлийн нэг нь аав ээжтэйгээ ойлголцох бол нөгөө талд нь аав ээжүүд өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн яаж ойлголцох вэ гэдэг асуудалтай тулгардаг. Хэн хэн нь учраа олохыг хүсэж буй энэ үед өсвөр насны хүүхдийн үг, үзэл бодол чухал байх болов уу. Чи аав ээжтэйгээ хэрхэн ойлголцож байна вэ?

-Аав ээжүүдийг тухайн асуудалд эхлээд хүлээцтэй хандаасай гэж хүсдэг. Зарим тохиолдолд буулт ч хийж болно шүү дээ.  Яагаад гэвэл, аав ээжүүд маань өсвөр насыг тойроогүй, дайрч  эцэг эх болсон учраас тухайн асуудалд “Миний талаас юу болохгүй байна вэ” гэж хараасай гэж боддог. Дараа нь ярилцаж, зөвлөлдөж байгаарай л гэж хэлмээр байна. Бие биеэ ойлгохын тулд хэн хэнийхээ оронд өөрийгөө тавьж үзэж байгаарай.  Би ч гэсэн аав ээжтэйгээ ийм арга барилаар л  ойлгож ярилцдаг.  Би өөрийгөө ээжийнхээ оронд тавьж ойлгохыг хичээдэг. Харин ээж маань миний оронд өөрийгөө тавьж үзэж, намайг ойлгодог. Ер нь аливаа асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв гарц шийдэл бол ярилцах юм шүү. Ярилцахгүйгээр цаашаа явахад улам л илүү хүнд хэцүү байх болно. Тиймээс хэн хэн нь хамгийн зөв цагт зөөлнөөр ярилцаж зөвлөлдөж зөв шийдвэр гаргахыг хичээгээрэй гэж хэлэх байна.

-Чи “Өсвөрийн парламент”-ын дэд даргаар ажилласан юм билээ. Энэ хөтөлбөрийг сонирхож буй хүүхдүүдэд мэдээллээсээ хуваалцана уу?

-Зөвхөн хичээл номдоо шамдан суралцахаас гадна хөрвөх чадварт суралцах ёстой гэдгийг ойлгосон. Тиймээс үе тэнгийнхэндээ нөлөөлөх, манлайлах зорилгоор “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдсан. УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын холбоо хамтран зохион байгуулсан энэ удаагийн “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр маань “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд  зургаан сарын хугацаанд үргэлжилсэн. Өмнө нь энэ хөтөлбөрт 100 орчим хүүхэд хамрагддаг байсан бол энэ удаад илүү өргөжүүлж IX-XI ангийн 150 хүүхдийг хамруулсан.  Хөтөлбөрт хамрагдах хүсэл сонирхолтой хүүхдүүдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа юм билээ. Энэ нь хүүхдүүд манлайлах чадвараа нэмэгдүүлэх, өөр шинэ зүйлд суралцах хүсэл зорилготой байгаагийн илэрхийлэл болов уу. Тухайн хөтөлбөрт хамрагдахын тулд эхлээд өөрийгөө танилцуулсан мэдээлэл, дараа нь тухайн жилийн сэдвийн хүрээнд эсээ бичихээс гадна мөн видео бичлэг хийж явуулдаг.

-Тухайн хөтөлбөрт хамрагдсанаар юу сурав, ямар мэдлэг мэдээлэл олж авсан бэ?

-Миний хувьд бие даан ажиллах болон удирдан зохион байгуулах чадвар маань сайжирсан гэж бодож байгаа. Мөн манлайлах чадварт суралцсан. Энэ хөтөлбөрт 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн манлайлагч хүүхдүүд хамрагдсан. Бид бие биеэсээ суралцахын зэрэгцээ парламентын ойлголт, мэдлэгтэй болсон. Парламентын боловсрол бидний ирээдүйд хэрэгтэй. Бид сонгуульд оролцож, санал өгөх насандаа ойртож байна. Тиймээс энэ талаарх мэдлэг мэдээлэлтэй байх нь зөв гэж бодож байгаа. Бид үндсэн сэдвийнхээ хүрээнд цахим болон танхим хослуулан суралцахаас гадна аялал, уулзалт хийдэг. Тэр болгоныг даргатайгаа хамтарч удирдан зохион байгуулдаг.

-Удахгүй ерөнхий боловсролын сургуулиа төгсөх гэж байна. Ямар мэргэжилтэй болохоор төлөвлөсөн бэ?

-Хуулийн чиглэл эсвэл урлагийн салбар гэсэн хоёр хувилбар бий. Одоохондоо эцсийн байдлаар шийдээгүй байна. Би аль ч чиглэлээр нь мэргэшсэн надад хүүхдүүдэд ялангуяа өсвөр насынханд чиглэсэн маш их зүйл хийх хүсэл зорилго бий. 

-Яагаад энэ хоёр чиглэлийг сонгосон бэ. Ялангуяа хуулийн чиглэлээр сурах бодолтой байгааг тань тодотгож асуумаар байна?

-Хуулийн чиглэлээр сурах бодол тээж байгаагийн нэг шалтгаан бол өсвөр насны хүүхдүүдийн хүчирхийллийн асуудал. Тэднийг  сонсох, зөвлөх ёстой аав ээж, ах эгч томчууд бие болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж буйд сэтгэл маш  их эмзэглэдэг. Харин урлагийн тухайд гэвэл би зургаан наснаасаа эхлээд загвар өмссөн учраас энэ салбартаа дуртай бас хайртай байдаг юм.

-Зургаан наснаасаа эхэлж загвар өмссөн гэхээр багагүй хугацаа, хүч хөдөлмөр зарцуулжээ. Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт уран бүтээлээсээ хуваалцана уу?

-Манай ээж хүүхдийн байгууллагын хүн. “Бяцхан мисс” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч, захирал. Багын хүсэл мөрөөдөл буюу титэм зүүх, мисс болох эхлэл суурийг ээж маань тавьж өгсөн гэж боддог. Харин одоо би модель тал руугаа  нэлээд анхаарч суралцан улмаар загварын шоунд оролцож хүчээ сорьж байгаа.

-Олон улсын тэмцээн уралдаанд шүүгчээр ажиллахад анзаарч харсан, анхаарлыг тань татсан зүйл байна уу?

-Харилцаа хандлага бол үнэхээр дээд зэрэглэлийн санагддаг.  Хүүхэд үү, гаднын хүн үү, эсвэл олны танил хүн байна уу ямар ч хамаагүй, хэн байхаас үл хамаарч эрх тэгш хандаж, нээлттэй харилцдаг нь маш их таалагддаг. Мөн хичээл сургуулиас гадна хүүхдийн өөр нэг шинэ ертөнцийг нээж, тэднийг урамшуулж хурцалж ажиллаж байгаа учраас улсаас нь тодорхой хэмжээний санхүүжилт өгч дэмждэг юм билээ.

-Гаднын хэдэн хэлээр харилцаж чадах вэ?

-Англи болон солонгос хэл. Цаашид герман хэл сурахаар төлөвлөж байна.

-Сургуульдаа явахаас гадна энэ олон ажлыг яаж амжуулж байна вэ. Үеийнх нь хүүхдүүд туршлагаас тань хуваалцахыг хүсэж байж магадгүй?

-Би өмнө нь ганцхан зүйлийг хийчихээд түүндээ сэтгэл ханаж, ядарч байна гэдэг ч юм уу ямар нэгэн шалтаг тоочоод залхуурдаг байсан. Харин одоо илүү их суралцаж,  хөрвөх чадвартай болох ёстой гэдгийг ойлгосон. Мэдээж ямар нэгэн шинэ зүйл хийхэд эхлэл хэцүү байдаг. Гэхдээ би тухайн хийх гэж буй зүйлээ хүнд хэцүү гэж огт боддоггүй. Үүнийг хийж сурвал би дахиад нэг шинэ зүйл хийж чаддаг болно, дахиад нэг шат ахина гэдэг өнцгөөс харж ханддаг. Би ер нь ээжээсээ маш их зүйлийг сурдаг. Манай ээж бол цагийн төгс менежменттэй хүн. Энэ завшааныг ашиглаад аав, ээждээ маш их хайртай шүү, баярлалаа гэж хэлье. Мөн “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан багт болон намайг үргэлж хурцалж, тусалж дэмждэг бүх хүнд баярлалаа.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №25/24604/

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22