Жил, жилийн наадам нар хур нь тэгширч болдог. “Хойтон жилийн наадам хол байна даа” гэж санаашрах ч нэг л мэдэхэд хүлэг морьдын төвөргөөн хөндий талд цуурайтаж, хөвчит мэргэн харваачдын уухайн дуу хадаж, хүчит бөхчүүдийн дэвэлт асрын орой шүргэн алдаад, үлгэр домгийн мэт өдрүүд үүднээс хоймор өөд өгсөж байдаг.
Наадам дөхөөд ирэхээр “Энэ жилийн наадамд хэний морь түрүүлж, хэн гэдэг бөх урамтай сайхан барилдах бол” гэх таамаг монгол эр хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд болдог. Энэ жилийн наадам сайхан болно оо. Хатуу өвлийг үзүүлсэн хангай дэлхий дэлэгнэж ургамал бүхэн дэлгэрч зуншлага сайхан байна. Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадам эхлэхэд зургаахан хоног үлджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дөрвөн бөх шинэ цол авч, нэг бөх чимэг нэмсэн. Цол чимэг нэмсэн бөхчүүдийн эрэмбэ дээшилж зарим бөхийн эрэмбэд өөрчлөлт орлоо. Допингийн асуудлаас үүдэн М.Бадарч цолоо хураалгасан тул улсын аварга О.Хангай найм давсан амжилттай болж “Үлэмж бадрах” чимэг авлаа. Чимэгтэй аварга маань улсын аварга С.Мөнхбатын дээр эрэмбэлэгдэж ам авах болов. Улсын харцага цолноос шууд арслан болсон Ц.Бямба-Отгон Д.Азжаргал, Р.Пүрэвдагва арслангуудын дээр бичигдэнэ. Д.Азжаргал, Р.Пүрэвдагва нар начин цолноос шууд арслан болсон юм. Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн Н.Батсууриас допинг илэрч амжилтыг нь хүчингүй болгож байсан түүх энэ жил давтагдлаа. Тухайн жил харцага цолтой байсан М.Бадарчийг найм давсанд тооцож гарди цол нөхөн олгож байв. Сонирхотой тохиолдол. Монгол үндэсний бөхөд шинэ үе ирснийг харуулж, 2000-аад оны бөхчүүдийн манлай болж улсын харцага С.Сүхбат заан цолонд хүрлээ. Сонирхуулахад залуу заан С.Сүхбатыг “Том” хэмээх П.Сүхбат гарьд эх барьж авсан гэнэ. Улсын харцага Сүхбаатар үүнд нь бэлгэшээж домогт гардийн нэрээр хүүгээ нэрлэжээ.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын өсөх идэр начин Э.Даш найман жилийн дараа цолоо ахиулж, харцага болов. Түүний хувьд улсын начнаас харцага цолд хүрсэн учир өнөө цагт идэвхтэй барилдаж буй Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, Т.Бэгзсүрэн, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр, Г.Ганхуяг нарын дээр бичигдэнэ. Зургаан харцага аймгийн цолноос шууд харцага болсон.
Харин Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын начин цолны үнэмлэх, тэмдгийг гардан авснаар хамгийн отгон улсын цолтой бөх болж байгаа юм. Тэрбээр “Энэ жил 37-ны жил орж 26 жил хөдөлмөрлөсөн ажлынхаа үр дүнг үзэж улсын цолд хүрлээ” гэж хэвлэлд өгсөн ярилцлагдаа дурджээ.
Монголын үндэсний бөхийн холбооноос 2023-2024 оны улирлын нээлтийн барилдааныг 2023 оны есдүгээр сарын 10-нд зохион байгуулсан байдаг. Харин 2024 оны зургадугаар сарын 9-нд хаалтаа хийсэн. Энэ хооронд улсын цолтнууд оролцсон болон аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн нийт 115 удаагийн барилдаан зохион байгуулжээ. Үүнээс “Алтан цом” цуврал, “Бест буйдан” компани зохион байгуулсан энтертайнмент барилдаан, бөхийн өргөөнд зохион байгуулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн 25 бөх байгаагийн дөрөв нь улсын цолгүй бөх байна.
Улс, аймгийн цолтнууд оролцсон барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай есөн удаа түрүүлж, нэг үзүүрлэн, хоёр удаа их шөвөгт үлдсэн амжилтаараа бөхчүүдийг манлайлж байна. Удаахад нь Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий найм түрүүлж, гурав үзүүрлэн, нэг удаа их шөвөгт үлдсэн амжилтаараа оров. Энэ жилийн улсын их баяр наадамд амжилтаараа хол тасархай байгаа дээрх хоёр бөх үзүүр түрүүнд зогсож байхыг үгүйсгэх аргагүй.
Түүнчлэн эдгээр барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Д.Анар, үнэн зоригт харцага Б.Зоригбаатар, Н.Золбоо, харцага Г.Бадрах, шинэхэн арслан Ц.Бямба-Отгон, начин Б.Түмэндэмбэрэл, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар тус бүр хоёр түрүүлжээ. Улсын цолтой эдгээр бөх энэ жилийн наадмын торгон ногоон дэвжээн дээр эр бяраа үзэж наадамчин түмнээ өндөлзүүлэх нь лавтай. Ир бяр нь тэгширсэн идэр залуу цолтнууд үүгээр дуусахгүй. Хэдийгээр заал, танхимын барилдаанд амжилт үзүүлээгүй ч наадмын өмтэй, үзэгчдийн хайртай хүчтэнүүд бий. Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, улсын заан Б.Серик, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан нар Ш.Гүрбазарын хэлсэнчлэн “Еэвэн хээтэй шуудгаа зууван болтол дугтралцана”.
Эдгээр нас залуу, цус шингэн залуус бүгд үзүүр түрүү, үгүйдээ цолоо ахиулах бөхчүүдийн тааварт нэр нь дурдагдаж байгаа юм. Харахад бүдүүн хадуун ч гэлээ ганцхан бяр тэнхээгээр ааглаж барилддаг гэж андуурах хэрэггүй. Бяр, ухаан тэгширч байж барилдаан гарах нь баараггүй. Монгол үндэсний бөх тааварлашгүй болсон гэдгийг аймгийн арслан цолтойдоо түрүүлж байсан улсын аварга П.Бүрэнтөгсийн барилдаан нотолж байлаа. Энэ жилийн наадамд амжилт үзүүлэх аймаг цэргийн цолтой бөхчүүдийг Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр өнгөлж байна. Тэрбээр улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд хоёр түрүүлж, нэг үзүүрлэн, таван удаа их шөвөгт үлдсэн амжилтаар бусад аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс хол тасархай амжилттай яваа. Улсын цолтнууд оролцсон барилдаанд аймгийн цолтой дөрөвхөн бөх түрүүлсний нэг нь аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр. Энэ жагсаалтад түүнтэй хамт бичигдсэн, үлдсэн гурван бөх болох аймгийн арслан Д.Алтанцоож, Б.Ганбаяр, улсын аварга Д.Хадбаатарын хүү аймгийн начин Н.Мягмарсүрэн нар ч энэ жил улсын цолд хүрэх бөхчүүдийн тоонд зүй ёсоор багтана.
Түрүү бөхийн тааварт улсын аварга О.Хангай, заан Б.Бат-Өлзий нар хамгийн өндөр магадлалтай гэж дээр дурдсан. Даян аварга Н.Батсуурийг наадмын өнтэй бөх гэдэг. Түүнийг үзүүр түрүүнд зогсож байхыг хэн үгүйсгэх билээ. Дээрх гурван бөхийн араас улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатарын нэр яригдаж буй. Бөх сонирхогчдын дунд “Цахилгаан” алдрыг хүртсэн тэрбээр хонгодож хөмрөх мэхийг хурдтай хийхээс гадна хэний ч санаанд оромгүй мэхээр учраа бөхөө өвдөг шороодуулдаг нэгэн. Бие жижиг ч бэлчээр томтой үнэн зоригт маань бярдуулдаггүй онцлогтой.
Наадмын дэвжээнд биеэ барих гээд байдаг гэж бөх сонирхогчид дүгнэдэг ч энэ жилийн наадамд цолоо баараггүй ахиулна гэж чих тавин суугаа сурагтай. Ямартаа ч цолоо ахиулж, заан болох магадлал өндөр бөгөөд цаашаа хэрхэхийг түүний бие болон сэтгэл зүйн бэлтгэл харуулах биз. Бэртлийн улмаас бөхийн өргөөнд бараг гараагүй улсын арслан Б.Орхонбаяр тааварт зүй ёсоор багтана. Хамгийн залуу арслан болж байсан түүнийг бөх сонирхогч бүсгүйчүүд дээлийнх нь захыг мушгина. Үзэгчид шинэхэн арслан Ц.Бямба-Отгоноос ихийг хүлээж байх магадлалтай. Төрийн есөн хөлт цагаан тугийг долоо тойрох бөхчүүдээр улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатараас гадна улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Сэлэнгэ аймгийн Булган сумын харьяат улсын начин Д.Амарсайхан, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат тэргүүтэй 10-аад бөхийг нэрлэж байгаа юм. Улсын их баяр цэнгэл наадмын торгон ногоон дэвжээ бөхчүүдэд ээл, ивээлээ хайрлах ч бие болоод сэтгэлзүйн бэлтгэл сул нэгнийг ширүүн гилэм хивс шиг шударч, зүлгээд л орхино. Даваа бүрд бүтэн жил бэлтгэл сургуулилалтдаа цаг зав, хүсэл тэмүүлэл, итгэл найдвараа шингээн хөдөлмөрлөсөн, зодог шуудгандаа чихэлдэж ядсан бөхчүүд учраагаа тэсэн ядан хүлээж буй.
Улсын цолны босго тийм ч амархан давчихдаг эд биш байх. Начингуудын зүрхэнд шар ус хуруулах улсын цолд ойрхон аймаг, цэргийн 10 гаруй цолтон архайж, дархайгаад зогсож байгаа. Аймгийн хурц арслан М.Еркебулан, У.Береке, Н.Өсөхбаяр, Э.Мөнхбаатар, О.Наранбаатар нар тэргүүн эгнээнд дурдагдана. Аймгийн арслан Н.Амгаланбаатар, Д.Алтанцоож, М.Баяржавхлан, Б.Ганбаяр, цэргийн заан Ө.Батсуурь, аймгийн заан С.Доржпалам, Н.Баянсүх гээд дээшээ их, бага шөвөгт зогсож байж ч мэдэх залуус бий. Энэ жил 512 бөх зодоглоно. Монгол түмний бахархал баяр цэнгэл наадам айсуй.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24604/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна