Б.Цэрэндэжид: Амжилт ойрхон байгааг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод мэдлээ


Нэгдсэн улсаас ковбойчуудын өлгий нутаг болон дэлхийн олон оронд танигдсан Техас мужид баяр наадмын өмнөхөн пауэрлифтингийн спортын шилдгүүд чууллаа. Хэвтээ шахалтын төрлийн бүх дэлхийн аваргыг тодруулах энэхүү тэмцээнд Монголоос цөөнгүй тамирчин оролцож төрийн далбаагаа мандуулаад ирсэн юм. Нас насны тамирчдаас онцлон энэ дугаартаа Б.Цэрэндэжидийг урьж ярилцлаа. Түүний олон улсын анхны тэмцээн Америкт болсон нь дэлхийн тамирчдаас туршлага судлах боломжийг олгожээ. Бас арван хэдхэн насандаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалиас атгаад алдсан гэж бодохоор түүнд ямар их нөөц бололцоо байгаа нь харагдах биз ээ. Энэ цагаас хойш Б.Цэрэндэжидийг дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин гэж дуудна. Тэрбээр пауэрлифтингийн хэрэглэлгүй төрлөөр Монгол Улсын дээд амжилтыг эзэмшиж байна.

 

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Олон улсын анхны тэмцээндээ амжилттай оролцоод их туршлага хуримтлуулав уу?

-Миний хувьд өөрт байгаа нөөц бололцоог мэдэх боломж олгосон тэмцээн боллоо. Тэмцээнд оролцохоос эхлээд медалийн тавцанд зогсох хүртэл их зүйл харж, сурлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Техас мужид болсон. Олон улсын анхны тэмцээн учраас эртээс бэлдэж, бэлтгэл сургуулилалтаа базаасан. Тавдугаар сар шувтарч тэмцээн эхлэх дөхөхөд миний виз шийдэгдэхгүй нэлээд хугацаа зарцуулсан. Азаар тэмцээн эхлэхээс хоёр хоногийн өмнө виз гарч санд мэнд тэмцээндээ амжиж оролцоод ирлээ. Улаанбаатараас тавдугаар сарын 30-нд нисэж зургадугаар сарын 1 буюу тэмцээн болох өдрөө зорьсон газартаа хүрч санаа амарсан.

-Тасралтгүй хэдэн цаг нисэж, амралтгүйгээр тэмцээнээ эхлүүлжээ?

-Тэгсэн. Гэхдээ эхнээсээ зорьсон, зориглосон учраас шантарч ухраагүй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд заавал оролцоно гэсэн сэтгэлээр урагшилсан. Тэмцээн эхлэхээс өмнө хоёр цаг унтаж сэргэхийг хичээсэн ч санаа зовоосон асуудал тулгарсан учраас төвлөрөхөд бэрх байлаа. Анх удаа ганцаараа гаднын орон руу явсан учраас мэдэхгүй, будилах зүйл багагүй тохиолдсон. Онгоцноос буугаад ачаагаа алга болгочихсон. Миний хүч сорих тэмцээнд оролцоход пауэрлифтингийн хэрэглэл шаардах учраас ачаа зайлшгүй шаардлагатай байсан юм.

-Тэмцээний өмнө ачаагаа олж чадсан уу?

-Чадаагүй. Тэмцээнд хүний цамц өмсөж оролцсон. Дасгалжуулагчгүй, ачаагаа алга болгоод эхний оролтдоо төвлөрч чадаагүй. Тиймээс хэсэг хугацаанд өөрийгөө зоригжуулж, төвлөрөх гэж хичээсэн нь үр дүнгээ өгсөн. Тэмцээний үеэр нэлээд дээгүүр яваагаа мэдэж улам их мэрийх шаардлагатайгаа ойлгосон. Би дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  өсвөр насны ангиллын охидын 76 кг-ын жинд өрсөлдсөн. Миний жингийн тамирчдаас зохион байгуулагч орны оролцогч бусдаас илүү, өөртөө итгэлтэй байгааг харсан. Тиймээс түүнийг ажиглаж, өргөх жингийнхээ захиалгыг өгч байлаа. Чадна гэж бодсон учраас айж бэргээгүй нэлээд  явсан. Харин сүүлийн мөчид бэртэл авахаас эмээсэн учраас мөнгөн медаль дээр буулаа.

-Эхнээсээ эрчтэй явж байгаад яагаад эмээх болов?

-Өөрт таараагүй, хүний хувцастай тэмцээнд оролцох эрсдэлтэй. Бэртэл авах аюултай учраас дараа дараагийн тэмцээнд оролцохоо бодож тэмцээнээ өндөрлүүлсэн. Хэдийгээр төрийн дууллаа эгшиглүүлж чадаагүй ч мөнгөн медалийг их үнэ цэнээр авсан болохоор чамлах сэтгэл төрөөгүй. Ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж олдвол амжилт ойрхон байгааг мэдээд ирсэндээ баяртай байна.

-Америкаас ирээд удаагүй пауэрлифтингийн хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Зорьсон амжилтаа гаргаж чадсан уу?

-Хэвтээ шахалтаар улсынхаа дээд амжилтыг шинэчилнэ гэж зорьсон ч чадалгүй тэмцээнээ өндөрлүүллээ. Одоо спортоо түр хойш тавьж элсэлтийн шалгалт, мэргэжил сонголтдоо анхаарал хандуулъя гэж бодож байна. Эртээс Дотоод хэргийн их сургуульд элсэж орохоор төлөвлөсөн. Тэнд сурахын тулд элсэлтийн шалгалтаа сайн өгөх ёстой. Өнгөрсөн хугацаанд бэлтгэлээ хийхийн хажуугаар хичээл номоо ч хойш тавилгүй явсан. Анх спортоор хичээллэхэд аав ээж маань энэ талаар их анхаарсан учраас өдий хүртэл хичээж ирсэн.

-Хүчний спортын хүн болох өгөгдөл танд байжээ. Гэр бүлийнхэнд нь тамирчин, спортын хүн бий юү?

-Спортоор хичээллэдэг хүн байхгүй. Харин бяр, тамиртай хүн олон бий шүү. Манайхан ер нь тэнхээтэй хүмүүс. Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул. Аав ээж хоёр маань одоо нутагтаа ажиллаж, амьдардаг. Аав их бяртай. Эмээ маань ч их чадалтай хүн байсныг хожим надад ярьж өгсөн. Тэднээс л миний хүч тамир улбаатай байх. Бас хэр баргийн зүйлд шантардаггүй зан чанарыг аав ээжээсээ өвлөсөн гэж боддог. Спортын хувьд анх чөлөөт бөхөөр хичээллэсэн. Гурван жил хичээллээд пауэрлифтингийн спортыг сонирхох болсон юм. Чөлөөтөөр барилдаж байхдаа дотоод, гадаадын тэмцээнд оролцож медалийн тавцанд зогссон. Улсын аваргын мөнгө, хошой хүрэл медальтай.

-Амжилттай явсан спортоо орхиж пауэрлифтингээр яагаад хичээллэх болсныг асуумаар санагдлаа?

-Чөлөөт бөхөө бүр орхиогүй. Өөрийгөө өөр зүйлд сориод үзье л гэж бодсон хэрэг. Би пауэрлифтингээр гурав дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд шантрах зүйл багагүй тохиолдсон. Гэхдээ зорилго тавьсан учраас түүндээ хүрэх гэж маш их хичээсэн. Миний дэргэд намайг дэмждэг гэр бүл, найз нөхөд, багш дасгалжуулагч байсан учраас хүссэн зорилгодоо хүрэх алхмуудаа амжилттай хийгээд явж байна. Ялангуяа аав ээж маань намайг маш их дэмжсэн болохоор сэтгэл зүйн хувьд дэмтэй байлаа.

-Хүн алхам алхмаар урагшилж амжилтад хүрдэг. Их хөдөлмөрлөсний дүнд өнөөдрийг бүтээсэн байх гэж бодож байна?

-Тийм шүү. Пауэрлифтингээр хичээллэнэ гэж зориглохдоо анх 20 кг-ыг ч өргөж чаддаггүй байлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд алхам алхмаар урагшилж одоо 100 гаруй килограммыг ажралгүй өргөдөг болоод байна. Энэ амжилтаа цаашид үргэлжлүүлж дэлхийн чансаатай тамирчидтай эн зэрэгцэх амжилтын эзэн болох зорилготой. 

-“Багшийн эрдэм шавьд” гэдэг. Их спортод хөтлөн оруулсан багшийгаа танилцуулаач?

-Миний анхны багшийг Нямгэрэл гэдэг. Энэ хүн намайг чөлөөт бөхийн спорттой танилцуулж байсан. Харин пауэрлифтингийн багш Амартүвшин Хөвсгөл аймгийн “Нэмэн” клубийг удирдан явуулдаг. Хоёр багшийнхаа ач буянаар би өдий зэрэгтэй явна. Мөн намайг үргэлж дэмждэг аав ээжийн буян заяа түшиж дэлхийд данстай тамирчин болж чадсандаа баяртай байна.

-Хүн хийж байгаа зүйлдээ дурлаж амжилтад хүрдэг. Танд пауэрлифтингийн спортын юу нь гоё санагддаг вэ?

-Бүх зүйл нь. Бэлтгэлийн заал руугаа ороход л цаанаасаа сайхан мэдрэмж төрдөг. Яг л миний байх ёстой газар юм шиг санагдаж бэлтгэлээ чамбай хийхийг хичээдэг дээ. Заал руугаа ороход яг л амар амгалан газарт ирсэн мэт мэдрэмж төрж аз жаргалтай болдог юм.

-Сая өөрийгөө сориод үзлээ. Дараагийн зорилгоо тодорхойлсон уу?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцоод түрүүлнэ гэсэн зорилго тавьсан. Дараа жил тэмцээндээ оролцохдоо залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд орно. Би тэмцээнд оролцох зардлаа өөрөө зохицуулдаг. Сая оролцсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зардлыг аав ээжээсээ авсан. Хэрвээ тив, дэлхийн чанартай тэмцээнд оролцоход зардал мөнгийг зохицуулаад  өгдөг бол илүү олон тэмцээнд оролцож эх орныхоо нэрийг гаргахсан...

 

Ярилцлага энд хүрээд өндөрлөлөө. Б.Цэрэндэжид Спортын төв ордныг зорин одов. Хөрөнгө мөнгөөр дэм болдог байгууллага, харьяалагддаг газаргүй ч зоригоороо урагшлан Монголоос төрсөн дэлхийн аварга болох хүслээр жигүүрлэн явна. Тэр пауэрлифтингийн хэвтээ шахалтын охидын ангилалд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин болсон. Тэгэхдээ цээжнээс 100 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртэж үеийн охидоосоо илүү гэдгээ харуулж чадсан юм.  

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24605/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22