Монгол хэмээх нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай

unen
8 цагийн өмнө

“Монгол хэмээх нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай” хэмээн их Д.Нацагдорж долдугаар сарын энэ л өдрүүдэд уулга алдсан болов уу хэмээн би таамаглана. Дэлхийд хоёронтоо хэт их гүрэн байгуулж явсан өвөг дээдсийн хойчис өв соёл, түүх язгуураараа бахдан бахархаж, баясан цэнгэдэг баяр наадам долдугаар сарын нар, хур тэгширсэн өдрүүдэд дуулиан, шуугиан ихтэй болоод өнгөрлөө.  Жил, жилийн наадам өмнөхөөсөө өргөн дэлгэр, өрнүүн хүүрнэлтэй, өнгө тунамал болох ажгуу. Наадмын гоёлыг тодорхойлдог гэж хэлж болохуйц “Дээлтэй монгол” өдөрлөгийн үйл ажиллагаа наадмын албан бус нээлт болдог гэхэд болно. 

Дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатны энэ өдөрлөг жилээс жилд өргөжин дэлгэрч, таван монгол нэгдэн цэнгэдэг болсон нь бэлгэшээлтэй. Буриад, Халимаг, Хөх нуурын монголчуудаас гадна Өвөрмонголын олон аймаг хошуунаас энэ өдөрлөгийг зорин ирдэг болжээ. “Дээлтэй монгол” өдөрлөгөөс нийгмийн сүлжээнд жил бүр нэг оролцогчийг онцлон нэрлэдэг болсон нь өдөрлөгийн цараа, нэр хүндийг өргөх болсон юм.  Наадмын албан ёсны нээлт долдугаар сарын 11-нд Монгол төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулснаар эхэлдэг. Энэ жилийн наадмын нээлтийн тоглолтыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал дэглэн толилуулсан юм. 

Наадмын нээлт, хаалтын тоглолтыг цогцоор нь “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” нэртэй дуут жүжиг хэлбэрээр дэглэн найруулсан нь маш сонирхолтой байлаа. Энэхүү дуут жүжигчилсэн тоглолтоор археологийн олдворуудаас эхлэн өв соёлоо сурталчлан таниулах, төрийн их хайрхнуудаа магтан дуулах, бий бийлэхээс эхлэн үндэсний бүхнээ тодотгон харууллаа.  Баяр наадмын гол үзүүлбэрүүд бол мэдээж эрийн гурван наадам. Жил бүрийн наадам хойтон жилийн наадам хүртэл хонон өнжин ярих сонинтой болдог. Аль аймгийн хэний морь түрүүлж, аль галын хүчтэн иртэй бяртай байсныг, аль нутгийн харваач цэц мэргэнээрээ цойлсныг сум сунгаж, аймаг алгасаж ярьсаар ардын дунд домог болон хоцордог билээ.

 

Бөхийн барилдаан


 Энэ жилийн хүчит бөхийн барилдаан тэгш ой тохиогоогүй тул улс аймаг, цэргийн цолтой 512 бөх хүч чадлаа сорьж, уран мэхийг уралдуулан, ухаан бодлыг цэнгүүлэн зодоглолоо. Ойрын уулсыг өндөлзүүлсэн, олны уухай нүргэлсэн, үзсэн нэгэн үе дамжин хуучлах онцлох барилдаан ихтэй наадам болох шив. Таван аварга зодоглосон наадам тун ховорхон тохиодог байлаа. 

Энэ жил наадмын өмнөхөн Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан дархан аварга Г.Өсөхбаяр, даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр О.Хангай нарын таван аварга зодоглосон онцгой жил байлаа. Ийм онцгой наадамд даян аварга Н.Батсуурь хоёр дахиа түрүүлж байгаа аж. Одоогоос яг 10 жилийн өмнө 2014 оны улсын баяр наадамд таван аварга зодоглоход Н.Батсуурь түрүүлж байв. Шинэхэн дархан аваргын барилдаан нэгийн даваанаас эхлээд шийдсэн мэхтэй, шудраад л өнгөрье гэсэн зорилготой юм уу гэж харахаар байв. Харьж яваа аваргын хувьд ийм шийдсэн барилдаанууд түүнийг нэг бол дархан аварга цолонд хүргэж, нэг бол доогуур даваанд бүдрүүлж мэдэхээр. Түүний ам авах, учраа бөхтэйгөө хийх барилдаанууд тэр чигээрээ тактик. Тавын даваанд улсын аварга Г.Эрхэмбаярыг амлан авсан нь ч цэвэр тактикийн барилдаан байлаа. 

Мөн хоёрын даваанд улсын арслан Р.Пүрэвдагва Увс аймгийн Түргэн сумын харьяат аймгийн начин Г.Цоггэрэлд өвдөг шороодсон нь наадамчин олны тааврыг будилуулж орхив. Их шөвөгт зогсож байх бөхчүүдийн дунд түүний нэр баараггүй байдаг. Харин дөрвийн даваанд улсын арслан Ц.Содномдорж аймгийн арслан М.Эрхэмбаяр нарын барилдаан хоёр цаг үргэлжилсний эцэст хөлийн цэцийн шийдвэрээр М.Эрхэмбаяр давсан юм. Өнгөрсөн жилийн баяр наадмаар улсын арслан Ц.Содномдорж мөн л дүрмийн дагуу тахимаа өгч байсан нь давтагдах мэт. Мөн улсын заан Б.Пүрэвсайхан тавын даваанд аймгийн арслан М.Буяндэлгэрийг өвдөг шороодуулсан боловч бэртэл авсан харамсалтай үйл явдал боллоо. Түүнийг зургаагийн даваанд даян аварга Н.Батсуурь амлан авсан боловч бэртлийн улмаас барилдаагүй юм.

 

Увс, Сэлэнгэ  аймгийн бөхчүүд үзүүр, түрүү булаалдахаар тунан үлдэв 

Есийн даваанд даян аварга Н.Батсуурь улсын арслан Б.Орхонбаяртай 57 минут барилдсан нь наадамчин олны анхаарлыг хамгийн их татсан барилдаанаар нэрлэгдэх нь зүй. Даян аварга залуу арслангийн ирийг дарж арга ухаан, ур чадвар, авьяас мэдрэмжээ хурцлан барилдав. 

Олонх бөх сонирхогчид түүнийг учраа бөхийнхөө хийг алдалгүй хардаг арга техникийг нь анзаарсан байлгүй. Аварга цолны болзол атгаад авахад ойрхон харагдаж байгаа залуу арслан ёстой л арслан шиг ноцож дайрсаар хий зай гаргав уу гэж анзаарсан. Ийнхүү Монгол орны баруун хязгаар Увсын цэнхэр нутгаас үндэсний бөхийн ноён оргил дархан аварга төрөв. Энэ жилийн наадмаас аймгийн арслан Д.Төрболд, Э.Мөнхжаргал, Т.Довчинсэмбээ, Г.Дармаажанцан, Л.Энхсаруул, М.Амарсанаа нар улсын цолтны өндөр босгыг давж начин цол хүртсэн бол аймгийн арслан Т.Сайханжаргал, улсын начин Э.Ууганбаяр улсын харцага цолны болзол хангав. 

Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын начин Д.Хүдэрбулга зааны болзол хангасан нь бөх сонирхогчдын таавар зөв байсныг гэрчилнэ. Ардын хувьсгалын 103 жилийн түүхэнд төрсөн 10 дахь дархан аварга, 53 жилийн дараа Төв цэнгэлдэхэд түрүүлж, дэвжээ дүүргэн дэвсэн даяар дуурсах наадам боллоо.

 

Хурдан морь 

Эрийн гурван наадмын нэгэн төрөл шандаст хүлгүүдийн уралдаан. Намхан чийрэг морьдынхоо хүчээр дэлхийн дайдыг хэжиж, наран ургахаас жаргах хүртэл их гүрнийг байгуулсан өвөг дээдсийн хойч билээ. Морин дэл дээр бие чангарч хүн болдог морьтон түмний их баяр цэнгэл наадмыг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Монголчуудын дунд шандаст хүлгийн хурд нь зүүн талдаа, иртэй бяртай эрчүүд нь баруун талдаа төрдөг гэсэн яриа байдаг. Гэтэл сүүлийн жилүүдийн хурдан морины айргийн таван морьдын цувааг харж суухад тийм биш болж байгаа нь мэдэгдэнэ. 

Наадмын эхний өдөр хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болоход зүүн бүсээс ганцхан үрээ айрагдаж, баруун хязгаар, төвийн аймгийн морьд цуваанд бичигджээ. Үүнээс харахад адууны хурд нутаг бүсээр хязгаарлагдахгүй болсныг гэрчилнэ. Адуун сүргийн манлай болсон хурдан азарганы уралдаанд аман хүзүүдсэн У.Тодбаярын хээр азарга нас хүрээгүй гэдэг шалтгаанаар хасагдсан нь айргийн морьдын цуваанд өөрчлөлт оруулав.

 Ингэснээр зургаад хурдалсан тод манлай уяач Т.Ууганбаярын хүрэн азарга нэг байр урагшилж айргийн тавд бичигдлээ. Мөн дааганы уралдаанд түрүүлж ирсэн хүүхэдгүй даагыг баяр наадмын тухай хуулийн дагуу ухрааж зургаад, айргийн дөрөвт хүүхэдгүй хурдалсан даагыг есдүгээр байрт ухрааж шийдвэрлэсэн юм.


 Сур 


Үндэсний их баяр наадмын сурын харваанд аймаг, нийслэлийн нийт 686 харваач Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд цэц мэргэнээ сорилоо. Эмэгтэй харваачдаас Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам 40 сумнаас 38 онож гурав дахь удаагаа түрүү харваачаар тодорч, даяар дуурсах мэргэн цол хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн төрөлд Баян-Өлгий аймгийн харьяат, улсын гоц харваач Н.Алтансүх 40 сумнаас 37 сум оносон амжилтаар төрийн наадамд түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртэв.

Урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, спортын мастер, аймгийн мэргэн Т.Галхүү 24 оноогоор түрүүлж, улсын мэргэн цолын болзол хангалаа. Түүнийг "Toyota Aqua" загварын машинаар мялаасан юм. Буриад сур харваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Апу хувьцаат компани, "Хасбуу" сурын холбооны харваач, спортын мастер Б.Зоригтбаатар 64 сумнаас 63 онож, түрүүллээ. Эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Г.Эрдэнэтуул түрүүлж, буриад сурын улсын мэргэн болов.


 Шагай 


Үндэсний их баяр наадмын шагайн харваанд нийт 97 багийн 776 харваач цэц, мэргэнээ сорин өрсөлдлөө. Үүнээс Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Архангай аймаг, АПУ ХК, “Алдар” спорт хорооны баг тэргүүн байрт, аймгийн гоц мэргэн Д.Билгүүн ахлагчтай Сүхбаатар аймаг, “Алтан арвай” ХХК-ийн баг удаалсан бол Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн “Номт даншиг хеттрик” группийн баг гутгаар байр эзэллээ.

Ийнхүү монгол түмний их баяр цэнгэл наадам өндөрлөв. Морь цоллооч хүүгийн цовоо цолгин дуу Төв цэнгэлдэхээс цуурайтаж, айрагдсан морио харсан гүжирмэг эрийн хоолой зангирч, хүүхдээ гээсэн хүлгээ замаас нь барьж өөрөө унаж түрүүлсэн дуулиантай, ахыгаа түрүүлэхэд баясан гүйсэн дүүгийн хөөр бахдалтай наадам сайхан боллоо. Хойтон жилийн наадам хол байна даа.

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24605/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 7 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 7 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 9 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 9 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 9 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө