С.Удвал:Үйлийн үрийг хэн ч тойрч гарч чадахгүй


Дэлхийн зах зээлд гарч буй монгол кино бүтээгчид түүхэн сэдвээсээ хальж олон улсад өргөн тархсан аймшгийн жанраар хүч үзэхээр гэрээгээ үзэглэлээ. Олон улсын хамтарсан төслөөр бүтсэн ийм нэгэн бүтээл “Үхлийн тойрог” уран сайхны кино бөгөөд нээлтээ хийснээс хойш хамгийн олон үзэгчид хүрснээрээ амжилт тогтоогоод байна. Дэлхийн стандартад нийцсэнээрээ бусад бүтээлүүдтэй дүйх энэхүү киноны багт Монгол, Тайландын алдартай эрхмүүд багтаж, тэдний зарим нь аймшгийн жанрын кинонд анхлан гол дүр бүтээснээрээ ялгарна. Монголын уран бүтээлчдээс энэ удаа жүжигчин С.Удвалыг онцлон ярилцлаа. Мэргэжлийн сургуулиа төгссөнөөс хойш дэлгэцийн бүтээлд авьяас чадвараа сорьж байгаа эрхэм жүжигчин маань моринд гарамгай нэгэн. Өмнөд Солонгост морин циркийн үзүүлбэрийн багт харьяалагдаж явсан нь өдгөө түүний жүжигчний карьерын давуу талуудын нэг болжээ.  

 

-Хамгийн түрүүнд танаас хэрхэн “Үхлийн тойрог”-т орсныг асууя?

-“Dream” энтертайнментын захирал, “Үхлийн тойрог” уран сайхны киноны найруулагч Ц.Цэрэндорж ахтай “Агула” төслийн хүрээнд хамтран ажиллаж байсан юм. Хэсэг хугацаанд хамтран ажилласан нь найруулагчид миний талаарх ойлголтыг бий болгосон юм болов уу. “Үхлийн тойрог” уран сайхны киноны дүрийн сонгон шалгаруулалтад оролцоход тэнцэж олон улсын хамтарсан багийн нэг гишүүн нь болсон. Тэр үеэс Монголын төдийгүй Тайландын уран бүтээлчидтэй ажиллаж залуу уран бүтээлчийн хувьд их зүйл сурлаа. Энэ киноноос өмнө дэлгэцийн хэд хэдэн бүтээлд тоглосон. Гэхдээ л “Үхлийн тойрог” кино шиг сандруулж, догдлуулж, баярлуулсан нь цөөн байв.

Бидний оролцон тоглосон кино нээлтээ хийснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд кино шүүмжлэгч төдийгүй үзэгчдээс магтаал зэмлэлийг хамтад нь сонсож байна. “Үхлийн тойрог”-т би Жаргал нэртэй охины дүрийг бүтээсэн. Охины гэр бүлд ойлгомжгүй үйл явдал тохиолдож, ганц ах нь амиа алдах эрсдэлтэй болдог. Тиймээс Жаргал амьдралынх нь түшиг тулгуур болсон ганц ахыгаа эрүүл саруул авч үлдэхийн тулд тэмцэж эхэлснээр киноны үйл явдал өрнөнө.

-Дүрээ бүтээхийн тулд ойролцоо жанрын кинонуудыг үзэх шаардлагатай болсон байх. Ер нь та аймшгийн жанрын кино үздэг үү?

-Бүх төрлийн кинонуудыг үзэх дуртай. Тэр дундаа аймшгийн кино үзэх сонирхолтой санагддаг. Айлгаж түгшээх мэдрэмжийг үзэгчдэд төрүүлэх амар биш. Мэдээж дуу хөгжим, гэрэл сүүдэр, нүүр хувиргалт, орчин нөхцөл нөлөөлнө. Гэхдээ жүжигчний уран чадварыг гаргаж бүх биеийн хэлэмжээрээ бусдын сэтгэл зүйд хүртэл нөлөөлнө гэдэг амаргүй ажил. Энэ утгаараа аймшгийн төрлийн кино миний сонирхлыг маш их татдаг. Хэдийгээр би нүүрээ хувиргаж өөрчлөн өөр ертөнцийн нэгнийг илэрхийлээгүй ч дүрээрээ киноныхоо онцлогийг ойлгуулж, гаргаж чадсан гэж бодож байна. “Үхлийн тойрог”-ийг үзэгчид өөр өөрийнхөөрөө хүлээж авна. Олон зүйлийн талаар эргэцүүлэх зурвасхан хугацааг олдож магадгүй. Киног үзсэн хүмүүс үйлийн үрийн тухай бодох байх. Бас үйлийн үрийг хэн ч тойрч гарч чадахгүй гэдгийг ойлгож магадгүй юм.

-Хүнд айдас төрүүлэх хувирал, мэдрэмж өгөх амаргүй. Магадгүй та киноны зургийг авах үеэр тольтой ажилласан байх. Аймшгийн жанртаа тохируулахын тулд өөртэйгөө хэрхэн ажилласан бэ?

-Боломж ирэхээр бүх зүйл хурдан хугацаанд өрнөдөг. Миний хувьд дүрийн сонгон шалгаруулалтдаа тэнцээд удаагүй зураг авалтад оролцсон. Кино зохиолоо багахан хугацаанд уншиж өөрийн болгосныг эргээд бодохоор бүх зүйл хурдан өрнөсөн санагддаг. Аймшгийн төрлийн кинонд тоглох гэж байгаа гээд тольтой ажиллаагүй.

Түүний оронд “Хэрвээ надад Жаргалын амьдрал шиг үйл явдал тохиолдвол ямар хариу үйлдэл үзүүлэх бол, яах вэ” гэсэн асуултыг өөртөө тавьж түүний дагуу ажилласан. Зураг авалтын үед надад хамгийн үнэтэй зөвлөгөө өгч байсан хүн нь найруулагч. “Нүүрний хувирлаа ингэж илэрхийл, үүнд илүү анхаарал хандуулмаар байна” гээд дүрээ гаргахад их тусалсан. Үүний үр дүнд Жаргалын дүр илүү бодит, киноныхоо тойргоос гараагүй байх.


-Кинонд тоглож байгаа ч орчин, дуу хөгжим, нүүр будалт гээд жихүүдэс хүргэм олон зураг авалтуудад оролцоход айх үе олон гарсан уу?

-Киноны турш, зураг авалтын явцад надтай байнга шахуу хамтран ажилласан хүн нь жүжигчин С.Ариунбямба байсан. Ахын нүүр төдийгүй харцыг нь хүртэл хувиргасан нь заримдаа надад таагүй мэдрэмж төрүүлдэг байв. Киноны анхны зураг авалт Тайланд улсад болсон. Тэр үед С.Ариунбямба ахын аль нүд рүү нь харахаа мэдэхгүй өөрийн эрхгүй дальдчиж байснаа санаж байна. Тэс өөр хүн миний урд байгаа юм шиг санагдаж байж билээ. Киноны явцад жүжигчид харилцан ойлголцож, нэг нэгэн рүүгээ харж тоглодог. Харин “Үхлийн тойрог”-ийн зургийг авахад С.Ариунбямба ахтай харьцаж тоглодог хэсэгт төвлөрөхөд хэцүү байсан. Нүүр хувиргалт хийсний дараа харахад л өөрийн эрхгүй нүд халтираад байсан. Ингэж нүүр хувиргасан нь зарим талаараа намайг дүрээ бүтээхэд түлхэц болсон гэж бодож байна.  

-Монгол, Тайландын уран бүтээлчид хамтарсан, дээр нь хоёр улсад зураг авсан болохоор өгөгдөл олонтой, их баялаг бүтээл болсон. Таны хувьд ч дүртэйгээ ажиллахад олон талын эх сурвалжтай ажиллаад амар байсан болов уу?

-Тайландын уран бүтээлчидтэй хамтран олон улсын стандартын дагуу хийсэн болохоор аль ч улсад гаргахад асуудалгүй кино болсон гэж бодож байна. Миний хувьд өмнө нь “SUITS” кинонд солонгос найруулагчтай хамтран ажилласан туршлагатай. Жүжигчнээс гадна продюсерын багт орчуулагчаар ажилладаг байв. Харин яг гол дүрд тоглосон гэвэл “Үхлийн тойрог” анхных болж байна. Энэ кино олон улсын кино багийн хамтарсан төсөл байсан учраас бүх зүйл стандартын дагуу байлаа. Жүжигчдэд туслах хүмүүс бэлэн байж зөвхөн киноны зураг авалтад бүхий л анхаарлаа хандуулах боломжийг бүрдүүлэн өгч байснаараа онцлогтой байв. 

-Киноны нээлтэд оролцсон зарим хүн “Үхлийн тойрог”-ийг үзээд таныг өөр өнцгөөс харлаа гэж байсан. Магадгүй энэ нь танд дараа дараагийн уран бүтээлд тоглоход урам өгч байгаа болов уу?

-Энэ кинонд тоглоод өөрийгөө “Жүжигчин болох болоогүй юм байна” гэж бодсон. Хамтарч ажиллаж байгаа хүмүүс дандаа туршлагатай уран бүтээлчид. Киноны зохиол нь ч гоё. Найруулагч мундаг мэдрэмжтэй. Дээр нь хоёр орны хамтарсан багтай ажиллахад сурах, харьцуулах зүйл багагүй гарлаа. “Үхлийн тойрог” кино миний хувьд сорил болсон. Би энэ уран бүтээлд халширч тоглосон. Киногоо үзээд надад хэлэх үг олдоогүй. Яагаад гэвэл, өөрийгөө болохгүй байна гэдэг бодлоор дүүргэсэн байсан учраас кино миний дүрийг баяжуулаад аваад явчихсан юм шиг мэдрэмж төрсөн. Харин кино шүүмжлэгчдээс ирж байгаа эргэцүүлэл, дүгнэлт үзэгчдийн санал сэтгэгдлийг сонсоод хичээвэл жүжигчин шиг жүжигчин болох боломж, өгөгдэлтэй гэдгээ ойолгосон доо.

-Цаг хугацааны явцад биежиж, үнэхээр өгөгдэлтэй бол мөн чанараа олдог нэг насны уран бүтээлчид бол жүжигчид. Та ч хэллээ, одоо л жүжигчин гэж дуудуулахын захад ирж байна гэж. Аль сургуулийг төгсөж, уран бүтээлчийн амаргүй замд хөтлөгдсөн орсноо яриач?

-Би СУИС-ийн Театрын урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Анх хоёрдугаар курсэд байхдаа “1990” уран сайхны кинонд туслах дүр бүтээж байв. Сургуулиа төгсөөд “Тэгри чину” олон ангит уран сайхны кинонд мөн туслах дүр бүтээсэн. Энэчлэн туслах дүрээр оролцсон уран бүтээл цөөнгүй бий. Гол дүрд нь тоглосон уран сайхны кино ч хэд хэд байгаа.

-Та их олон зүйлд  авьяас чадвараа сорихыг хичээдэг, экстрим талдаа уран бүтээлч шиг санагдсан?

-Танд тэгж ажиглагдсан уу. Би хүүхэд байхдаа монгол бүжгээр хичээллэдэг байсан. Багшаасаа морин циркэд ажиллахаар олон хүүхэд гэрээ байгуулаад явж байгааг сонссоод авьяас чадвараа сориод үзмээр санагдсан. Хүүхэд болохоор юунаас ч эмээхгүй их сониуч байж. Хоёр жилийн гэрээ байгуулаад явуулж байгааг гэрийнхнээсээ нууж морь унаж чадахгүй мөртлөө БНСУ руу явж байв. Тэнд очоод бүжигчид маань жинхлэгдэж циркийнхэн биднийг бэлдэж эхэлсэн. Ёстой л монгол хүний цусанд байдаг болохоор тэр үү бүх зүйлийг маш амархан сурсан даа. Төд удалгүй морин циркчнээр ажиллаж байгаад хэсэг хугацаа өнгөрсний дараа сурахаар циркээсээ гарч байв.

-Үргэлжлүүлэн БНСУ-д сурсан юм уу?

-Тэндээ сургуульд элссэн ч өвдөөд төгсөж чадалгүй Монголд ирсэн. Тэр үед ээж маань намайг хүүхэд байхдаа жүжигчин болно гэж ярьдаг байсныг сануулж бас л үзээд алдахаар шийдсэн хэрэг. Аав ч жүжигчин болохыг хүсдэг байсан болохоор намайг дэмжсэн. Аав ээжээс өгч байгаа мэдрэмжүүд надад хамгийн үнэ цэнтэй байдаг.


-Жүжигчнээр ажиллах хугацаандаа өөрийнхөө бусдаас ялгарах онцлогийг мэдэж, нээж чадав уу?

-Найруулагчид “Харц чинь үнэн байгаад байна” гэдэг. Магадгүй энэ нь миний бусдаас ялгарах онцлогийн нэг байх. Тэгээд ч энэ асуултад надаас илүү үзэгчид хариулах юм болов уу. Би хувьдаа одоо хүртэл өөрийгөө хайсаар яваа залуу уран бүтээлч гэж боддог. Хэдийгээр сургуулиа төгсөөд гурван жил болж байгаа ч тоглож байгаа уран бүтээл бүрээсээ өөрийгөө хайдаг. Ингэж уран бүтээлийн эрэл хайгуул хийж явах хугацаанд намайг хамгийн их дэмжсэн хүмүүс бол гэр бүлийнхэн маань. Би бага насны хүүхэдтэй. Эмэгтэй хүн ээж болоод хүүхэд, гэр бүлдээ ихэнх цаг хугацаагаа зарцуулах гээд байдаг. Харин миний хувьд эсрэгээрээ гэр бүлийнхэн маань ар гэрийн ажлаас чөлөөлж уран бүтээлдээ анхаарал хандуулах боломж олгосон. Түүний хүчинд би өнөөдөр бас нэгэн уран бүтээлийн ард гарчихаад сууж байна шүү дээ. 

-Хэт ойр ойрхон дэлгэцийн бүтээлд тогловол дүр хоорондын ялгаа сарних эрсдэлтэй. Ийм байдалд орохгүйн тулд та хэрхэн анхаарч ажилладаж байна вэ?

-Сургуулиа төгсөөд ажилласан уран бүтээлүүдээс хамгийн их санаа зовоосон, бас өөрийгөө чамлах сэтгэл төрүүлсэн уран бүтээл “Үхлийн тойрог” уран сайхны кино байлаа. Энэ уран бүтээл дээр ажиллаад “Би ийм хүн юм уу” гэж бодсон. Яг үнэндээ их эргэлзээн дунд өөртэйгөө ажилласан. Бас өөрийнхөө сул талыг олж харлаа. Харин дүрийн ялгарлын тухайд би өөрийн гэсэн бодолтой явдаг. “Үнэн байх” гэдэг үгийн илэрхийллийг дүр бүрдээ шингээхийг хичээдэг учраас өнгөрсөн хугацаанд ажилласан дүрүүд ялгарч байгаа гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24605/

 

 

 

 


0
angry
1
care
0
haha
4
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22