Л.Нарангэрэл: Ямар ч уран бүтээл өөрийн гэсэн цаг хугацаатай болохоор нэг их яардаггүй


Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Нарангэрэлтэй ярилцлаа.

 

-“Магнаг цэнхэр дэлхий” хүмүүсийн сонсох дуртай дууны нэг болжээ. Нэлээд олон жилийн өмнөх дуу гэж санаад байх юм, хэдэн онд зохиогдсон дуу юм бэ?  

-Анх 1992 онд зохиогдсон дуу. Хөгжмийг нь Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, шүлгийг нь “Газар шороо” романы зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Маам бичсэн. Анх миний мэргэжлийн багш Ардын жүжигчин А.Долгорт дуулах санал тавьснаар энэ гайхамшигтай сайхан дуу ард олны хүртээл болсон.

-Уран бүтээлийн хувьд дамжиггүй сайхан. Зохиогдон дуулж байхыг нь би мэднэ. Тухайн үед “Морин хуур”наадамд түрүүлж байсан билүү гэж бодогдоод байх юм?

-Одоогоос 30 гаруй жилийн өмнө зохиосон гэхээр би бага байжээ. “Морин хуур” наадам босго өндөр, шинэ, чансаатай уран бүтээлүүд төрөн гарсаар байдаг. Тэр бүтээлүүдийн нэг яах аргагүй “Магнаг цэнхэр дэлхий” дуу минь билээ.

-Ээжийг чинь монголчууд “Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрээр сайн мэднэ. Дуучин, кинонд дүрээ мөнхөлсөн үзэсгэлэнт эмэгтэй. Харин дуучин Нарангэрэлийг ард түмэн тийм ч сайн мэдэхгүй байх гэж бодож байна. Л.Нарангэрэл гэдэг хүнтэй танилцъя?

-Тийм ээ, яах аргагүй миний сайхан ижий олон түмэндээ Цэрмаа нэрээрээ танигдсан гайхамшигтай сайхан хүн байдаг. Намайг Лхагвасүрэнгийн Нарангэрэл гэдэг. Дундговь аймгийн Өлзийт сумаар овоглож явдаг. Арван жилээ Улаанбаатар хотын “Шавь цогцолбор” сургуульд суралцаж төгссөн. 

СУИС-д элсэн орж Ардын жүжигчин А.Долгор багшийн удирдлагад таван жил дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж төгссөн. Би их азтай. Эрхэм сайхан багштайгаа учирч дуулах эрдэм заалгах хувь тохиосонд үргэлж талархаж явдаг. 

2009 онд сургуулиа төгсөж байхад ЦЕГ-ын дэргэдэх “Сүлд” чуулга байгуулагдаж уран бүтээлчид шалгаруулж авч байхад тэнцэж ажиллах санал авч байж билээ. “Сүлд” чуулгатайгаа ажил амьдралаа холбоод таван жил орчим болсон. Тухайн үед олон сайхан залуу уран бүтээлчтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан минь мартагдахгүй сайхан мөч юм даа.

-Таныг дуурийн театрт ажиллаж байсан гэж сонссон юм байна. Одоо тэндээ байгаа юу?

-2013-2015 оны хооронд надад мэргэжлийн урлагийн байгууллага болох УДБЭТ-т ажиллах боломж олдсон. Хэдийгээр жил гаруйхан хугацаанд ажилласан ч Монголын мэргэжлийн урлагийн театрын тайзнаа гарна гэдэг нэр хүндийн хэрэг байв. Мөн 2019 онд Төв аймгийн “Монгол туургатан” театрт ажиллаж байсан. Миний ажиллаж байсан бүх газар олон зүйл сурч мэдэж, туршлага хуримтлуулж, өсөж хөгжих боломжийг надад олгосон нь өнөөдрийн намайг бүтээхэд тус болсон.

-Ярилцах санал тавьсныхаа дараа өөрийн тань талаар мэдээлэл хайж интернэт “ухлаа”. Тун нууцлагдмал хүн юм аа. Мэдээлэл олж чадсангүй? 

-Хэвлэл мэдээллийн байгууллагад яриа нэг их өгдөггүй. Ерөнхийдөө би урлагийн карьер гэхээсээ гэр бүлдээ анхаарал тавьдаг. Эмэгтэй хүний хувьд гэр бүлээ төвхнүүлэх үүрэгтэй гэж бодоод үүндээ өөрийгөө зориулж яваа. Сургууль төгсөөд “Сүлд” чуулгад орсноос хойш арваад жил үр хүүхдээ төрүүлж, өсгөж, амьдралдаа түлхүү анхаарсан. Одоо нэг үеэ бодвол хүүхдүүд маань гараас гарч биеэ даагаад эхэллээ. Тиймээс уран бүтээлийнхээ ажилд шамдан орж байна даа.

-Хэдэн хүүхэдтэй билээ?

-Хоёр хүү, хоёр охинтой.

-Та чинь тэгвэл “Алдарт эх” жинхэнэ “Өнөр бүл”-ийн эзэгтэй байна шүү дээ?

-Харин тийм. Ээж намайг цаашлуулаад “Өнөр бүл” гэдэг киног амьдрал дээр хэрэгжүүлж байгаа охин гэдэг юм (инээв). Монголчууд бид “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж ярьдаг. Бүсгүй хүний хувьд үр хүүхэд төрүүлэх, сайн гэрийн эзэгтэй байх нь үүнтэй утга дүйх болов уу. Хүүхдүүдээ эрүүл саруул өсгөж, зөв хүмүүжилтэй Монгол Улсын иргэн болгох нь чухал. Хүүхдүүдийнхээ хэрэгтэй үед дэргэд нь байж, асуудлыг нь шийдэж, сурч боловсроход нь туслахыг хичээдэг. Нээрэн нэг дурсамж санаанд орлоо. Намайг бага байхад радио, телевиз, сонины хүмүүс ирээд ээжээс ярилцлага авдаг байсан. Би хараад дотроо “Ямар гоё юм бэ, ингэж яриа, ярилцлага өгч үзэх юм сан” гэж боддог байж билээ. Гэтэл одоо өөрөө ярилцлага өгөөд сууж байна.

-Сайхан дурсамж байна. Таныг уран бүтээлдээ шамдан орж байгааг сонслоо. Шинэ уран бүтээлүүдээ гаргаад эхэлсэн байх?

-Олон хүн уран бүтээлийн санал тавьж байна. Шинэ уран бүтээлүүд гарч байна, заримыг нь дүрсжүүлж амжаагүй л явна. Хүмүүс ерөнхийдөө “Магнаг цэнхэр дэлхий”-н дараах уран бүтээлийг хүлээж байгаа байх. Дундговь аймгийн уугуул, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөрийн хөгжим, Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн шүлэг “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” мөн Д.Нацагдоржийн шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Шараагийн хөгжим “Миний ээж” гэх сайхан бүтээлийг дуулсан.  “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Болорцэрэнгийн шүлэг,  Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын хөгжим “Нуган заяаны чимэг” гэх монгол  эрчүүдээ магтсан дуу шинээр төрлөө. Мөн С.Ёндоншаравын шүлэг, Ш.Ердосын аялгуу “Хязгааргүй” дуу минь гарсан. Үүнээс гадна нэлээд уран бүтээлээ гаргахаар шамдан ажиллаж байна. Уран бүтээлдээ шамдан орлоо гээд олноор нь үйлдвэрлэн гаргахаас илүү чанартай бүтээхийг хичээдэг. Мөн ямар ч уран бүтээл өөрийн гэсэн цаг хугацаатай гэж боддог болохоор нэг их яардаггүй.

-Та чанартай уран бүтээл гаргахыг зорьж байна гэлээ. Чанартай уран бүтээл гаргахын тулд цензуртай байх ёстой болов уу гэж би ойлгоод байна. Та юу гэж бодож байна?

-Учиргүй цензур тавиад байх нь хаашаа юм. Хүмүүс өөрийнхөө сэтгэл зүрхийг шингээсэн уран бүтээлээ бариад намайг гээд зориод ирж байхад нь би “Үгүй” гэж чаддаггүй. Нэг уран бүтээл гаргахад маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Яруу найрагч, хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, дууны техникч, дүрс бичлэг гэх мэт олон хүний хамтын ажиллагаа, оюун санаа цогцолж байж л уран бүтээл төрнө. Аль болох чадах чинээгээрээ сайхан бүтээл төрүүлэх гээд зүтгэдэг дээ.

-Та урлагийн сургуульд сурч, номыг нь үзээд төгссөн хүн. Ямар нэгэн дууны уран бүтээлийг сонсоод энэ хүнд хүрэх юм байна гэдэг ч юм уу тийм мэдрэмж төрнө биз дээ?

-Хүн болгоны мэдрэмж өөр. Гэхдээ мэдээж бас гадарлана л даа. Уран бүтээл дээр багштайгаа, ээжтэйгээ, ханьтайгаа зөвлөлддөг.

-Би хэрвээ хөгжмийн зохиолч байсан бол Нарангэрэл гэдэг дуучинд ийм дуу барьж очино гэсэн нэг ойлголт надад байна. Бусад хүн ч бас нэг их хол зөрөхгүй болов уу гэж бодогдоод байх юм?

-Тийм ээ. Ихэвчлэн хөгжмийн зохиолч, яруу найрагчид бүтээлээ “Энэ чамд тохирох дуу” гээд санал болгох явдал байдаг.

-Өөрийгөө эвдмээр санагддаг уу?

-Үгүй ээ, эвдэх нь ч хаашаа юм. Надад илүү чадвар байвал сорьж үзэх бодол байдаг. Чадвараа илүү сорьсон, эсвэл орчин цагт таарсан уран бүтээл байж яагаад болохгүй гэж.

-Рок опера төрлөөр дуулдаг Финландын “Nightwish” хамтлаг эмэгтэй дуурийн хоолой дуундаа оруулдаг нь надад таалагддаг. Хэрвээ танд яг тийм рок хамтлаг дуурийн хоолой оруулж хамтран дуулах санал тавивал яах вэ?

-Дуртайяа хүлээж авна. Одоо яг тэр талаар судлаад явж байна. Уран бүтээлийн эрэл хайгуул хийх их чухал.

-Нээрэн “Магнаг цэнхэр дэлхий”-гээ дуулаад намбайж явсан бүсгүй рок хамтлагийн тайзан дээр савхин хувцастай, дуурийн хоолойгоор дуулж байвал их л сонин юм даа, тийм ээ?

-Өөрчлөлт хийж болно, гэхдээ баримжаатай байвал дээр байх. Учиргүй савхин хувцас өмсөөд, үсээ арзайлгаад явах нь ч хаашаа юм. Яагаад сайхан монгол хувцастайгаа рок хамтлагийн концертод опера хоолой гаргаж болохгүй гэж. Монголын олон уран бүтээлч гадаадын хамтлагуудтай хамтарч дуулсан дуунууд дэлхий даяар хит болж байсныг бид мэднэ. Магадгүй эв нь таарвал сайхан бүтээл гарах байх.

-Ханьтайгаа хэрхэн амьдралаа холбож байв. Бас урлагийн хүн гэж сонссон?

-Тийм ээ, миний хань уран бүтээлч хүн. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, зааж сургаж байгаа С.Загд-Очир гэж хөөмийч хүн бий. Хар багаасаа хөөмийн урлагаар суралцаж Төмөр замчдын дуу бүжгийн чуулгад ажиллаж байсан. Энэ үед би энэ чуулгад ажилладаг байсан дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Отгонцэцэг эгчтэйгээ ирж уулзах далимаар нөхөртэйгөө анх танилцаж байсан. Бид гэрлээд бараг 17жил болж байна. Манай хүн хөөмийлөөд зогсохгүй сайхан дуулдаг. Бидний хамтран дуулсан уран бүтээл хэд хэд бий. Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Эрдэнэчулууны хөгжим Л.Төмөрбатын шүлэг “Ханийн жаргал”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Эрдэнэчулууны хөгжим, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Заяа нийлье” Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн хөгжим, Л.Энхсайханы шүлэг “Ерөөлийн дуу”, Д.Энхболорын хөгжим Л.Энхсайханы шүлэг “Наран хань” гэх мэт олон сайхан ерөөл бэлгэ дүүрэн дуунууд бий.

Манай гэр бүлийнхэн Монголын биет бус соёлын өвийг тээгчид, түгээн дэлгэрүүлэгчид. Ээж маань Монгол ардын уртын дууг , хань минь хөөмийг, дүү маань бүжигчин мөн бий бийлгээг түгээн дэлгэрүүлж явна. Өөр өөрсдийн авьяас чадвар, бие сэтгэлээ монгол урлагаа түгээн дэлгэрүүлж, өвлүүлэхэд зориулаад явцгааж байна.

-Энэ том урлагийн гэр бүлд төрөх ямар байдаг юм бэ. Ер нь өөр мэргэжилтэй хүн болъё гэж бодож үзэж байв уу?

-Монгол сайхан оронд, энэ сайхан гэр бүлд төрж өснө гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан хувь ерөөл юм даа. Урлагийн гэр бүлд төрж өссөн учраас энэ мэргэжлийг сонгох гол хүчин зүйл болсон. Сургууль төгсөх жилээ гадаад хэл сонирхоод түүгээрээ яваад үздэг юм билүү гэж бодож үзсэн. Гэр бүлийнхэн маань дэмжсэн боловч би яг тийм ч их дуртай биш байсан учраас больсон доо. Сургууль төгсөөд Хүмүүнлэгийн ухааны их сургууль, ШУТИС хоёрт шалгалт өгч байсан. Тэгээд шалгалт өгөх, хариугаа сонсох хугацаанд СУИС-д шалгалт өгөөд тэнцчихсэн. Мэдээж маш их баярласан даа.

-Уран бүтээлийн маш их амжилтын өмнө зогсож буй бүсгүйтэй би ярилцлаа, бид хоёрын яриа төгсөөгүй гэж би бодож байна. Сэтгэлдээ буй эмзэглэл, хүмүүст хэлж яримаар санагддаг зүйлс байвал та хуваалцаж болно.

-Маш их баярлалаа. Энэ цэнхэрхэн гараг ертөнцийн эзэн болсон хүмүүнд хайр гэж хамгийн сайхан зүйл бий. Энэ хайраар бие биеэ болон эх дэлхийгээ хайрлаж, хүндэтгэж яваарай гэж хүсье! Та бүхэндээ сайн сайхныг хүсье.

-Уран бүтээлийн амжилт хүсье. Баярлалаа.

 

 


0
angry
1
care
0
haha
4
liked
3
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22