Хэрэв тэр өдөр Коля, Оля хоёроос “Аль сар хамгийн богино вэ” гэж асуусан бол тэд огт эргэлзэлгүй “Бал сар” хэмээн хариулах байсан билээ. Бал сар нь эхлээд дөрвөн сар өнгөрч байтал Оляд амралтын өдөр өмсөөд гарах даашинз хэрэг болов. Хуримын бэлэг болгож техникумийнх нь бүх оюутан, багш нарын нийлж авч өгсөн хив торгыг барин, Колятайгаа цуг нийтийн байрнаас гарч, эмэгтэйчүүдийн хувцас урлаач Перельмутер гэгчийг зорилоо.
Тэр өдөр Коля эхнэрээ энэ дэлхийн хамгийн сайхан хүүхэн гэдгийг баттай мэдэж байсан бол Оля харин уужуу өгөөмөр, ухаалаг нөхөртэй гэдэгтээ итгэж явсан бөгөөд хоёул Перельмутер сайванг огтхон ч таньж мэдэхгүй тул онцын юм бодолгүй хаалганых нь хонхыг жингэнүүлжээ.
Үүд нээмэгцээ мань оёдолчин:
-А-а!.. – гэж хашхираад, - Ашгүй дээ! – хэмээн дуу алдахыг нь үзвэл Людвиг ван Бетховентой жигтэйхэн адил өвгөн байв. Суут хөгжмийн зохиолч хариугүй хөгширч гүйцээд, хөгжимдөө өөрөө ч дүлийрч, бага зэрэг ухаан солиу болсон гэгдэх үеийг нь зураачид нэг иймэрхүү төрхтэй зурдаг сан.
-Римма, чи минь харав уу? Үйлчлүүлэгч ирж шүү дээ! Ирэх нь ч ирлээ гэм. Харин чи дөрвөн жилийн өмнө Лисогорская хатагтайд гэрийн бошинз оёж өгснөөс минь хойш эрүүл ухаантай хүн нааш зүглэхгүй ээ гээд байл уу?! – гэж үйлчин өвгөн эргэн харж, чанга чанга ярина. Цаана нь хүн бий бололтой.
-Бид наашаа даашинзны асуудлаар... Хүмүүс ярихдаа... – гээд л Коля эхэллээ.
-Сонсов уу, Римма?! гэж Перельмутер үгийг нь таслаад, - Даашинзны тухайд болбол над руу ир гэлцсэн байна шүү. Бурхны минь аврал. Хорвоо дээр эрүүл улс бас үлджээ дээ. Бүгд солиорч орхив уу гэж бодож суусныг минь яана. “Карден!”, “Диор!”, “Лагерфельд!” л гэж шуугицгаах болсон цаг даа. Тэр Лагерфельд ер нь хэн юм бэ гэж би танаас асууж байна! – гээд гэнэт уурандаа багтарсан хөгшин сайван Коляг чиглэн алхаж, - Английн хатан хааныг хувцаслаа л биз. Ийм залуухан эхнэрээ Английн хатан хаан шиг харагдуулмаар байвал та тэр Лагерфельд рүүгээ явж болно! – гэв.
-Бид Лагерфельд рүү явахгүй, - хэмээн Коля аргадав.
-Азтай улс байна даа, та хоёр! – гэж өвгөн хариуд нь тайвшруулжээ. – Учир юу вэ гэвээс, Лагерфельдээс ялгаатай нь би таны эхнэрийг үнэхээр хатан хаан болгож чадна. Английнх биш шүү. Гоо үзэсгэлэнгийн жинхэнэ хатан хаан болгоно. За, одоо ажилдаа оръё... Сүүлчийн асуулт: Та ер нь даашинз гэж юу болохыг мэдэх хүн үү, дуугүй байх шив. Хариулахгүй байж болно. Аягүй бол цацаг чимэг, оноо танаас гэх байлгүй. Завхарсан юм. Лагерфельд чинь л тийм юм хийж суудаг байх. Харин даашинз бол тэс өөр эд дээ. Залуу эр минь, даашинз гэдэг байна шүү, бүсгүй хүний аль дулимагхан талыг сайтар далдлаад, харин илт давуу болгоныг нь нээн гаргаж хонжих зориулалттай бөс даавууны тасархай юм шүү дээ. Миний санааг ухав уу? Сайхан хөлтэй хатагтай байлаа гэж үзье. Тэгэхээр бид нэлээд богинохон юм оёод өгөх хэрэгтэй, тэгж байж хөлний учир утгыг гаргаснаар хожно. Эсвэл тэр хатагтайн гуя шилбэ онц бус, харин хэнхдэг цээж нь хараа булааж байг л дээ. Уртхан хувцас хийгээд өгөхөд яг тохирно. Хөлийг нь хааж байгаа ухаантай. Гэхдээ энгэр заамыг нь задгайлж тодотгоод, за, ингэж л цээж хавийн үзэмжээр гол жанжин шугамаа явуулна даа. Гэх мэтчилэн хөврүүлээд байвал их юм ярина. Харин манай энэ тохиолдолд, гэснээ оёдолчин Оляг ихэд няхуур ширтээд, - энэ тохиолдолд бид юу ч ил гаргахгүй, тэр бүү хэл хүзүүнээсээ шагай хүрсэн бин битүү, их төв хувцас оёно! гээдэхлээ.
-Бин битүү гэдэг чинь юу гэсэн үг вэ? – гэж Коля гайхширав. – Тэгээд... юугаар гоо сайхныг нь харуулах билээ?
-Өнгөний хослолоор! гэх өвгөн үйлчний хөгжилтэй дуу хадаж, – Таны авчирсан ногоон дэвсгэртэй үзмэн ягаан тоть их хөөрхөн санагдлаа, гээд нарийн хэмжүүрт туузаа шүүрэн авч, Олягийн наана цаана гаран овсгоотой нь аргагүй хэмжингээ дэвтэр дэлгэн тэмдэглэж гарчээ.
-Үгүй, та байз гэм. Би нэг л сайн ойлгосонгүй. Энэ манай тохиолдолд тэгээд юу ч задгайлахгүй гэж та хэлээд байна уу? Хөлийг нь хараач... Юу нь таны санаанд үл нийцэв. Дэндүү бүдүүн байна уу, эсвэл хэт нарийдав уу? гэж Коля шалгаав.
-Юуны хамаа байна вэ... Хүний хөл гэдэг нарийн, бүдүүн, ер ямар ч байж болно. Янз бүрийн хүүхнүүд янз бүрийн л хөлтэй байдаг. Тэр ч яах вэ, бага хэрэг. Харин нэг хүний хөл хоёр янз байхаараа...
-Юу юу гэнэ ээ? гэж Коля бачимдлаа.
-Эндээс явсан нь дээргүй юу. – хэмээн Оля хэлээд авав.
-Үгүй ээ, хүлээж бай, гэж эр нөхөр нь өгүүлээд оёдолчинд хандаж, - Эрхэм минь, та ер нь юугаа яриад байгаа хүн бэ. Хоёр янз аа?! Аль байна? гэлээ.
-Та сайн ажигла. Эхнэрийн чинь баруун хөл зүүнээ бодвол арай бүдүүн байхыг харахгүй байна уу? Илүү булчинлаг...
-Нээрэн тийм байна, гээд Коля, - Энэ юу болоод байна, Ольга? Чи энэ тухай яагаад надад хэлсэнгүй вэ? хэмээжээ.
-Юуг нь ярих билээ дээ? гэж бүсгүй түгдчээд, - Сургуульд байхдаа өндрийн харайлтаар хичээллэдэг, ангийнхаа нэрийг тахалдаг тамирчин шахуу явав. Баруун хөлнөөс түлхдэг байсан, гэлээ.
-За, тэр! гэж өвгөн бахтай хэлжээ. – Би юу гэлээ? Зүүн хөл нь зүв зүгээр. Байдаг л хөл. Харин баруун нь түлхдэг хөл байж шүү дээ. Ийм өө сэвийг халхлахаас өөр аргагүй!
-Тийм байж. Тэгвэл цээж нь? гэлээ, Коля.
-Цээжийг ч бас.
-Бас яана гэж?.. Яагаад? Харин ч миний бодоход, энгэр цээжийг нь нээж өгвөл бид... нөгөө юу... та юу гээд байлаа даа... жанжин шугам барих биш үү? Яагаад цээжийг нь нуух гээд байгааг тань би ойлгохгүй байна.
-Хархүү минь, аан гэж бай. Миний оронд энд үйлчин биш уран барималч байсан сан бол танд “Ямар нэгэн энгэрийг ярахын тулд эхний ээлжид тэр энгэрээ ядаж дүүргэх хэрэгтэй” гэж л хэлэх байсан. Манай энэ тохиолдолд яг ийм асуудал тулгарав уу даа гэж надад бодогдох юм. Та сэтгэлээр бүү уна! Очиж очиж ганц хэнхдэгний төлөө шүү! Бусдын ургуулан бодох гойд хүчинд итгэ. Одоо бидний нүүр тулаад буй асуудлыг тэрүүхэн хэсэгт нь даавуугаа зөв хунируулж оёод л шийдчихнэ. Эрчүүдийн төсөөлөх чадвар энэ даавуун доорхыг хормын төдийд гүйцээгээд цогцлоочихно шүү. Бүр байгаль эхийн бүтээж чадахгүйг ч ургуулан төсөөлнө, гагц энгэр заамаар тогтохгүй гэж мэд. Тухайлаад, бүсгүйн нүүр царайг авч үзье. Энэ зуур хэлэхэд, би юунд туйлаас харамсаж явдаг вэ гэвэл, эрт цагт дорнын загвар зохиогчдын урласан гайхалтай бүтээл болох гивлүүрийг...
-Юу вэ? Та чинь бүр миний эхнэрт гивлүүр зүүлгэе гэх нь ээ? гэж нүд нь орой дээрээ гарах шахсан Коля түүний үгийг гүйцээлгүй дуу алдав.
-Би тэгж хэлээгүй...
-Коля, эндээс явъя аа, гэж Оля бухимдахад:
-Байз л даа, чи! гэж нөхөр нь уурсаад, - Эцсийн эцэст би учраа олох ёстой болоод байна... Та сонсооч... юу... таны нэр алдрыг бүтэн мэддэггүй ээ... Цээжийг бол та надад үнэмшүүлж чадлаа. Би одоо өөрөө ч олж харж байна. Харин ташааг нь онцолбол яах бол? гэжээ.
-Яана гэж? хэмээн оёдолчин сэртэсхийж, - Ил нүцгэн гаргая гэх нь үү? гэж лавлалаа.
-Яалаа гэж дээ. Таны хэлдгээр, тодотгоод өгвөл...
-Тэгж болно, - хэмээн хөгшин зөвшөөрөв. - Гагцхүү эхлээд та надад эхнэрийнхээ яг хаана нь ташаа олж хардгаа зааж өгөх хэрэгтэй байна. Дараа нь би тэр хэсэгт аятайхан бөмбийлгөөд оёод өгөмз. Тэгээд ч ер нь залуу минь, элдэв тэнэг зөвлөгөө өгч толгой эргүүлэхээ боль! Та хийдгээ хийсэн. Гэрлэсэн. Эхнэрээ та энэ ертөнцийн хамгийн гоо бүсгүй гэж бодож яваа. Миний үүрэг бол таны бодол зөв гэдгийг цөөн ч атугай хэдэн хүнд батлан харуулах явдал юм. Хатагтай, та ч энд “Явъя, явъя” гээд байх юмгүй. Сайхан харагдмаар байвал тэвч, гүйцлээ. Өнөөдрийн ажил дуусав. Дөрөв хоноод даашинзаа тохируулж үзээрэй.
Дөрвөн өдөр өнгөрөхөд Перельмутер бээр Коля, Оля хоёртой үүдний шатан дээр дайралджээ. Өвгөний нүд очтож байлаа.
-Залуу хосод баяр хүргэе! гэж тэрбээр дуу шуу болов. – Би гурван шөнө нойргүй хонолоо. Эцэст нь, өнгө хоршуулахаас гадна өөр юугаар бид хонжоо олж болохыг ойлгосон шүү. Хөлөөр! Хоёулангаар нь биш. Баруун хөл бол түлхэлтийнх, гэхдээ зүүн хөл нь зүгээр. Хүний зүгээр хөл! Иймээс би зүүн талд нь уртааш оноо гаргах саналтай байна. Ташаа гэгдээд байгаа зүйлийн дунд хавиас доош тэр чигт нь. Ойлгож байна уу? Одоо та төсөөлөөд үз: нарлаг сайхан налгар өдөр, эхнэртэйгээ гудамжаар алхаж явна. Эхнэр чинь Перельмутер сайвангийн оноотой шинэ даашинз өмсжээ. Хүн болгон хөөрнө! Эргэн тойрны хүмүүс – гэргийн тань гоолиг зүүн хөлийг хараад ийн хөөрч баясаж байна. Харин та энэ улс түүний үзэмж муутай баруун хөлийг хараагүйд хөхин баярлана. Онцгой сайхан санаа биш үү?!
-Тийм ч биз, гээд Коля ярвайсхийв.
-Римма, чи дуулав уу? Энэ нөхөр бас эргэлзэхтэйгээ байна! гэж өвгөн гэдэгш эргэн хэлжээ.
Хэд хоногийн хойно Оля даашинзаа авахаар ганцаар ирлээ.
-Эрхэмсэг авааль нөхөр тань хаачаа вэ? гэж Перельмутер асуув.
-Салаад явсан. Коля намайг ийм олон сул талтай гэж бодоогүй гэнэ лээ, гээд бүсгүй нулимс дуслуулжээ.
-Тийм бий вий, гэж өвгөн өгүүлээд бүсгүйн биед яв цав таарсан гоёмсог даашинзыг товчилж өгөнгөө, - Сайн л биз дээ, хүүхээ. Тэр залуу надад анхнаасаа таалагдаагүй юм. Хүүхэн хүний хувцас урлаач бид чинь энэ тал дээр тун гярхай улс шүү. Хээ-цэс, сул тал гэнэ шүү! Та аягүй бол арван найм ч хүрээгүй байх. Ганц хоёр жил өндөрт битгий харай. Удалгүй хоёр хөл чинь яг адилхан болчихно. Харин тэр ташаа, цээж бол... За, тэр яах вэ. Цагийн юм цагтаа. Хэдхэн жилийн дараа та сул талтай хүн болох гээд толгойгоо гашилгаж суух байлгүй. Яагаад вэ гэвэл, яг ний нуугүй хэлэх юм бол, эрчүүд бид чинь бүсгүй хүний аливаа сайхан зүйлийг шохоорхдог төдий л юм шүү дээ. Харин хайрлахдаа... Ер юунаас хайр үүддэгийг би хэлж мэдэхгүй. Магадгүй, сул талаас нь болдог биз. Миний Риммад л гэхэд дутуу дулимаг гэмээр юм олон бий. Би түүнийгээ үгүй болоод арван жил өнгөрч байхад ч анх танилцсан өдөр шигээ хайрласан хэвээр байгаа минь тэр олон сул талтай нь л холбоотой болов уу.
-Үгүй болсон гэнэ ээ? гэж Оля гайхан асуулаа. – Та тэгвэл хэнтэй яриад байдаг хэрэг вэ?
-Римматай! Өөр хэнтэй ярих билээ? Салсан нөхрийн чинь талаар хэлэх гэсэн гол зүйл энэ. Хэрэв эр хүн эмэгтэйдээ үнэхээр хайртай бол тэднийг хагас галзуу Перельмутер мэтийн зөнөг сайван бүү хэл, гашуун үхэл ч хагацааж дийлдэггүй юм даа... Алив хө, Римма, би зөв юм хэлж байна уу, та харав уу, тэр минь дуугарахгүй байна. Санал зөрөхгүй байхыг бодвол би зөв ярьж байгаа хэрэг л дээ, - хэмээн гярхай өвгөн өгүүлжээ.
Георгий Голубенко /Украины шог зохиолч/
Орчуулсан Д.Оюунгэрэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24605/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна