Б.Эрхэмбаяр: “Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 8000 орчим ажлын байр нэмэгдэнэ гэж тооцоолсон


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж, батлуулсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяртай ярилцлаа.

 

 -Хөдөө аж ахуйн сал­барынхны ялангуяа малч­дын хамгийн их сонирхож буй “Цагаан алт” хөтөл­бөрөөс ярилцлагаа эхэлье. Хөтөлбөрийн зо­рилго, хүрэх үр дүнг хэр­хэн тодорхойлж байна вэ?

-“Цагаан алт” хөтөл­бөрийн зорилго бол ноос, ноолуур, сарлагийн хөө­вөр зэрэг малаас гарч буй дахин сэргээгддэг түүхий эдэд нэмүү өртөг шингээх, энэ чиглэлийн ажлын байрыг болон уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Манай улс жилд дунджаар 49.8 мянган тонн ноос, ноолууран түүхий эд бэлтгэх нөөцтэй байна. Үүнээс хонины ноос 37.0 мянган тонн, ямааны ноолуур 10.0 мянган тонн, тэмээний ноос 2.0 мянган тонн, сарлагийн хөөвөр 400 тонн байдаг.

Ноос, ноолууран түүхий эдийнхээ 70 гаруй хувийг  зөвхөн угаагаад экспортолж байна. Харин арьс, ширний салбарын хувьд авч үзвэл, жилд дунджаар 18 сая ширхэг арьс, шир бэлтгэх нөөцтэй хэдий ч 5.5 сая ширхэг буюу 30 хүрэхгүй хувийг нь боловсруулж, үлдсэнийг нь боловсруулж чадахгүй байна.

Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлого, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор дэлхийн зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлага, түүхий эдийн нөөцөд тулгуурлан малын гаралтай түүхий эдийг бүрэн ашиглаж, дотооддоо нэмүү өртөг шингээх, энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зайлшгүй шаардлага тулгарсан.

Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан батлуулсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлснээр малын гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшин, экспортын хэмжээг нэг дахин нэмэгдүүлэх, мөн 8000 орчим ажлын байр нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм.

-Хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх үү. Тухайлбал, эхний ээлжид ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Сая хэлсэн УИХ-ын тогтоол дөрвөн зүйлтэй бөгөөд үүнд салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх болон түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтоолцоог дэмжих чиглэлээр тус бүр зургаа, үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх чиглэлээр найм, салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, дэмжих чиглэлээр таван арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү тогтоол нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарт малын гаралтай түүхий эд ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй үйлдвэрлэгчдэд маш том дэмжлэг болно. Хавсралтаар баталсан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд малыг эрүүлжүүлэх, арьс ширний чанарыг сайжруулах, түүхий эдийн бэлтгэл, урамшууллын оновчтой тогтолцоог бий болгох, малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, татвар, хөрөнгө оруулалт, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх, чанар, стандартын шаардлага хангасан түүхий эд бүтээгдэхүүнийг баталгаажуулах, олон улсад магадлан итгэмжлүүлэх, сурталчлан таниулах, үйлдвэрлэлийг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан цогцолбор, кластер байдлаар хөгжүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулахад дэмжих чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээг тусгасан.

-Хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд үйлдвэр, аж ахуйн нэгжид 1.5 их наяд төгрөгийн зээл олгох юм билээ. Энэхүү зээлийн зарцуулалт юунд чиглэх вэ?

-Энэхүү зээлийг түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх чиглэлээр шаардлагатай байгаа эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар олгоно.

-Хөтөлбөрийн эхний үр дүн хэзээнээс гарч эхлэх бол?

-Ерөнхийдөө тогтоолыг ирэх жилээс эхлээд 2028 он хүртэл хэрэгжүүлнэ. Тиймээс түүхий эд бэлтгэлтийн үр дүн ирэх жилээс харагдаж эхэлнэ. Зээл гэхээр эргэлтийн хөрөнгийн буюу түүхий эд авахад зориулж олгодог байсан бол харин одоо хөрөнгө оруулалтын чанартай буюу тоног төхөөрөмж худалдан авах, сайжруулахад чиглэсэн урт хугацаатай, хүүгийн хөнгөлөлттэй зээлийг олгох нөхцөл бүрдээд байна. Тиймээс үйлдвэрлэлээ өргөтгөж буй хуулийн этгээд ирэх жилээс зээлээ авч эхэлнэ. Гэхдээ зарим нэг асуудлыг энэ жил төсвийн тодотголоор оруулж шийдвэрлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Манай улс нийт ноолуурынхаа хэдэн хувийг дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож байна вэ?

-Монгол Улс ноос, ноолуурын угаах боловсруулалтыг бүрэн хийж байна. Харин ноолууран түүхий эдийн нөөцийнхөө 30 орчим хувийг л хагас боловсруулсан буюу самнаж, мөн эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж байгаа.

-Ноос, ноолуураа дотооддоо бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож чадахгүй байгаагийн шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Ноос, ноолуурыг дотооддоо бүрэн боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа юу гэвэл, тийм.  Харин түүхий эдийн нөөцөө бүрэн ашиглаж, нэмүү өртөг шингээж чадаж байна уу гэвэл энэ нь өөр асуудал юм. Бидэнд ноос, ноолуураа угаах хүчин чадал бүрэн суурилагдсан бөгөөд үүнийгээ ч хийж байна. Дараагийн боловсруулалтын технологийн шат дамжлага бол самнах буюу хялгасыг нь ялгах процесс юм. Энэхүү технологийн шат дамжлага нь ноос ноолуурын бүрэн боловсруулалтад зайлшгүй хийгдсэн байх ёстой. Урд хөршид ч хялгасыг нь ялгасан ноолуурыг цаашаа гуравдагч орон руу экспортолж байна. Дэлхийн нэхмэлийн салбарын том тоглогчид түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдээс самнасан буюу хялгасыг нь ялгасан ноолуур л авдаг. Дэлхийн зах зээл дээр самнасан ноолуурын үнэ угааснаас хоёр дахин үнэтэй байна. Тэгвэл бид яагаад энэхүү боломжоо алдаж, түүхий эд бэлтгэгч орон гэсэн нэр зүүсээр байна вэ.

-Тэгвэл түүхий эд бэлтгэгч бус үйлдвэрлэгч орон болохын тулд ямар алхам хийж байна вэ?

-Жил бүр бэлтгэж буй ноолуурынхаа хялгасыг нь бүрэн ялгах, экспортын орлого, зах зээлийн шинэ гарцыг нэмэгдүүлэх зорилгоор 2022 онд Засгийн газрын 380 дугаар тогтоолоор "Ноолуурын худалдаа, боловсруулалтад мөрдөх техникийн зохицуулалт"-ыг баталсан. Үүний үр дүнд үйлдвэрүүд шинээр хүчин чадлаа нэмэгдүүлж, өнгөрсөн оны байдлаар хялгас ялгах үйлдвэрүүдийн нийт хүчин чадал 11437 тонн /энэ нь 17595 тонн түүхий ноолуур/ болж нэмэгдсэн нь Монгол Улсаас бэлтгэгдэж байгаа 10000 тонн ноолууран түүхийн эдийг 100 хувь боловсруулах боломжтой болсон. Гэвч энэхүү техникийн зохицуулалтын үйлчлэх хугацаа 2025 оны долдугаар сар болтол хойшилсон. Нэмүү өртөг шингээх боломж, хүчин чадал нь байвал ямар ч түүхий эд гэлтгүй монголчууд ашиглах л хэрэгтэй.

Ирэх жилээс бид бүх ноолуураа самнадаг болно. Үүнийг дагаад дараагийн шат буюу ээрэх дамжлагын хэрэгцээ нэмэгдэж, хүчин чадлыг нь инновац шингэсэн шинэ тоног төхөөрөмжөөр сайжруулах, нэмэгдүүлэх зайлшгүй эрэлт бий болж байна. Жилээс жилд ээрмэл утасны хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Нэхмэлийн салбарын гол тодорхойлогч үзүүлэлт нь ээрмэл утас ба хөгжлийн дээд хэлбэр бөс даавуу юм.

-Хөтөлбөрийн онцлох нэг зорилго бол малчдын орлогыг нэмэгдүүлэх. Энэ талын тооцооллыг яаж хийж байна вэ. Жишээлбэл, нэг кг ноос, ноолуурын үнэ ханшийг тодорхой байдлаар барих боломжтой эсэх тухайд? 

-Ноолуурын үнэ ханш бол зах зээлийнхээ зарчмаар тогтдог. Эрэлт, гадаад зах зээлийн хэрэгцээ өндөр байгаа тохиолдолд дотоодын ноолуурын үнэ дагаад өсдөг. Ноолуурын үнэд хамгийн гол нөлөөлдөг хүчин зүйл бол чанар. Тиймээс хог хольц багатай, нарийн микронтой, чанартай ноолуур бол өндөр үнэтэй байдаг. 

-Ноолуурын үнэ ханш жил бүр харилцан адилгүй байхаас гадна нэлээд савладаг. Хавар эрт үедээ боломжийн үнэ ханштай байдаг ч сүүлдээ огцом буурдаг тал бий. Энэ нь ямаагаа эрт болон орой самнадаг бүс нутгийн малчдад харилцан адилгүй ашиг орлогын байдал үүсгэдэг. Энэ нь юутай холбоотой вэ?

-Зүүн аймгийнхны ямааны ноолуур эрт хөөрч самнадаг учраас хог хольцгүй, бүдүүрээгүй, шинээрээ байдаг. Мөн гарц сайтай. Гарц сайтай гэдэг нь нэг кг ноолуурыг угаахад түүний 60 хувийг ашиглах боломжтой байдгаараа давуу талтай. Гэтэл баруун аймгийнхны тухайд тав, зургадугаар сард ямаагаа самнахад ноолуурын ширхэг бүдүүрэхээс гадна хаврын салхи, шороон шуурга гэх мэт уур амьсгалаас шалтгаалж хог хольц ихтэй болдог. Үүнээс гадна хамгийн гол нь гарц багатай байдаг. Барагцаагаар 50 орчим хувийг нь л ашиглах боломжтой байдаг. Тэгэхээр чанар, гарц гэх мэт хүчин зүйлээс шалтгаалж ноолуурын үнэ ханш харилцан адилгүй байдаг.

-Тэгвэл малын гаралтай түүхий эд ялангуяа ноос, ноолуурыг өндөр үнэ ханштай байлгахад малчид өөрсдөө юунд анхаарах ёстой вэ?

-Малчид ноолуурынхаа гарц бус чанарт анхаарах нь аль аль талдаа илүү ашигтай. Зарим малчин ноолуурынхаа гарцыг нэмэгдүүлэх гээд ямаагаа эрлийзжүүлээд ноолуурын ширхгийг нь бүдүүрүүлдэг тал бий. Ямаагаа эрлийзжүүлэх тусам ноолуурын чанар мууддаг. Тиймээс малчид маань ноолуурынхаа чанарт анхаарахаас гадна анхан шатанд нь өнгөөр ялгах, хялгасыг нь түүх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд ноолуурын үнэ өсөх, нэмэгдэх бүрэн боломж бий. 

-Өнгөрсөн өвлийн малын хорогдлоос үүдэн энэ жилийн ноос, ноолуурын нөөц буурсан уу. Ер нь манай улс жилд хэр хэмжээний ноос, ноолуур бэлтгэдэг вэ?

-Өнгөрсөн өвөл болон хавар үүссэн нөхцөл байдлын улмаас улсын хэмжээнд найман сая мал хорогдсон. Тиймээс энэ хэрээр нөөц буурах нь ойлгомжтой. Манай улс жилд ойролцоогоор 10 орчим мянган тонн ноолуур бэлтгэдэг байсан бол энэ жилийн тухайд найм орчим мянган тонныг бэлтгэх жишээтэй.

-Малчдад төрөөс бодлогоор үзүүлж буй дэмжлэгүүдийн нэг ноосны урамшуулал байдаг. Гэтэл зарим малчин өмнөх жил тушаасан ноосныхоо урамшууллыг авч чадаагүй гэдэг асуудал гарч ирдэг. Ноосны урамшууллыг ямар зарчмаар хэрхэн олгодог вэ?

-Ноосны урамшуулал олгож байгаа нь нэг талаас малчдыг, нөгөө талаараа үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж буй бодлого юм. Хүмүүс ноосны урамшууллыг малчдад биш үйлдвэрт олгодог гэсэн буруу зөрүү ойлголттой байдаг. Ямар нөхцөлд урамшуулал олгодог вэ гэхээр үндэсний үйлдвэрлэлд ноосоо тушаасан малчин өрхөд дэмжлэг үзүүлж олгодог. Татварын багц хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр анхан шатны баримтыг ebarimt гэж үздэг болсон. Өөрөөр хэлбэл, ebarimt-аар баталгаажсан тохиолдолд гүйлгээ хийсэнд тооцно гэсэн үг. Тиймээс малчдын урамшууллыг ebarimt дээр үндэслэж олгож байгаа юм. Бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч аль нь ч байсан ноос худалдан авсан тохиолдолд цахимаар ebarimt үүсгэж малчин түүнийг баталгаажуулах зарчмаар явбал түргэн шуурхай байх нөхцөл бүрдэнэ.

Аль аймаг, сумын хэн гэдэг малчин хэдий хэмжээний ноос, хөөврийг ямар үйлдвэрт тушаасан гэдгийг нь шалгаж хянаад урамшууллыг нь олгодог. Тиймээс малчид маань цахимд нэвтэрч гүйлгээгээ зөвшөөрөхгүй байх, мөн тушаагч нь нас барсан, дансаа сольсон гэх мэт хүчин зүйлээс шалтгаалж цаг хугацаа хоцорч, урамшуулал нь олгогдох тохиолдол гардаг.  Тиймээс яамны зүгээс түүхий эд бэлтгэлийн цахим системийг нэвтрүүлж эхлээд байгаа. Ингэснээр аль аль талдаа хүндрэл чирэгдэлгүй, амар хялбар болно. 

-Дэлхий нийтэд ноос, ноолуурын эрэлт хэрэгцээ ямар түвшинд байна вэ. Цаашид үнэ цэн нь өсөн нэмэгдэх төлөв ажиглагдаж байна уу?

-Дэлхийн зах зээл дээрх худалдан авагчдын шаардлага нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд ангийн арьсаар хийсэн хувцас хэрэгсэл худалдан авах нь эрс багассан. Мөн үүнтэй адил мал, малын түүхий эдийн гарал үүсэл, тухайн мал амьтныг зовоохгүйгээр түүхий эдийг нь авсан уу, үйлдвэрлэл нь тогтвортой юу, байгаль орчинд ээлтэй эсэх гэх мэт маш олон шалгуур шаардлага тавьдаг болсон. Тэгэхээр бид олон улсын стандарт болон хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлж түүхий эдээ бэлтгэн нийлүүлэх, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулах шаардлагатай.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24605/

 


 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 1 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 4 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 4 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 5 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 5 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 6 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 6 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 6 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 6 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 6 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 6 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 6 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 6 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 6 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 7 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 7 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 7 цагийн өмнө