​ Ард түмний “Арслан”


Г.Доржсамбуу гэдэг хүнийг зөвхөн жүжигчнийх нь талаас бичихэд л томоохон судалгааны бүтээл төрөх болов уу гэж бодогдоно. Гэтэл цаана нь найруулагч, сурган хүмүүжүүлэгч, аав, эр нөхөр гээд энэ амьдралд бий болгосон маш том орон зай байж байдаг. Хэдийгээр жүжигчнийхээ хувиар маш цөөхөн кинонд дүр бүтээсэн ч “Жүжигчин” гэдэг алдрыг нэр хүндтэйгээр эзэмших эрхийг бааварлан байж авсан эр дээ. Алтайн цаадах говь, Хөвсгөлийн их тайга, дорнын уудам тал гээд Монгол орны аль ч алс бөглүү хязгаарт очоод “Яагаа вэ нөгөө Арсланг мэднэ дээ” гэвэл наян настай буурлаас эхлээд найман настай балчир хүртэл “Аа тийм хувингаа өшиглөөд аймаар уурладаг” гээд үргэлжлүүлээд л ярина. Түүнийг би ч мөн адил “Говийн зэрэглээ” киноны “Арслан”-гийн дүрээр нь л мэддэг байлаа. 


“Тоншуул” сэтгүүлийн шог зураач Соёлын гавьяат зүтгэлтэн А.Гүрсэдийн өргөмөл хүү гэдгийг нь, Магсаржав вангийн туслах, бичээч Д.Жамъян гэдэг хүний төрсөн хүү  болохыг нь ч мэдэхгүй. Зүгээр л “Янзаган зоотой шарга морийг нь, Янцгаахын нь чимээгээр таньсан юм аа хө” гэж дуулж очоод Номинд алгадуулдаг инээдтэй ах. Найруулагч Г.Доржсамбуу агсан Монголын театр киноны ертөнц, ерөөсөө энэ орчлон хорвоог орхин одоод аль хэдийнэ 30 жилийг үджээ. Жаргал, зовлон хослох хүмүүний ертөнцөд 45-хан жилийг өнгөрөөсөн ч монголчуудын оюун санаанд арилшгүй мөрөө үлдээгээд оджээ. Өргөж авсан эцэг нь уран бүтээлч хүн байсан болохоор урлагийн гал тогоонд хар багаасаа л орсон байж таарна. 

Бага байхын л махлаг хүү байсныг нь түүний тухай дурсан ярих хүн бүр өгүүлэх аж. Төрсөн ах дүү нар нь түүний тухай “Өргөж авсан аав, ээж хоёр нь их эрхлүүлдэг байж билээ. Аав нь хөлийг нь гэдсэндээ хийгээд дулаацуулж байхад ээж нь ам руу нь амттан хийгээд толгойг нь илж байгаа харагддаг сан. Тэднийд очих бүрд жижигхэн мандолин барьчихсан хоймортоо сууж байдаг хүүхэд байлаа” хэмээн дурсан ярьжээ. Ёстой нөгөө баастай бурхан гэдэг нь байгаа юу даа. Аав нь зураач хүн болохоор ч тэр үү Дүрслэх урлагийн сургуульд оруулсан боловч нэлээд эвгүй гэхэд хэцүү, хөгжилтэй гэхэд хэцүү паянгаас болоод хөөгдсөн юм билээ.  

Тэрбээр 17 настайдаа театрт дагалдан жүжигчнээр орж ажиллаж байгаад цэргийн алба хаахаар морджээ. Халагдаж ирээд театртаа үндсэн жүжигчнээр ажиллаж эхэлснээр түүний уран бүтээлийн гараа эхэлсэн байдаг. Халагдаж ирээд гэснээс халзан толгойтой залуухан хүү театрын шатан дээр эхнэрийнхээ нүдэнд олзлогдож л дээ. Түүний эхнэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Цолмон агсан хожим энэ тухайгаа дурсан “Тухайн үед би оюутан байсан. Тэр өдөр УДЭТ-аас хувцас авахаар очихдоо анх харж билээ. Театрын хувцасны нярав байдаггүй. Үүдэнд хүлээгээд сууж байтал цагаан цувтай залуу дуу аялаад буугаад ирсэн. Би чинь бараг театрын ард өссөн хүүхэд. Тухайн үед театрын уран бүтээлчдийг бүгдийг нь шахуу таньдаг байсан. Гэтэл зүс үзээгүй залуу.

Жүжигчин С.Сэлэнгэ эгчээс “Энэ хэн бэ” гэж асууж байхыг сонсчихсон юм билээ. Орой нь утас дуугарахаар нь автал “Сайн байна уу, Г.Доржсамбуу байна” гэхээр нь би таньдаггүй. “Ямар Г.Доржсамбуу, би тийм хүн танихгүй” гэтэл “Өдөр чи С.Сэлэнгээ эгчээс намайг театрт шинээр орсон юм уу гээд асуугаад байсан биз дээ” гэж билээ. З.Жарантав гуайгаас манай гэрийн утасны дугаарыг авчихсан байж. Тэр өдрөөс хойш өдөр бүр ярьж, уулзсаар жилийн дараа нэг гэрт орсон доо” хэмээн ярьсан байдаг. Театрт ороод 1973 онд Д.Мягмарын “Нандин эрдэнэ” жүжгийн Жанцан, 1974 онд Армяны зохиолч А.Папаяны “Цаг өөр болжээ” жүжгийн Эдуард, 1975 онд Төрийн шагналт, зохиолч Ч.Чимидийн “Маш нууц” жүжгийн Жамьяндоод тогложээ. Ингээд 1975 онд мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхээр “Хээрийн галуу нисэн үл хүрэх газар хүний хүү эрдэм сурахаар одов”. Укрианы Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг 1980 онд дүүргэж ирээд УБДС-ийн кино драмын ангид багшилж эхлэв. Түүний дааж төгсгөсөн ангийнх нь шавь нараас Д.Цэрэнсамбуу, Ч.Ганхуяг, Н.Пүрэвдорж нарын Урлагийн гавьяат зүтгэлтэн, С.Лхагвасүрэн, Ж.Алтанцэцэг нарын Гавьяат жүжигчин төрөн гарсан бөгөөд хичээл заалгасан болон удирдлагад нь ажиллаж байсан жүжигчдээс Ж.Сүххуяг, Ц.Төмөрхуяг, Л.Дэмидбаатар нарын гавьяатууд төрөн гарсан байна.


Уран бүтээлчдийн хувьд 1980-аад он цаг уясаж эхэлсэн үе юм уу гэж надад бодогддог юм. Эсвэл хөгжлийн явц нь тэгж таарсан байж ч болох. Кино зохиолыг нь Б.Балжинням бичиж,  Р.Доржпалам найруулсан “Говийн зэрэглээ” уран сайхны кино, кино урлагийн ертөнцөд нэгэн шинэ өнгө нэмж чадсан уран бүтээл гэдэгтэй маргах хүн ховор биз. Говь нутгийн жирийн хүмүүсийн амьдрал, хайр дурлал, алдаа оноо хийгээд нутгаа хайрлах сэтгэлийг өгүүлсэн хэзээ ч үзэхэд уйдахааргүй кино л доо. 

Сумын төвийнхний жирийн амьдрал, хөдөө орон нутагт соёл, олон түмний ажил хэрхэн явагдаж байгаа тухай өгүүлэхдээ эх орныхоо үнэт баялгийг хайрлан хамгаалах, хүн арддаа тустай үйл бүтээх зорилготой залуусын зарчимч, шударга, хөдөлмөрч чанар, хөдөөгийн хүмүүсийн сайхан сэтгэл, хүнлэг ёс суртахууны түвшин зэргийг сургуулийн захирал Хашхүү, холбоочин бүсгүй Номин, тракторчин Арслангийн дүрээр дамжуулан харуулжээ. Ерөөсөө Арслан гэх хээгүй эрийн дүрийг Б.Балжинням гуай Г.Доржсамбууд зориулан бичсэн гэдэг. “Говийн зэрэглээ” кино бүтээгдсэнээс иргэний уянгын сэдэвтэй уран бүтээлүүдэд Б.Балжинням, Р.Доржпалам, И.Нямгаваа, Г.Доржсамбуу гэдэг уран бүтээлчдийн хоршил заавал харагддаг болов. Эдгээр эрхмийг монгол киноны “Мөнгөн үе”-ийн шинэчлэгчид гэж би боддог юм. 

Түүний тухай дурсамжаа хүүрнэх хүмүүс “Хүүхэд шиг гэнэн гэмээр, хээгүй гүдэсхэн” гэж тодорхойлох нь нийтлэг. Яг л Арслан шиг. Түүний гэргий нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Манай Доржсамбуу их зөөлөн хүн дээ. Уг хүн нь яг л хүүхэд шиг зантай. Харахад л бадриун, хүн айлгамаар сүртэй харагддаг болохоос жаахан хүүхэд шиг л байдаг байсан. Яагаад ч юм хүнийг өөртөө сайн татаж чаддаг. Гэхдээ гоё сайхан үгээр биш яг л байгаа байдлаараа бусдыг татаж чаддаг. Их ухаалаг хүн байсан болохоор юмыг хүнд энгийнээр ойлгуулж ухааруулж чаддаг байлаа. Би ханийнхаа тэр л занд нь татагдсан. Хань маань нийтдээ 18 жүжиг найруулсан байдаг юм. Жүжиг найруулж байхдаа ч бусдадаа өөрийнхөө санааг ерөөсөө тулгадаггүй. Үнэхээр тушигтэй хүн. Дэргэд нь байхад их нөмөртэй байдаг байлаа” хэмээн өгүүлж байлаа. Найруулагч маань 1985-1994 он хүртэл Драмын театрт ерөнхий найруулагчаар ажиллаж байсан юм. Тэрбээр "Найрын ширээний ууц", "Нора", "Болд хэрхэн хатаагдсан нь", "Нийгмийн санаа", "Хөхөлдэй хүүгийн үлгэр", "Халуун газар" зэрэг 20 гаруй жүжиг найруулан тавьсан байдаг.

Түүнийг жүжигчнээс дүр нэхдэг найруулагч байсан гэж ярих нь бий. Өөрөө дүрийг тийм чадварлаг гаргадаг байсан болохоор аргагүй л дээ. Тэрбээр сургуулилалтын явцад юу ч хэлэхгүй хэрнээ жүжигчдийг алсуур хөтөлсөөр өөрийнхөө санаанд буй дүрийг гаргуулчихдаг байсан гэнэ. “Гарын таван хуруу” кинонд огт ярьдаггүй туслах дүрийг яаж тэгж сэтгэлд хоногшуулж чадав аа. Хамар хашаанд нь гарсан уй гашууг үл тоомсорлосон маягтай шүдээ чигчлэн зогсох увайгүй бүдүүн эрийн дүр үзэн ядахад хэцүү, хайрлан дотносох хэцүү суурин иргэншлийн амиа бодогч бэртэгчин эр. 

Ардын жүжигчин Д.Мэндбаяр нэгэнтээ “Намайг “Найрын ширээний ууц” жүжигт Ханджавын дүр бүтээлгэхээр сонгосон юм. Тухайн үед миний тоглох дүрийг өөр хүнд өгчихөөд надад ийм дүр өглөө гэж дотроо голонгуй дурамжхан л байлаа. Тэгтэл насан туршдаа тоглох дүр өгснийг ойлгохгүй, гомдож явснаа хожим ухаарсан. Хүн залуугаараа үргэлж амьдрахгүй. Гэтэл би өнөөг хүртэл Ханджавынхаа дүрд тоглосоор байна. Энэ жүжиг театрын тайзан дээр олон жил амьдарч байгаа уран бүтээл. Үзэгчид эхнээс нь дуустал инээдэг. Тэр үед надад “Театрын хана хүртэл инээдэг болов уу” гэсэн бодол төрдөг байв” хэмээн хуучилсан юм. Ардын жүжигчин Н.Мягмарнаран “Надад Самдангийн дүр өглөө. Сургуулилалтын явцад “За Дорж оо, би тоглож чадахгүй нь. Чи З.Пүрэвээ гуайд энэ дүрээ өгчих. Хошин дүрд тоглож байгаагүй надад тохирохгүй” гэхэд “Битгий солиор, чи Самданг гаргана. Би харчихсан гэж зүтгэж билээ. Үнэхээр “Найрын ширээний ууц” жүжгийн Самданг Н.Мягмарнарангаас өөр хүнээр төсөөлөхийн аргагүй бүтээсэн. 

Би лав төсөөлж чаддаггүй юм. Тэрбээр “Хоёроос гурван дүр нэг жүжгээс төрөх юм бол би өөрийгөө агуу жүжиг хийчихлээ гэж бодъё” гэж ярьдаг байв. Найруулагчийн хувьд эхлээд зохиолоо жүжиг болгож харчихаад жүжигчидтэйгээ ажилладаг хүн байлаа. Жүжигчин Ц.Төмөрхуяг “Намайг гуравдугаар курсэд байхад Г.Доржсамбуу багш “Найрын ширээний ууц” жүжгийн зохиол өгөөд унш гэлээ. Уншсаны дараа “За чамд ямар санагдав” гэхэд “Ерөөсөө инээдтэй санагдсангүй. Сонин зүйл ер алга” гэхэд “Чи харж байгаарай, би үүгээр инээдмийн жүжиг хийнэ” гэж байна. Тун удалгүй жүжгийн нээлт боллоо. Би үзсэнийхээ дараа инээгээд, бүр гадаа гарч дэвхэцсэн. Дараа нь багш надтай тааралдаад ёжтойгоор “За сэтгэгдэл ямар байна” гэхэд “Хачин юм даа, би зохиолыг нь уншаад ойлгоогүй л байж дээ. Та яаж ингэж хийж чадав. Намайг уншихад инээдтэй санагдаагүй л юм даа” гэхэд “Харин инээх юм байдаг байхгүй юу, үүнийг л олж хараад, сурах хэрэгтэй” гэж билээ. Хожим Ардын жүжигчин Н.Мягмарнаран “Намайг инээдмийн төрөлд нээсэн хүн бол Г.Доржсамбуу. Энэ жүжгийг тайзнаа 20 жил тасралтгүй тоглолоо” хэмээн өгүүлсэн нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Найруулагчийн хувьд түүнийг шинэчлэгч байсан гэдэгт би эргэлздэггүй юм. Нийгэм солигдож уран бүтээлчдийн цензур, дарамт үгүй болов. Хэн чөлөөтэй сэтгэж чадна тэр л уран бүтээлч ард түмэнд хайрлагдаж авьяас билгээрээ цойлох цаг ирлээ.

Ардчилсан Монгол Улсын төрийн наадмыг анх дэглэн найруулсан хүн нь энэ нийтлэлийн гол баатар Г.Доржсамбуу. Тэрбээр 1990 онд Ардын хувьсгалын 69 жилийн ой, төрийн их баяр наадмаар анх удаа есөн хөлт тугаа залж, Төрийн тэргүүн цагаан эсгийт индрээс ард түмэндээ хандан үг хэлдгээр найруулгаа хийв. Түүний энэ бүх санаа, шийдэл, найруулга өнөөдрийг хүртэл төрийн ёслолын дэг болон хуульчлагдаж иржээ.  Түүний тухай “Доржсамбуу наадмын найруулагчаар ажиллахдаа текст, шүлгүүдээ намайг бич гэсэн. Үг санаа их нийлдэг болохоор ам ажил зөрөөгүй. Чингис хааны цэргүүд морьтойгоо тойрч давхидаг хэсгийг тэр л сэдсэн. Одоо ч түүнийхээр л явна. Анхдагч болсон Г.Доржсамбууг дурсахгүй байгаад дургүй хүрдэг. Дурсаж чадахын тэнхэлгүй болно гэдэг бол амьдаараа мөхөж байна л гэсэн үг… “ хэмээн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан нэгэнтээ дурсан ярьсан байдаг. Төрийн наадмыг дэглэн найруулна гэдэг одоо ч хэр баргийн найруулагч зүрхэлж хийдэггүй ажил. Гэтэл Г.Доржсамбуу гэдэг хүн тэр дэгийг нь зохиосон гэвэл яах вэ.  

Түүний уран бүтээлийн замнал 20-оодхон жил, амьдарсан цаг хугацаа 40 гаруйхан. Урлагийн ертөнцөд цахилаад одсон “Од” үнэхээр л баастай бурхан байлаа. Түүн шиг тоглосон дүр бүхнээ сэтгэлд уяж чаддаг жүжигчин хэд бол. "Найрын ширээний ууц", "Монголын гурван өдөр" уран сайхны киног найруулж, “Говийн зэрэглээ”, “Гарын таван хуруу”, “Ирэх хаврын цэцэг” “Мөнгөн буйл”, “Загийн алим”  зэрэг уран сайхны кинонуудад бүтээсэн дүрээрээ дэлгэцнээ, ард түмнийхээ сэтгэлд мөнхөрсөн нэгэн юм.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24606/


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 9 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 9 цагийн өмнө
Тохуурхал 9 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 9 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 9 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 9 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 9 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 9 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 9 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 9 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 10 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 12 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр