Аялал жуулчлал Эдийн засгийг хурдтай тэлнэ


Тоо худал хэлдэггүй гэдэг. Монгол Улс өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 650 гаруй мянган жуулчин хүлээн авч, 1.3 тэрбум ам.долларын орлогыг эдийн засагт төвлөрүүлэв. Тавьсан зорилтынхоо 50 орчим хувийг биелүүлсэн хэдий ч энэ бол  баярлам бас бахархам үзүүлэлт. 

Тэгвэл Монгол Улс энэ онд дахиад нэг сая жуулчин хүлээн авах зорилго дэвшүүлэн ажиллаж буй. Ингэснээр энэ оны долдугаар сарын 3-ны өдрийн байдлаар 311845 жуулчин хүлээн авсан бол энэхүү тоо нэг өдрийн дотор 5107 жуулчнаар нэмэгдэж, 316952 болжээ. Өнгөрсөн жилийн тухайд нэг өдөр хамгийн олондоо 4485 жуулчин ирж, дээд амжилт тогтоож байсан бол энэ удаад тус үзүүлэлт 600 гаруй хүнээр нэмэгдэж,  нэг өдөр 5107 жуулчин Монголд хөл тавилаа.

Тодотговол, энэ сарын эхний гурав хоногт 14730 жуулчин иржээ. Энэ бол урьд өмнө ийм тооны жуулчин хүлээн авч байгаагүй монголчуудын хувьд  том амжилт билээ. Дээрх гурав хоногт Монголд ирсэн жуулчдын дийлэнхийг ОХУ, БНХАУ, БНСУ-ын иргэд эзэлж байв. Ер нь Монгол Улсад аялж буй жуулчдын эхний аравт Орос, Хятад, Өмнөд Солонгос, Казахстан, Япон, Америк, Герман, Турк, Беларусь улс багтдаг бөгөөд энэ сарын 3-ны өдрийн байдлаар эдгээр  улс орноос хамгийн ихдээ 90 гаруй мянга, багадаа гурван мянган жуулчин Монголд ирж, аялсан байна.

Энэ оны долдугаар сард нэг өдөрт 4000 орчим жуулчин хүлээн авах тооцоо гаргаж байсан ч бодит байдалд өдөрт ирж буй жуулчдын тоо тав, зургаан мянгаар тоологдож байна. Үүнийг дагаад энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн орлого эрс нэмэгдэх нь гарцаагүй. Энэ нь цаашлаад улс орны эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ. Цаашид аялал жуулчлалын салбарын үйлчилгээг илүү сайжруулж, шинэ түвшинд гаргаж чадвал аялал жуулчлалаас ирэх өгөөж уул уурхайгаас олох орлогоос давж, улсын эдийн засаг бүрдүүлэгч том хүчин зүйл болох боломж ойрхон байна. Гэхдээ зам тээвэр, дэд бүтэц сайтай, нислэгийн тийз, үйлчилгээний төлбөр уян хатан байх,  олон улсын жишигт нийцсэн жуулчны бааз, амралтын газруудтай болох гэх мэт олон асуудлын шийдлийг олох ёстой.

 

Шийдвэр ба хэрэгжилт 


Тийм ч учраас Засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил” болгон зарлаж, энэхүү зорилтын хүрээнд холбогдох шийдвэрүүдийг гаргаж, улмаар зохих ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих БНСУ-ын иргэдийн, мөн адил зорилгоор 30 хүртэлх хоногоор ирэх Европын 32 болон Австрали, Шинэ Зеланд улсын иргэдийг гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлсөн. Ингэж визийн шаард­лагаас чөлөөлснөөр аялал жуулч­лалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн тус улсуудад Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаарх яриа хэлэлцээг шинэ шатанд гаргахад ач холбогдолтой гэж үзэж дээрх шийдвэрийг гаргасан гэдгийг холбогдох албаныхан тодотгож буй. БНСУ-ын иргэдтэй хамааралтай шийдвэр энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжинэ.

Мөн гадаад, дотоодын нислэгт ч ахиц дэвшил гарч байгаа юм. Тухайлбал, Франкфурт чиглэ­лийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг баталж, Монголоос тус улс руу шууд нислэг үйлдэх боломж нөхцөлийг бүрдүүлж байна. Манай улсаас АНУ руу жилд дунджаар 60 орчим мянган иргэн зорчиж, 30-50 цаг нисэж, тийзийн төлбөрт 2000-4000 ам.доллар төлдөг. Харин шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ 1000-1500 ам.доллар болж буурах, нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж 3-4 дахин багасах юм. Өөрөөр хэлбэл, олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж нээгдэнэ.

Түүнчлэн орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор МИАТ ТӨХК Улаанбаатар хотоос орон нутгийн найман чиглэлд нислэг үйлдэх, тийзийн үнэ тарифыг бууруулах шийдвэр гаргасан. Ийнхүү тус компани 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээж, өнгөрсөн  оны зургадугаар сараас эхлэн хуваарьт нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд одоогоор  Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаангом, Өлгий зэрэг найман чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нислэг үйлдэж байна.  Мөн тус компани нислэгийн үнэ тарифаа 2-2.5 дахин бууруулсан.

Тухайлбал, Өлгий, Ховд чиглэлд нислэгийн тийз хоёр талдаа 1.5-1.7 сая төгрөг байсныг 810-902 мянга, Улаангом, Улиастайн чиглэлд 1.3-1.4 сая төгрөг байсныг 633-852 мянган төгрөг болгож бууруулсан. Түүнчлэн Даланзадгад чиглэлд хоёр талдаа 500-617 мянга, Мөрөн чиглэлд 500-680 мянга, Алтай чиглэлд 733-852 мянга, Чойбалсан чиглэлд 537-617 мянган төгрөгийн тарифаар үйлчилж буй. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ агаарын арван хөлөгтэй болж, төмөр замын компаниуд 21 зүтгүүрээр хүчээ сэлбэжээ.  Харин хатуу хучилттай автозамын тухайд 2022 онд 292 км зам барьж байсан бол өнгөрсөн онд 381 км зам ашиглалтад оруулсан байна. Энэ онд долоон аймгийн 40 сум, хоёр боомтыг холбох нийт 1100 км автозамын ажлыг эхлүүлээд байна.

 

Аялал жуулчлалын салбарын малгай хуулийг 23 жилийн дараа шинэчлэв 

Аялал жуулчлалын салбарын сэргэлтийн суурь үндэс болсон Аялал жуулчлалын тухай хуулийг 23 жилийн дараа шинэчлэн батлаад жил гаруй болж байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үндэсний өв, уламжлал, соёл, ёс заншил, түүх, дурсгалын үнэт зүйлсийг сурталчлан таниулах улмаар эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой тул тус салбарын эрх зүйн орчныг ийнхүү боловсронгуй болгов. Ингэж 20 гаруй жилийн дараа аялал жуулчлалын салбарын малгай хуулийг шинэчлэн баталснаар тус салбарын төдийгүй аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн өмнө тулгамдсан олон асуудал шийдлээ олж буй.

 

Давуулан биелүүлэх боломж эсвэл дутуудуулах эрсдэл хаяанд бий 

Монгол Улс аялал жуулчлалын арвин их нөөцтэй ч зөвхөн цаг агаарын хувьд хамгийн таатай зуны улиралд л жуулчдын урсгал нэмэгддэг. Тиймээс аялал жуулчлалын улирлаа уртасгахаас гадна ялангуяа хагас жил орчим үргэлжлэх өвлийн улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө тал талдаа хичээж байна.

Дулааны улиралд аялал жуулчлалын хамгийн оргил үе нь долоо, наймдугаар сар. Энэ ч утгаараа буюу Үндэсний баяр наадам тохиодог долдугаар сард жуулчдын тоо хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг. Жилээс жилд, сараас сард, өдрөөс өдөрт Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж буй нь баярлууштай. Цаашид энэ тоо улам илүү нэмэгдэх бүрэн боломжтой ч аар саархан зарим нэг асуудлаас үүдэж буурах эрсдэл ч ойрхон бий.

Таван тивийн жуулчид Монгол орныг зорин ирэх эхний гол шалтгаан бол унаган дүр төрхөөрөө хадгалагдаж буй үзэсгэлэнт байгаль юм. Өөрөөр хэлбэл, уул нурууд,  гол мөрөн, тал нутаг, ан амьтад, элс...гээд хараа булааж, сэтгэл татам үзэсгэлэнт хөдөө нутаг бол тэдний зорин ирэх шалтгаан болдог.  Харин дараагийнх нь жуулчдыг татах зүйл бол түүхэн өв соёл, мөн уламжлалт буюу монгол ахуй амьдрал. Тэд үндэсний баяр болох эрийн гурван наадам, Цагаан сарыг үзэх, элсэн цөлд тэмээ унах, цэнхэр тэнгэр, одод харах, цаатнуудын урцаар зочлох, бүргэдийн анчидтай танилцах, цэнгэг гол мөрөнд загасчлах, Бурхан халдун ууланд авирах, дэлхийн хамгийн цэнгэг Хөвсгөл нуурыг үзэж, завиар аялах, морь унах, монгол гэрт хонох, үндэсний хоол унд идэж үзэх...гэх мэт өөр хаана ч биш зөвхөн Монголд л үзэж харах боломжтой, давтагдашгүй зүйлс жуулчдыг нааш нь хөтөлдөг. Ийм хүсэл зорилго өвөртлөн ирсэн жуулчид ч санасандаа хүрч, сэтгэл хангалуун буцдаг ч үүний нөгөө талд зарим нэг асуудалд тэд сэтгэл дундуур үлддэг. Тэдний гэлтгүй бидний буюу дотоодын жуулчдын сэтгэл ч гонсгор хэвээр. 

Учир юу гэвэл, стандартын шаардлага хангасан, хүртээмжтэй ариун цэврийн байгууламж, халуун ус, шүршүүрийн асуудал. Нэг үеэ бодвол эл асуудлыг олон шийдлээр тодорхой хэмжээнд шийдэж, шат ахиж байгаа хэдий ч гадаадын төдийгүй дотоодын жуулчдын өмнө тулгамдаж буй асуудлын эхэнд эрэмбэлэгдсэн хэвээр байна. Дараагийнх нь хоолны амт чанар, үйлчилгээ үзүүлэгчдийн харилцаа хандлагын асуудал чихэнд хонх уясаар.

“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэж үг бий. Үүний адилаар зарим жуулчны бааз, амралтын газар, жуулчин хүлээн авдаг малчин айл өрх ариун цэврийн байгууламжийн асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байхад хоолны амт, чанар, харилцаа хандлагын асуудал шил даран орж ирж буй. Энэ мэт олон асуудал ар араасаа хөвөрсөөр. Гэхдээ хамгийн гол нь эдгээр асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэдэгт асуудлыг учир оршиж буй.

Жуулчны баазуудын нэг хоолны дундаж үнэ 45–60 мянга, өглөөний цай 20-30 мянган төгрөг байх жишээтэй. Энэ тухайд буюу хоол ундны амт чанар бөгөөд үнэ ханшийн асуудлыг нэгэн хөтөч хөндөж цахим хаягтаа бичсэн удаатай. Бас нэгэн аялагч аялал жуулчлал хөшөөн дээр биш хоол, хоолны амт чанар, үйлчилгээ харилцаа хандлага дээр тогтдог гэдгийг тодотгосон байв. Нээрэн л тийм. Гадаад, дотоодын жуулчдын санал сэтгэгдлээс нэгийг бодож, хоёрыг тунгаахад гэмгүй. Хэрэв тааруухан амттай хоол ундтай байсан ч хүмүүс нь харилцаа хандлага сайтай байвал дахин үйлчлүүлэх, найз нөхөд, хамаатан садан гээд бусдад санал болгодог бичигдээгүй хууль аялагчдын дунд үйлчилдэг. Тиймээс гадаад, дотоод гэж ялгахгүй бүх боломжоо ашиглан хамгийн сайнаараа үйлчилж чадвал эргэн уулзахын ерөөл ойр буюу. 

Бид энэ удаагийнхаа “Сэдэв”-ээр эргэн уулзахын ерөөл ойрхон буй, гадаад, дотоодын жуулчдын хөлд дарагддаг жуулчны бааз, амралтын газруудаас онцлон танилцуулж байна.

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24606/

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 7 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 7 цагийн өмнө
Тохуурхал 7 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 7 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 7 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 7 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 7 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 7 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 7 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 8 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр