Ч.Дунгаамаа: Шидээвэр бүтээлүүдийг Косовод үзсэн нь миний хувьд их туршлага боллоо



Монголын тайз, дэлгэцийн уран бүтээлчид хилийн чанадаас сайхан мэдээ дуулгасаар байна. Баяр наадмын өмнөхөн Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин Ч.Дунгаамаа олон улсын моно жүжгийн наадамд авьяас чадвараа сорьж “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр шалгарсан юм. Косово улсад зохион байгуулсан “Моно Акт” наадамд эхний шатны шалгаруулалтаас тодорсон долоон уран бүтээлч жүжгээ хүргэсний нэг нь Монголынх байв. Баярын мэдээ хуучраагүй байхад нь жүжигчин Ч.Дунгаамаатай уулзаж, ярилцлаа. “Залуучууд” театрын тайзнаа тавьсан эмгэнэлт, инээдмийн, хүүхдийн болон хүүрнэлт бүтээлүүдэд гол, туслах дүрүүдийг бүтээсэн Ч.Дунгаамааг Ардын уран зохиолч, Төрийн шагналт Б.Лхагвасүрэнгийн “Маргаашгүй хаан” эмгэнэлт жүжгийн Гэрэлт хатны дүрийг бүтээснээр нь уншигчид андахгүй биз ээ.    

 

-Олон улсын моно жүжгийн наадамд таны бэлдэн оролцсон “Хайрт минь, энэ бол ердөө л эхлэл нь” жүжгийн зохиолыг анх удаа уншсан үеэс эхлэн ярилцъя. Энэ зохиолыг уншаад танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Юуны өмнө ярилцлагад урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Оросын зохиолч Лилия Сафикановагийн “Хайрт минь, энэ бол ердөө л эхлэл нь” зохиолыг зорьж сонгосон гэхэд болно. Анх Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын ерөнхий найруулагч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан М.Цогтод би моно жүжгийн уралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа дуулгахад найруулагч маань намайг дэмжиж, бүр жүжгийн зохиолуудыг судалж эхэлсэн. Олон ч зохиол уншсан даа. Тэгсэн нэг өдөр намайг дуудаж өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа асуудалтай агуулгын хувьд ижилсэх нэгэн бүтээлийг сонгосон нь Лилия Сафикановагийн “Хайрт минь, энэ бол ердөө л эхлэл нь” гэх орос зохиол байв. Зохиолоо уншаад үзэхэд надад ч гэсэн болчихмоор санагдсан. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар нэг хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ долоон литр. Үүнээс хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үздэг юм билээ. Тэгсэн манай улсад энэ үзүүлэлт 12 литрт хүрчихсэн. 21-ээс дээш насны хүн амаар тооцоход жилд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 55 литр гэсэн тооцоололтой. Архидалт, архины хэрэглээ өнөөдөр манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн түвшинд хүрснийг судалж мэдсэн. Жүжигчин хүн зохиолынхоо хүрээнд судалгаа хийдэг. Бодит байдалтай хэр зөрчилдөж байна уу гэдгийг судлах шаардлагатай. Тиймээс жүжгээ эхлүүлэхээс өмнө судалгаа хийснээр тодорхой мэдээлэлтэй болсон. “Миний жүжгээрээ илэрхийлэх гэж байгаа санаа цаг үеэ олсон юм байна” гэдгийг ойлгосон доо. 

Уран бүтээлчид бид нийгмийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, гоо зүйн боловсрол олгох зэрэг үүрэгтэй. Мэдээж эдгээр үүргийг биелүүлэхээс гадна бидний ирээдүйг эрсдэлд оруулах сэдвийг барьж авч бүтээлээрээ илэрхийлэх боломжтой. Тиймээс Лилия Сафикановагийн зохиолыг эргэлзэлгүйгээр сонгож тайзнаа тавьсан юм.


-Бүтэн хоёр цаг зааланд байгаа бүхий л хүний анхаарлыг өөртөө төвлөрүүлэх амаргүй. Гэтэл ганц  хүний жүжиг уран бүтээлчид ийм том шалгуур тогтоодог. Та ийм сорилд орохдоо өөртөө хэр итгэлтэй байв?

-Монголын моно жүжгийн төвийн захирал, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Баясгалан 2017 онд орон нутгийн жүжигчдэд зориулан моно жүжгийн гурав хоногийн сургалт зохион явуулсан. Тухайн үед би сургалтад хамрагдсанаар моно жүжгийн төрөлд авьяас чадвараа сорих боломжтой юм байна гэсэн итгэл төрж байлаа. Мэдээж үзэгчидтэй ганцаараа, шууд харилцдаг болохоор моно жүжиг тоглох амаргүй. Гэхдээ хичээвэл болохгүй, бүтэхгүй зүйл цөөхөн шүү дээ.

Хүн урмаар тэтгэгддэг. Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж зохиолыг монгол хэлнээ хөрвүүлэн, жүжгийн найруулагчаар ажилласан “Залуучууд” театрын найруулагч М.Цогт, үргэлж надтай хамт байж зөвлөгөөгөө харамгүй хайрладаг Гавьяат жүжигчин Ц.Баясгалан, мөн ар талыг бүрэн дааж үлддэг гэр бүлийнхэн болон хамт олон маань байгаагүй бол өнөөдөр би тантай “Моно Акт” наадмын талаар ярилцаад суухгүй байсан. Тиймээс тэдэндээ маш их баярлаж явдгаа энэ ташрамд хэлье.  

-Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Баясгалангийн санаачлан олон улсын наадам болтол зохион байгуулсан “Ялагчдын цуваа”-нд оролцсон нь танд боломж олон байгааг ойлгуулсан байх. Мөн таныг ганц хүний жүжгээр үргэлжлүүлэн ажиллах сэдлийг төрүүлсэн болов уу?

-Тэгсэн. 2019 онд зохион байгуулсан “Ялагчдын цуваа” олон улсын моно жүжгийн наадамд амжилттай оролцсон. Тухайн үед Өмнөд Солонгосын уран бүтээлч “Шилдэг жүжигчин”-ээр шалгарч, гранпри хүртэж байв. Тэр үед надад олон хүн урмын үг хайрлаж “Цаашид моно жүжгээр явбал болох юм байна” гэсэн бодлыг төрүүлсэн. Үүгээр зогсохгүй “Хайрт минь, энэ бол ердөө л эхлэл нь” жүжгээр олон улсын наадамд оролцох боломжтойг ойлгуулсан амжилтын эхлэл байлаа. Түүний дараа бие давхар байсан учраас олон улсын моно жүжгийн наадмуудад оролцох завдал гараагүй. Харин энэ жил Косово улсад зохион байгуулсан олон улсын наадамд амжилттай оролцоод ирсэндээ туйлын баяртай байна. 

-Косово улсад зохион байгуулсан “Моно Акт” наадамд та амжилттай оролцож “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр шалгарсан. Олон улсын уран бүтээлчидтэй нэг гараанаас өрсөлдөж, авьяас чадвараа сориход ямар санагдаж байсан бэ?

-“Моно Акт” А  зэрэглэлийн наадам. Ер нь наадмыг ямар шүүгчид шүүж, олон улсын хэчнээн жүжигчин оролцож, түүнчлэн наадам хэдэн жил үргэлжилж байна вэ гэдгээс зэрэглэл тогтоодог юм билээ. Ийм өндөр зэрэглэлийн наадамд анх удаа оролцсон болохоор дотроо айдастай байлаа. Наадмын эхэнд жүжгийн бичлэгээ ирүүлсэн 30 оролцогчоос шалгаруулалт явуулж долоо нь шилдгээр тунаж үлдсэн. Моно жүжгийн шидээврүүдийн бүтээлийг Косовод бодитоор үзсэн нь миний хувьд их туршлага боллоо.

-Ази, тэр дундаа Монгол Улсаас ганц хүний жүжгийн төрлөөр өрсөлдөх гээд уран бүтээлч очиход Олон улсын театрын институтийн төлөөлөл хэрхэн хүлээн авсан бэ?

-ЮНЕСКО-гийн дэргэдэх Театр урлагийн институтийн нэг хүний жүжгийн форум гэж байдаг. Энэ форумын ерөнхийлөгч, хатагтай Нина Мазур, Косово дахь “Моно Акт”-ын захирал Ментор Зумбираж зэрэг шүүгч, жүжигчид хүрэлцэн ирсэн. Ази, тэр дундаа Монгол Улсаас хоёр эмэгтэй өрсөлдөхөөр очиход биднийг халуун дотноор хүлээн авч байлаа. Магадгүй биднийг ямар уран бүтээл үзүүлэх бол гэсэн хүлээлттэй байсан юм болов уу. 

-Тайзан дээр жүжигчин хүн тод гялалзах эсэх ганцхан өөрөөс нь л шалтгаална. Олон улсын фестивалийн үед уур амьсгал, тайз, үзэгчдээ хэрхэн төсөөлж жүжгээ хүргэсэн бэ?

-Очоод хамгийн түрүүнд үзэгчдэд уран бүтээлээ хүргэх тайзны байрлалаа анхааралтай ажигласан. Моно жүжигт зориулсан акустик сайтай тайз байв. Үнэндээ үзэгчдийг ямар байхыг төсөөлөөгүй. Эндээс Косово руу явахад Ц.Баясгалан багш “Тэнд монгол хэлийг төдийлөн мэдэхгүй. Өмнөөс чинь харах үзэгчид ойлгохгүй байгаа мэт биеийн хэлэмж илэрхийлэхийг үгүйсгэхгүй. Тиймээс түүнд битгий автаарай. Зөвхөн дүрээ хэрхэн бүрэн дүүрэн гаргахдаа анхаарал хандуулах ёстой шүү” гэж зөвлөсөн. Багшийн хэлснээр үзэгчид намайг хэрхэн хүлээж авах талаар ерөөсөө бодоогүй. Зөвхөн жүжигтээ л үнэн байхыг хичээсний дүнд зорьсноо биелүүлж “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр шалгараад ирлээ.

-Энэхүү фестивалийн шилдгээр шалгарснаар дараа дараагийн боломжууд танд нээгдсэн байх?

-Олон сайхан боломж нээгдэлгүй яах вэ. Гэхдээ энэ удаа нууцалъя гэж бодож байна. Монголын моно жүжгийн төвийн 10 жилийн ой энэ намар тохионо. Ойн баяртаа зориулан бид моно жүжгийн өдөрлөг зохион байгуулж, үзэгчдэдээ тус тусын уран бүтээлээ хүргэхээр болсныг дуулгахад таатай байна. Монгол Улсын Гавьяат жүжигчин  Ц.Баясгалан “Би Эдит Пиаф”, Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин Р.Янжиндулам “Би хэн бэ”, Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын жүжигчин М.Ариунтуяа “Гэртээ харина”, миний бие “Хайрт минь, энэ бол ердөө л эхлэл нь” моно жүжгээ тоглож сонирхуулна. Ц.Баясгалан багш маань орон нутгийн театрын жүжигчдэд сургалт явуулж, дэмжсэний хүчинд бидний хэдэн уран бүтээлч моно жүжигт тоглож, цаашид хөгжүүлэх хүсэлтэй боллоо. Багшийн гаргасан жимээр бид урагшилсан нь өнөөдрийн амжилтад хүргэсэн.  


-Та Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт харьяа­лагддаг. Таны гаргасан жимийг сонирхон ганц хүний жүжгийг сонгон судалж байгаа уран бүтээлчид бий юү?

-Би “Залуучууд” театртаа 2010 онд шилжин ирж мэргэжлээрээ ажилласан. Моно жүжгийн төрлөөр 2018 оноос эхэлж ажилласнаас хойш манай театрын олон жүжигчин моно жүжигт тоглож, одоо ч судалгаагаа үргэлжлүүлж байна. Моно жүжгийг бүтээхэд жүжигчнээс гадна олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг. Дуу хөгжим, тайзны гэрэлтүүлэг, хувцас хэрэглэл гээд олон хүн нэг зүйлийн төлөө зорьж байж сая амжилтад хүрдэг. Миний хувьд өнгөрсөн хугацаанд сурч мэдсэнээсээ бусдадаа хуваалцана гэсэн бодолтой явдаг юм.

-Жүжигчний карьерынхаа ихэнх хугацааг тайзан дээр өнгөрөөж байгаа гэж ойлголоо. Өөр төрөлд хөрвөх бодол танд байгаа юу?

-Би тайз, дэлгэцийн жүжигчин мэргэжлээр КУДС-ийг 2003 онд төгссөн. Монгол Улсын Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Гавьяат жүжигчин Ш.Цэцэг багшийнхаа удирдлага дор суралцахдаа их зүйлийг мэдэж сурсан даа. Түүнээс хойш тайзны бүтээлүүдэд түлхүү ажиллажээ. Дэлгэцийн бүтээлд тоглуулах санал тавивал татгалзахгүй. Өөрийгөө сориод үзэж яагаад болохгүй гэж. Уран уншлага миний сонирхлыг их татдаг. Ээж маань урнаар унших дуртай. Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт жүжигчин, аав мөн л тус театрт гэрлийн техникчээр ажиллаж байсан. Ингэж урлагийн гэр бүлд төрж өссөн болохоор би багаасаа л жүжигчин болно гэсэн зорилготой. Ээжийгээ дуурайгаад уран унших дуртай болчихсон юм. Ярилцлагын төгсгөлд “Хайрт минь, энэ бол ердөө л эхлэл нь” жүжгийг тайзнаа амьдруулах эхлэлийг тавьсан хайртай аавдаа баярлалаа. Энэ жүжгийг үзэгчдэд хүргэхэд тусалж дэмжсэн бүх хүнд талархсан сэтгэлээ илэрхийлье. Та бүхнийхээ итгэлээр би энэ бүхний ард гардаг шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24606/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22