О.Жавхлан: Хүүхэд бүрийн авьяас, сонирхолд түшиглэн ажиллах нь манай сургуулийн менежментийн онцлог


Ерөнхий боловсролын сурагчдад англи хэл, мэдээлэл технологи, язгуур өв соёл, уламжлалын  суурийг хослуулан эзэмшүүлэх  “Тулгын гурван чулуу” холимог системийг менежментээ болгосон “Шинэ санаа иннова”  бүрэн дунд  сургууль үйл ажиллагаагаа явуулаад жил гаруйн хугацаа болж  байна. Шинэ цагийн хүүхдүүдэд ерөнхий эрдмийн хичээлүүдийг хос хэлээр цогцоор нь олгох мэдлэг, туршлагатай багш нараас бүрдсэн  “Шинэ санаа иннова” сургууль их хотын дуу чимээнээс хол, нам гүмхэн орчинд,  цэвэр агаар хамар цоргих Хан-Уулын хормойд оршдог.  Ингээд  “Шинэ санаа иннова“ сургуулийг үүсгэн байгуулагч, захирал О.ЖАВХЛАН-тай ярилцлаа.

 

-2023-2024 оны хичээлийн жилийг танай сургууль ямар амжилтаар үдсэн бэ?

-2023-2024 оны хичээлийн жилд манай сургууль хүүхэд нэг бүрийн ахиц, амжилтыг дэмжихийг зорьсон. Энэ зорилгын хүрээнд “Хүүхэд нэг болгонтой тулж ажиллая” уриатай ажиллалаа. Хүүхэд бүрд хичээлийн давтлагын хуваарь гарган өгч,  математик, англи хэл, монгол хэлний хоцрогдолгүй боллоо. Үүний үр дүнд сурагчид төдийгүй эцэг, эхчүүд маш их сэтгэл ханамжтай байсан. Учир нь хүүхдүүд ганцаарчилсан сургалт авч байлаа. Урт хугацаанд ойлгоогүй хичээлээ давтлагын цагтаа багшаасаа айж, эмээхгүй асууж,  бүрэн ойлголт авсан. Тиймээс үндсэн хичээлийн цагтаа хүүхдүүдийн сурах сонирхол нэмэгдэж, хичээлдээ идэвхтэй оролцдог болсон.

Манай сургууль богино хугацаанд чамгүй амжилт гаргалаа. Робот кодингийн хөтөлбөр хэрэгжүүлээд ганцхан жил болж байгаа ч хүүхдүүд хоёр ч тэмцээнд амжилттай оролцоод байна. Робот кодингийн чансааны болон нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан Лион роботын тэмцээнд амжилттай оролцож мөнгө, хүрэл медаль хүртлээ. Хүүхдүүд маань амжилтдаа урамшин энэ зун БНХАУ-ын Бээжин хотноо болох “Робот челленж” тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. Мөн Мишигжав багшийн Уран илтгэлтийн  дугуйлан амжилттай боллоо. Хүүхдүүд илтгэл тавьж, мэтгэлцэж сурсан. Үүний үр дүнд нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан 100 гаруй оролцогчтой илтгэлийн уралдаанд манай сургуулийн хүүхдүүд эхний 15-д шалгарч, багаараа илтгэлээ танилцуулсан нь бидний хувьд маш том амжилт. Ирэх жил илтгэл, мэтгэлцээнээрээ амжилтаа ахиулна гэсэн урам зоригтой байна. “Шинэ санаа иннова”  бүрэн дунд  сургууль үүсэн байгуулагдсан эхний хичээлийн жилээ амжилтаар дүүрэн үдлээ.

-Англи хэл, мэдээлэл технологи, язгуур өв соёл, уламжлалын  суурийг хослуулан эзэмшүүлэх “Тулгын гурван чулуу” холимог системийг хэрэгжүүлсний үр дүн хэрхэн гарч байна вэ?

-Гадаад хэл, тэр дундаа англи хэл орчин цагт хэрэглээ болсон. Монгол хэл бол бидний үндэсний дархлаа юм. Бид монгол хэлээ сайн эзэмшиж байж гадаад хэлийг сайн сурна. Энэ утгаараа манай сургууль англи хэлээр Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдүүд маш сайн сурч байна. Англи хэлийг хэрэглээний түвшинд сурч байгаа гэсэн үг. Үүнээс гадна өв соёлоо маш сайн мэдэж, бүтээж байх хэрэгтэй. Өвөг, дээдсээсээ уламжилж ирсэн өв соёлоо бид шинэ тутамд орчин үетэйгээ интеграцчилж, судалж, инновац бүтээхэд сурагчдыг бий болгох алсын зорилготой. Тэр утгаараа бид өв соёлын хичээлүүдээ бүтээлчээр заадаг. Тухайлбал, сургуулийнхаа гадна монгол гэр барьдаг. Гэр барихад хүүхдүүд өөр өөрийн үүрэгтэй. Гэр барих явц бүтэн хичээл болдог. Барьсан гэртээ бид  өв соёл, уламжлалын хичээлээ заадаг. Гэртээ газар сууж шагай тоглоно, эмээл хазаарыг таниулна.

Мөн мэдээлэл технологийн хичээлээс хүүхдүүд робот технологийг хамгийн их сонирхож, судалдаг. Энэ хичээлээ өв уламжлалтай уялдуулан хүүхдүүдээ зааж, төлөвшүүлэхийг бид зорьж ажиллаж байна.

Хүүхэд бүрийн авьяас, сонирхолд түшиглэн тулж ажиллах нь манай сургуулийн менежментийн онцлог. Тиймээс ч манай сургуулийн сурагчид хэд хэдэн удаагийн бие даасан үзэсгэлэн гаргаад байна.

 

Бүтээлч, хөдөлмөрч, тууштай байх чадварт хүүхдүүд суралцаж байна

 

-Хүүхдийн авьяас, ур чадвар хэрхэн илэрч байна. Хүүхдийн сэтгэн бодох чадварт юу нөлөөлж байна вэ?

-Хүүхэд бүрийн ертөнц өөр. Хүүхэд бүрийн авьяас, ур чадвар давтагдашгүй ертөнц байдаг. Энэ утгаараа хүүхдүүдийнхээ авьяасыг нээж, хөгжүүлэхэд дуртай байдаг. Тухайлбал, нэхмэл сонирхдог хүүхдийг бусдадаа зааж, сургаж өгөх,  бүтээлийн үзэсгэлэн гаргахыг зөвлөдөг. Мөн багш нар нэхмэлтэй холбоотой сурах бичгийг тухайн хүүхдэдээ олж өгч, дэмжинэ.

Манай сургуулийн наймдугаар ангийн сурагч Э.Ихэрбаяр одон орны зураг авдаг. Шөнө хаана, ямар од гарах, ямар байрлалтай байх, хэдэн цагт гаргах гээд бүгдийг судалж, зургаа авдаг. Маш их судалж, мэдээлэл цуглуулж одон орны зургуудаа авсан байдаг. Бид тухайн хүүхдээ сонирхдог сэдвээр нь яриулж, урамшуулж, үзэсгэлэн гаргахыг зөвлөсөн. Ингээд манай сурагч Э.Ихэрбаяр Одон орон судлалын зургуудаараа үзэсгэлэн гаргасан. Намар есдүгээр сард шинээр элсэн орж байгаа найз нартаа сургууль дээрээ үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэж, шинэ шинэ зураг авахаар явж байна.

Мөн хүүхдүүд түүхийн шинжлэх ухааныг их сонирхдог. Түүхийн он тооллыг мэддэг хүүхдээ олимпиадад оролцуулах, сонирхож байгаа түүхийн сэдвээрээ оюуны зураглал гаргахыг зөвлөж, дэмжиж ирлээ. Хүүхэд урам, дэм өгөхөд улам их хөгждөг. Бид энэ зарчмыг барьж ажиллаж байна. Манай сургуулийн анги дүүргэлт бага учир багш нар  хүүхэд бүрдээ тулж ажиллаж, үр дүн гаргаж чаддаг.  Энэ нь багш нарт маань ч урамтай байдаг. Өөрийн авьяасаа нээж хараахан амжаагүй хүүхдүүд бий. Тэр хүүхдүүд бусдаасаа суралцаж, шинэ зүйл сурч, олж нээхийн эрэл хайгуул хийхэд нь бид дэмждэг. Үүнийгээ дагаад багш нар маань ч хөгжиж байдаг. Манай сургуульд байнга инновацлаг хичээл зааж, амьдрал буцалж байдаг юм.


-Мэдээллийн эрин зуунд мэдээлэл технологи, гадаад хэлийг хэрхэн уялдуулан зааж байна вэ?

-Манай сургууль мэдээлэл технологийн хичээлийг 1-11 дүгээр ангидаа түлхүү оруулдаг. Мэдээлэл технологийн агуулгыг нас насанд нь тохирсон хөтөлбөрөөр заадаг. Үүнд роботыг мэдээлэл технологид тулгуурлан заадаг. Энэ нь 21 дүгээр зуунд роботтой ажиллах, удирдах чадварыг багаас нь эзэмшиж байгаа гэсэн үг. Алгоритм сэтгэлгээ буюу үйлдлийн дарааллыг ойлгож, компьютерын ажиллагааг багаасаа таньж мэдсэн иргэдийг бий болгож байна. Үүнтэй гадаад хэл буюу англи хэлийг мэдээлэл технологийн чиглэлээр мэргэжлийн түвшинд судлах шаардлагатай тулна. Тиймээс хүүхдүүд англи хэлээ хэрэглээний түвшинд сурч, цаашид үргэлжлүүлэн судлах боломжийг бий болгож байна. Мэдээлэл технологийн хичээл зөвхөн англи хэл бус хими, физик, математик, биологийн хичээлтэй холбогддог.

Бидний хэвшмэл ойлголт болсон дээрх шинжлэх ухааны хичээлүүд хүүхдэд академик ур чадварыг олгож байна. Хэрэглээний түвшинд хүүхдүүд ашиглаж чаддаггүй гэсэн шүүмжлэл байдаг. Учир нь, ЕБС-д үзсэн математик, тригонометр амьдралд хэрэг болсонгүй гэж хүмүүс ярьдаг. Тэгвэл манай ахлах ангийнхан  роботын хөтөлбөр дээр математикийн хичээлд үзсэн агуулгаа алгоритмаар хувирган, код болгож байх жишээтэй. Аливаа зүйлийг онолоос гадна бодитоор туулж үзэж байж ойлгодог. Тиймээс манай сургууль онолыг практик дадлагатай хослуулснаар хүүхдийн хөгжилд ахиц дэвшил гарч байна. Үүнээс гадна хүүхдүүдээ тэмцээн, уралдаанд идэвхтэй оролцуулдаг. Энэ нь хүүхдүүдийг нийгэмшихэд нөлөө үзүүлдэг. Хүүхдүүд ялж, ялагдахын амтыг мэдэрнэ, бусдаасаа суралцана. Зөв ялагдаж, ялж, бусдыгаа хүндэтгэхийг сурна. Бэлтгэл сайтай тохиолдолд ямар үр дүнтэй байдаг, хөдөлмөрч, тууштай байх чадварт манай хүүхдүүд суралцаж байна. Цөөн хүүхэдтэй байснаар дээрх сургалтын арга барил сайн хэрэгждэг. Тиймээс бид хүүхдийн тоо биш сургалтын чанарт анхаарч ажилладаг. Манай улс сургалтын агуулгадаа хэчнээн өөрчлөлт хийж байгаа ч нэгж хүүхдэд ногдох багшийн тоо өөрчлөгдөхгүй бол сургалтын чанарыг яриад нэмэргүй. Хэчнээн сайн багш байгаад 50-60 хүүхдэд бүгдэд нь хүрч тэгш сургаж, тэмцээн уралдаанд сойж чадахгүй шүү дээ.

-Хүүхдүүдийн сэтгэн бодох чадварт юу нөлөөлдөг вэ?

-Одоо үед хүүхдүүд телевиз, контент үзсэнээр хүүхдүүдийн сэтгэлгээ өөрчлөгдөж байна. Энэ нь нэг талаасаа давуу тал. Нөгөө талаасаа бэлэн зүйл харснаар сэтгэлгээгээ блоклох сул тал бий. Бид хурдтай хөгжиж байгаа мэдээлэл технологийн эрин үед контентын орчноос хүүхдүүдээ хамгаалж, зөв контент үзүүлж, шүүлтүүртэй хандах хэрэгтэйг эцэг эхчүүддээ зөвлөмөөр байна. Албан ёсны, баталгаажсан сургалтын контент бий. Судалгаатай мэргэжлийн контент, төлбөртэй сургалтыг хүүхдүүддээ авч өгч болно. Түүнээс бус мөнгө олох зорилготой youtube-ийн контентоос татгалзах хэрэгтэй.

 

Хүүхдэд итгэл үзүүлж, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлснээр олон инновац бий болно

 

-Шинэ цагийн хүүхдүүдийн онцлог юу вэ?

-Мэдээлэл, технологийн хичээлээр хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар илүү хөгжиж байна. Уран зохион сонирхдог хүүхдийн бусадтай харилцах тал нь илүү хөгжих жишээтэй.  Боловсролын салбарт 20 орчим жил ажиллаж байгаа хүний хувьд шинэ цагийн хүүхдүүд маш шударга, өөрийгөө илэрхийлж чадаж байна. Энэ нь бидний эрт үеэс  уламжилж ирсэн том хүний өөдөөс дуугарч болохгүй, хүлцэнгүй байх хэрэгтэй гэдэг сэтгэлгээнээс татгалзаж, тэдэнтэй нээлттэй байх хэрэгтэй. Аливаа зүйлийг богино хугацаанд, хялбар аргыг сонгож хийх ур чадвартай. Энэ нь амьдралын чанарыг дээшлүүлж байгаа юм. Мөн шинэ цагийн хүүхдүүд эмзэг, үг сонсож чаддаггүй болж байгаа нь харагддаг. Тиймээс хүүхдүүдийн үгийг сайн сонсдог, зөвлөдөг байх хэрэгтэй. Хүүхдүүд бие даан суралцах, бие дааж аливаа зүйлийг сурч, судлах боломжийг нь олгох хэрэгтэй. Энэ утгаараа шинэ Засгийн газрын Боловсролын сайдын анхны тушаал их зөв, зүйтэй санагдсан. Сайдын тушаалаар хичээлийн жилийн бүтцэд бие даалтын цаг, бие даалтын долоо хоногийн тусгасан. Энэ тушаал шийдвэрийг сургуулиуд бүтээлчээр хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Бие даалтын цаг гэдэг бол зөв чиглүүлж, итгэл үзүүлж, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлснээр маш олон инновац бий болно гэж багш хүний зүгээс харж байна.

-Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хэр ойр байна вэ?

-Хүүхдээ маш сайн сонсохыг зөвлөдөг. Бага насны, дунд ангийн хүүхэд ч бай өөрийгөө сонсгох хэрэгцээ байдаг. Ялангуяа дунд ангийн хүүхдүүд өсвөр насандаа байдаг. Хэлэх санаагаа зөвөөр илэрхийлж чаддаггүй үе бий. Тиймээс эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдүүдээ сонсож, яриулж, хүүхдүүдээ зөв хандлагатай болгох хэрэгтэй. Харин ч одооны эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ их ойр болсон санагддаг.

-Танай сургууль байгальд ээлтэй, эко орчинд байршилтай. Энэ хэрээр хүүхдүүд байгальтай ойр харьцсан байх. Нийгмийн хариуцлагын хүрээнд байгалиа хамгаалах талаар ямар сургалт зохион байгуулсан бол?

-Манай сургууль байгаль орчинд ээлтэй хүүхдүүдийг төлөвшүүлэх зорилготой. Энэ хүрээнд Төв аймгийн чиглэлийн голыг цэвэрлэсэн. Манай сургуулийн гадна орчин ч ногоон байгууламж ихтэй, мод ургамалтай. Тиймээс зарим шинжлэх ухааны хичээлээ сургуулийн гадна явуулдаг. Хүүхдүүд маань хавар өргөст хэмх, улаан лооль тарьсан. Зарим хүүхэд өөрсдийн суулгасан суулгацаа авч явсан. Эко байна гэдэг нь хэмнэлт юм. Энэ утгаараа манай сургууль цаас их хэмнэж, мэдээлэл технологиор дамжуулан өөрсдийн системээ ашигладаг.Сурах бичгээ дижиталд холбосон. Хүүхдүүд системээрээ дамжуулж үнэлгээгээ хардаг.  Эцэг эхчүүддээ цахимаар мэдээлэл өгнө. Ирцийн мэдээллийг цахимаар бүртгэнэ. Сургуулийн цаасны хэрэглээг 80 хүртэл хуваарь бууруулж байна. Эко сургууль байна гэдэг зөвхөн байгаль орчинтойгоо харилцахаас гадна эмх цэгц, хэмнэлт юм гэдгийг хүүхдүүддээ ойлгуулдаг. Цаашдаа бүтээмж, инновацыг нэвтрүүлнэ.

-Ирэх хичээлийн жилд ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

-Ирэх хичээлийн жилд хэд хэдэн томоохон ажил төлөвлөж байна. Өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилтаа бататгаж, алдаа оноогоо засна. Сургуулийн орчны аюулгүй байдлыг бүтээмж, инновацтай хослуулахаар хөтөлбөрөө боловсруулж байна. Багш нарынхаа бүтээмжийг дээшлүүлэхээр судалгааны ажил,  сургалт төлөвлөсөн. Хүүхэд болгонтой тулж ажиллаж, авьяасыг хөгжүүлэхээр дугуйлангуудаа чанаржуулна. Ингэхийн тулд чадвартай сайн багш нарыг урьж, ажиллуулна. Тухайн дугуйланд зөвхөн манай сургуулийн хүүхдүүд биш бусад хүүхдүүд ч суралцаж болно. Манай сургууль өв уламжлалаасаа мэддэг, мэдээлэл технологийн ямар нэг чиглэлээр ур чадвартай, харилцаа хандлага зөвтэй иргэдийг бэлтгэхийг зорьж байна.

Бид хичээлийн шинэ жилийн нээлт буюу  есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ угтан авахдаа одооноос бэлтгэж байна. Хүүхдүүд маань сургууль руугаа орохдоо уран зургийн галерейд орж ирж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр бүтээлүүдийг цуглуулж байна. Хүүхдүүд уран зураг, бүтээлүүд дунд алхан орж, гоо зүйн мэдрэмж төрүүлэхийг зорьж байгаа юм. Эцэг, эхчүүдэд ч сургууль, багш нарын талаар дулаан мэдрэмж төрөх байх. Хичээлийн жилийн нээлт гэдэг бол зөвхөн уриа лоозон биш бүтээлч мэдрэмж төрүүлэхээр зорьж байгаа юм.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24606/


0
angry
2
care
1
haha
9
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22