Наадмын дараа намар гэдэг. Тиймээс айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд өвөлжилтийн бэлтгэлээ базааж эхэлдэг. Холбогдох газар, албан тушаалтнууд ч шат шатандаа чиглэл, үүрэг даалгавар өгч ажилладаг. Тухайлбал, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлдэг “Тавантолгой түлш” ХХК өвөлжилтийн бэлтгэл ажилдаа оржээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 200 мянга гаруй өрх гэр хороололд амьдардаг бөгөөд эдгээр айл жилд 500-600 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг. "Тавантолгой түлш" компани нийслэлийн долоон дүүргийн эдгээр айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангадаг. Тус компани өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зуны улиралд 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлдгөөс одоогоор 50 мянган тонныг гаргаад байна. Цаашид ирэх есдүгээр сарын дунд үе гэхэд нэмж нөөцөлж гүйцээх, мөн сайжруулсан түлш бэлтгэхдээ дотоодын барьцалдуулагч /доломит/ нэвтрүүлж, шаталтаас ялгарах хүхэрлэг хийг 30-50 хувь бууруулж байгаа гэдгийг холбогдох албаныхан тодотгосон юм. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр "Тавантолгой түлш" ХХК, нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын төлөөлөлтэй уулзаж, 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, айл өрхийг шахмал түлшээр хангах ажлын хүрээнд хийж буй ажил арга хэмжээний асуудлаар ярилцсан юм.
“Тавантолгой түлш” компани Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, шахмал түлш үйлдвэрлэх зориулалтаар “Энержи Ресурс” компанитай 2018 онд эрчим хүчний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ. Гэрээний хугацаанд тус компани угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг уурхайн агуулахаас таван жилийн хугацаанд “Тавантолгой түлш” компанид үнэ төлбөргүй нийлүүлжээ. Харин энэ онд гэрээнийх нь хугацаа дуусгавар болсон тул “Тавантолгой” компанийн хувьд шахмал түлш үйлдвэрлэхэд эрчим хүчний баяжуулсан нүүрс буюу мидлингийн нөөцийн асуудал үүссэн байна. Тус компани жилд 600 мянган тонн мидлинг хэрэглэдэг бөгөөд одоогоор энэ төрлийн түүхий эдийн нөөц нь 230 мянган тонн байгаа тул цаашид үүнийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг холбогдох албаныхан онцолж байлаа.
Олон улсад шахмал түлшний чийгийг 10-15 хувь гэж тооцдог бол “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж буй шахмал түлшний чийг 2019 онд арван хувьтай байсан бол 2022 онд зургаан хувьд хүргэн бууруулжээ. Шахмал түлшний 97-98 хувь нь мидлинг буюу эрчим хүчний баяжуулсан нүүрс, харин үлдсэн хувь нь барьцалдуулагч байдаг аж. Тиймээс “Тавантолгойн түлш” компанид угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс нийлүүлэх гэрээг сунгах, худалдан авах асуудлаар "Энержи Ресурс" ХХК, нүүрс тээвэрлэлтийн асуудлаар "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн төлөөлөлтэй уулзахаа нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаярт мэдэгдэхийн зэрэгцээ өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд агаар орчны бохирдлыг бууруулах, шахмал түлшний нөөц бэлтгэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг үүрэгдсэн юм.
Г.Даваабаатар: Баруун бүсийн үйлдвэрийн ажлыг зогсоосон ч шахмал түлш хомсдохгүй
Дээрх үүрэг даалгавар буюу өвөлжилтийн бэлтгэл болон бусад асуудлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Г.Даваабаатартай ярилцлаа.
-Байгууллага, аж ахуйн нэгжүүд өвлийн бэлтгэлээ базааж эхэллээ. Танай үйлдвэрийн хувьд өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж байна. Одоогоор хэр хэмжээний түлшний нөөц бүрдүүлээд байна вэ?
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу ханган ажиллаж байна. Одоогоор нийслэлийн хэмжээний 31 агуулахад 50 гаруй мянган тонн шахмал түлш нөөцөлсөн. Мөн үйлдвэрүүдийн урсгал засваруудыг хийж гүйцэтгэсэн, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн байдалтай байна. Урсгал засвар дууссаны дараа туршилт хийнэ. Харин үүний дараа буюу ирэх сарын 1-нээс эхний шугамуудаа залгаж, түлшээ үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 15-ны хооронд одоо байгаа дээрээ нэмж, 50 гаруй мянган тонн түлш үйлдвэрлэж нөөцөлнө.
-Одоогоор нөөцөлсөн, ирэх есдүгээр сарын 15 хүртэл нэмж нөөцлөх нийт 100 гаруй мянган тонн сайжруулсан шахмал түлш нийслэлийн айр өрхүүдийн хэд хоногийн хэрэглээ гэсэн үг вэ?
-Энэ нөөц бол нийслэлийн айл өрхүүдийн 45-60 хоногийн аюулгүйн нөөц. Нөөц түлш гэдэг бол хэрэв үйлдвэрлэлд ямар нэгэн байдлаар доголдол үүссэн тохиолдолд хэрэглээнд гаргах түлш байдаг. Ирэх есдүгээр сарын 15-наас үйлдвэрлэл жигдэрч, борлуулалтын цэгүүд ч ажиллаж эхэлснээр шахмал түлшийг үйлдвэрлээд нийлүүлэх зарчмаараа явна.
-Засгийн газраас танай баруун бүс дэх үйлдвэрийг суурьшлын бүсээс гаргах шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбоотойгоор өвөлжилтийн бэлтгэл ажил, түлш үйлдвэрлэх явцад ямар нэгэн доголдол гарахвий, сайжруулсан шахмал түлшний хомсдол үүсэхвий гэсэн болгоомжлол байна. Танайх энэ талаар ямар шийдэлтэй ажиллаж байна вэ?
-Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргаж, чиглэл өгсний дагуу бид баруун бүсийн буюу Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байрладаг үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор зогсоосон. Ингэснээр зүүн бүсийн буюу Налайх дүүрэгт байрладаг үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага бий болсон. Тиймээс өнгөрсөн хавар зүүн бүс дэх үйлдвэрийн гуравдугаар цехийн хүчин чадлыг 4-5 дахин нэмэгдүүлж, өндөр хүчин чадалтай нэг шугам болгосон. Ингэж хүчин чадлыг нь нэмэгдүүлснээр хоногт 800-1000 тонн түлш үйлдвэрлэх бүрэн боломжтой болсон. Одоо бид зүүн үйлдвэрийнхээ хоёрдугаар цехийн хүчин чадлыг мөн адил ийм хэмжээнд хүргэхээр засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Тиймээс ямар нэг байдлаар эрсдэл, хомсдол үүсэхгүй.
-Налайх дүүрэг дэх үйлдвэрийн зарим цехийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хоногт 800-1000 тонн түлш үйлдвэрлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхээс өмнө хоногт хэчнээн хэмжээний түлш үйлдвэрлэдэг байсан бэ?
-Сая хэлсэнчлэн хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээс өмнө хоногт 400-500 мянган тонн түлш үйлдвэрлэдэг байсан. Баруун бүсийн үйлдвэрийн шугамуудын ажиллагааг зогсоосон ч нөгөө талд буюу зүүн бүс дэх үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн, заримынхыг нь мөн одоо нэмэгдүүлж байгаа учраас үйлдвэрлэлийн үйл явцад ямар нэгэн доголдол гарахгүй, мөн сайжруулсан шахмал түлшний хомсдол ч үүсэхгүй.
-Тэгэхээр нийслэлийн баруун бүсийн айл өрхүүдийг хаанаас сайжруулсан шахмал түлшээр хангана гэсэн үг вэ?
-Төвийн үйлдвэр маань “ТЭЦ-2” дулааны цахилгаан станцын дэргэд байрладаг. Энэ төвийн үйлдвэрийнхээ хүчин чадлыг 2022-2023 онд нэмэгдүүлж дуусгасан. Тиймээс тухайн үйлдвэрт үйлдвэрлэсэн түлшийг Улаанбаатар хотын баруун хэсгийн айл өрхүүдэд буюу борлуулалтын цэгүүдэд нийлүүлэх зохицуулалт хийж байна. Ер нь үйлдвэрлэлийн гол ажил зүүн бүсийн үйлдвэрт явагдана.
-Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлшний нэг жилийн хэрэгцээ хэдэн тонн байдаг вэ. Жил бүр харилцан адилгүй хэмжээгээр үйлдвэрлэдэг үү?
-Нийслэл Улаанбаатар хотын жилийн хэрэгцээ бол 600 мянган тонн гэж үздэг. Ерөнхийдөө жил бүр 480-560 мянга тонн орчимд хэлбэлздэг. Цар тахлын үед сайжруулсан шахмал түлшийг хямдруулж байсан. Тухайн үед иргэд нэлээд нөөцөлсөн учраас түүний дараагийн жил үүнээс арай бага түлш үйлдвэрлэсэн тохиолдол бий.
-Энэ жил сайжруулсан шахмал түлшний үнэд өөрчлөлт оруулах уу. Хуучин үнээрээ худалдан борлуулах уу?
-Нэг тонн сайжруулсан шахмал түлшийг 150 мянга, 25 кг-тай нэг шуудай түлшийг 3750 төгрөгөөр худалдаалж байна. Одоогоор түлшний үнэ ханшийг өөрчлөхтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй.
-Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэгүүд албан ёсоор хэзээнээс ажиллаж эхлэх вэ?
-Есдүгээр сарын 15-наас галлагаа буюу орон сууцны дулаан хангамж өгдөг үетэй зэрэгцэн шахмал түлш борлуулдаг цэгүүдийг ажиллуулна. Түүнээс өмнө сайжруулсан шахмал түлш борлуулах цэг ажиллуулах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Шахмал түлш борлуулах цэг ажиллуулах хүсэлтэй байгаа хүмүүсийн өргөдлийг хүлээн авах тухай мэдээллийг наймдугаар сарын 15-наас цахимаар зарлана. Тэгээд шаардлага хангасан иргэдтэй нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” компани хамтын ажиллагааны гуравласан гэрээ байгуулдаг зарчимтай. Энэ зарчмын дагуу зохион байгуулна.
-Энэ жил сайжруулсан шахмал түлш борлуулах хэчнээн цэг ажиллуулах төлөвлөгөөтэй байна вэ. Өмнөх жилийнхээс тоог нь нэмэгдүүлэх аль эсвэл багасгах тооцоолол бий юү?
-Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд жил бүр ерөнхийдөө борлуулалтын 650 цэг ажилладаг. Гэхдээ эдгээр цэгийг бүгдийг нь нэг өдөр нээхгүй. Есдүгээр сарын 15-наас эхэлж нээгээд үе шаттайгаар нэмэгдүүлсээр аравдугаар сарын 15 гэхэд бүгд ажиллаж эхэлдэг.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил, түлш үйлдвэрлэхтэй холбоотой тулгамдаж буй ямар нэгэн асуудал бий юү. Холбогдох албаныхны уулзалтаар мидлинг гэдэг түүхий эдийн нөөцийн асуудал хөндөгдөж байсан. Та бүхэнд үүнийг шийдвэрлэх ямар гарц шийдэл байна вэ?
-Одоогоор түүхий эдийн нөөц буюу шахмал түлшний гол түүхий эд болох мидлингийн хүрэлцээний асуудал үүссэн. Мидлинг гэдэг нь угааж баяжуулсан нүүрс. Энэхүү түүхий эдийн нөөц хангалтгүй хэмжээтэй бий. Өнгөрсөн хугацаанд “Энержи Ресурс” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд мидлингийг үнэ төлбөргүй нийлүүлдэг байсан. Энэ төрлийн түүхий эдийг манай үйлдвэрт нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ нь энэ сарын 1-нээр дуусгавар болсон. Тэгэхээр цаашид энэ төрлийн түүхийг эдийг хаанаас авах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Ямартаа ч бид холбогдох газруудад нь энэ асуудлыг албан бичгээр уламжилсан учраас зохих шийдвэрийн хүрээнд шийдвэрлэх байх. Харин бусад түүхий эд нь хангалттай хэмжээнд бий.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24606/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна