​ А.Хангай: Дэлхийн одуудтай нэг зааланд, балетын бэлтгэл хийхэд сэтгэл санаа тэнгэрт нисчихсэн юм шиг л болсон


Монголын Дуурийн театрын тайзнаас салаалсан нэгэн мөчир хилийн чанадад үндэслэж эх орныхоо нэрийг гарган дэлхийн сонгодог бүтээлүүдийг олон орны үзэгчдэд хүргэж байна. Өдгөө арлын оронд ажиллаж, амьдарч буй балетын гоцлооч А.Хангайг “Монгол бахархал” буландаа урьж, ярилцлаа.

 

-Юм ховор, нийгмийн шилжилтийн үед ээжийнхээ зөвлөснөөр эрэгтэй хүүхдүүдийн төдийлөн сонгоод байдаггүй мэргэжлийг эзэмшихээр зориглон Хөгжим бүжгийн коллежийн хаалгаар орж байсан үеэс тань ярилцлагаа эхэлье. Тухайн үед танд амаргүй зүйлийг боломж гэж ойлгоход юу нөлөөлсөн бэ?

-Энэ мэргэжлийг яагаад эргэлт буцалтгүйгээр сонгосноо бодож байгаагүй юм байна. Магадгүй ээжийнхээ баярлаж байгааг харах хамгийн сайхан байсан болохоор тэр юм болов уу. Хөгжим бүжгийн коллежид хагас жилийн болон улсын гээд жилд хоёр шалгалт авдаг. Намайг энэ сургуульд долоон жил сурахад ээж минь тэдгээр шалгалтын нэгийг нь ч өнжиж байгаагүй. Бүгдийг нь ирж үздэг. Бүр хамгийн түрүүнд ирчихээд биеэ халааж байхад нууцаар гараараа дохиод их баяртай харагддаг байсныг санаж байна. Тухайн үед юм мэдэхгүй, хүүхэд байсан болохоор их ичдэг байж билээ. Манай ээж зураач гобеленч хүн л дээ. Урлагийн хүн болохоор ялангуяа балетын урлагийг мэддэг, ойлгодог байсан учраас намайг энэ мэргэжил рүү чиглүүлсэн байх.

Би Хөгжим бүжгийн коллежид элсэх шалгалтаа тавдугаар ангид байхдаа, 1993 онд өгсөн.

Яг үнэнийг хэлэхэд, тухайн сургуульд орохдоо чухам ямар мэргэжилтэй болох гэж байгаагаа гүйцэд ойлгоогүй. Осолдохгүй л тирко өмсөөд бүжиглэнэ гэдгээ мэдэж байв. Хөгжим бүжгийн коллежид элсэхээс өмнө нийслэлийн VI сургуулийн сурагч байсан. Сургуулийнхаа урлагийн үзлэгт орж ардын болон цэнгээнт бүжиг бүжиглэснээс илүүгээр ялгарах гавьтай юмгүй. Харин циркийн дугуйланд хэсэг хугацаанд хичээллэсэн дээ. Тухайн үед Үндэсний циркийн ерөнхий найруулагчаар Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Зоригт ажилладаг. Энэ хүн манай хүргэн ах байсан учраас ээж “Жонглёрын боловсон хүчин бэлтгэнэ” гэдгийг түүнээс сонсоод намайг дагуулж очсоноос хойш хэрэндээ л циркийн хүн болох гэж мэрийсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа ээж маань “Чамайг балетчин болгоно” гэсэн. Дуулгавартай хүүхэд ээжийнхээ хэлснээр балетын ангид шалгалт өгөхөөр ороод их сандарч билээ. Яагаад гэвэл хүүхдүүд бүгдээрээ дотуур хувцастайгаа том зааланд зогчихсон байсан юм. Миний биеийн байдал балетчин болох боломжтой байсан бололтой, багш нарын сэтгэлд хүрсэн шиг санагдсан. Намайг заалнаас дагуулж гараад “Энэ хүүхдийн аав ээж нь байна уу” гээд манай ээжтэй их л чухал яриа өрнүүлж байгаа харагдсан. Дараа нь гайгүй сурлагатай байсан болохоор ерөнхий эрдмийн шалгалтаа төвөггүйхэн өгөөд тэнцсэн дээ.

-ЗХУ-д мэргэжил эзэмшиж, та хэдэд сурсан мэдсэнээсээ хуваалцах багш Хөгжим бүжгийн коллежид цөөнгүй байсан болов уу?

-Тухайн үеийн багш нар “Боловсон хүчнээ бэлдэнэ” гэж зоригтой шийдвэр гаргасныг сүүлд олж мэдсэн. Одоо багш нарынхаа өмнө гүнээ мэхийн ёсолмоор байна. Учир нь, бидний үеэс ЗХУ-д балетын боловсон хүчнээ бэлддэг байсан нь дуусгавар болсон юм билээ. Орос улс ч гаднын хүүхдүүдийг тэжээхтэйгээ манатай байсан биз. Тэр нь мэргэжлийн урлагийнхны хувьд боловсон хүчнээ дотооддоо бэлдэх боломж олгосон. Биднийг анх Нармандах багш дааж авсан. Дараа нь Д.Батхүрэл, Ч.Түмэндэлгэр, Н.Энхтуяа, хамгийн сүүлд Д.Дашлхагва багшийн удирдлагад сургуулиа дүүргэсэн дээ. Олон удаа багш солигдсон санагддаг ч тэр болгонд бид эзэмших гэж байгаа мэргэжлийнхээ тухай бага багаар мэддэг болж сэтгэлзүйн хувьд бэлтгэгдэх талдаа орсон. Ялангуяа Д.Дашлхагва багш биднийг дааж аваад оновчтой чиглүүлж өгсөн нь манай ангийнхны хувьд олз байлаа. Суурь сайн байж л дараагийн багш түүн дээр нь ажиллана.

-Хичээлийнхээ хажуугаар Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглож байгаа бүжгэн жүжгийн олны хэсэгт бүжиглэдэг байсан нь ажлын талбарт гарахад туршлага болсон байх. Харин яг өөрөө тайзан дээр гоцлоод эхлэхэд ямар мэдрэмж төрж байв. Таны үеийн төгсөлтийнхөн бусадтай харьцуулахад эрт сонгодог бүтээлүүдэд гоцолж байсан санагддаг юм?

-Манай ангийнхан хоёрдугаар курсээсээ Дуурь, бүжгийн эрдмийн театрт дагалдан бүжигчнээр ажилласан. Театр тухайн үед Сонгодог урлагийн академик театр нэртэй байлаа. Балетын хүрээлэнгийн захирал нь Гавьяат жүжигчин Ж.Намнанбаяр ах. Цаг үе ч амаргүй, мэргэжлийн уран бүтээлч, боловсон хүчний дутагдалтай үе таарсан. Тийм үед Хөгжим бүжгийн коллежид Сонгодог урлагийн академик театр Балетын хүрээлэнгийн удирдлага санал тавьснаар биднийг театрт ажиллуулах эсэх талаар эцэг, эхийн хурал хийсэн. Ажиллавал 18 мянган төгрөгийн цалинтай. Оюутнуудад их мөнгө шүү дээ. Бид ч бөөн баяр болсон. Хамгийн гол нь ингэж оюутан байхдаа театрын тайзан дээр гарч бага багаар дассан. Бөхөөр бол Хүй мандалынхаа дэвжээнд тоосоо өргөнө гэдэг бидний хувьд театрын тайзан дээр тоосоо өргөж эхэлсэн энэ үед тохиож байв. Дөнгөж 16,17-хон настай бидэнд том туршлага болсон. Тухайн үеийн сургуулийн удирдлага бас театрын удирдлага хамтран ажиллаж нэг зорилгын дор нэгдсэнийг нь бахархахгүй байхын аргагүй.

Ж.Намнанбаяр ахын нэрийг бид дурсаж явах учиртай. Хэрвээ тухайн үед сургуулийн захиргаанд санал тавьж ажиллаагүй бол одоогийн Монголын балет тэс өөр болох байсан байх. Мөн манай ангийнхны энэ урлагт хандах хандлага асар өөр байх байсан болов уу. Мэргэжил нэгт дүү нартаа бас энэ ярилцлагаар дамжуулж хэлэхийг хүсэж байна. Нийгэм солигдох үед Пермь болон Ленинградаас балетын жүжигчид тус тусдаа төгсөж ирдэг байсан юм билээ. Тэдний олонх нь амьдралаа хөөгөөд арилжаа наймаанд явсан. Зарим нь сургуулиа төгсөөд шууд гадаад руу бүжиглэхээр явсныг тод санаж байна. Манай ангийнхны бас эрт гоцлол дүрүүдэд бүжиглэж эхэлсэн нь бидний чадвар бас ах нар амьдрал хөөгөөд явсантай холбоотой.

-Сургуульд багш, театрт балетмейстерийн шаардлага дор ажиллаж олон давааг давдаг. Таныг Дуурийн театрт ороход балетмейстерээр хэн ажиллаж байсан бэ?

-Тухайн үед Х.Гэрэлчимэг, С.Шаравдорж, Г.Онон эгч ажиллаж байсан. Эгчтэйгээ хамт бүжиглэж байсан болохоор багш гэж хэлж байгаагүй юм байна. Сая л анзаарлаа. Бас Оюунтуяа эгч, А.Батдэлгэр ах гээд л...

-Театрт ажилласан эхний жилүүдэд дэлхийн сонгодгуудад удаа дараа гарч үзэгчдийн уур амьсгалыг мэдрээд сайхан л байсан байх. Ингэж нэг зүйлийг ахин дахин давтахаар шинэ зүйлийг хүсэж мөрөөдөж эхэлдэг. Танд ч гэсэн тийм хүлээлт үүссэн болов уу?

-Тэр мэдээж хэрэг. Өөр улсын үе тэнгийнхэн ямаршуухан байдгийг, нэрийг нь дуулж байгаагүй балет бас дэглээч, орчин үеийн бүжиг контемпорари гэж байдгийг сонсчихоод бүжиж үзмээр санагдаад байх суух газраа олж ядсан. Театрт ажиллаж байхад өөрийнхөө ирээдүйг харж болохоор амьд жишээ яг хажууд минь байдаг байж билээ. Тэр нь ах нар! Нүдэн дээр архинд ороод амьдрал нь нуран унаж, салж сарниж байгаа хэд хэдэн ахыг яг хажуугаас нь харж байхад толгойд янз янзын л юм бодогдоно. Эндээ амьдраад, театртаа ажиллаад карьераа дуусгах уу. Гадагшаа гарч юм үзэж нүд тайлж, нэгийгээ үзээд карьераа өндөрлүүлэх үү. Ийм үед манай ангийнхан тус тусдаа сонголтоо хийсэн. Би ч гэсэн. Бас нэг их эгдүү хүргэдэг байсан зүйл бий. Тэр юу вэ гэвэл, Оросод төгсөж ирсэн зарим ах, эгч нарын яриа бидний урмыг хугалангаа алдана. “Монголд балет сурна ч гэж юу байх вэ, хийнэ ч гэж юу байх вэ дээ. Эд нар хөөрхий зайлуул” гэж ярьж байгаа нь ил далд сонсогдоно. Тэр үед би дотроо “Та нарын гараагүй тайзан дээр гарч, та нарын яваагүй улсад очно доо” гэж хэлж байсан. Түүгээр ч болсон. Тэгж ярьж байсан ах, эгч нарын заримынх нь бодол хэвээрээ. Одоо ч гэсэн “Монголд балет сурна гэж юу байх вэ дээ” гэж яриад л байж байна. Тэдний зарим нь бидний хийж бүтээснийг ойлгож эхэлсэн байна билээ. Бидний карьер яг дундаа явж байгаа болохоор цаашдаа ч чадах зүйлсээ хийгээд явна даа.

 

Хөлс хүчээ үнэлүүлсэн тэр мөч хамгийн гоё нь

 

-Япон улс тантай олон зүйлээр холбогддог. Тэдгээрээс хамгийн түрүүнд онцлон асуух нь Токиогийн үндэсний шинэ театр. Энэ компани таныг сонгон шалгаруулалтад урьснаар дэлхийн сонгодог театруудтай танилцах эхний алхмаа хийсэн юм болов уу гэж бодсон?

-Тийм тийм, яах аргагүй бичлэгээс харж байсан айхавтар одуудтай нэг зааланд, нэг балетын бэлтгэл хийж байхад сэтгэл санаа тэнгэрт нисчихсэн юм шиг л болж байсан. 200 гаруй залуус тэр шалгалтад орсон санагдаж байна. Найман бүсгүй надаас гадна нэг залуу тэнцэж байсан. Нүд нээгдсэн, маш олон зүйлээр!

Бүжгийн ноот байдгийг анх тэндээс мэдэж авсан. Бүр бичдэг, түүнийг нь уншдаг тэмдэглэж үлдээдэг тусдаа мэргэжил байдгийг мэдсэн. Удирдаач нь бэлтгэлд ирж төгөлдөр хуурч, дэглээч багш нартай маш нээлттэй ярилцахыг харсан. Тайзны томыг нь, заалны томыг нь, театрын томыг нь ээ. Тэгээд хамгийн лут нь цалин байсан. Анх удаа тийм их мөнгө гартаа барьж үзсэн нь тэр. Бас өөрийнхөө хөлс хүчийг үнэлүүлсэн тэр мөч хамгийн гоё нь. Цалингаа авсан өдрөө ээж рүүгээ яриад “Одоо сайхан амьдарна аа, ээжээ” гэж хэлсэн.

-Хэдийгээр амаргүй ч сонголт мэргэн байж авьяас чадвараа бусадтай харьцуулах, тэднээс сурах, бусад шиг үнэлүүлэх боломжийг та Японд очоод олж авсан. Тэр үед танд ертөнцийг харах цонх нээгдсэн болов уу?

-Нээгдэхээр барах уу “Яагаад манай театрт ийм уран бүтээлүүдийг тоглодоггүй юм бол. Яагаад тайзыг ингэж засдаггүй юм бол. Бас юуны учраас манай найрал хөгжим ингэж дуугардаггүй юм бол” гэж бодож эхэлсэн. Хамт ажиллаж байгаа залуучуудтай харьцуулахад дутах зүйл юу ч байхгүй. Тэднийг дээш нь өргөдөг нэг л зүйл байсан нь төгссөн сургууль нь, тэр улсынх нь театр нь тэгээд балетын урлагт амьдралаа зориулсан одууд байв. Харин биднийг бол бүр мэдэхгүй. Монголд балет байдаг юм уу, бүр сонгодог хөгжим байдаг юм уу тоглож мэддэг юм уу, театр сургууль байдаг юм уу гэх асуултууд ар араасаа хөвөрнө. Тэгж асуусан хүн бүрд одоо ч хариулсаар явна. Яг үнэндээ сүүлийн үед л жаахан мэдэж эхэлж байна шүү дээ. Бидний хийсэн ажлын үр дүн, гэхдээ хангалтгүй байгаа гэдэгтэй санал нийлнэ. Арай түрүүлж ирсэн Монголд олны танил, өөрөөсөө өөр балетын жүжигчин байхгүй гэх утгатай зүйлсийг яриад явсныг нь залруулаад л явж байна. Өөрсдөд нь хэрэгтэй ч Монгол Улсад хортой зүйл л дээ. Сэдвээсээ гажчихав уу даа.

-Монгол хүн хор шартай. Бусдаас илүү байгаагаа хөгжүүлж, дутуугаа хурдан хугацаанд нөхөж сурах цаг хугацаа таны 20 гаруйхан настайд олдсон байх. Энэ хугацаанд та аль улсад, ямар сонгодог бүтээлийн гол болон туслах дүрүүдэд гарсан бэ?

-Ихэнх сонгодог дүрүүдэд тоглосон. Америкт “Үнсгэлжин” балетын ханхүү, “lilac garden”-ы гоцлол болон туслах дүрүүд, “Litle improvisation”-ий гоцлол, “Цөмөөхэй”-н ханхүүгийн дүрд бүжиглэсэн. Түүнчлэн Араб болон Япон улсад “Жизель” балетын ханхүү Ганс, “Нойрссон гүнж”-ийн ханхүү, “Цөмөөхэй”-н ханхүү, хулганы хаан, цасны хааны дүр, “Вальпургийн шөнө” балетад тайзнаа гарсан. Германд эхнэртэйгээ урилгаар контемпорари бүжсэн юм байна.

Бас Японы контемпорари дэглээчдийн ажилласан бүтээлүүдэд хэд хэдэн удаа гарсан.

-Балетын жүжигчний тайзан дээр орших хугацаа харилцан адилгүй биеийн нөөц чадамжаас ихээхэн шалтгаалдаг. Одоо та сонгодог бүтээлд тоглож байгаа юу?

-Арай ч тайзнаасаа буугаагүй. Ер нь дөхөж байна. Тоглолтод ордгоороо ороод явж байна. Гэхдээ бүтээх дүрүүдээсээ шалтгаалан янз бүр л дээ. Бэлтгэл дасгалаа сайн хийж гуалиг болж байж гарах ёстой дүр бий. Онц шаардлагагүй хэлхгэр хувцастай тайзнаа гардаг дүр ч байдаг. Тэдгээрийн аль алинд нь тааруулаад л тоглоно. Хамгийн хэцүү нь жин хасах, жингээ барих ёстой амаргүй даваа.

 

Монголынхоо Дуурийн театрт хангалттай ажиллаж амжаагүй тэр цаг хугацаа хамгийн харамсалтай нь

 

-Сонгодог урлагт бүхнээ зориулж, балетын жүжигчний амьдралаар амьдарч байгаа танаас энэ урлагийн баяртай бас харамсдаг зүйл нь юу байдаг талаар асуумаар байна?

-Хамгийн баяртай байсан мөч гэвэл Япон улсын театрт ажиллахаар болсон тэр мөч. Энэ театрт надаас өөр монгол хүн ажиллаагүй байна. Цаашдаа Монголоос уран бүтээлчид ирж ажиллана гэдэгт итгэлтэй байдаг юм. Харамсалтай мөч гэвэл, Монголынхоо Дуурийн театрт хангалттай хугацаанд ажиллаж амжаагүй тэр цаг хугацаа юм уу даа. Бусдаар бол харамсах зүйл байхгүй. Амьд байна, залуу байна, театртаа хиймээр, хийх ёстой ажлууд бий. Түүгээр л ачийг нь хариулна даа. Бас нэг баяртай мөч байгаа юм байна. 2023 оны гуравдугаар сард балетын жүжигчин Б.Батболд, О.Лхагвасүрэн бид гурав хамтдаа “Алтангадас”одонгоор шагнуулсан явдал. Нэг ангийн гурван залуу хамтдаа шагнуулсан тохиолдол байдаггүй байх шүү, дахиж давтагдах ч үгүй байх.

-Голдуухан дэлхийн сонгодгуудаас тоглодог төрөлх театрынхаа урын санг нэгэн бүтээлээр баяжуулсан нь “Хязгаараас ангид” балет байсан. Олон жил дотроо тээсэн бодлоо бүтээл болгон амилуулсны дараа ямар санагдаж байсан бэ?

-Хариултын эхэнд нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь. Яг энэ тоглолтын нэрээр НҮТББ байгуулсан. Энэ байгууллагаараа дамжуулаад цаашдаа балетын гадаад харилцаа, тэгш хүртээмж, урын санг баяжуулах, чанаржуулах гэх мэт ажлыг хийхээр төлөвлөж байна. “Хязгаараас ангид” буюу англиар “Beyond Borders” гэх нэршлээр бүх бичиг баримтаа бүрдүүлээд авсан. Үйл ажиллагаагаа тун удахгүй эхэлнэ.

Хязгаараас ангид тоглолтыг зохион байгуулсны дараа сайн, муу талаар олон зүйлийг ойлгож авсан. Товчхондоо “газрын зурагтай” болоод авсан гэж ойлгож болно. Энэ тоглолтоо жил болгон хийхээр төлөвлөсөн ч дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлаас авахуулаад тээг болсон асуудал ар араасаа хөл тушсан. Хувь хүн ганцаараа байснаас байгууллага байсан нь хамаагүй илүү даацтай, цар хүрээтэй, бодлоготой ажиллаж болохыг харсан учраас “Beyond Borders” ТББ-ыг байгуулсан. Үнэхээр олон жил бодож төлөвлөж явсан зүйлсийн нэгхэн хэсэг болохоор тоглолтын дараа бүр урам орчихдог юм байна билээ. Бушуухан дараагийнхаа ажлыг эхлүүлчих гээд л. Гэхдээ тийм амархан зүйл гэж хаана байх вэ дээ.

-Хэдийгээр та Японд балетын хувийн сургуультай болоод багшилж байгаа ч Монголдоо өөр нэгэн бүтээлийг хийчих юмсан гэсэн бодолтой яваа байх. Тэр бодлоосоо хуваалцаж болох уу?

-Байлгүй яах вэ. Сонгодог бүтээлийн урын санг баяжуулмаар байна. Бас чанаржуулмаар байна шүү дээ. Үнэхээр тухайн театрын урын сан баялаг, уран бүтээлчдийн шандсыг нь сорьсон бас үзэгчдэд сонирхолтой бол хөгжих нь цаг хугцааны асуудал. Дээрээс нь гадаад харилцаа мөн дотоод харилцаандаа анхаарах нь их чухал. Ялангуяа балетын боловсон хүчин бэлдэж байгаа цор ганц сургууль болох Монгол Улсын консерватори. Сүүлийн үед хувийн сургуулиуд их нэмэгдэж байна. Сайн хэрэг. Мэргэжлийн урлагийн энэ сургуулийг төгсөгчид Дуурь, бүжгийн эрдмийн театрын л боловсон хүчин болдог. Төгсөгчид ажиллах боломжтой цор ганц театр. Тиймээс театр, консерваторитой маш сайн харилцаа холбоотой ажиллах шаардлагатай. Холбоо харилцаатай байгаа ч хангалтгүй. Гадаад харилцаанд ч мөн адил ДБЭТ бол бусад улсын театруудтай дүйцүүлбэл илүү ойлгомжтой харагдах болох уу. Япон улсынхаар бол “Нью нэшионал”, Францынхаар “Гранд опера”, Оросынхоор Большое эсвэл Марийнский театр. Бид энэ хэмжээний театруудтай харилцаа холбоо тогтоож тэнд тоглож байгаа уран бүтээлүүдийг тоглож багш нараа, уран бүтээлчдээ солилцож байх учиртай. Энэ хэмжээнд харилцаа тогтоох боломж нь эрх нь бидэнд байж л бий. Сонгодог урлаг их ойлгомжтой, хийх зүйл нь ч тодорхой. Харин ямар хэмжээнд хүртэл хийж чадах вэ гэдэг л ойлголт байгаа юм. Түүнээс биш театрын дэглэлтийг орвонгоор нь солих шаардлагагүй. Тийм учраас л сонгодог урлаг. Харин чанаржуулах баяжуулах тухайд бол хийх зүйл олон бий.

“Beyond Borders” ТББ-ыг байгуулсан нь эдгээр зүйлийг хийхэд чиглэж байгаа юм.

-Таны үеийн Монголыг дэлхийн сонгодог урлагт таниулсан, одоо ч сурталчилж яваа балетын жүжигчин цөөнгүй бий. Тэдэнтэй холбоотой байж дараа үеийнхээ залуусыг гаргаж ирэхэд анхаарч байгаа юу?

-Холбоотой байлгүй яах вэ. Японд ажиллаж байгаа долоон залуу байна. Б.Дашцэрэн, О.Лхагвасүрэн, Б.Батболд, Г.Хосбаяр, Чинзориг, Б.Пүрэв-Очир тэгээд би. Ялангуяа Б.Батболд, Г.Хосбаяр, Чинзоригтой бас Монголд байгаа Б.Жаргалтайгаа холбоотой байдаг. Ажлаа ярина, хэрэгтэй хэрэггүй юм ярьж бие биеэ цаашлуулна. Хааяа хамт тоглолтод оролцоно, тоглолтын дараа сайхан хоол идэнгээ шар айраг ууж алжаалаа тайлна. О.Лхагвасүрэн маань охиноо унтуулах гээд хамт унтчихдаг болохоор утсаа авахгүй, их үнэтэй нөхөр л дөө. Ангийн хоёроос гадна Японд, Өмнөд Солонгост байгаа дүү нартай холбоотой.  Сургуульдаа урьж багшлуулна, сургуулийнхаа тоглолтод урилгаар бүжиглүүлнэ. Өнгөрсөн жил манай сургууль бүтэн үзэгдэлт балетыг дангаараа тоглосон. 

Мундаг том сүртэй тоглолт болсон. Өмнөд Солонгост ажилладаг О.Ганцоожийгоо урьж, Монгол Улсын консерваториос Т.Мэргэнчулуу дүүг дуудаж бараг бүх дүү, найзаа тоглолтдоо оролцуулсан. Энд ажиллаж байгаа балетынхан чанартай, бас чадалтай шүү. Нэг сургууль бүтэн балетыг дангаараа тоглоно гэдэг хэр баргийн хүн хийж чадах зүйл биш. Шавь нараараа, эхнэрээрээ, найз, дүү нараараа үнэхээр бахархсан. Бас манай хүү, охин хоёр орсон. Хамгийн гоё дурсамжуудын нэг. Дараа үеийн залуусыг гаргаж ирэхэд хувь хүн биш Монгол Улсын консерватори, ДБЭТ хамтдаа байж ажиллавал илүү үр дүнтэй. Бусад улсын мэргэжил нэгтнүүд ганцаараа байгаа юм шиг өнгөн дээрээ харагдавч хойно нь нөгөө том сургууль, театр, улс нь байж байдаг. Харин бид хамтдаа нэг зорилготой, харилцаатай бүр албан ёсны харилцаатай байж чадвал залуу уран бүтээлчид өөрсдийнхөө чадлаар энд хүрсэн биднээс хамаагүй илүү зам товчилж болох нь харагдаад байгаа юм. Үүнийг хийж чадвал энэ мэргэжлийг Монголд эзэмшсэний хэрэг гарна гэж бодож явна.

-Балетын урлагаас, Япон улсаас та амьдралынхаа ханийг олж, одоо хоёр хөөрхөн хүүхдийн аав, ээж болоод ажиллаж амьдарч байна. Таны эхнэрийг Монголд элэгтэй, энд ажиллаж байсан балетын жүжигчин гэсэн?

-Би эхнэртэйгээ хоёр жил гаруйн хугацаанд Монголд, ДБЭТ-т ажилласан. Дараа нь бид хамтдаа Америк, Герман улсад ажиллаж, амьдарсан. Японд нээсэн сургууль ч гэсэн эхнэр байгаагүй бол энэ хэмжээнд авч явах боломж олдох байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Манай эхнэр англи, монгол, япон хэлний мэдлэгтэй. Латин, кириллээр бичнэ. Ганцхан монгол бичгээр бичихээр л ойлгохгүй дээ. Гэхдээ нэг л мэдэхэд сурчихсан явж байж мэдэх бүсгүй. Монголын олон зүйлд дуртайг нь тоочвол би хэлж яриад гүйцэхгүй. Үнэхээр Монголд хайртай хүн шүү.

 

Монголд очоод зүүдээ биелүүлээд ёстой ханатлаа явлаа

 

-Та энэ зун Монголд ирээд буцсан. Хөдөө талаараа аялж, төрөлх театраараа ороод гарсан байх. Энэ хооронд ямар бодол тээгээд буцсан бол? 

-Сүүлийн хэдэн жил төрсөн нутаг, газар орноо зүүдэллээ. Саяхан Монголд очоод яг тэр зүүдээ биелүүлсэн. Ёстой ханатлаа явсан даа. Сайхан ч байлаа. /Дахиад гэртээ харимаар явмаар санагдчихлаа/ Энэ жил Монгол очсон гол зорилго Увс аймаг руу явах байсан юм. Манай өндөр аав тэр нутгийн хүн. Хамаатны хөгшинтэйгөө уулзаагүй удсан болохоор мэндийг нь мэдэх зорилготой Увсын зүг хөдөлсөн. Бас нэг том зорилго байсан нь Увс аймгийн Ойрад театрт бүтэн балет дэглэхээр бэлтгэлээ базааж байгаа юм. Оролцож тоглох уран бүтээлчид хүүхдүүдтэй танилцах, бодит боломж чадвар хэр хэмжээнд байгааг харах, театрын болон аймгийн удирдлагатай уулзаж төсөл төсвөө танилцуулах гэх мэт ажлаар явсан. Төслөө бичээд холбогдох байгууллагад явуулсан. Нааштайгаар шийднэ хэмээн найдаж маш их итгэж байна.

Увс аймаг удахгүй шинэ театртай болно. Шинэ театрынхаа нээлтийг одоо дэглэхээр бэлдэж байгаа балетаар нээх юм. Хэрвээ тухайн театрын урын сан нь баялаг, сонирхолтой байвал уран бүтээлч, үзэгчид сонирхолтой болно. Бас уран бүтээлчдийн шандсыг сорьдог байвал тэр театрт ажиллаж байгаа уран бүтээлчид чанаржиж хөгжөөд л эхэлнэ. Дэглэж найруулах балетад хүүхдүүд оролцоно. Хүүхдүүдээ тайзан дээр аз жаргалтай бүжиглэж, жүжиглэж байгааг харсан ямар ч аав, ээж сэтгэл хангалуун байх нь ойлгомжтой. Магадгүй тэр хүүхдүүд дундаас Монголын нэрийг дэлхийд цуурайтуулах авьяастан тодрохыг үгүйсгэхгүй.

Балетын урлагийг зөвхөн Улаанбаатарт ирж үздэг биш гэртээ, амьдарч байгаа аймгийнхаа театрт үздэг болбол мөн сайхан аа. Тэгш хүртээмжтэй байх ёстой зүйл л дээ. Мөн яагаад Увс аймгийн театрт тоглож байгаа балетыг өөр аймгаас ирж үздэг байж болохгүй гэж. Яагаад тэр балетаар Ойрад театрынхан Монгол даяар аялан тоглолт хийж болохгүй гэж. Бусад аймагт ч гэсэн үлгэр болох, уран бүтээлийн эхлэлийг тавьж байгаа гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. “Яагаад болохгүй гэж” гэсэн бодлоор өөрийгөө цэнэглээд эрч хүчээр дүүрэн хүн л явж байна. Төрөлх нутагтаа очоод ийм даалгавар аваад буцаж ирсэн. Одоо даалгавраа онц, сайн биелүүлэхээр ид ажилдаа орчихсон хүн л явна даа. Увс аймгийн Ойрад театрын уран сайхны удирдаач Ч.Энхтөр гэж ах бий.

Тэр хүн бүтэн балет тавьж болох бүх суурийг тэнд хийчихсэн байна билээ. Өөрөө ч гэсэн хэд хэдэн удаа дэглээд, тоглочихсон болохоор уран бүтээлчид суурьтай болсон. Ч.Энхтөр ах надад “Ахынхаа хийснийг гоё болгоод өгөөч” гэж санал тавьсан юм. Би ахын саналыг дуртайяа хүлээн авсан. Надад ингэж итгэж байхад би тэр хүний итгэлийг алдаж болохгүй. Өөрийнхөө мэддэг чаддаг бүх зүйлээ аваад очно доо. Энэ тухай бодох ямар сайхан гээч!

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24607/

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22