УБДС-ийн оюутан Т.Кармыг найруулагч Н.Нямдаваа “Монгол кино” үйлдвэрт дагуулан ирж, орчуулж байгаа киноныхоо нэгэн залуу хүүхний дүрд дуу оруулахаар шалгаж үзээд авчээ. Тухайн үед эрхэм найруулагч УБДС-д багшилж байсан гэдэг. Тэр цагаас хойш Т.Карма хичээлийнхээ зав чөлөөгөөр кинонд дуу оруулдаг болж, найруулагч Д.Чимэд-Осор гуай “Энэ охиныг алдаж болохгүй шүү” хэмээн үйлдвэрийн удирдлагад саналаа оруулж байжээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Карматай ярилцсанаа хүргэе.
-Монголын ард түмэнд таны дуу хоолой үргэлж танил байдаг. Кино үйлдвэр тарахад тэнд ажиллаж байсан жүжигчин, уран бүтээлчдэд хүнд байсан байх даа?
-Миний уран бүтээлийн оргил үед “Монгол кино” үйлдвэр задарсан нь хамгийн харамсалтай санагддаг. Олон арван уран сайхны кинонд дуу оруулж, гадаадын 500 гаруй кино, телевизүүдийн орчуулгын бүтээлд дуу оруулсан байна. Кино үйлдвэр бутарснаас хойш чөлөөт уран бүтээлч нэртэй яахаа мэдэхгүй хэдэн хүн гудамжид лааз өшиглөөд л хоцорсон. Дассан сурсан ажил, хамт олноосоо хөндийрнө гэдэг их хэцүү байлаа. Сэтгэл эзгүйрээд л явчихсан. Байрнаасаа хөдөлсөн чулуу долоон жил байраа олдоггүй гэдэг шиг л юм болсон доо.
Кино үйлдвэр гэдэг өдөр шөнийг ялгахгүй дуртай ажлаа 24 цагаар хийдэг, халуун дулаан уур амьсгал бүрдсэн хамт олонтой, ёстой л уран бүтээлийн халуун цэг байлаа. Кино үйлдвэрийн найруулагчид жүжигчдээ чөлөөтэй, задгай сэтгэхийг нь зөвшөөрдөг. Биднийг дүрээ гаргахын тулд өөрсдийн санасан сэдсэн зүйлээ хийхэд дэмждэг. Жүжигчний хувиар театрт оръё гэвч тэнд найруулагч гэдэг нэг хүний дарангуйлал тогтсон гэж сонсогдоод байдаг. Тухайн үед хоёрхон театр байлаа. Хүүхэд залуучуудын театрын найруулагч И.Нямгаваа намайг хүрээд ир гэсэн л дээ.
Би И.Нямгаваатай таарна гэж үлгэр, долоо ч хонож чадахгүй гэдгээ мэдэж байна. Түүнийг жүжигчнээ хэл амаар доромжилдог гэсэн яриа яваад байдаг, би доромжлуулаад суугаад байж чадахгүй, тийм л зантай хүн шүү дээ.
-Мэргэжлийн урлагийн цөөхөн байгууллагын нэг нь тарчихаар тэр олон жүжигчин бүгд ажилгүй хаачих вэ?
-Зарим нэг нь тухайн үед нээгдэж байсан хувийн сургуулиудад багшилдаг болсон. Би ч ялгаагүй уран чадвар, хэл ярианы багшаар ажилласан. Цалин мөнгө нь хүрэхгүй. Урлагийн бүсгүйчүүд гэдэг энгийн хүнээс илүү хүний нүдэнд тусдаг юм хойно аятайхан хувцас хунартай явахгүй бол болдоггүй нийгмийн даалгавартай. Тэр үеийн багшлаад авдаг байсан 50 мянган төгрөг байрныхаа мөнгийг өгөөд, гурил будаа аваад л дуусчихна. Гол зогоох төдий л юм. Өөр хамт олны дунд орчихоор идээшиж, ижилсэж өгөхгүй.
Авьяастай үгүй нь мэдэгдэхгүй улс нэг фракц үүсгэчихээд гаднаас ирсэн мань мэтийгээ гадуурхах янзтай. Би тэгээд зарчимч талдаа. Буруу зүйлийг буруу гээд л хэлчихдэг, хэнээс ч айдаггүй бардам, ихэмсэг нэгэн байлаа. Үүнээсээ болж ад болох нь бий. Ингээд хүмүүс шуураад байхаар нь БНСУ руу явж үзлээ. Солонгос эздийн дээрэнгүй үл тоосон хандлагыг тэвчсэнгүй жил болоод Монголдоо ирсэн. Ирээд ахиад л сургуульд багшиллаа. Тухайн үед нэлээд сайн төгсөгч бэлддэг гэх хувийн сургуульд орж ажилласан боловч харилцаа хандлага мөн л ялгаагүй. “Сургуульд болдоггүй юм байна” гээд телевизийн кино албанд орж ажиллалаа. Уг нь уран бүтээлчид байгаа гэж бодож очсон боловч өөр ертөнцөд ирсэн мэт сэтгэгдэл төрмөөр кино үйлдвэрийн хамт олонтой минь дүйх юм алга. Бас л энд тэнд булагнасан, элэглэсэн улс.
Би л тэдний хоолноос булааж, тэднийг бужигнуулах гээд байгаа юм шиг хажиглаад болдоггүй. Яагаад гэхээр чаддаг хүнээс айгаад байгаа юм. Хүний чанар ч муудсан нь нөлөөлдөг биз. Ямар сайндаа л 40 гаруйхан насандаа “Хөгшин хөвөө”-гөөрөө хэлүүлж үзэх вэ. Найз нөхөдтэйгөө нийлээд кино хийх гэж нэг үзээд бас больсон. Тэгээд л би бодлоо “За ер нь больё. Энэ урлагт орон зай алга болсон юм байна. Кино урлаг, телевиз радиог бүгдийг нь орхиё”гэж. Тэгээд дүүгийнхээ кафед бармен хийж үзлээ. Хэдий сайхан байсан ч сэтгэл тогтохгүй юм. Нэг л биш. Би үйлчилгээний хүн биш байна. Тэгээд би өөрөө өөртөө эзэн байхаар шийдээд сургалтын төв байгуулсан.
-Миний хувьд таныг “Ховор хүмүүс” киноны Дүүриймаагаар мэднэ. Үзэсгэлэнтэй бүсгүй байсан болохоор залуус хайр сэтгэл их ярина биз?
-Тэр тухай одоо яриад яах вэ. Манай үеийхэн намайг ямар байсныг мэднэ л дээ. Маш сэргэлэн, жавхаатай, сайхан бүсгүй байсан гэж ярьдаг л юм. Дүүриймаа жаахан цагаан талын дүр. Жүжигчид дотроо харизмтай, сэтгэлзүйн гэх мэт төрөлтэй. Би болохоор характерний жүжигчин гэдгээ мэддэг.
Намбалаг монгол эмэгтэйн дүрийг гаргахад зохихгүй. Нүд хурц, харц ширүүн болохоор бууж өгөхгүй. Хурц ширүүн дүрд би өөрөө ч зовохгүй тоглоно. Яагаад гэвэл, миний дүр төрх тийм дүрд наалддаг. Дээхнэ үед дүр сонголтод их ач холбогдол өгдөг байсан. Тэгээд найруулагч нар намайг гадаад хүн шиг л гээд байдаг. Ямар юмных нь гадаад байх вэ би халх хүн л юм чинь.
-Хэрвээ кино үйлдвэр тараагүй байсан бол гэж бодож байсан уу та?
-Жүжигчнийхээ хувьд би арай л өөр шинж рүүгээ орж явсан юм уу даа. Бүхий л зүйл нээгдээд өөрийгөө мэдрээд, бяр амтагдаад эхэлж байх яг тэр үед л кино үйлдвэр дампуурчихсанд би сэтгэл дундуур явдаг, бусдаар бол яах вэ. Одоо бол “Даравч дардайна, булавч бултайна” гэдэг шиг Кармаг урлагийнхан дарж чадахгүй гэдгийг би харуулж чадаж байгаа гэдэгтээ л баярладаг юм.
Урлагийнхан намайг дараад хэчнээн доош хийх гэж оролдсон ч тэдний хийж чадахгүй ажлыг хийгээд, маш үр дүнтэй явж байна. Амьдралд бууж өгөөгүй миний зүтгэл, сэтгэлийн хат, тэвчээрээр бусдад өөрийгөө харуулж чадсан. Над шиг энэ чиглэлээр сургалтын төв ажиллуулж чадах хүн байхгүй гэдгийг харуулж чадсан. Үүнийгээ өөрийнхөө хувьд том дэвшил гэж хардаг.
-Сургалтын төв гэснээс ийм газар байгуулъя гэдэг сэдэл төрүүлсэн зүйл нь юу байв?
-Тогтолцоо өөрчлөгдөөд удаагүй байхад Дейл Карнегийн харилцааны урлагийн талаарх номуудыг орчуулан хэвлэж эхлээд байсан үе. Би тэр номуудыг уншаад өөрийнхөө хэмжээнд программ зохиосон хэрэг л дээ. Харилцааны урлаг бол илтгэх, ярих чадварт нөлөөлнө.
Нэг хэсэг сэтгүүлчдэд энэ талаар хичээл орж байсан туршлагадаа үндэслээд ярих ур чадвар, илтгэх урлагийн курс байгуулъя гэдэг бодол төрөөд удаж байсан юм. Үүнээс гадна нэг том шалтгаан байсан нь урлагийн зарим хүн миний жүжигчнээр, орчуулгын киноны дуу оруулагчаар ажиллах боломжийг минь хааж, шахаад зайлуулчихъя гэж бодоод шахсан. Би өөрийн чадварт суурилсан өөр чиглэлээр гараад л ирлээ. Намайг хэн ч сөхрүүлж чадахгүй, би өөртөө ч бууж өгдөггүй хүн.
-Одоогоос 10 жилийн өмнө сургалтын төвөө нээсэн гэхээр анхны шавь нар нь амьдралд хөл тавиад эхэлчихэж. Тэдэнд өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэх итгэлийг та өгсөн байгаа даа. Ээрүү, гацаа хүүхдүүд нэлээд дотогшоо байдаг. Тэгэхээр та яриулж сургахаас гадна сэтгэлзүйтэй нь давхар ажилладаг болж таарлаа гэж би бодож сууна?
-Түрүүчийнх нь сурагчид аль хэдийнэ оюутан болсон. Таван настай хүүхэд ирсэн гэхэд 15 хүрч байгаа юм. Ярина гэдэг мэдээж харилцааны том урлаг. Ээрүү, гацаа хүүхэд өөрийгөө илэрхийлэхдээ жирийн хүүхдээс хоцорно. Тэгэхээр зүгээр яриад сурчихаар өөртөө итгэх итгэл нэмэгдэх нь гарцаагүй шүү дээ. Хүүхэд сураад, өөртөө итгэлтэй болоод ирэхээр багш хүн түүнээс эрч хүч авдаг.
Сурахгүй болохоор нь би сэтгэлээр унана. Урлагийн хүн болохоор тэр үү сэтгэл хөдлөл ихтэй. Гэртээ хариад л “Яагаад сурахгүй байна, маргааш яаж ажиллах вэ” гээд л бодож гарна. Ингэхээр сэтгэлзүйтэй нь ажиллахаас аргагүй. Өөрийгөө бусдаас дутуу гээд бодчихсон, өөртөө итгэлгүй, ичимхий болчихсон ирдэг. Өөрийгөө дутуу байна гэж бодсон бодол нь сэтгэлээр унагаачихсан байдаг. Дээрээс нь эцэг, эхчүүд “Яана аа, манай хүүхэд гацдаг, ээрүү, бөөрөнхий хэлтэй” гээд гаслаад байдаг, түүнийг нь сонссон хүүхэд бүр сэтгэлээр унадаг. Эцэг, эх нь хүүхдэдээ бас их дарамт учруулна. Тэгэхээр хүүхдэд давхар сэтгэлзүйн засал хийж, урам зориг өгөх шаардлагатай. Бас ээж, аавыг нь давхар хүмүүжүүлнэ.
-Таны ажил амьдралын чиг шугам нэртэй чинь холбоотой гэж боддог уу?
-Миний нэрийг монголчууд хүүхдэдээ ерөөсөө өгөхгүй юм. Үйлийн үрээс айгаад байдаг бололтой. (инээв) Гэхдээ үйлийн үр амсахгүй хүн гэж байхгүй. Юу тарина түүнийгээ хураана гэдэг шиг сайн үйл хийгээд үрийг нь амсахад л болно биз. Нэг хэсэг би замаа олохгүй төөрч явахдаа “Би их хатуу нэртэй хүн юм байна” гэж ч бодож явлаа.
Миний нэрийг халимаг хүн өгсөн юм гэдэг. Ээж миний хүүхдэд сонин нэр өглөө, солиулмаар байна гэхээр нь аав “Зүгээр, үйлийн үрийн бурхны нэр” гэсэн гэдэг. Аав төвөд, санскрит хэлтэй хүн байлаа. Тийм ч учраас миний охин энэ нэрийг дааж амьдарч чадна, даах чадалтай хүн болно гэж итгэсэн. Би аавынхаа итгэлийг хөсөрдүүлэлгүй нэрээ дааж амьдарсан гэж боддог. Өдий наснаас гишгэсэн мөрөө эргэж хараад “За. Би хэрэгтэй юм хийж хүнд өгч амьдарч чаджээ” гэж бодоод зогсож байх сайхан. Тэгэхээр нэр маань амьдралын чиг шугам болсон гэдэгт санал нийлж байна.
-“Нэг хэсэг замаа олохгүй төөрч явлаа” гэж юу болсон юм бэ?
-Түүнд нэг их гутраад байдаггүй. Нийгмийн шилжилтийн үед хүн бүр ядарч байсан. Би ганцаараа ядарч байсан юм шиг бодоод яриад байж болохгүй байхгүй юу. Тэрэнд миний нэр гай болоогүй гэдгийг л хэлэх гэсэн санаа. Харин ч одоо миний нэр брэнд болчихлоо. “Карма багш” гэдэг нэр миний амьдралд нэмэр болдог боллоо. Нэг инээдтэй юм ярья. Хүмүүс “Улаанбаатар” сонинд зар тавьдаг байсан юм.
Жүжигчин Ж.Сүххуяг нэг удаа утасдаад “Би сонин харж суутал Карма өрөө хөлсөлнө гэдэг зар харагдлаа. Тэгээд өө за за бид нар ч бүр баларч байгаа юм байна. Хөөрхий Карма эгч минь их ядраад өрөөгөө хөлслүүлж байгаа юм байна гэж бодлоо. Тэгсэн Карма өрөө хөлсөлнө гэсэн зар олон байх юм. Доорх утасных нь дугаарууд өөр байхаар нь л сая ойлголоо” гээд хөхөрч билээ. Монголчуудын үгийн сан багасаж байгаагийн илрэл л дээ. Тэр үед би “Карма” өрөөгөө хөлслөөгүй байсан. Тэрнээс хойш айл болгон шахуу “Карма” өрөөгөө хөлслөөд би хүртэл хөлсөлж л байсан. Тэр үед өрөөгөө хөлслөх юу ч биш, зарим нь кино хийх гэж байгаа нэрийдлээр байраа барьцаанд тавиад, залилуулаад байргүй болцгоож байсан шүү.
-Кино хийх гээд явж байсан тухай цухас яриад өнгөрсөн. Тэр кино дэлгэцэд гарсан уу?
-Кино зохиолоо бариад улаа эргэтэл тэнэсэн боловч ивээн тэтгэгч олдоогүй. Би чинь багшилж, жүжиглэж л чадахаас хүн гуйж сураагүй болохоор нөгөө мөнгө нь олддоггүй. Одоо бодоход би хүнээс юм гуйж чаддаггүй нөхөр байж. Хэг ёг гээд л хачин гуйсан юм байгаа биз. Хоёр, гурван кино зохиол бичээд цөхрөөд сүүлдээ хаясан. Мөнгө олоод кино хийгээд байгаа хүмүүсийг хараад гайхдаг байлаа.
Манай ерөнхий найруулагч нарт олдохгүй байгаа мөнгө киноны талаар “А” ч үгүй хүүхдүүдэд олдоод байхаар гайхахгүй яах юм бэ. Манай Х.Дамдин найруулагч гэхэд л кино хийх гээд мөнгө олдохгүй зовж хоцорсон л явдаг байсан. Тэгээд бүгд шахуу багшлаад амьдрал нэг хэсэг хэцүүдсэн нь үнэн. Тэр хүнд хэцүү үеийг давж чадсан бид нар чинь харин баатарлаг хүмүүс байхгүй юу. Давж чадаагүй сэтгэлээр унаад, архинд орж эрт явсан хүн олон бий.
-Та чинь гоё бүсгүй байсан болохоор хүн гуйхгүй ихэмсэг бардам байсан хэрэг л дээ.
-Харин тийм. Хүн гуйж чадахгүй, гуйлгаж л байдаг. Хүн намайг гуйхаас би хүн гуйхгүй гэдэг бардам бодол одоо ч надад байдаг. Саяхан найруулагч Б.Нагнайдорж над руу утсаар залгаад ярьж байна. Одоо ч найз нөхдөөс бид хоёр л үлдэж дээ. Тэр маань “Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар авах гээд л хүмүүс хөөцөлдөөд байх юм. Энэ хүмүүс чинь ямар их нэр төрд дуртай болоо вэ”гэж байна. За би лав тэгж гүйхгүй. Надад өгсөн гавьяат маань л болно. Хүн болгон Хөдөлмөрийн баатар, Ардын, Гавьяат боллоо. Эсвэл ерөөсөө өндөр настай хүнд нь өгдөг болчих яршиг.
-”Жүжигчин Карма ярих урлагийн сургалт нээлээ” гэхээр хүмүүст итгэл төрсөн байх. Таны дуу хоолойг телевизээр байнга сонсож байгаа ард түмэн шүү дээ бид чинь?
-“Уран илтгэгчийн курс” байгуулах гэж зорьсон. Сургалтын төвөө нээсний дараа ээрүү, гацаа хүүхэд ирдэг юм байна. Би нөгөө хүүхдийг хараад л бодлоо “За энэ яг амьсгаа нь ийм юм байна” гэж бодоод яаж засах вэ гэдгээ эргэцүүллээ. Тэгээд л нөгөө анхны ээрүү, гацаа хүүхдийнхээ эцэг эхэд “Би одоо энэ хүүхэд дээр туршина даа” гээд л үнэнээ хэллээ. Гэтэл эцэг, эх нь “Бид олон газраар явсан, танд гомдохгүй, турш хамаагүй” гэсэн. Тийм гоё. Мэдрэмж, ажиглалт, миний сурсан эрдэм бүхэн маш хэрэгтэй юм байна. Тэгээд л хүүхэдтэйгээ хоёулаа харилцан суралцаад л эхэлсэн.
Мэдрэмж, туршлагадаа суурилаад нөгөө хүүхдэдээ тохирсон программ зохиочихно. Эцэг, эхчүүд өөрсдөө л хүүхдээ хөтөлж ирээд байлаа. Бид социализмын үеийн хүний итгэл найдварыг алдаж болохгүй, гомдоож, хохироож болохгүй гэдэг хүмүүжилтэй улс. Ийм итгэл тээж ирсэн хүмүүсийг гомдоох зүрх хүрэхгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24607/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна