Дэлхийн хамгийн чухал үйл явдал зуны XXXIII олимп ирэх ням гарагт өндөрлөнө. Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдадаа улс орнууд санхүүгийн урамшуулал олгодог уламжлалтай. Сингапур улс 737мянган ам.доллар санал болгосон шагналын хөтөлбөрөөрөө урьд жилүүдэд тэргүүлдэг байсан. Олимпын түүхэн дэх хамгийн өндөр мөнгөн шагналыг Саудын Арабын тамирчин хүртсэн. Токиогийн олимпод мөнгөн медаль хүртсэн каратэч Тарех Хамедид улсаас 1.3 сая ам.доллар бэлэглэжээ. Персийн булангийн Бахрейн, Катар зэрэг чинээлэг орнууд гадаадын тамирчдыг мөнгөн шагналаар татдаг. Өмнөд Африкийн усанд сэлэгч Роланд Шуманн Катар улсын санал болгосон нэг сая ам.долларын гэрээнээс 2005 онд татгалзаж, спортын ертөнцийг шуугиулж байсан. Засгийн газруудаас олгодог мөнгөн шагналын дүн харилцан адилгүй бөгөөд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тухайлбал, энэ жил алтан медаль хүртсэн тамирчин бүрдээ АНУ-ын Олимп, паралимпын хорооноос 37 мянган ам.доллар олгохоо зарласан. Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газар олимпод оролцогчдод буцалтгүй тусламж, тэтгэмж олгодог. Лейброн Жеймс, Стефен Карри, Новак Жокович тэргүүтэй спортын тэрбумтнууд шагналын дүнд ач холбогдол өгдөггүй ч мөрөөдөлдөө хүрэхээр замнаж буй тамирчдад дэмжлэг болдог.
15 улсын шагналын сан 100 мянган ам.доллароос дээш үнийн дүнтэй
“Форбс” сэтгүүл энэ жилийн зуны олимпод оролцсон улс, нутаг дэвсгэрийн үндэсний олимпын хороо, спортын холбоодоос тодруулахад 33 орны Засгийн газар медаль хүртсэн тамирчдаа мөнгөн шагналаар урамшуулахаа мэдэгджээ. Эдгээрээс 15 улсын шагналын сан 100 мянган ам.доллароос дээш үнийн дүнтэй урамшуулал олгох гэнэ. БНХАУ-аас хамааралгүйгээр олимпод оролцсон Хятадын Хонгконг уг судалгааг тэргүүлсэн. Алтан медаль хүртвэл 768 мянган ам.доллар санал болгожээ. Харин 380 мянган ам.доллар татваргүй бэлэглэхээ зарласан Израил улс удаалж, 275 мянган ам.доллароор байлсан Серби гуравт бичигдсэн. Сербид олимпын медальтнууд 40 наснаас эхлэн сар бүр тэтгэвэр авдаг. Олимпын аваргад олгодог мөнгөн шагналын дүнгээрээ дөрөвт бичигдсэн Малайзад медалийн чанарын ялгаа хол зөрүүтэй. Аваргууд 200 мянган ам.доллар, хүрэл медальтан 1000 ам.доллар авах эрхтэй. Италийн Засгийн газар 196 мянган ам.доллароор алтан медальтнаа байлсан. Мөнгөн медальтан 98 мянга, хүрэл медальтан 65 мянган ам.доллар авах юм. Литвын Засгийн газар зургадугаар байр хүртэл урамшуулал өгдөг, медаль хүртсэн тамирчны дасгалжуулагч, туслах ажилтанд тэтгэмж олгодог цөөн улсын нэг. Энэ жил олимпын аваргадаа 182 мянган ам.доллар бэлэглэнэ. Молдавчууд алтан медалийг 171 мянган ам.доллароор үнэлсэн байна. Бусад орноос ялгаатай нь олимпод эхний найман байрт шалгарсан тамирчдадаа урамшуулал олгодог. Шилдэг наймд эрэмбэлэгдвэл 11 мянган ам.долларын урамшуулал авна. Унгар улс олимпын аваргадаа 154 мянган ам.доллар бэлэглэнэ. Хүрэл медальтанд 88 мянган ам.доллар төсөвлөсөн нь олон улсад дээгүүр бичигдэх дүн юм. Болгар улс алтан медалийг 139 мянга, мөнгийг 111 мянга, хүрэл медалийг 83 мянган ам.доллароор үнэлсэн байна. Косовочууд алтан медалийнхаа урамшууллыг тогтоохдоо ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчинд 218 мянган ам.доллар хуваарилжээ. Эстонийн тамирчид медалиас гадна эхний аравт орсон амжилтаараа тэтгэлэг авдаг. Энэ жил олимпын аваргаа 109 мянган ам.долларын мөнгөн шагнал, хоёр жилийн хугацаанд сар бүр 7000 ам.долларын цалин авах юм. Дасгалжуулагчдад тамирчны шагналын тал хувьтай тэнцэх хэмжээний мөнгө олгохоор заажээ. Малайз, Болгар улс алтан медаль хүртсэн тамирчдадаа насан туршид нь сар бүр 1000 ам.долларын цалин олгодог бол Чили, Косово, Литвын Засгийн газрын урамшуулал дараагийн олимп хүртэл үргэлжилдэг. Шинэ Зеландад олимпын аваргууд жилд 40 мянган ам.доллар авдаг. Дани улс нэг удаа 15 мянган ам.долларын урамшуулалыг татваргүй олгодог байна. Энэ жил Польш улс олимпын наадамд оролцсоны 100 жилийн ойд зориулан алтан медальтанд 82 мянган ам.доллар, Варшав хотод хоёр өрөө байр бэлэглэнэ. Казахстан улс медальтнууддаа 250 мянга, 150 мянга, 75 мянган ам.доллар бэлэглэхээ зарласан. Мөн 4-6 дугаарт байрт шалгарсан тамирчдадаа 30 мянга, 10 мянга, таван мянган ам.долларын урамшуулал олгох юм. Узбекистан улс алтан медальтанд 200 мянга, мөнгө 100 мянга, хүрэл медальтанд 50 мянган ам.доллар амлаж байна.Тажикистаны Ерөнхийлөгчийн тэтгэлэгийн хүрээнд нэгдүгээр байр эзэлсэн тамирчинд 14 мянган ам.доллар олгоно. Тус улс олимп, паралимпын наадамд медаль хүртсэн тамирчдадаа сарын цалин олгохоор тогтоожээ. Киргизстанд олимпын аваргадаа 119 мянга, мөнгөн медальтанд 83 мянга, хүрэл медальтанд 60 мянган ам.доллар өгдөг аж.
Хөнгөн атлетик, Боксын холбоо тамирчдаа шагнана
Норвеги, Исланд, Швед, Их Британид тамирчдадаа тодорхой мөнгөн шагнал амладаггүй, урамшлуулал олгодоггүй аж. Төсвийн шагналаас гадна Үндэсний олимпын хорооноос нь шагнадаг улс бий. Тухайлбал, Энэтхэгийн Засгийн газар алтан медаль хүртсэн тамирчинд 90 мянган ам.доллар, Олимпын хороо нь 120 мянган ам.доллар бэлэглэдэг. Парисын олимпоос эхлэн спортын зарим байгууллага амжилт үзүүлсэн тамирчдаа урамшуулах шийдвэр гаргасан. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос алтан медалийн эздэд 50 мянган ам.доллар хүртээхээ мэдэгджээ. Олон улсын боксын холбоо (IBA) жин тус бүрийн аваргуудаа 100 мянган ам.доллароор урамшуулна. Зарим оронд медаль авсан тамирчдад мөнгөн шагналаас гадна тансаг зэрэглэлийн автомашин, орон сууц бэлэглэдэг. Малайзын эрх баригчид Парисаас медаль авчирвал дээд зэрэглэлийн автомашин амласан. Казахстанд медалийн өнгөнөөс хамаарч орон сууц олгодог. Оролцсон тамирчид, медалийнхаа тоогоор тэргүүлдэг БНХАУ урамшууллын мөнгөн дүнгээ нийтэд зарлаагүй байна. Хятадын тамирчин И Силин 2012 оны олимпод хийн бууны төрөлд алтан медаль хүртсэний дараа Гуандун мужийн эрх баригчид түүнд 7.65 сая юань буюу нэг сая орчим ам.долларын мөнгөн шагнал олгосон. Хятадын бусад тамирчид үл хөдлөх хөрөнгийн компаниудаас орон сууц бэлгэнд авсан тухай орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж байсан.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна