Улаанбаатар хотод үйлчилгээ, амт чанараараа ялгарсан ресторан бол “Чойжин Темпл”. Тэд олон улсын жишигт нийцсэн эрчим хүч хэмнэсэн, энерги зарцуулалт багатай тоног төхөөрөмжийг сонгон гурав дахь салбар “Чойжин Прайм”-аа Бага тэнгэр сити цогцолборт нээжээ. Хаан банкаар дамжуулан ногоон зээлийн хүрээнд санхүүжилтээ шийдсэн аж. Энэ тухайгаа “Чойжин Темпл” ХХК-ийн захирал Ё.Байгал “Бид байгальд ээлтэй, ногоон технологийг сонгож хүлэмжийн хий, орчны агаарын бохирдлыг бууруулахад бага боловч хувь нэмэр оруулахыг хичээн ажилладаг. Энэ зорилгоо хүн бүрд сурталчлах зорилготой байна. Компанийн санхүүгийн сахилга бат өндөр, үйл ажиллагаа, үйлчилгээг тогтвортой авч явдаг болон өмнөх төслүүдээ амжилттай хэрэгжүүлж, зээлжих зэрэглэл сайн байсан зэрэг нь банкны шаардлагыг хангахад нөлөөлсөн байна.” гэснээр бидний ярилцлага эхэлсэн юм.
-Хотын өнгийг тодорхойлдог зочлох үйлчилгээний гол салбар бол ресторан. Хэдэн жил үйл ажиллагаа явуулж байна вэ. Ресторанаа нээсэн түүхээсээ хуваалцана уу?
-“Чойжин Темпл” зоогийн газраа 2016 онд нээж байлаа. Хагас жилийн дотор үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээж, олон улсын “Форбес Монголиа” сэтгүүлд “Өрнө дорнын өвөрмөц зохицол” гарчигтай 2017 онд нийтлэгдсэн. Эдүгээ найм дахь жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Байгуулагдсан өдрөөсөө чанар стандартаа ахиулсаар “Кулинарын 3 од” хүртэн олон улсын чанарын удирдлагын тогтолцоог бие даан нэвтрүүлж байна. “Чойжин Темпл” рестораныг 2021онд Дэлхийн тогоочдын холбоо, Олон улсын аялал жуулчлал, Кэтрингийн холбооны зүгээс З одтой ресторанаар тодорхойлон, шалгуур болзол хангасан гэж хүлээн зөвшөөрсөн.
-Танай лого анхаарал татаж байна. Шашины утга, бэлгэдэлтэй юү?
-Өрнийн соёл тэр дундаа медитериан хоолны философи нь тухайн газар нутагт боловсорсон эрүүл шинэлэг органик хүнс болох үр жимс, ургамал, бүхэл үрийн будаа, шош, далайн гаралтай бүтээгдэхүүн, загас, амьтны махаар хүний биеийн дархлааг дэмжиж шим тэжээлээр хангахад оршдог. Газар дундын тэнгис орчмын нутгийнхан урт наслалтаар дэлхийд тэргүүлдэг. Иймд урт насалж, удаан жаргахын дээдийг “Цагаан өвгөн”-өөр бэлгэдсэн.
-Танай салбарынхан хоолны амтаараа өрсөлдөж, үйлчилгээний чанараараа ялгардаг. Зорьж ирсэн үйлчлүүлэгчдэдээ ямар амт санал болгож байна вэ?
-Медитериан кюзинээр дагнасан Газар дундын тэнгисийн европ хоолны, тансаг зэрэглэлийн зоогийн газар гэдгээрээ олон нийтэд богино хугацаанд танигдаж чадсан. Цар тахлын нөхцөлд ч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж, сорилтыг даван туулснаа дурдахад таатай байна.
-Нэрийн хуудас болсон зоогноосоо дурдвал?
-Чойжин зоог урлахуйн тухайд нүүдэлчид ид шидийг эрт цагт нээсэн чөмгийг сонгож, дээд зэрэглэлийн деликатес бүтээгдэхүүн болохыг мэдрүүлэхийг зорьсон. Малын чөмөг хаягдал байсан цаг саяхан. Мах ангилан боловсруулдаг, нийлүүлэгч үйлдвэрүүд тухайн үедээ 500 төгрөг ч хүрэхгүй үнээр худалддаг, ихэвчлэн хаядаг үнэ цэнгүй бүтээгдэхүүн байсан бол одоо хүмүүс ашиг тус, шим тэжээл, хэрэглээний талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон. Чөмгийг үнэ цэнтэй бүтээгдэхүүн гэдгийг нотолсон “Чойжин Темпл”-ийн “Чөмөгтэй стейк” нэрийн зоог үйлчлүүлэгчийн талархлыг хүлээсэн. Манай ерөнхий тогооч Д.Тайван Хонгконгод 2017 онд зохион байгуулсан олон улсын Кулинарын тэмцээнд грилдсэн чөмгөөрөө оролцож алтан медаль хүртсэн.
-Хоолны цэс гаргахдаа юунд түлхүү анхаардаг вэ?
-Дөрвөн улиралдаа зохицуулж тухайн цаг үед хамгийн олдоцтой, шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зорьдог. Манай ресторан хоолны цэсээ 4-5 сард, 11-12 сард буюу жилд хоёр удаа шинэчилдэг. Сүү, цагаан идээ дэлгэрдэг, шинэ ногоо гардаг хавар зуны үед хөнгөн, шингэц хурдан хоолоор үйлчлэхийг зорьдог бол өвөл илүү илчлэгтэй хоолыг цэсэндээ оруулдаг. Бид үндэсний үйлдвэрлэгч фермерүүдийн мах, ногоо, эрүүл органик хүнсийг түлхүү хэрэглэж, импортын дээд зэрэглэлийн үр тариа, будаа, шош, бяслаг, хатаасан мах, чидун жимсний тосыг ашиглан, амт чанартай, эрүүл хүнсний стандартыг тогтоож чадсан.
-Интерьер бол хүмүүсийн хамгийн түрүүлж анзаардаг зүйл. Та бүхэн ямар орчин бүрдүүлэхийг зорьсон бэ?
-Манай Чойжин брэндийн ресторанууд тансаг орчныг чадварлаг бүрдүүлж, ая тухыг мэдрүүлэхийг зорьдог. Хотын төвийн ресторанд түүх соёл, үндэсний хэв маягаа шингээсэн бол, Зайсан дахь “Чойжин лоунж”-д элегант уур амьсгалыг Европын сонгодог загвар, үндэсний өвөрмөц детальтай хослуулж “East meets west” концептыг харуулсан. Харин Бага тэнгэр салбартаа Богд уулын эрүүл агаарт гэр бүл, найз нөхөд, хамт олны арга хэмжээ, хүлээн авалт, тэмдэглэлт баярын амтат зоог барих агаарлаг, модерн орчинг бүрдүүлж байна. Үзэсгэлэнт Богд Хан-Уул, Хатан туулын хөвөөг тольдох тохилог террастай гэдгээрээ олонд танигдсан.
-Аялал жуулчлалын оргил үе тохиож байна. Гадаадынханд зориулж тусгай цэс гаргасан уу?
-Европ, азиуд хүнсийг хэрхэн хэрэглэдэг, юутай зохицдог, зохистой хэмжээ нь ямар байдаг зэргийг судлаад, олон янзаар туршиж үзсэний дүнд хэрэглэгчдэд хүргэдэг. Манайх Европын тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын сүлжээ ресторанаар сонгогдсон. Ресторан, зочид буудлын сүлжээ эрхлэгчдийн хувьд ийнхүү сонгогдох нь нэр хүндийн хэрэг байдаг.
-Танай рестораны онцлог юу вэ?
-Илүү сайхан ирээдүйн төлөө ихийг бүтээхээр сэтгэл зориг итгэлээ нэгтгэн Чойжин брэнд байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж яваа эвтэй,эрч хүчтэй, сайхан сэтгэлтэй манай хамт олон компанийнхаа үнэ цэнийг тодорхойлж ирсэн. Бид ажилтнуудаа аюулгүй орчинд, сэтгэл хангалуун ажиллах, өсөж дэвших боломжоор хангахын зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ шаардлагад нийцүүлэн, чанартай, амттай хоолоор тогтмол, соёлтой үйлчилдэг. Компанийн нэр хүндийг урт хугацаанд өндөрт өргөж яваа хувь нэмрээ оруулсаар ирсэн ажилтнуудынхаа хичээл зүтгэл, амжилт ололтыг бид ямагт үнэлж хүндэтгэж ирсэн.
-Байгууллагынхаа үнэт зүйл, бахархлыг тодорхойлно уу?
-Европ хоолны соёлыг нүүдэлчин соёл иргэншлийн онцлогтой төгс хослуулж “ЧОЙЖИН КЮЗИН” гал тогооны урлагийг амжилттай бүтээж байгаа хамт олон маань манай бахархал. Бид бүтээсэн түүхээрээ бахархаж, аливаад анхдагч байх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн өөрийн өвөрмөц онцлогтой стандартыг тогтоон ажиллахыг зорьдог. Ийм ч учраас бидний алсын хараа ирээдүйд итгэж тэмүүлсэн байдаг. Манай алсын хараа бол Чойжин брэнд ресторанаа олон улсын тавцанд хүртэл хөгжүүлэх, хамт олноороо дэлхийн хэмжээний Мишелин одтой ресторан болох хэтийн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
“Чойжин темпл”
Гэрлэх ёслолын ордны хойно, Центрум төв 1 давхарт
Захиалга өгөх утас:
7703 4499, 8033 4499
“Чойжин лоунж”
“Голден будда” 4 давхарт
Захиалга өгөх утас:
7747 4444, 8970 4444
“Чойжин Прайм”
Бага тэнгэрийн ам,
Бага тэнгэр сити цогцолбор, 202-2, 12 давхарт
Захиалга өгөх утас:
7713 4444, 8891 4444,
9599 4444
Х.Заяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна