Хаалган дээрээ “Монголын үнэн” гэсэн бичигтэй Ниссан (Ванетти) загварын япон тэрэг, эль хуль оргих өглөөний хотын гудамжаар, зуны сүүл сарын зүс бороотой тэнгэрийн нойтон хаяаг чиглэн давхина. Сайх машин торох юмгүй газар хороосоор цагийн тавин хувьд ч хүрэлгүй их хотыг ардаа орхин, алдарт “Шар хөв”-ийн дөрөлж дээр гарчихсан зогсож байв. Эрт, эдүгээ хэдэн зууны түүхийг хүүрнэх их хотын босго. Алс холыг зорьсон хийгээд их хотод айлчлан ирэх гадаад, дотоодын аянчин, гийчин энд дөрөө мулталж овоонд нь чулуу нэмэрлэж, идээ цагааныхаа дээжийг өргөн урт холын аян замаа даатган сүсэглэдэг уламжлалтай. Бид ч уламжлалыг эвдсэнгүй, даваа овоондоо аян замаа даатгуулж идээ цагаагаа өргөөд мордов. Бид гэдэг нь “Монголын үнэн” сонины хамт олон. Явах хугацаа томилолтын гурав хоног, очих газар төвийн гурван аймаг. Орчин үеийн амьдралын хэв маяг болсон аялж амрангаа ажлаа бүтээхээр явж буй хэрэг.
Бороо зүсэрч нэг, шивэрч нэг орсоор л байна. Гадаа тэнгэр уйлагнан барайж байвч машин доторх дулаахан уур амьсгалыг эвдэж үл чадна. Аяллын багийн гишүүд ярилцаж байгаад хамгийн эхний очих цэгийг “Харумафүжи сүүн кафе” гэж тогтлоо. Хуучин Баянцогт, Жирэм, Шувуун давааны тариан талбай жирэлзэн өнгөрсөөр Уушгийн хөтөл даван уруудав. Эндээс 30 гаруйхан километр яваад хамгийн эхний цэгт хүрнэ. “Харумафүжи сүүн кафе” бороотой сэрүүхэн өдөр болоод ч тэр үү хүн хөл багатай байна. Хэдхэн хоногийн өмнө ирж сурвалжилсан болохоор бусдад хөтөч хийлээ. Зураг, хөрөг авч гүйлдсэн багийнхан бороонд норсон ч гандан буурахгүй хоёр сүүн зайрмаг хэрэг болгон авчээ. Норсноосоо болж даараад, даарснаасаа болж чичирсээр байгаад авсан зайрмагаа идсэн ч юмгүй унагааж орхиод бөөн инээд ханиад болсоор хөдлөв. Газар нэвсийтэл буусан хөхөлбий мананд алсын бараа үл харагдах бөгөөд гэрлээ асаан давхилдах хөнгөн тэрэгнүүд ажилдаа яаран гүйх хэн нэгнийг санагдуулна. Цэгээний нуур тушаа очих үестэд манан шуугдаж алсын бараа харагдаж эхлэв. Лүн сумын нутагт орж ирлээ гэсэн үг. Сумын төвөөр дайрч Лүн толгой Туулын гүүрээр гараад зам сална.
Шийдвэрээ дор нь гаргадаг нүүдэлчин зан
Туулын гүүр гараад зам салж нэг нь “Хангайн даваа”-гаар Булганы Баяннуур тийш явах бөгөөд нөгөөх нь Хархорин тийш явах зам. Бид Өвөрхангай аймгийн Хархорин сум орох замыг сонгон давхилаа. Замдаа элдэв зүйлд сатааралгүй шууд явсаар “Элсэн тасархай”-н наана үдлэхээр санал нэгдэн буув. Булганы Гурванбулаг, Дашинчилэн сумдын урд хилээр орших Хөгнө хан уулын үзэсгэлэнт байгалийг түшиглэн барьсан буурчийн газар “Гардийн хад” нэртэй газар байна. Гадаа нь түм түжигнэж, бум бужигнасан газар санж. Хүн зон бужигнасан газрын хоол амт сайтай байдаг сан, гэхдээ дараалал нь дийлдэхгүй байх даа хэмээн ярилцсаар зовнингуй орсон боловч бидний бодсон шиг хүлээж цөхрөх юм болсонгүй. Ийм хурдан үйлчилгээ Монголд байдаг л юм байна гэж бахархан ярилцсаар гарлаа. Төв аймгийн Эрдэнэсант, Булганы Рашаант сумдаар дайран ирсэн энэ зам Элсэн тасархай орно. Аяллын багийн гишүүд урд нь нэгэнт үзсэн зүйлээ ахин үзээд яах вэ гэж ярилцаад хоолоо шингээн холхих цаг гаргалгүй цааш шуударлаа. Цаг ч орой болж, хонох газраа эртхэн очиж төвхнөх хэрэгтэй.
Өглөө болжээ. Хөгшин Орхоны хөшиглөсөн цэлгэр уудам талыг тольдон сэрэх юутай сайхан. Өглөөний цай уунгаа явах маршрутаа гаргалаа. Урд өдөр ямар ч төлөвлөгөөгүй байсан нөхөд дор, дор нь шийдвэр гаргаад харсаар суутал нүдний минь өмнө байгалийн цогцолборт газрууд, түүх, дурсгалын жимээр аялах цогц төлөвлөгөөг гаргаад тавьчих нь тэр. Ингэж дор дор нь шийддэг зан нүүдэлчдийн цусанд л байдаг болов уу.
Аяллын багт маань түүх, архелогийн талаар мэдлэгтэй, мэргэжлийн хөтчөөс дутахааргүй нэгэн байсныг Эрдэнэзуугийн музейг үзэж явахдаа бид нээн илрүүлэв. Манай “Нийгэм эдийн засгийн алба”-ны дарга сэтгүүлч Х.Эрдэнэзаяагийн түүх, археологийн мэдлэг Хархорин сумын музей, дурсгалт газруудыг үзэхэд улам сонирхолтой болгож байлаа. Хархорин сум түүх дурсгалын арвин их сантай нутаг гэдгийг мэдээгүй явсан байна шүү. Урд нь ирж, дайран өнгөрч явахдаа зөвхөн Эрдэнэзуу руу хальт шагайчихаад л буцдаг байж. Түүх, домгийг нь сонсонгоо урд үзсэнээ эргэн үзэх тэс өөр сэтгэгдэл төрүүлэх ажээ. Хэчнээн удаа хальт шагайснаас ялгаагүй ирж очоо вэ. Музейг тайлбарлагчгүй үзэх нь давсгүй хоол идэхтэй л адил гэмээр юм уу. Гурван зуугийн сүм, Эрдэнэзууг тойрсон 108 суварга тухайн үедээ маш сэргэлэн менежментээр боссон төсөл байсан гэдгийг, хийд дугануудын түүхийг нүдээрээ тэмтэрч, чихээрээ имэрч үзнэ гэдэг л тэр байх. Дугана, хийдүүдийн барилга, Гурван зуугийн хаалгыг ивсэн боржин чулуунууд эзэнт гүрний үеийн барилгуудаас үлдсэн гэнэ. Өвгөдийн ясаа ивж босгосон эх орон гэдэг шиг өвөг түүх өөрөөсөө хойш үргэлжлэх он цагийг ивж босгожээ. Эрдэнэзуугийн гадуур бэлэг дурсгалын наймаачид ил задгай худалдаа хийдэг байсныг цэгцэлсэн байна. Хийдийн хаалганаас нэлээд зайтай хашаа барьж, сэндвичээр барилга босгож орон нутгийн худалдаачид төвхнөсөн нь цэвэрхэн тохитой харагдах аж. Хоолны газар, хүнсний дэлгүүрүүд нэг талдаа ялгарч, бэлэг дурсгалын дэлгүүрүүд эсрэг байрласан харагдана. Ингэж цэгцэлсэн нь үнэхээр талархууштай ажил болжээ.
Хөгшин орхоны хөндийд харах, мэдэх зүйл их
Хархорин сумын төвөөс баруунтай Орхон гол руу түрж тогтсон огцом өндөр гацааг Ухны гацаа гэнэ. Энд Улаанбаатар хотын Зайсан толгой дээрхтэй ижил хөшөө дурсгал байх бөгөөд Монгол Улсын газар нутагт мандан бадарч байсан эзэнт гүрнүүдийн талаар товч тайлбар хийгээд Их Монголын эзэнт гүрний хаадын түүхийг сийлэн мөнхжүүлжээ. Аялагчид дурсгалын зураг татуулахаас гадна мэдлэгт дусал нэмэр болох мэдээллүүд авч болох нь. Холоос харахад нэг их өндөргүй ч хоёр тийш харууц сайтай. Биднийг очиход Орхон гол үерлээд ёстой улаанаараа эргэлдэнэ гэдэг л болж. Манай албан бус хөтөч болоод байгаа Заяа маань “Орхон гэдэг улаан гэсэн түрэг үг юм билээ. Хүрхрээг нь “Улаан цутгалан” гэж нэрлэсэн нь учиртай” хэмээн ярьж тайлбарлана. Хөгшин Орхоны хөндийд тэнгэр буугаад ирээ юу гэмээр нэвсийсэн хөх үүлс газраар явгалан, нойтон уруулаараа цэцэг болгоныг үнсэн буй мэт сэтгэгдэл төрнө. Хөлтэй найраас гарч яваа хөлчүү эр шиг ч юм уу. Бид гацааны оройд зураг хөргөө татуулж, байгалийн үзэгдэлд автан хэсэгхэн саатаад цааш хөдөллөө. Ухны гацааны баруунтай дэнж болон дээш өгссөн налуу буюу “Мойлтын ам”-нд хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгал судлах ангийнхан 1986 онд гурван хэсэг газар малтлага хийжээ. Малтлагын үр дүнд хуучин чулуун зэвсгийн үеийн бууц байсныг олж илрүүлсэн нь 30-40 мянган жилийн өмнөх үеийг өгүүлдэг байна.
Ухны гацааны доор “Толгойн боолт” гэдэг аялагчдын зайлшгүй үзэж, сонирхох ёстой газар байдаг. Ашиглагдахаа больсон болов уу гэж бодогдсон энэхүү услалтын системийг 1959 онд Хятадын Засгийн газрын хүч, хөрөнгөөр бүтээн байгуулсан юм байна. Хадтай толгой доорх барилгыг Орхон голын татмыг бүхэлд нь хамарсан түвшин өргөх босготой хажуугийн ус татах байгууламж барьсан нь өнөөг хүртэл хэвийн ажиллаж байгаа аж. Орхон гол үерлээд хилэн ихтэй байсан тул бидэнд ойртох арга байсангүй. Уг нь аялж яваа хүмүүс энэ байгууламжийн барилга дээр гарч орчноо тольдон, зураг авахуулж дурсамж бүтээдэг гэх юм билээ. Холоос барааг нь харж зогсохдоо очсон сон бол гэж дотроо харамсан бодсоноо нуух юун. Залуусын хэлдгээр “Эморч” баймаар газар харагдсан даа.
Хархорины дурсгалт газрууд үүгээр дуусахгүй. Хөгшин Орхон, Хөшөө Цайдамын уудам цэнхэр хөндий, хөх Монгол орны минь төв цэг болсон газар нутаг. Буугаад мордохын төдий мэдлээ гэхийн аргагүй буцаад очихгүй гэж ам алдаж боломгүй. Монгол орны минь нэгхэн сум гэхэд сонины нэг нүүрэнд бичиж багтамгүй арвин их түүх дурсгал, байгалийн үзэмжит тогтцуудтай гэж бодохоор насаараа аялаад ч үзэж, мэдэж барахгүй биз ээ. Бидний аялал цааш үргэлжилнэ.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/
Сэтгэгдэл (1)