Даншиг-даяар монголчуудын оюун санааны нэгдэл


Үндэсний дээлээрээ зүс ижилдэн гоёсон наадамчид оюун санаа, итгэл үнэмшлээрээ бат оршихыг ерөөн Хүй Мандалын дэнжид наадлаа. Намрын тэргүүн сарыг угтан болдог “Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулсан. Даншиг бол буддын шашны хурал номын зан үйл. Дээдэс лам нарыг урт удаан насалж, өлмий бат, мэлмий тунгалаг, амьтны тусыг өн удаан жил зохиох, зовсон олонд тусалж байхыг сануулсан утга учиртай. Тиймээс анхдугаар Богд буюу Өндөр гэгээнд мандал өргөж эхэлдэг. Өндөр гэгээний айлдсан цагийг тохинуулах соёрхлыг лам хувраг уншина. Энэ нь бурхан шашны дээдийн тахил аж. Мандал өргөсөн сүсэгтэн олон, шавь нарын заяа дэлгэрч, буяны чуулганыг ихээр хураадаг. Бөхийн асрын ард татсан Очирваань бурхны шүтээн хөрөг юу юунаас тод бас сүртэй харагдана. Сүсэгтнүүд мөргөж, хувь заяагаа даатгах шүтээн хөргийг бурханч лам Г.Пүрэвбат агсан бүтээжээ. Очирваань бурхныг сэргээж, Чингис хааны шүтээн хөргийг хамтад нь бүтээсэн энэхүү хөргийг зөвхөн Хүрээ цамын үед дэлгэдэг ёстой. Даншигийн урд өдөр хангай дэлхий хураа хайрлахад наадамчин олон битүүхэн санаа зовнилтой байв. Гэтэл шөнөжин орсон бороо үүрээр татарч, зузаан суусан хурын үүлс нүүн тэнгэр цэлмэх нь тэр. Учир мэдэх улс “Цамд Лүннамба гэж тусгай лам байдаг. Гомбо Махгалын цамаас Хүрээ цамд орсон болов уу. Даншигийн өдрийн бороо салхи мөндрийг хариулдаг” хэмээх нь сонирхол татаж билээ. 


Хүн бүр, юм бүхэн чимэг 

Хүй Мандалын дэнжид очсон хүн бүр даншигийн чимэг байлаа. Наадмын хүрээнд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа зэрэг урлаг, соёлын олон төрлийн арга хэмжээ боллоо. Өв соёлыг харуулсан олон эвентээс Таван тансаг идээний үзэсгэлэнгийн асар хөл хөдөлгөөн ихтэй байв. Таван тансаг идээнд ногоон идээ, цагаан идээ, хар идээ, улаан идээ, шар идээнүүд ордог. Тайлбарлавал, шар идээнд  амттан буюу зэрлэг жимсээр хийсэн бүтээгдэхүүнүүд, цагаан идээнд  Монголд ургадаг гурил гурилан бүтээгдэхүүн, үр тариагаар хийсэн амттанууд багтдаг. Улаан идээнд мах махан бүтээгдэхүүн таван цул, сархинагийн ороомог, бүхэл чанасан мах гэх мэт бүтээгдэхүүн ордог бол  ногоон идээнд  ургамлын гаралтай бүтээгдэхүүн багтдаг. Хар идээ нь сархад болно. Үндэсний идээ ундааг үзэмжтэй, үндэсний хэв маягийг орчин үеийн хэв маягтай хослуулсан нь гадна, дотнынхны харааг эрхгүй булаана.  Нийслэлийн түргэн тусламжийн албаны шуурхай дуудлагын баг гэмтсэн хүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байхтай таарч, зарим зүйлийг тодруулбал “Хурдан морины уралдааны үеэр хүүхэд гэмтэж бэртээгүй. Дуудлага бага байна” хэмээв. Наадмын хоёр өдөр Хот тохижилтын газрын 50 ажилтан ажилласан. Нэгэн үеийг бодвол наадамчид олон нийтийн газар соёлтой, боловсон үйлчлүүлж, хог хаялгүй баярладаг болжээ. Ногоон зүлэг, хуушуурын гэрүүд, цэнгэлдэх хүрээлэнгийн орчим ундааны сав, чихрийн цаас хөглөрөөгүй цэвэрхэн, цэлгэр талд наадах сайхан.


Мянга сонсохоор нэг үз

Үе үеийн Богдод Бат Оршил өргөж хурал номын зан үйл үйлдэхийн зэрэгцээ эрийн гурван наадам зохион байгуулж ирсэн түүхийн цаана олон агуулга бий. Монгол эрчүүд цаг ямагт эрүүл чийрэг чадалтай байж, хүлэг морьд нь шандастай, харваачид нь онч мэргэн байхыг бодож, жил бүр Даншиг наадам хийж, даяар монголчуудаараа хуран чуулдаг байж. Агт нь хурдтай, эрчүүд нь хүчтэй байснаараа 1911 онд Манжаас төр улсаа тусгаарлаж чадсан болов уу. Ийм түүхэн цаг үеийн утга агуулгаар даншиг, хүрээ цамыг  Нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай хамтран зохион байгуулж буйгаа Гандантэгчэнлин хийдийн захиргаа тодотгон сануулж байлаа. Гэхдээ  өнөөгийн зохион байгуулж байгаа “Даншиг наадам-хүрээ цам” нь мартагдаж буй өв соёлоо хадгалах, өвлүүлэх, бусдад таниулах гаднын улс оронд өөрсдийн нандин түүх, уламжлалаа сурталчлахыг гол зорилгоо болгожээ. Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, өвөрмонгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдсан. ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгаас 19 бөх ирж зодогложээ.  


Шашин, соёлын брэнд

Даншиг шашин, соёлын наадам төдийгүй нийслэл хотоос зохион байгуулдаг уламжлалт аялал жуулчлалын брэнд болон хөгжжээ. Энэ наадмыг үзэхээр жил бүр 2000-3000 жуулчин Хүй долоон худгийг зорьдог. Манай улсад зочилсон нэг жуулчин дунджаар 2500 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо бий. Мэдээж жуулчдад зориулсан эвентүүд наадмаас ялгаатай. Эвент, арга хэмжээ нь орон нутгийн бизнес эрхлэгч, худалдаа наймаа, үйлчилгээний байгууллагуудын орлогыг нэмэгдүүлэх чухал арга хэмжээ. Тэр бүү хэл тээр холын жижигхэн дэлгүүрт хүртэл өгөөж нь очдог. Тиймээс аялал жуулчлалын эвентүүдийг тогтмол хөгжүүлэх бодлогыг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас баримтлан ажиллаж байна. Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Наадмыг үзэхээр ирэх жуулчдын тоо өссөөр байгаа. Ялангуяа цам харайх ёслол дэлхийд ховор болдог зан үйл. Монголын урлаг соёлын томоохон хэсэг болж хэдэн зуун жилийн турш хөгжсөөр өнөөг хүртэл уламжлагдан ирсэн гайхамшигт өв” гэдгийг нээлтийн үеэр онцолж байлаа.  Гадаадын иргэдэд мэдээлэл өгөх, туслах, тэднийг болзошгүй эрсдэлээс сэргийлэхээр 50 орчим оюутан цагдаа ажиллажээ. Тэд шагай, сурын асрыг сурагласан жуулчдад газарчилж, ахуй соёлоо тайлбарлаж байсан юм. Франц, Германы жуулчдын багийнхан “Даншиг наадмыг зорин ирж үзэж байна. Бид зориулж үндэсний дээл хувцас өмссөн. Үнэхээр гайхалтай байна. Ид шидийн оронд ирсэн мэт, бүх зүйл сонин содон санагдаж, догдоллоо” гэв.  Ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, унзад, голч нарын тэмцээн зохиогддог ба Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааний тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Соёмбот туг залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын үйл ажиллагааг зохион байгуулдаг.  Энэ бүхэн жуулчдын хамгийн ихээр сонирхдог ёслол юм. Цам харайх нь хүнд хүчир шашны ёслолуудаас хамгийн томд тооцогддог. Цамын ёслолыг хийх лам нар 2-3 сарын бэлтгэл хийдэг байна. Наадамчин олондоо цамын нарийн дэг жаяг, онцлог бүтээлийн тухай Гандантэгчэнлин хийдийн Гадаад харилцааны албаны дарга М.Ганхуяг,  МБШИС-ийн багш Т.Ганзориг нар дэлгэрэнгүй тайлбарлан наадамчин олныг цэнгүүллээ.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 7 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 7 цагийн өмнө
Тохуурхал 7 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 7 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 7 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 7 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 7 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 7 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 7 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 7 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр