Салхины хэлмэрч


 (Өгүүллэг)

Цэвэгжавын ГАНБОЛД


Гал ус харших шиг зурсхийсэн гялбаанд газар хагарч, тэнгэр цуурчхав уу гэлтэй тасхийсэн нөр чимээг Төгсбилигт хорин жил мартаагүй. Ганилангийн үүдэнд аргамжуулсан юм шиг хар дарсан зүүд түүнээс өөрийг зүүдлээгүй. 
 Хүлгийн нуруунд гийнгоо хадааж, сайшаал зэм хоёрыг хөтөлгөө морь шиг сэлгэн зайдагнасан сэвгүй хонгор насанд нь газар тэнгэр булаалдах мэт заяа хэлтийлгэсэн тэр өдөр... Өрөөлд сонсгох сайн муу үг, өрөөлийн амнаас унах хатуу зөөлнийг тосох хувь эгнэгт дутсан. Эр цээлэх нас хүртлээ Дүгэрийн хэлгүй, Дүгэрийн годил гэх доромж ил далд хэдгэнэ шиг дүнгэнэн нисэлдэхийг эрх биш зөнгөөрөө гадарлавч  эвлэрч хүлцэхийн эргүүлгэнд унасан тэр хэрхэх билээ.  
...Ардаг хангал шиг арван долоон насны зун сан. Үдийн саалийн цагаар хоттой хонь тойрч зулрах Сүндэрийн хашхичаан, нохойн гаслан боргоохтой хоршиж хол ойрын хүн малгүй сортосхийн барталзжээ. Хэргийн эзэн нь Дүгэрийн Годил байлаа. Саахалтын хархүү “Эрхбиш эр юм гэсэн дээ ороо нь орж л дээ. Үгүй тэрийг хар аа. Яг ямаа хөөж байгаа ухна аа ухна ...” гэсэн инээдээр хачирласан тохуу цаашаа ам дамжин өртөөлөхдөө Дүлий, Годил, Хэлгүй гэх нэрийг нь Ухна гэх доромжоор халчхав. Хол ойрыг сандаасан орь дуунаас цэрвэсэн Төгсбилигтийн ээж хүүгээ тас  шилбүүрдэв. Эр цээлсэн хүү нь өвдөглөн суугаад алгаа хавсарч наминчлан өмөлзөхөд хөөрхий эх гаднаа шилбүүрийн сур шиг тас нясхийсэн ч дотогшоо өмрөн харц буруулжээ... Тэр цагаас хойш Сүндэр, Төгсбилигтээс дөлж явах болсон ба гарч орох тоолон ээж нь охиныхоо араас хараа тавихдаа “Элий балай юманд охиноо бузарлуулчихвал бид юу ч олж долоохгүй” гэж  өөртөө гүвтнэж, эр нөхөртөө үглэсээр дахин хаяа нийлж айлсаагүй билээ. Өөрөөс нь улам бүр алсрах хүмүүсийн араншинг таних тусам өөртөө нэгийг нээж өдөр хоногийг сэтгэлдээ жин жингийн ачаатай үдэж угтсаар билээ, Төгсбилигт. 
 ...Төгсбилигт сумын төвд болдог нийтийн бүжгэнд ёс юм шиг жилдээ нэг л удаа орж сэтгэлд хурснаа “асгана.” Хорвоо Төгсбилигтийн эгэл тавиланг хумьсан ч заяаны савыг нь арай өөрөөр дүүргэсэн ажээ. Соёлын төвийн хаалгаар түүнийг ороход хүмүүс бүжиж байвал зогсож, сууж байвал дэрхийн босож, алгаа ташин талархалтайгаар угтаж, тайз руу харцаараа урин залж, нэг хэсэг нь амандаа нөгөө хэсэг нь сэтгэлдээ “Манай артисть” хэмээн өргөмжилнө. Хөгжмийн ард суумагц л Төгсбилигт хувилгаан чанарт шилжсэн мэт хачин төгөлдөр ихэмсэг болоод нэгэн зуур ямар нэгийг чагнаж эсвэл бодолхийлэх шиг нүдээ аниад арван хуруугаараа хий агаарт хөгжмийн даруул товших лугаа адил хөдөлгөөн хийхэд танхимд хурагсад амьсгаа даран хүлээнэ. Хэзээ ч хэний ч сонсоогүй аялгуу танхимаар дүүрэн эгшиглэж тэр үдэш хурсан олон хөлсөө шудрах завгүй хөгжмийн эгшигт татагдан бүжиж, сэтгэл нимгэн нэг нь сэм нулимс бөмбөрүүлж үүр цайлгана. Хаанаас нь ч юм урсах аялгуугаа давтсан тохиолдол үгүй билээ. Бүжиг тарж танхимд цугларагсад уван цуван гарахдаа “Эгэлгүй Ухна шүү” гэж хээв нэг гүвтнэх нь Төгсбилигтийн “Хөгжим зогсоход хүндлэл дуусна” гэж бодон дотогшоо гашуунаар инээвхийлдэгтэй агаар нэгэн буюу. Сумын хэмжээнд зохиогддог урлаг соёлын наадам нэг жил өргөн хүрээг хамрахдаа Төгсбилигтийг ч тойрсонгүй. Уралдаан, бооцоот наадам ихэнхдээ хэл амаар төгсдөг тул соёлын төвийнхөн аймгийн театраас мэргэжлийн баг урьж шүүгчээр суулгасан байлаа. Төгсбилигтийн тайзнаа гарах ээлж ирэхэд үзэгчдийн алга ташилт аадар шиг шаагив. Хөгжмийн ард суухдаа л зон байтугай хөгжмийн мэргэжилтэн урьд хожид огт сонсоогүй гайхам яруу аялгуу дуурьссаар жаргахуй, Аймгийн театрын удирдаач “Салхины хэлмэрч байна” хэмээн дуу алджээ. Харамсалтай нь  удирдаач уг аялгууг хэдэнтээ гуйгаад дахин сонсож чадсангүй. Хэн нэгэн “Тэр нэг аялгуугаа дахин давтаж үзээгүй” гэхэд удирдаач гайхан шогшров. Төгсбилигтэд аймгийн тайзнаа тоглох урилга атгуулсан шүүгчид өөрийнхөө унаанд дайн авч яваад ч түүнээс дахин аялгуу сонсож чадсангүй. Аймгийн төвийн гудамжинд хөл тавьмагц л хоёр алгаараа чихээ даран эв хавгүй амаа ангайж байдаг тэнхээгээрээ чарлахад хамт явагсад нь “эмч.., эмнэлэг...” гэх үгс ам амандаа уралдуулжээ. Учрыг таньж насыг элээсэн буурал удирдаач Төгсбилигтийг сумын унаанд суулгаснаар урилга заллагын ажил шувтрав. Удирдаач хамт явагсдадаа “Түүнд хөгжил дэвшлийн чимээ шуугиан харшлав” гэж учирлажээ. Түүний хэлсэн үнэний хувьтай ч уу, юутай ч Төгсбилигт сумын төвөө хармагц дайгдсан унаанаасаа бууж багахан цохионоо салхи сөрөн зогссоор үүр цайлгасан байна...
Хамхуул, борог салхиар уруудсан хаврын нэгэн үдэш Төгсбилигт харшсан морио шавхуурдан эмээл дээрээсээ нисэх нь халаг хөл гараа савчуулж ноход шуугиулсаар соёлын төвийн үүдэнд үсрэн буугаад мориныхоо цулбуурыг сул шидэн хаалга угз татав. Танхимд хурагсдын харц түүнийг тайз руу урьсан ч, Төгсбилигтийн харц хэн нэгнийг хайн түгшүүртэйгээр гялалзана. Хүмүүн бусаар гялалзах нүдийг анзаарсан зарим нь “Энэ маань яачхаа вэ?” гэж зэнзийрхэж байлаа. Хүн бүхнийг алгасалгүй өрөмдсөн харцаар гүйлгээд Бүжмаа гэх бүсгүй рүү муухай орилон очиж гараас нь шүүрэхэд балмагдсан бүсгүй гараа угз татав. Төгсбилигт улам чангаар орилон ухасхийхэд Бүжмаа хажуудах эрийг түүний өөдөөс түлхэн араар нь оров. Санаандгүй түлхүүлж мөргөлдсөн хөлчүү эр уурандаа Төгсбилигтийг дэлсэн унагалаа. Төгсбилигт алгаа наминчлан хавсарч өвдгөөрөө гулсан Бүжмаа руу ойртоход, бүсгүйн хадам эгч урдуур нь хөндөлсөв. “Ухны ороо орчхож...” гэж хэн нэгэн инээхэд “Нэг л юм болж дээ. Охин минь аясыг нь дагана байгаа...!” гэсэн эмгэн рүү Бүжмаагийн хадам “Зөнөг, тэнэг хоёр зүгээр байгаарай” хэмээн цэхэлзэв. Төгсбилигт эмгэний гараас шүүрэн хаалга руу зүтгэхэд эмгэн гүйцэж ядан чаргуулдсаар гарлаа. “Болохоо байлаа, таминь ээ” гэх эмгэний бачимдуу дуунаар хүмүүс дэрхийв. Энэ үгийг Төгсбилигтэд салхи өөрийн хэлээр шивнэж тэр хониныхоо бэлчээрээс дэрхийсэн билээ. Морьтой явган, унаа тэрэгтэй хүмүүс утаа олгойдсон зүгт уралдан хошуурахад Төгсбилигт ирсэн зүг рүүгээ даялав. Бүжмаагийн гэр үнс нурам болсон ч цоожилж орхисон хоёр хүүхэд нь эсэн мэнд аврагдсан баяр хөөрийн дунд Төгсбилигтийг үгүйлэн талархаж, ядаж л Ухна гээд дурсчих хүн байсангүй. Төгсбилигт хаврын хавсарга сөрөн, муйхар эрд таглуулсан нүдээ хааяа гараараа тэмтрэн гэлдрүүлнэ. Түүний сэтгэлд хуй салхи дэгдэж хүмүүний араншинг хуйлруулан эргэцүүлж бачимдан явлаа. Тэр жил багын анд Сүндэрийгээ яалт ч үгүй амь залгичих шидлийн замаас хөөн зайлуулахад усан нүд, цусан зүрхтнээс гагц хоточ халтар л буруу зүгийн адыг боргоон  эзэндээ дэм хамсаа болсныг нэхэн санажээ. Төгсбилигтийн хоёр нүднээс зөнгөөрөө мэлмэрэх нулимсыг, түүнтэй өөрийн хэлээр “ярилцагч”  салхи арчин, сэтгэл зүрх рүү нь нэгэн сайхан аялгуу цутган аргадсаар л байлаа... 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Парламент бол ард түмний итгэл найдварыг тээж, тэдний… 11 цагийн өмнө
Л.Энхнасан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа 11 цагийн өмнө
2020 оноос хойш бид 43 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам … 12 цагийн өмнө
Б.Бямбасайхан: Манай залуус жилийн дөрвөн улиралд хамгийн хүнд нөхцөлд… 13 цагийн өмнө
Л.Ариунтуяа: Энэ нийгэм эмэгтэйчүүдээс олон дүртэй, олон ур чадварта… 14 цагийн өмнө
Б.Ану-Үжин: Хотын хөгжилд нийслэлийн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо… 14 цагийн өмнө
Ялагчид гавьяагаа үнэлүүлж, яллагдагчид давж заалдсан 7 хоног 14 цагийн өмнө
Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ… Өчигдөр
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх Монгол Улсы… 2024/09/11
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 2024/09/10
Дэд бүтэц, эрчим хүчний төслүүдээ эрчимжүүлж, Буйр нуурыг түшиглэн уса… 2024/09/10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бара… 2024/09/10
Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ 2024/09/10
Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл 1.6 км авто зам барина 2024/09/10
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто замыг асфальт б… 2024/09/10
Энэ сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно 2024/09/10
Зуун жилээр зудалсан, зулаг тасалсан зунууд 2024/09/09
Номын их өргөөний чамбай хатагтай 2024/09/09
Загварын ертөнцийн нүүдэл 2024/09/09
Монгол гоо сайхны илэрхийлэл 2024/09/09