​ Майдарын эриний зураач



Уран бүтээлчийн нүдээр тольдвол байгаль өө сэвгүй. Ургамал, амьтан, гол мөрөн, уулс бүхний хэлбэр бүр эрх тэгш ач холбогдолтой. Ертөнцийн эх мод, гал, ус, агаар, төмөр таван махбодыг чухалчилж, мөн чанар хийгээд хязгааргүй үргэлжлэх амин холбоог уран бүтээлдээ шингээдэг зураач Б.Орхонтуулыг “Монгол бахархал”-даа онцолж байна. Түүнийг урлаг судлаачид “Сэтгэлгээний  сюрреалист” гэж тодорхойлдог.  Нийгэм, улс төрийн сэдвийг хөндсөн бэлгэдэл, сюрреалист бүтээлүүдээр дамжуулан хүний оюун санааг судалдаг гэлтэй.  Монголын нийгмийн ээдрээтэй талыг тусгасан бүтээлүүдээрээ олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцдог юм. 

“Усан хөрш” (2020 он)

Сюрреализмын нөгөө тал

Хөгжмийн зохиолч аавынхаа нөлөөгөөр мөлхөж ч амжаагүй байхдаа зурж эхэлжээ. Говьсүмбэр аймгийн гуравдугаар арван жилийг 2001 онд дүүргээд Ражид Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын дунд сургуульд элсжээ. Аливаад сонирхолтой, шинийг эрэлхийлдэг зангаараа  Занаду арт галерейн урлан дахь “Хөх нар” орчин үеийн урлагийн холбооны уран бүтээлч болов. Тэр үеэс өөрийгөө хүүхэд, оюутан, суралцагч гэсэн сэтгэлгээгээ орхин эрэл хайгуулын их аянд мордон,  орчин үеийн урлагт гүн дурлажээ. Монголын дүрслэх урлагийн сэтгэлгээнд зотон тос, усан будаг л давамгайлж байсан цаг үеийг контемпорари эрин үеийн чөлөөт байдал дуу хадаан бут цохисноор уран бүтээлч, зураачид гудамжнаас ч урлагийг олж харах болсон. Монгол хүн бүр өнөөдрийг дүгнэсэн бодолтой, илэрхийлэлтэй явдаг.  Тэгвэл зураач Орхонтуул орчин үеийн монголчуудын тэмцэл, хямрал, алдар цуутай өнгөрсөн түүхийг бүтээлдээ тусгана. Банзрагчийн Орхонтуул бол сюрреалист зургуудаараа олны анхаарлыг татах болсон визуал зураач. Уран бүтээлийн өнгө төрх нь бусдаас өвөрмөц бөгөөд уламжлалт урлагийн хэв маягаас тэс өөр төдийгүй гүн утга санаа бүхий гайхалтай бүтээлүүддээ ихэнхдээ өөрийгөө эсвэл өөртөө түшиглэсэн амьдрал, дотнын хүмүүсийг дүрсэлдэг. Тиймдээ ч 2014 онд “Төрх” бүтээлээрээ Монголын дүрслэх урлагийн шинэ давлагаа хэмээн цоллуулсан. Эл зурагтаа өвөг дээдсийн үнэт зүйл, өртөөлөгч хаанаа урдаа барьж өөрсдийгөө гурван сая Чингис хэмээн эвийлэн, шагширч амиа зогоох нь мөнгөн тэмдэгтэд залсан дүрийн цаана орших хямд өртөг илэрхийллийн ард бидний төрх дорой байдлаа нуух хэрэгсэл болсныг илэрхийлжээ. Монголын уран зургийн галерей жил бүр бүтээл шалгаруулж, алтан сан хөмрөгтөө хадгалдаг уламжлалтай.  Манай угсаатны оюун санааны суут бүтээл хэмээн бүртгэж авдаг Улсын сан хөмрөгт түүний дөрвөн бүтээл орсны нэг нь “Төрх” юм. “Сэтгэлгээний  сюрреалист” гэх алдрыг 2021 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр шалгарсан “Өртөө” бүтээл нь авчирсан. Нүүдэлчдийн нас барсан хүнээ эсгийд ороож оршуулдаг зан үйлийг харуулжээ. Бүтээлийнхээ тухай “Бид хүн нас бараад дахин төрдөг бол хаагуур яваад, хаана очиж оюун санаагаа цэвэрлүүлээд эргэж төрдөг гэдгийг би мэдэхгүй учраас биеийн дунд хэсгийг хоосон орон зайгаар илэрхийлсэн. Толгой хэсгийг нь эргээд хүүхэд төрж байгаагаар илэрхийлсэн. Төрж байгаа хүүхдийг сахин хамгаалж байгаа бурхан шиг харагдах шонхор шувуу хоёр чихээ соотойлгоод сууж байгаа. Аливаа араатан амьтан хамгийн сонор сэрэмжтэй үедээ чихээ хөдөлгөдөг. Амьтны чих хөдөлж байхад асар өндөр түвшинд сонор сэрэмжтэй байж, шинэ хүн мэндэлж байхад хамгаалж байгаа гэсэн үг. Мөн могойг шувуу савраараа базсан байгаа. Энэ нь аливаа ад чөтгөрөөс хүүхдийг хамгаалж байгаа гэсэн санаа. Хүүхдийн дүрийн ар талд нэгэн хийсвэр дүр гаргасан. Энэ нь хүн эхээс хувь тавилантайгаа төрдөг  гэсэн өвөг дээдсийн яриатай холбоотой” гэж тайлбарлав.

“Сайн цаг айсуй” (2017 он)

Арилжааны бус уран бүтээлч

Авьяас бол урьдаас заяагдсан гэдэгт тэр итгэдэг. Монголын дүрслэх урлаг морь, чоно, сайхан бүсгүй зэрэг  ерөнхий сэдвээр дүүрэн байдаг. Эдгээр зургийн зарим нь урлагаас өөр зорилгоор туурвигдсан гэхэд буруудахгүй. Сонссон, харсан бүхнээсээ бүтээлийн сэдэл, санаагаа олно.  Хааяа гудамжаар алхаж явахад шинэ санаа төрөх нь бий.  Түүнд зураг зурах, аялахаас өөр сонирхол, хобби үгүй. Зах зээлийн хуулиар зураачид хүссэндээ биш, амьжиргаагаа залгуулах  гэж зурдаг. Тэгвэл Орхонтуул бүтээлээ  сурталчилгаа болгон ашиглах дургүй, “Мөнгө олох зорилгоор чоно зурж үзээгүй” хэмээнэ. Нарийн ажиллагаатай, гүн утга илэрхийлэх, ур чадвар ханхалсан бүтээлүүд төрөх хугацаа, цаг адилгүй. Нэг жилийн хугацаанд гарсан зураг байхад арван жил зарцуулсан бүтээл ч бий. “Сайн цаг айсуй” бүтээлдээ ирж буй сайн цаг Майдарын эринийг бэлгэджээ.  Орхонтуулын бүтээлүүдээс янз бүрийн сэдэв, мэдрэмж өгүүлэгддэг. Энэ талаар хэлэхдээ “Урсгал, хэв маяг гэдэг тал дээр би бол явна, хийнэ гэсэн юм даанч барьдаггүй бараг бүтээлээс бүтээлийн хооронд амьдардаг. Амьдардаг гэдэг нь зөвхөн хийж байгаа зүйлээ юу шаардаж надаас юу нэхэж байгааг нь сонсож тухайн үедээ тэр бүтээлдээ бүхнээ өгдөг. Аль урсгал жанерт хамаарах нь огт сонин биш байдаг мөн дууссаны дараа бүтээл надад огт сонин биш болдог. Үндсэн санаа концепц гэхээр бас л яг баримталдаг зүйл байхгүй, юм болгон олон талтай олон өнцөгтэй тэр болгонд нь хувирч өөр өөр үзэл бодолд хувьсаж амьдрах  илүү сонирхолтой. Тэр тусмаа залуугаасаа өөртөө онол үзэл бодол тулгачхаад мөн ямар нэг жанерт өөрийгөө зорчхоод явна гэдэг дэндүү харамсалтай” гэсэн юм. 2009 онд бүтээсэн  “Би хувцас 2” зураг нь утга агуулга хийгээд зохиомж өнгө зохицлын хувьд дахин давтагдашгүй мөн урд дүрслэгдээгүй шинэлэг бүтээл болсон. Буддын шашинд хүний бие  оюун санааныхаа хувцас гэдэг. Энэ ухагдахуунаас улбаалан хүн төрөлхтний мөн чанар бол оюун ухаанаар хорвоод  учрыг тайлдаг гэсэн санааг уг зургандаа тусгажээ. Оньсон тоглоомын олон жижиг хэсэг бүрэлдэн нийлж дүрс үүсдэг зүй тогтлыг харуулсан байна. 

“Би хувцас 2” (2009 он)

"Өртөө"

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24608/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22