Нум сумтны түүх бол хүн төрөлхтний түүх гэдэг. Дэлхийд нэгэн зууныг өөрсдөөрөө овоглосон үндэстэн хэд билээ. Гарын арван хуруунд багтам цөөн. Агтны хурдаар газрын дайдыг туулан ирт нум, эрчит сумаар олон улсыг хураан захирсан XIII зуун монголчуудын эрин үе байсан. Тэр бардам түүхээр гаднынхан өнөөгийн биднийг төсөөлдөг. Зарим нь бидний өвөг дээдсийн сүр хүчийг морин дээр давхиж буйгаар нь харахыг хүсдэг. Яг л энэ талын морьтон гэсэн имижийг дэлхийд гайхуулж буй “Хан Монгол” циркийг “Монгол бахархал”-даа онцолж байна.
Үндэстнээ алдаршуулсан “Хан Монгол”
Хүний санаанд багтамгүй зүйлсийг үзүүлж, харуулж, үзэгчдийг уухайлуулдаг болохоор нь циркийг гайхамшигтай гэдэг. “Хан Монгол” циркийн урын санд 30 гаруй төрлийн үзүүлбэр багтдаг. Үндэсний хэв маягтай уран, гоё үзүүлбэрүүдээрээ үзэгчдээ бахдуулж, монгол хүний эрэмгий зан, улсынхаа циркийн хөгжлийг бишрүүлэх нь тэдний зорилго. Сонгодог морин циркийн үзүүлбэр тун ч сонирхолтой. Адууг ахуй соёлоос илүү урлаг болгосон төгс сургалт гэвэл зохино. Яв, унт, бүжиглэ гэсэн эзнийхээ үгийг яв цав гүйцэтгэнэ. Циркийн жүжигчид унаж буй хүлгээ алтан туурт хэмээн хүндэтгэдэг. Жолоогоо сул орхисон ч жигд хурдаар давхиж, исгэрэх сумны чимээнээс үргэдэггүйд монгол адууны гайхамшиг оршино. Морь, тэмээгээ уран бүтээлчид өөрсдөө сургадаг. Үзүүлбэрийн үйл явдалтай уялдуулж сургадаг учраас арга барил нь ондоо. Хамгийн гол нь аюулгүй ажиллагааг хангах хэрэгтэй. Тухайлбал, байлдаантай хэсэгт хийх дасгалуудыг нэг бүрчлэн бэлдэж байж үнэмшилтэй болдог аж. Тал нутагт дураар өссөн бидэнд циркийн манеж давчуу санагдах нь бий. Тэгвэл энэ тойргийн хэмжээ 13.5 метр буюу олон улсын стандартад нийцсэн, морин циркийн үзүүлбэрийн нарийн гүйцэтгэл хийхэд хамгийн тохиромжтой талбай юм. Учир нь гаднын нөлөө бага, сургаж дадсан морь нарийн гүйцэтгэлийг төвөггүй хийнэ. “Морьтны гайхамшиг” үзэж хөөрч баярласан малчид, тоглолтын дараа “Номхон морио бэлэглэе” гэж сайхан сэтгэлээр ханадана. Тэр бүрд талархаад л өнгөрнө. Учир нь, цирк бол урлаг, агт болгон “жүжигчин”-ий шаардлагад тэнцэхгүй. Морины зүс, нас, биеийн харьцааг нарийн шалгуураар харгалзан “ажилд авдаг” байна. Онцгой содон зүстэй байж тухайн тоглолтыг сонирхолтой болгож, тодотгож өгдөг. Хар, хүрэн, зээрд зүстэй агт хөдөлгөөн дунд ялгардаггүй гэнэ. Гол дүрийн жүжигчний хувцас, тоног хэрэглэл, хазаар нь хүртэл ялгарч харагдах ёстой. Харин олны хэсгийн морьд уналга даадаг, номхон дөлгөөн байх хэрэгтэй. Морио ойлгож, мэдрэх, тэр өдрийн ааш занг нь хүртэл анзаарч харьцахыг жүжигчид чухалчилна. Үзэгчийн нүдэнд ташууртай нөхөр морио тайзны аясаар тойруулан шавхуурдаад байгаа мэт харагдах ч уран бүтээлчийн хувьд унаж буй алтан туурт “хамтрагч”-аа мэдрэх, явдалд нь тааруулж трюк хийх зэргээр мэдрэмж шаарддаг. Товхондоо уран бүтээлч, морь хоёр нэг цул болж үзүүлбэрээ амжилттай дуусгана.
Их аяны жим татагч
“Хан Монгол” циркийг Монголын морьт харвааны холбооны тэргүүн Ш.Цогтхүү үүсгэн байгуулжээ. Морьт цирк, харваа, орлон тоглогчдыг хөгжүүлэхэд үнэт хувь нэмрээ оруулсан уран бүтээлч. Дуучин Т.Ариунаагийн “Санааны чимээ” дууны клипэнд тулам булаацалдах дүрээр нь үзэгчид мэднэ. Тэрбээр 1985 онд Ж. Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийг төгсжээ. Тухайн жилдээ Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Норовцэрэнгийн удирдсан “Морьтны гайхамшиг” үзүүлбэрт багтан, өдгөө 40 гаруй жил тоглож байна. Зах зээлийн шуурганд урлагийн байгууллагууд хаалгаа барихад олон сайхан авьяастан чөлөөт уран бүтээлчээр замнасан. Үзэгчид багатай, жүжигчид хилийн чинадыг зорьсон хэцүү цагт хүмүүс “Чи наад морио орхиод амьдралаа бод” гэж ятгаж байсан ч “Морьтны гайхамшиг”үзүүлбэрээ баяжуулан тоглосоор байлаа. Тэгтэл БНСУ-ын “Хаврын баяр-2005” наадамд “Морьтны гайхамшиг” үзүүлбэрийг урихад Ш.Цогтхүү эмээлээ үүрээд Чежү арлыг зорьжээ. Тэр үеэс Өмнөд Солонгосын Чежү аралд монгол цирк, морьт үзүүлбэрийг сурталчлан танилцуулахад үнэт хувь нэмрээ оруулсан. Үргэлж л шинийг эрэлхийлж, гадаад дотоодын олон том тэмцээн уралдаанд оролцон, өөрийгөө хөгжүүлэхээс гадна маш олон залуусыг сургаж, хүмүүжүүлж, морьтны гайхамшгийг түгээж яваа нэгэн. Шавь нар нь БНХАУ, Өмнөд Солонгос, Унгар, Япон, Турк, ОХУ, Казахстан улсад болсон олон улсын морьт харвааны тэмцээнд тогтмол амжилттай оролцдог. Сүүлийн үеийн сонин гэвэл жүжигчин Б.Отгон-Өлзий Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Энэ жим тодрон тодорсоор үндэсний өвөөс суралцан тээгч морьтны цуваа дэлхийд тархах их аяны эхлэл болсон юм. Циркийн урлагийг аялал жуулчлалын салбарын гол хэсэг, жуулчдыг татах зорилгоор 2006 оноос жүжигчилсэн тоглолт болгон өргөжүүлжээ. Морин циркийн тоглолт 25-30 минут үргэлжилдэг байсан. Зохиолын дагуу тулаантай, байлдаантай үзүүлбэр нэмж жүжигчилснээр цаг гаруй үргэлжлэх бүрэн хэмжээний тоглолт болжээ. Үйл явдлыг хүч тамир, агаар, нугаралтын үзүүлбэртэй уялдуулж жүжгийн хэлбэрт оруулснаараа онцлог юм. Ингээд Монголын циркийн түүхэнд анх удаа 60 хүний бүрэлдэхүүнтэй “Чингис хааны догшин хар сүлд” тоглолтоо 2008 онд найруулжээ. Мөн морьт харвааг хөгжүүлэх зорилгоор олон улсын хэмжээний тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулж байна. Жилд нэг удаа Улсын аварга шалгаруулах тэмцээн, хоёр жилд нэг удаа олон улсын тэмцээнийг зохион байгуулдаг. Европ, Азийн орнуудад эрчимтэй хөгжиж буй морьт харваа олимпын төрөл болох өдөр ойрхон. БНСУ морьт харвааг үндэсний өв соёл хэмээн ЮНЕСКО-д бүртгүүлжээ. Тан улсын (618-907 он) сурвалж бичигт “Морьтон нүүдэлчид туулайг ганцхан харвалтаар ондог” хэмээжээ. Эдүгээ морьт харваа спортын төрлөөр шинэ тутам хөгжиж байгаа ч даншиг наадмын нэг хэсэг байлаа. Богд хаант засгийн үед моринд эрэмгий, мэргэн харваачдыг сонгон шалгаруулаад, даншиг наадмаар бөмбөг намнаж олныг баясгадаг байж. Ш.Цогтхүү уламжлалыг сэргээн нийтийг хамарсан үндэсний спортын төрөл болгож, эрийн гурван наадамд оруулахыг зорьдог. Энэхүү төрлийг хөгжүүлбэл залуучууд нь морио унаж сурна, гадаад зах зээлд ч гарах боломжтой. Чингис хааны өлгий нутагт морьт харваагаар хичээллэж, сурахаар зорин ирдэг гадаадын циркчид байдаг аж.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна