“Оддын цугларалт” шилдэг бүтээлүүдээ толилуулна



БНХАУ-ын Ляонин мужийн балетын театрын уран бүтээлчид манай улсад анх удаа айлчлан тоглож байна. Энэ удаад “Хунт нуур”, “Ци Си”, “Сильфида”, “Арлекинада”, “Жасмин цэцэгс”, “Щелкунчик”, “Хайр ба итгэл”, “Тэнгэрийн бүжиг” балетын хэсгээс толилуулахаар зэхжээ. Бүрэн хэмжээний тоглолт нь сонгодог урлагт шимтэн дурлагчдад барьж буй намрын хит юм. Мөн манай бүжигчид, театрын уран бүтээлчдийн хувьд туршлага солилцох боломж. Ляонин мужийн балетын театр нь сонгодог балетын элементүүд болон үндэснийхээ онцлогийг шингээсэн бүтээл туурвидгаараа алдартай. Улсынхаа нүүр царай болсон тус театрыг 1980 онд үүсгэн байгуулсан. Улмаар академик театруудын урын санд зүй ёсоор багтдаг “Хунт нуур”, “Нойрсож буй гоо бүсгүй”, “Сильфида”, “Корсар”, “Дон Кихот” зэрэг 20 орчим балетыг тайзнаа амилуулжээ.

Алдартай бүжигчдийн бүрэлдэхүүн

Ляонин балетын гала тоглолтод олон улсын тэмцээнээс шагнал хүртсэн Хятадын од уран бүтээлчид оролцдог уламжлалтай.  Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 24, 25-нд товлосон тоглолтод “Оддын цугларалт” гэж алдаршсан Ю Чуаня, Ао Динвэн, Жан Хайдун, Ван Жанфэн нарын тэргүүн гоцлооч,  Чи Линна, Лю Шижи, Жан Икун тэргүүтэй залуу уран бүтээлч оролцоно. Дээрх бүжигчдийг товч танилцуулъя. Хятадын балетын од, тэргүүн гоцлооч Ю Чуаня хар хунгийн бүжгээрээ бэлэг барина. Тэрбээр 2005 онд Ляонины балетын сургууль, 2009 онд Бээжингийн бүжгийн академийг төгсжээ. Дэлхийн сонгодог бүтээлүүдэд гоцлон тоглосноос гадна “Мулан” орчин үеийн бүжгийг тайзнаа амьдруулсан. Ю Чуаня Мариинскийн театрт 2017 онд тавьсан “Жизель”-ийн гол дүрийг бүтээснээрээ олон улсад танигдсан бүжигчин юм. Жан Хайдун бол үндэсний нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин. Ляонин балетын сургуулийг 2010 онд төгсжээ. Тэрбээр Токио, Вена хотод болсон олон улсын наадамд амжилттай оролцсон, Канадын балетын театрт “Шелкунчик” –т бүжиглэжээ. Гала тоглолтын хамгийн хүлээлттэй бүжигчин бол Ао Динвэн. Үндэсний, гадаадын сонгодог жүжиг, орчин үеийн уран бүтээлд дүр бүтээсэн Ляонин театрын од бүсгүй. Тэрбээр балетын олимп болсон Москвагийн олон улсын уралдааны насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медаль хүртжээ. “Хунт нуур”-ын ханхүү гэгддэг Ван Жанфэн Улаанбаатарын аялан тоглолтын бүрэлдэхүүнд багтсан. Тэрбээр Бээжин,  Сөүлийн олон улсын бүжгийн уралдаанд тэргүүн байр, Москвагийн олон улсын балетын уралдааны насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медаль хүртжээ. 


Хятадыг тодорхойлдог театр

Олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, олон бүтээлийн зохиогчийн эрхийг онцгойлон авчээ. Тухайлбал, XX зууны алдарт бүжигчин Владимир Малаховтой хамтран “Хунт нуур”-ын шинэ хувилбарыг дэглэж, “Эрвээхэй” балетыг тогложээ. Орчин цагийн балетын магнат гэгддэг Юрий Григоровичтой хамтран “Спартак”, “Ромео Жульетта” балетыг шинээр тавьсан нь Хятадын балетын түүхэн дэх орон зайг нөхсөн юм. Үүний зэрэгцээ “Мулан”, “Гаадай Мэйрэн”, “Тогосны цөс”, “Ци Си”, “Сүүлчийн эзэн хаан” зэрэг үндэсний онцлогтой 17 балетыг үзэгчдийн хүртээл болгожээ.  Хятадын балетын урлагийг хөгжүүлж, урын санг баяжуулахаас гадна бүжигчдийнхээ ур чадварыг сорин олон улсын томоохон тэмцээнүүдээс 170 гаруй шагнал хүртсэн байна. Ляонины театр Хятадын балетын урлагийн сургууль байгуулах эхлэлийг тавьсан.  Театрын харьяа долоон жилийн дунд боловсролын сургуулийг 1994 онд байгуулжээ. Өдгөө 600 гаруй оюутан суралцдаг Хятадын хамгийн том сургалтын төв юм. Төгсөгчид нь төрөлх театртаа болон Хятадын үндэсний балет, Шанхайн балетын компани, Гуанжоу балет, Хонгконгийн балет болон АНУ, Их Британи, ОХУ, Нидерландын мэргэжлийн  компаниудад ажилладаг. Сүүлийн жилүүдэд улсынхаа соёлын элчээр ажиллаж, олон улсаар аялан тоглож эхэлсэн. Ази, Европ, Африк, Далайн орнууд, Хойд болон Өмнөд Америкт аялан тоглолт хийхдээ алдартай мастеруудыг нэгтгэсэн мэргэжлийн баг бүрдүүлдгээрээ онцлог.  Энэ жил 17 улсад 47 удаа тогложээ. Театрын тэргүүн Цю Зижяо “Бид Хятадын сонгодог урлагийг олон улсад сурталчилдаг.  Гадаадын алдартай бүжгийн компаниуд, бүжиг дэглээчидтэй хамтран уран бүтээл туурвиж, соёлын интеграцыг сайжруулна” гэв. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 8 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 13 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна 14 цагийн өмнө
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… Өчигдөр
Улаанбаатарт 23 хэм дулаан байна Өчигдөр
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02