Уяхан замбуутивийн наран дор эгэлгүй мөнхөд оршигч хүмүүн


Монгол уртын дууг дэлхий дахинд таниулан цуурайтуулсан Монгол улсын Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай дуучин Намжилын Норовбанзад 

Төв Азийн нүүдэлчин түмний олон мянганы туршид хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, соёлын санд оруулсан гайхамшигт туурвилуудын охь манлай нь яахын аргагүй уртын дуу. Энэ гайхамшигт уртын дуугаа түгээн дэлгэрүүлэх, монгол үндэстний оюуны чадавхыг дэлхийн сонорт хүргэхэд бие, сэтгэл, оюун юугаан зориулсан цөөн хүмүүсийн нэг бол Монгол Улсын Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай дуучин Намжилын Норовбанзад билээ. Энэ нэр, энэ замнал, энэ аугаа гайхамшигт хоолой, энэ гайхамшигт хүмүүн бүх монголчуудын хийгээд дэлхийн дууны урлаг дахь сүмбэр оргил юм. Эрт цагаас Сэцэн ханы Боржигон сэцэн вангийнхан ерөөлч, магтаалч, дуучдаараа үлэмж алдартай байсаар иржээ. Уртын дууны доод өнгөнөөс яруухан дээшээ өгссөөр хамгийн дээд өнгөнд хүрэх атлаа тэр дундаа цохилго, чичиргээ, уран нарийн нугалаа үүсгэн шуранхайлах төв халх боржигон дэгийн уртын дуу бол баргийн дуучны хоолойг тэг дунд нь тамирдуулж, эцээх үнэнхүү чадвар, хоолойн цараа шаардсан гайхамшиг юм.
Чухамхүү энэ л гайхамшгийг чинээнд нь тултал шуранхайлах атлаа цаашаа улам бүр алсуур өгсөн хүний хоолойг байж болшгүй өндөрт хүргэн, тэнгэрийн дайдад уусган замхраах мэт болсноо алгуур эргээд хамгийн доод өнгөнд хүрч дуугарах нь нэн гайхалтай. Чухамхүү Сэцэн ханы Боржигоны бор талын хараа үл гүйцэм алсын алсад тэмүүлэх салхи цуцаан аялгуу дуурьсах мэт болно. Энэ л домог түүхт Боржигоны бор талын дунд Их, бага газрын чулуу тулан өндийж, салхи цуцааж хоолойнхоо царыг хөглөж өсөж торнисон нэгэн гайхамшигт хүмүүн нь алдарт уртын дууч Намжилын Норовбанзад байлаа. Эрт цагийн Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг Сүүдэртийн улаан овоо гэдэг газар XVI жарны төмөр хонин жилийн зул сарын 25-нд буюу 1931 оны арванхоёрдугаар сарын 10-нд Дамдингэцэлийн гэрт нэгэн охин төржээ. Охины төөрөг заяаг үзсэн нутгийн нэгэн сайн лам "Амны хишигтэй, олон нөхөдтэй, урт настай, дуу хуурт сайн, зуун хүн баясгаж явах ерөөлтэй, өвдгөндөө одтой төрсөн тул нэг газар удаан тогтож суухгүй ийш тийш их явах юм байна" гэж айлдаад Норовбанзад хэмээх нэр хайрлажээ. Уртын дуучин хүн болоход уул ус, өсөж торнисон газар орон нь ихээхэн нөлөөлдөг гэж ярилццаг. Энэ нь ч үнэний ортой. Норовбанзад гуайн төрсөн нутаг чухамхүү хүмүүний оюун бодлыг тэлж, хоолойн царааг асаан хөглөж, алс дайдад шунан тэмүүлэх өлзий хутгийг оршоосон увдист газар орон байлаа. Их газрын чулуу, Өрлөг Баянзүрхийн уулс, Хайлаастын ногоон төгөл, Наранмодын урт хяр, Давст дөхөмийн говь гээд л нэр нь хүртэл үлгэр, домог, туульс хайлах мэт боржигоны бор талд үе үеийн алдар суугаараа нүүдэлчдийн дунд гайхагдсан аугаа уртын дуучид төрөн гарч байлаа.
Норовбанзад охиныг долоон нас хүрдэг жил нутгийн өвгөн Тавхай хотоос өөрөөсөө дуу гаргадаг эгшигт хайрцаг гээч зүйлийг авчирч нутгийнхныхаа нүдийг орой дээр нь гаргав. Тэр модон хайрцаг доторх дугариг хар зүйл эргэж, түүнээс нь найр наадам дээр дуулагддаг олон сайхан дуу ер бусын гайхалтайгаар эгшиглэж байхыг хараад Норовбанзад ёстой л бах тав нь ганц сайн ханадаг байж. Модон хайрцагнаас их дуучин Дугаржав, Төмөр, Ичинхорлоо, Дорждагва нарын дуулсан олон сайхан дуу хөврөн эгшиглэж, жаал охин гайхаж биширсээр байжээ. Адтай сэргэлэн бяцхан охин энэ л эгшигт хайрцагны өмнө бүхий л ертөнцөөс тасрах адил болдог байсан гэдэг юм. Алдарт дуучдын дуулж буй ая дан, дууны үгийг тогтоож аваад гэрт гадаагүй цангинуулж явах боллоо. Тэглээ гээд чихний чийр болов гэж ахмадууд нэг их зэмлэхгүй. Харин ч дэмжих аястай байдагт нь охин урамшаад хээр гадаа, хонины бэлчээрт хоолойн тэнхээ мэдэн дуулдаг байв. Тэртээ урд ухаагийн энгэрт хонио хариулж явсан Норвоогийн дуу гэрт суугаа айлчны чихэнд хүрэхүйц цангинахад хүмүүс "Танай энэ бор охины хоолойн тунгалгийг ээ. Яасан сайхан  дуулна вэ. Манай нутгийнхны найр наадам ч дуу хуураар тасрахгүй даг шүү" гэж айлчин бахархан хүүрнэж сууна.
Дайны сүүдэр бууж цаг хэцүүдсэн үед Норовбанзад гуайн хүүхэд нас өнгөрчээ. Даавуу даалимба, тамхи тариа нүдний гэм болсон тэр хүнд жилүүдэд дуу хуур түүний амьдралын гол утга учир гэдгийг тэр ухаарсан гэдэг. Сумын бага сургуульд суралцаж байхаасаа л Дэрэнгийнхээ намхан тайзан дээр дуулж нутгийн олныхоо хайр хүндэтгэлийг татаж эхэлжээ. Тухайн үед Бөмбөгөр ногоон театрынхан, цэргийн ансамблийнхан хөдөө орон нутгаар аялан тоглолт их хийдэг байсан. Чухам ийм нэгэн тоглолтын үеэр Норовбанзадын дуулахыг нь сонссон Ардын жүжигчин Янжиндулам их урлагийн ертөнцөд гараас нь хөтлөн оруулсан гэдэг. 1956 онд Ардын хувьсгалын 35 жилийн ойн өмнөхөн Бүх ард түмний урлагийн их наадам болж, Норовбанзад алтан медаль хүртэв. Урлагийн төлөөх их замнал эргэлт буцалтгүй болов. Дараа жил нь Москвад болсон Дэлхийн залуучууд оюутны наадамд Монголоо төлөөлөн оролцож "Сэрүүн сайхан хангай" дуугаараа алтан медаль хүртлээ. Монголын уртын дуу ингэж анх удаа шахам олон улсад гарч, орон орны хүмүүсийн бишрэл хүндэтгэлийг хүртсэн юм. Манай урлагийнхны олон улсын тавцангаас хүртсэн анхны алтан медаль нь ч энэ. Норовбанзадын хоолойн цар хүрээ, дуулах чадвараар амилах уртын дуу монголчуудын жинхэнэ бахархал болж эхэллээ. Норовбанзадгүй томоохон тоглолт, Норовбанзадгүй хөдөө орон нутаг дахь урлагийнхны тоглолт гэж байхгүй боллоо. Тэр улам бүр оргил өөд тэмүүлж байлаа.
1961 онд тэрээр 30-хан настайдаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ. Түүний амжилтын буухиа тасарсангүй. 1969 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 1997 онд Хөдөлмөрийн баатар цол хүртэв. Олон улсад ч Норовбанзад аугаа их хүндэтгэлийг хүлээж чадлаа. Уртын дууны гайхамшиг, уртын дуучийн гайхамшигт хоолойн цараа Монголынхоо нэрийг дэлхийн тавцнаа олонтаа дуурсгав. 1993 онд Японы Фукуокогийн Азийн соёлын шагнал авч, ЮНЕСКО-гийн соёлын өвд түүний дуулсан уртын дууны дээжийг бүртгэж авлаа. Норовбанзад дэлхийг тойрон, уртын дууны шуранхайг олон үндэстний сонорт хүргэж, япон, герман, франц гээд олон улсын эрдэмтэн, мэргэдтэй нөхөрлөн, монгол үндэстний өв соёлыг түгээн дэлгэрүүлж байв. Нэг хүний нэгэн насны амьдралд хүрч амжихгүй аугаа их өндөрлөгийг тэр ийнхүү эзэлж чадсан юм. Хорвоод анх мэндлэхэд нь хувь заяаг нь шинжсэн мэргэн ламтны төөрөг зөрсөнгүй. Норовбанзад гуайн дэлхийд гайхамшгийг нь мэдрүүлсэн уртын дууны тухай нэгэн  сурвалж бичгийг энэ дашрамд өгүүлье хэмээн саналаа.
Яагаад ч юм бэ, уртын дуу эр хүнээс илүүтэй бүсгүй хүнд зохицож, түүгээрээ өөрийгөө амилуулах ид шидийг агуулсан мэт санадаг юм. Ялангуяа энэ эх сурвалж домогт өгүүлдэг бүсгүй аугаа Норовбанзад гуайн минь өндөр дээд угсаа гарвал биз ээ. "Хятадын төрийн түүх" хэмээх гурван боть номын 2046-2047 дугаар хуудсанд ингэж бичжээ. "Хүннүгийн шаньюу-д гоолиг маш сайхан хоёр охин төрсөн гэдэг. Улсын иргэд тэднийг тэнгэрийн охид гэх болжээ. Шаньюу хэлсэн нь: Би энэ охидыг яаж хүнд өгөх вэ. Тэнгэрт өргөе" гэжээ. Чингээд улсынхаа умардад хүнгүй газар өндөр асар босгон, түүнд хоёр охиноо суулгаад, тэнгэр минь өөрөө аваарай гэж мөргөжээ. Гурван жил өнгөрөхөд эх нь охидоо очиж авъя гэхэд цаг нь болоогүй байна гээд Шаньюу зөвшөөрөөгүй байна. Дахин нэг жил өнгөрөхөд нэгэн хөгшин чоно ирж, асрыг өдөр шөнөгүй харуулдах болсон байна. Нөгөө чоно ульсаар байв, асрын доор хонгил ухаж түүнээсээ ер гарахаа больжээ. Дүү нь "Эцэг минь биднийг тэнгэрт өгөхөөр энд суулгасан. Гэтэл эдүгээ чоно ирсэн нь тэнгэрийн тэмдэг байх. Тэнгэр түүнийг илгээжээ. Иймд доошоо буун түүнд очсугай" гэжээ. Гэтэл эгч нь маш эмээн хэлсэн нь"Энэ чинь адгуус шүү. Эцэг эхийн нэрийг бүү бузарлатугай" гэсэн гэдэг. Дүү нь түүний үгэнд оролгүй доош буун чонын гэргий болж, хүү төрүүлсэн байна. Түүний удам өсөн үржсээр байгаад улс болжээ. Иймд энэ улсын иргэд чоно улих лугаа адил урт дууг дуулах дуртай" гэжээ. Чухамхүү ингэж л уртын дуу хацар гоо бүсгүйчүүдээр маань хөглөгдөн дуурсаж нүүдэлчин монголчуудын гайхамшигт өв болон өвлөгдсөн биз ээ. Японы судлаач Харуми "Уртын дуу бол Монголын хязгааргүй цэлийх өргөн тал нутгийг өөрийн эрхгүй санагдуулах ая эгшиг юм. Энэхүү өндөр дуурсах хүчит хоолой бол бусдын орон зайд гайхуулах тэдний бахархал. Тэр бол байгалийнхаа дунд аж төрж буй хүн ардын үүрдийн ая эгшгийн цуурай" хэмээн магтсан байдаг. Уртын дууг дэлхийн хэмжээнд соёл урлагийн нандин судлагдахуун болгосон суу билигтэн бол яах аргагүй Норовбанзад гуай. Түүний дуулахыг сонссон гадаадын хөгжим судлаачид "Хүний хоолой яаж ийм хүчтэй өнгийг гаргаж огцом, намуун тайван тэгсэн атлаа цохилго, хүчирхийлэлттэй дуурьсана вэ" хэмээн шагширдаг. Үнэхээр ч хараа уудам тал нутагт замбуутивийн наран дор, толин цэнхэр тэнгэрийн дайдад төрсөн нүүдэлчин түмнээс л ийм яруу тансаг, гайхамшигт дуу хоолой дуурьсах биз ээ. Монголын уртын дууны ноён оргил болсон "Өвгөн, шувуу хоёр", "Дуртмал", "Цэвцгэр хурдан шарга"-аас авхуулаад дунд гарын "Алтан богдын шил", "Урьхан хонгор салхи"  бэсрэг дуу, "Зээргэнэтийн шил", "Хүрэн толгойн сүүдэр" гээд нэг дуучин байтугай нэгэн үеийнхний дуулдаг ихэнх дууг Норовбанзад гуай бурхан тэнгэрээс харамгүй хайрласан ид шидэт хоолойгоороо эгшиглүүлжээ. Эдгээрээс "Сэрүүн сайхан", "Уяхан замбуутивийн наран" дуу нь давтагдашгүй бүтээл болсныг манайд төдийгүй дэлхийд ч гайхан биширдэг. Энэ дуунуудаараа Норовбанзад давтагдашгүй дээд амжилт тогтоосон хэмээн Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, судлаач Н.Жанцанноров тэмдэглэсэн нь бий.
Энэ сайхан замбуутивийн наран элхэн бүхий дэлхий дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрт түгэн мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Тэр лугаа адил олон түмний чинь өршөөл
Үнэн сэтгэлтэй бүхнийг ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ, та мину зээ...
"Уяхан замбуутивийн наран" хэмээх энэ сайхан дууны үг өөрөө ертөнц хүмүүний нарийн нандин шүтэлцээ, төрж, өсөх, өтлөх гурван цагийн хэмжээс дэх амьдралын утга учрыг яруу сайхнаар өгүүлсэн байдаг. Эдгээр бадгууд уртын дууны аялгуунд уусан нэвчихээр хэчнээн аугаа төгөлдөр утга учиртай болдгийг Норовбанзад гуай жинхэнэ амилуулж чадсан байдаг юм. Шүлэг, аялгуу, дуучин гурвын бүтээж байгаа ертөнцийн үнэн энэ. Элчилгүй уудам талынхаа намхан бор толгод дээр алс дайдын хязгаарыг ширтэн суухдаа хорвоо дэлхийн явдал учрыг тунгаан суух мэт болно. Чухамхүү дуу гэгч ийм л гайхамшгийг өөртөө агуулж, дуучин хүн ийм л оюун сэтгэлгээнд автан хүмүүний сэтгэлийн чавхдсыг хөнддөг биз ээ.
Яагаад ч юм Норовбанзад гуайн дуулсан "Гоолингоо"-г сонсохоор сэтгэл зүрх өмрөх шиг санагддаг юм. Эгшигт хайрцагны өмнө шанаа тулан суугаад нулимс хургасан нүдээ арчих ч тэнхэлгүй эргэлдэн эргэлдсээр байх пянзыг ширтэн амраг ханиа хүлээн гансрах нь нүднээ харагдах шиг болно.
Зүүдэн нойрны минь дотор нь ай
Зүрхний минь Гоолингоо нь үзэгдээд байх юм..
Зүүчлээд хэлсэн үг нь миний цээжинд хадаастай байхымаа гэж Норовбанзад гуайн дуулснаар тэр л ахуйд уусаж, ямархан үйлийн үрээр хагацан салж өр зүрх юугаан дэвтээхээр дуулан суугаа бол хэмээн төсөөлөн боддогсон. Магадгүй Норовбанзад гуай 30-аад оны сүүл үеийн их хэлмэгдүүлэлтийн үед хүүхэд нас нь өнгөрсөн болохоор ч тэр үү, дайны жилүүдийн гашуун зовлон, хагацал өнчрөлийг үзсэн болохоор ч тэр үү дуулж байгаа "Гоолингоо" нь цаанаа л нэг чин үнэнийг далдхан нууцлаад байх шиг. Тэр л хязгаарт нь хүрч мэдэрч, түүн шиг гансарч автахгүй хэрнээ цаанаа л нэг бөн бөн нулимс, бүл цэлхэн уйтай. "Гоолингоо шиг яндаж дундаршгүй соёл урлагтай ард түмний хүү болж, Норовбанзад гуай шиг ертөнцөд шагшигдсан их дуучинтай Монгол нутгийн газар шорооноо аавын буянд, адууны захад хүн болсон дээд заяандаа бахархана" хэмээн Төрийн шагналт зохиолч Б.Догмид нэгэнтээ бичсэн нь бий. Тийм шүү, аугаа бахархлын өмнө тэргүүнээ гүнээ мэхийхгүй байхын аргагүй билээ. Норовбанзад гуайн дуулдаг бас нэг гайхалтай дуу бол "Жаахан шарга". Тэрбээр энэ дууны үүх түүхийн тухай нэгэн сонирхолтой домог ярьж байсныг би санах юм. "Жаахан шарга" хэмээх домогт дууны хүлэг морь нэгэн цагт Торой Бандийн унаа байсан юм гэнэ лээ. Жаахан шарга морь бол Тэмүжиний найман шаргын угшил ч гэдэг. Торой банди түүнийг эхээс босоо бууж байхад нь олж үзээд тавьсан тэмдгээрээ хожим нь таньж олоод олон жил унасан гэдэг юм. Хожим Онгон нутгийн дууч хүү Инжээноровыг ядарч явахад нь жаахан шарга морио өгч, тэр их хүлгийн нуруун дээр "Дарьгангын жаахан шарга" дуу төрсөн түүхтэй гэж тэрбээр хуучилсан билээ. Уртын дууг дуулаад зогсохгүй дуулж байгаа дууныхаа үүх түүхийг Норовбанзад гуай сайн мэднэ. Бүр хэд хэдэн домог, аман ярианы хувилбар гаргаж ирээд л хооронд нь харьцуулж ярина. Баруун Монголын хөг дан нь ийм байдаг, зүүнийх бол тийм, харин манай төв халх боржигонд бол бас өөр шүү гээд л өөрөө дуулж харьцуулна. Ярилцаж суугаа хүндээ сэтгэлийн гэрэл гэгээ, ухаарал уярлыг өөрийн эрхгүй төрүүлдэг хүн тийм ч олонгүй. Хар аяндаа тайвшралыг олж, тэр хүний ярианд буй биеэрээ уусан орж, бахдан бишрэх сэтгэгдэл төрүүлдэг ийм хүнийг өтгөс маань бурхны гэгээтэй хүн гэж дээдэлдэг билээ. Норовбанзад гуай бол тийм л хүн байлаа. Хүний амьдрал урт, богиноороо бус утга агуулгаараа хэмжигддэг гэж нэгэн ухаантан хэлсэн нь бий. Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Намжилын Норовбанзад гуай зуун дамжин өртөөлөн дуурсагдах алдрыг нэгэн насны амьдрал, уран бүтээлээрээ дархлан бүтээсэн гайхамшигт хүмүүн билээ. Боржигоны бор талаас дэлхий ертөнцийг уртын дуугаараа аргадаж, ухааруулсан уяхан замбуутивийн наран дор эгэлгүй мөнхөд оршигч хүмүүний цадиг ийн оршвой.

"Зууны 100 эмэгтэй" I ботиос...

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24609/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22