Дэлхийн соёлын өвийг тээгч "НҮҮДЭЛЧИН" наадмын өнгө төрх



Нүүдэлчдийн соёлын өвийн наадам нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж хайрханы бэлд болж өнгөрлөө. Энэ жилийн “Нүүдэлчин” соёлын наадамд Монгол Улсыг төлөөлж соёлын биет болон биет бус өвийн долоон ай савын 880 өвлөн уламжлагч, Ази, Европ, Өмнөд Америк тивийн 12 улс орны 150 гаруй төлөөлөл дуу хуур, бүжиг наадмын биет болон биет бус өв соёлоо толилуулан оролцлоо. 
“Нүүдэлчин” дэлхийн соёлын наадамд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Номин нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн юм. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Нүүдэлчин” дэлхийн соёлын наадмын нээлт дээр хэлсэн үгэндээ “Монгол Улс ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет болон биет бус өвийн тоогоороо дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг. Соёлын өвийг хадгалж, хамгаалахын зэрэгцээ тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, олон талт агуулга, хэлбэрээр баяжуулан, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарал тавин ажиллаж байна. Монгол туургатны олон угсаатан, ястны өв соёлыг нэг дороос танин мэдэх, газар газрын өвлөн уламжлагчид нэгнээсээ харилцан суралцах, үүх түүх, үндэс угсаагаа сэргээн санах, бахархан хүндэтгэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх асар том боломжийг энэхүү наадам олгож буй ач холбогдолтой"-г онцлон өгүүлсэн юм. “Нүүдэлчин” соёлын өвийн наадам өнгөрсөн жилээс эхлэн “Дэлхийн соёлын өв”-ийн наадам болж цар хүрээгээ тэлснээр нэр хүнд нь хөрш зэргэлдээ орнуудаар тогтохгүй  таван тив, дөрвөн далай гатлан цуурайтжээ. 
Жил жилийн соёлын өвийн наадмын нээлт дуутай хууртай, дуртмал сайхан болж өнгөрдөг. Энэ жилийн хувьд ч ялгаагүй уртын сайхан дууны, уянгат эгшгэн аялгуу Тайж хайрханы араас Налайхын өргөн цэлгэр талын дээгүүр нисэн хөглөгдөн шуранхайлсаар эхлэв. Арлан тарлан үүлс тэнгэрийн хээлээр нүүж, алаг цоог наранд нь арын цэцэгстэй өнгө булаалдаж охидын царай тунараад эхлэв. Угсаатан, ястнууд дуугаа дуулж, бийгээ бийлж, цуураа үлээж, хуураа татаж эхлэв. 
Нээлтийн үйл ажиллагаа ийнхүү дуу хуураар эхэлж, монгол эрсийн бахархал болсон хүлэг морьдтой наадаанаар үргэлжлэв. Талбайг тойрон улс үндэстэн, угсаатан ястнууд туг, далбаагаа намируулан алхаж дууссаны дараа талбайн голд байрласан монгол тулганы хэлбэртэй бамбарыг морьтон залуу асааснаар наадмын үйл ажиллагааг нээж буй ажээ. Тун удалгүй наадмын гол талбай руу сарлаг, хайнаг, тэмээ, морь тэрэг хөтөлсөн нүүдэлчид орж ирэн бүтэн тойроод мөнөөхөн бамбарын өмнө монгол гэр буулган барьж орхив. Урлагийн тоглолт үргэлжлэн явсаар мөнөөхөн нүүдэлчид гэрээ барих зуураа газар суун бие амраан, ярилцах мэт аялаг нь монгол аж байдлыг үзүүлсэн багахан хэмжээний тоглолт болох аж. Мэдээж Монгол хүн ийм дүр зургийг үгүйдээ л телевизороор үзсэн бол гаднын зочдод энэ нь нүүдэлчин амьдралын гайхалтай хэв маягийг харуулсан тун ч үзүүштэй тоглолт болов. Нээлтийн тоглолт угсаатнуудын холимог бүжиг зэрэг үзүүлбэрүүдээс гадна язгуур хэв маягийг орчин үетэй хольсон урсгалын дуунууд дуулагдаж байлаа. Энэ урсгалын гол төлөөлөгчдийн нэг, дуучин Г.Эрдэнэчимэг тайзанд гарч хөнгөн хэмнэлтэй хит дуугаараа үзэгчдийг доргиож өгөөд оров. Нээлтийн тоглолтын дараа улс үндэстнүүдийн язгуур соёл урлагийн тоглолтууд хуваарийн дагуу үргэлжиллээ. 
Бид тоглолтын нээлтийг найруулсан Монголын үндэсний урлагийн их театрын найруулагч Х.Хашхүүтэй уулзаж наадмын сэтгэгдлийг нь асуусан юм. Тэрбээр: “Нүүдэлчин” соёлын өвийн наадам хоёр дахь жилдээ дэлхийн хэмжээнд зохиогдлоо. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл урлагийн газар, Үндэсний урлагийн их театр өргөн бүрэлдэхүүнтэйгээр хамтран зохион байгуулж, олон уран бүтээл, уран бүтээлчийг оролцуулахыг хичээж ажиллалаа. Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын өвийн их наадамд гаднын 12 орны уран бүтээлч ирж оролцлоо. Монгол Улсын 21 аймаг нийслэл хот уран бүтээлчдээ, уран бүтээлээ илгээлээ. “Нүүдэлчин” гэдэг агуулга монголчуудын мартагдаж болохгүй өв соёл, аж байдал, зан заншил, ахуйн онцлог бидний “Монгол” гэдэг дархлааг бий болгож байгаа юм. Энэ дархлаагаараа Монгол гэдэг нэрийг дэлхийд цуурайтуулах цаг үе нүүдэлчдийн соёлын өвийн наадмаар овоглогдож явна. "Нүүдэлчин" наадамд оролцож байгаа уран бүтээлч, өв тээгч, соёлын өвийн үйлдвэрлэгч мөн малчин түмэндээ энэ их өвийг тээж, хадгалж хайрлаж, уламжилж байгаад нь үнэхээр их талархаж байгаа” гээд “Наадам цэнгэлийг дуу хуургүйгээр төсөөлөх аргагүй. Өдрөөс өдөрт даяаршиж, соёлууд нэгэндээ уусан мартагдаж байгаа өнөөгийн ертөнцөд соёлын хоцрогдсон байдлыг арилгаж орчин цагт нь авчирч, улам цааш нь хөгжүүлэхийн тулд зайлшгүй шинэчлэл хийх хэрэгтэй. Тийм ч учраас “Нүүдэлчин” соёлын өвийн наадмын нээлтийг үндэсний язгуураас өнөө цагийн хөгжил хүртэл нь дуу хөгжим, бүжиг наадмаар илэрхийлэхийг оролдлоо, Нээлтийнхээ ард гараад зогсож байна, үзсэн хүмүүс нь дүгнэлтээ хэлэх биз ээ” хэмээн өгүүлэв. Нээлтийн тоглолт өндөрлөж, аймгуудын уран бүтээлчид гэр, гэрийнхээ гадаа 20, 20 минутын зайтай тоглолт, найр наадмаа үүсгэж эхэлсэн юм. Үзэгчид аймгуудын гэрээр айлчлан ах дүү амраг садангууд уулзан золгож буй мэт хөл хөөр болцгоох аж. Талбайн хоймрыг 21 аймгаас хүрэлцэн ирсэн өвлөн уламжлагчдын болоод аймгуудын онцлогийг харуулсэн үзэсгэлэн, мөн аймгуудын онцлогтой идээ цагаа тэргүүтэн байх гэрүүд эзэлжээ. 


Энэ жил аймгууд дөрөв, дөрвөн гэр барьсан байна. Бид гэр, асраар айлчлан сонин содон үзүүлбэр, тоглолтууд хэсэж яваад Соёл урлагийн газрын мэргэжилтэн Г.Бадамцэцэгтэй тааралдлаа. Түүнээс энэ жилийн наадмын онцлогийг асуувал: "Дэлхийн соёлын өвийн наадам энэ жил өргөн дэлгэр сайхан болж байна. Бид энэ жил залуу өвлөн уламжлагч, өв тээгчдээ түлхүү оруулахыг хичээж ажиллалаа. Нэг хэсэг тасрах шахаад байсан соёлын өвүүд, түүний язгуур чанарыг сэргээн тогтоох бодлогыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл урлагийн газар барьж ажилласнаар судлаач, өв тээгч нарын ойлголтын зөрүү арилж байна.

 Тухайлбал Монгол орны 13 угсаатны дээл хувцсыг судлаачид өөр янзаар ярьж байхад өвлөн уламжлагч нар эмээ, өвөөгийнхөө зааснаар яриад болдоггүй байсан. Судлаачид, өв тээгчдээ цуглуулж дөрвөн удаа сургалт зохион байгуулж, угсаатны хувцасны салон байгуулж ажилласнаар үүнийг нэг чигт нь орууллаа. Өв тээгч нарыг танхимын сургалтад хамруулснаар залуу өв тээгчид жилээс жилд олширч ирлээ” хэмээн ярилаа. Наадмын дэглэлт жилээс жилд улам сайжирч байгаа нь харагдах аж. Өмнөх алдаанаасаа суралцан урагшилдаг нь хөгжил юм. Дэлхийн соёлын өвийн наадмын талбайд хүрэл, чулуун урлагийн бүтээлүүд тавьсан нь өнгө нэмэх аж. Урлагийн тоглолтын их тайзнаас гадна өөр тэмцээн уралдаан явуулах талбай байх. Эхний өдөр тэнд өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан болсон бол хоёр, гурав дахь өдөр 128 бөхийн барилдаан, буриад, үзэмчин бөхийн барилдааны үзүүлэх тоглолт болж өндөрлөв. Аймгийн гэрүүдээс гадна нийслэл, дүүргийн соёлын газрууд, музей, үзэсгэлэнгүүд, хөгжим, уран зургийн галерей гэр барьж уламжлалт урлагийн хөгжим, зураг, гар урлалын өвүүдтэй танилцуулж, үзэгч сонирхогчидтой хамтран хийж, зааж өгч байгаа нь талархмаар байлаа. Энэ тухай Соёлын үндэсний төвийн мэргэжилтэн: Н.Баасансүрэн:“Би “Нүүдэлчин” соёлын өвийн наадамд 2022 оноос хойш зохион байгуулах багт  орж ажилласан. Энэ жил соёлын өвийн “Өртөө”-нүүд болон 21 аймгийг хариуцсан. Наадам өнгөрсөн жилээс эхлэн цар хүрээ нь өргөжин тэлж дэлхийн соёлын өвийн наадам болж хүрээгээ тэлснээр Казакстан, ХБНГУ гэх мэт улсууд энэ жил шинээр нэмэгдэж өөрсдийн үндэстний, уламжлалт соёлын өвийн дуу хуур, бүжиг наадмаа өргөн барьж байна. Үндэсний шилдэг өвлөн уламжлагч 2019 оны байдлаар 102 хүн байсан юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ тоо багасаж 72 хүн үлдсэн байгаагаас энэ жил найм, есөн хүн л ирлээ. Энэ жилийн өөр нэг онцлог гэвэл өвлөн уламжлагчдын дундаж наслалт залуужсан байна. Наадмыг зохион байгуулж байгаагийн үр дүн эндээс харагдана. Түүгээр ч үл барам үзэгчид маш их залуужиж өөрсдийнхөө угсаа гарвал, үүх түүхээ сонирхон судлах сэдлийг эндээс олж авч байна, ямар угсаатан гэдгээ мэдэж язгуур хувцас хэрэглэлээ ямар байсныг харж яг түүгээр нь өмсөж хэрэглэхийг хичээж байна” хэмээн бидэнд ярьсан юм. Наадмын гурван өдөр ахин давтагдахгүй үзүүлбэр тоглолтууд тавигдаж ирсэн үзэгч зочдыг нэг ч хором уйдаасангүй. Наадмын хоёр дахь өдрийн үдээс өмнө бороошсон ч хотоос Тайж хайрханыг чиглэх хөл ер тасарсангүй. Жаахан шивэрсэн бороо намжиж үдээс хойно тэнгэр цэлмэснээр наадам хэвийн үргэлжлэв. Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд олон үндэстэн угсаатан холилдон суудаг бүс нутаг. Урианхай, Баяд, Дөрвөдөөс эхлээд Үзэмчин, Захчин Мянгадууд хаяа нийлэн гэрээ барьж, хамар багтаан малаа бэлчээж эвтэй найртай суух нь эртний уламжлалтай. Угсаатан, ястан бүр өөрийн онцлог янз байдлыг илэрхийлсэн өв соёлоороо гайхуулна. Алтайн магтаал, Урианхай туульч, хөөмийч, бий бийлээч гээд ямархан баялаг соёл уламжлал гээч вэ. Өв соёлын наадмыг зорин ирсэн баруун аймгуудын тоглолт жилийн жилд үлэмж гоёхон болдог. 

Зочин гийчин ч олонтой, үзүүлж харуулах зүйл ч ихтэй. Наадамд ирсэн үзэгчдэд баруун аймгуудын соёлын газрын ажилтнууд нэгэн зүйлийг аминчлан ойлгуулж байсан нь чих дэлссэн юм. Угсаатан ястнууд өөрсдийн хэл ярианы онцлог болсон нутгийн аялгаа эрхэмлэн нандигнах учиртайг тэд хичээнгүйлэн тайлбарлаж байлаа.

 Баяд, үзэмчин, дөрвөд, захчин, урианхай аялга гэх мэт хэл, ярианы ялгаатай байдлаасаа ичих биш харин ч бүр үүнийгээ хайрлаж, хамгаалж цааш дэлгэрүүлэн сурталчлах зорилго өвөрлөөд буцаж байгаа хүүхэд залуус ч байна. Би саяхнаас сонирхох болсон цуурын талаар жаахан ч болов яриа сонсох санаатай баруун аймгуудын гэрээр нуруугаа үүрэн жаал алхав. "Нүүдэлчин" наадмын зохион байгуулагч залуу миний хэрэг зоригийг дуулаад Баян-Өлгий аймгийн нэгэн цуурчинг танилцуулсан нь өдгөө 67 насыг зооглоод байгаа А.Ембек гуай байв. А.Ембек гуай “Би цуур хөгжмийг аавын отгон дүү Гамган гэдэг хүнээр заалгаж сурсан. Авга ахаар цуур хөгжим заалгаснаар би тав дахь үеийн өвлөн уламжлагч болж байгаа юм. Аавын аав буюу миний өвөөгийн ээжийн талыхан цуурчид байжээ. Түүнээс хойш  манай удамд цуурын эгшиг тасраагүй өвлөгдөж ирсэн байна. Үе удам дамжиж ирсэн өв соёл мартагдах учиргүй гэж бодон хичээж тоглож явсаар нэг л мэдэхэд 46 жил өнгөрсөн байна. Хойшид ч таслахгүйг хичээж үр хүүхдэдээ зааж сургаж л сууна” хэмээн ярьж байна. Казах үндэсний гэр учиргүй өндөр оройтой юмаа. Хүүхдүүд гэрийнх нь өндөр оройг сонирхон харж, охид бүсгүйчүүд казах эмэгтэйн хатгамал, дээл хувцасных нь гоёмсгийг бахдан шивнэлдэх аж. А.Ембек гуай хэд, хэдэн аялгуу тоглож үзүүлсэн. Цуурын эгшиг цаанаа л нэг далд увдистай мэт надад санагдаад байх болсон доо. Өндөр, өндөр уулсын орой салхи зүсэн хүнгэнэх ч шиг эсвэл уулын түргэн урсгалт гол хадан дундуур цовхчин урсах мэт чимээнд нэг л мэдэхэд ховсдуулж орхисон байна. Цуурчин маань ч өөрөө энэ аялгуундаа ховсдуулж орхидог гэнэ. “Алтайн өндөр оргилууд нүдэнд харагдах шиг л болдог. Цуурыг хэн дуртай болгон нь үлээгээд байдаг юм биш. Авга ах маань удам дотроосоо надад л зааж өгсөн, би дөрвөн хүүгийнхээ отгонд нь л зааж байгаа. Яагаад ч юм түүнийг л сурах байх гэж бодоод зааж эхэлсэн дээ”хэмээгээд намайг гаргаж өглөө. Ховдын гэрээр ортол анхны наадам дээр танилцсан өв тээгч маань инээд алдан тослоо. Ярилцлагад дарагдаад л гэж байна. Би ч цуурчинтай уулзах гэж зорьсноо хэлж ажлаа бүтээгээд гарч явна гээд саллаа. Наадмын хоёр дахь өдрийн өглөөнөөс хойш шивэрсэн бороо намдаж, тэнгэрийн баруунтай бүдэгхэн солонго татжээ. Өв тээгчид, урлаг, соёлынхон бүгд өнгө өнгийн гоёмсог дээлтэйгээ гадаалан шаагилдах нь мөнөөхөн тэнгэрийн солонго газар буусан мэт үзэгдэх нь гайхалтай. 
Харихаар шийдэн алхаж явтал нүдийг нь боосон анчин шонхор нэгэн гэрийн гадаа харагдав. Мөнөөх анч шувууг ажиглан сониучирхах зуур эртний маягаар урласан монгол дээлтэй, шонхор малгай тэргүүндээ асаасан чийрээг залуухан эр дөтөлж ирэхийг би анзаарав. Тэрбээр дэргэд ирж зогссоноо “Таныг энд зогсоод байхаар нь хүрээд ирлээ” гэж байна. Төв аймгийн хүн гэнэ. Түүнтэй яриа үүсгэн жаал хөөрөлдтөл тун сонирхолтой нэгэн болж таарлаа. Монголд “Шувуулахуй” гэдэг Төрийн бус байгууллага байдаг бөгөөд түүний гишүүн залуу аж. Саяхан Казах түмний гэрээр зочлоод ирсэн болоод ч тэр үү, ерөөс орчин үеийн бид шувуугаар ан хийхийг зөвхөн тэдний ёс заншил гэж бодож сурсных ч юм уу сонирхолтой санагдсанаа хэлбэл “Ерөөс ганц та биш ээ. Орчин үеийн монголчууд тань шиг бодоод сурчихсан л хэрэг. Тэгээд ч шувуугаар ан хийх соёлыг казах түмнээр овоглоод ЮНЕСКО-д бүртгүүлчихсэн шүү дээ. Уг нь шувуулахуй чинь монголын хаад ноёд, язгууртнуудын зугаа, ан гөрөө хийх нэг арга нь байсан юм. Бүргэд, шонхроор ан хийж буй тухай "Монголын нууц товчоо"-нд ч гардаг. Бид энэ мартагдаж, мөхсөн соёлоо эргэн сэргээж сануулах зорилготой. Учиргүй ан гөрөө хийгээд явахгүй нь мэдээж. Гэхдээ сонирхол маягаар сэргээхэд яагаад болохгүй гэж” хэмээн ярилаа. Нээрээ яагаад болохгүй гэж. 
Өв тээгчид аймгуудынхаа гэрт орж тоглолтоо үргэлжлүүлсээр л байсан гэдгийг тэмдэглэн хэлбэл зохилтой. Наадмын гурван өдөр Налайхын тэгш уудам хавтгай алдарт туульд өгүүлдэгчлэн “Бур бур бороотой бурхан бумбын орон, сэр сэр салхитай сэрүүн сайхан хангай” гэмээр байсныг өгүүлэн сурвалжилгаа жаргаавай.

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24610/ 



0
angry
1
care
0
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22