Монгол бахархлын түүчээ улам бүр залуужиж байгааг уран бүтээлчдийн амжилт гэрчилнэ. Өсөн торниж буй залуу үеийнхэнд авьяас, итгэл зүтгэл байхад Карнеги Холл, Бостон, Большой театрт хүрэх зам нээлттэй. Даян дэлхийд Монголын сонгодог урлагийн талаар хэдийнэ ярьж, бичиж эхэлсэн. Тэдний нэг АНУ-ын Нью-Йорк хотод ажиллаж амьдардаг, мэргэжлийн төгөлдөр хуурч У.Ануг “Монгол бахархал” буландаа онцоллоо. Тэрбээр Нью-Йорк дахь “Линкольн” төв, Парист ЮНЕСКО-гийн театр, Берлин дэх Пассионкирче сүм, Женев дэх Хөгжмийн консерватори зэрэг нэр хүндтэй газруудад олон улсын хэмжээнд тоглолтоо хийжээ. Энэ бол Монгол Улс сонгодог урлагийн салбарын боловсон хүчнээ дотооддоо бэлтгэдэг мэргэжлийн консерватори, академик театртай гэж ам бардам хэлэх баталгаа юм.
Дөрвөн наснаас эхэлсэн мөрөөдөл
Сонгодог хөгжмийн дэгийг Монголд системтэйгээр нэвтрүүлээд зуу хүрэхгүй жил өнгөрчээ. Тэгвэл монгол хүн сонгодог хөгжмийн хаан төгөлдөр хуурчаар АНУ-д тод гялалзсан нууц гэвэл уйгайгүй хөдөлмөр, зүтгэл. Түүнийг сонгодог хөгжимд дурлуулж, урлагт хөтөлсөн хүн бол ээж нь. Дуурийн дуучин байсан ээж, төгөлдөр хуурч эгчийнхээ нөлөөгөөр багаасаа сонгодог бүтээлүүдийг сонсож, мэдэрч өсжээ. Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид суралцдаг эгчтэйгээ адилхан болохыг дөрвөн наснаасаа мөрөөдсөн гэдэг. Гэртээ төгөлдөр хуурын хичээлээ давтах эгчийгээ хараад хөгжимчин болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Хөндлөнгөөс хараад тогтоосон хэдхэн нотоо алдахгүй тоглох охиныхоо авьяас, хамгийн гол нь сонирхлыг анзаарсан ээж нь охиноо Хөгжим бүжгийн коллежийн элсэлтэд бэлтгэж эхлэв. Ану ч ээжийнхээ итгэлийг алдалгүй шалгалтаа амжилттай өгч, тэнцсэн хариу авчээ. Охидын дуртай хийл хөгжмийн ангид сурах боломж байсан ч төгөлдөр хуурын ангид элсэн оров. Тэрбээр мэргэжлийн харгуйд замчилсан Гавьяат багш, дэд профессор Ч.Тунгалаг, Ц.Мягмарцэрэн багшаараа үргэлж бахархана. Өөрийн гэсэн үзэл бодолтой болж төлөвшсөн нь “Бэлэн хоол ам руу хийдэггүй” хатуу багш нарын нөлөө.
“А” зэрэглэлийн хөгжимчин болох жим
Сан Франциско хотод 2010 онд болсон төгөлдөр хуурчдын уралдаанд оролцсон мөчөөс АНУ-д суралцахаар шийдэн өөртөө зорилго тавьжээ. Монголд сонгодог урлагийн орон зай өндөр хөгжилтэй орнуудтай хальцуулахад бага байдаг нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн биз. Сургуулиа төгсөөд багшлах талбар Консерватори болон СУИС. Ажлын байр гэвэл Улсын филармони, Дуурийн театр гэсэн хуруу дарам цөөн мэргэжлийн байгууллага бий. Эх орондоо ажиллаж болох ч цалингаас эхлээд санхүүгийн баталгаагүй. Залуу уран бүтээлчид өсөн дэвжиж бие даасан тоглолтоо хийхийг хүсвэл зөвхөн Улсын филармони эсвэл Дуурийн театрын тайз л гэсэн сонголттой. Филармонийн заал суудал багатай гээд монгол уран бүтээлчдэд тулгардаг асуудал олон. Учир иймд л чадвартай залуус гаднын театруудад ажиллахаар эсвэл багшлахаар явдаг болов уу. Гэтэл Америк бол дэлхийд тэргүүлдэг нэр хүндтэй урлагийн байгууллага, театр, сургууль олонтой шоу бизнесийн гол төв болсон улс. Хүсэл, сонирхол нь Ану охиныг далласан хэрэг. Хичээнгүйлэн суралцаж, боломж бүрийг эрэлхийлсээр 2013 онд Нью-Йорк хотод нүүж ирэв. АНУ-ын бодит амьдрал Холливудын киноноос тэс ондоо. Очсон анхны өдрөөсөө л ялгаа заагийг анзаарав. Маш их өрсөлдөөнтэй нийгэмд хөдөлмөрч, дайчин байхыг шаарддаг. Мөрөөдлийнхөө төлөө хичээх ёстой. Америкийн сургуулиуд оюутныг бие даалгаж сургадаг. Хичээлийн анхны өдрөө төгөлдөр хуур тоглох нь хүртэл Монголоос ялгаатайг анзаарчээ. Монголд эхний гурван долоо хоног бүтээлээ давтаж, багшийн заавар зөвлөгөөгөөр хичээллэдэг бол Америкт бүх зүйл хувь хүнээс шалтгаална. Ингээд эх орондоо тоглож дадсан сонгодгуудаас гадна шинэ, тоглож байгаагүй бүтээлийг судалж, давтаж эхлэв. Хичээж, амжуулж чадвал АНУ-д боломж их. Хөгжмийн сургуульд суралцаж байгаа хөгжимчдөд ансамбльд тоглох эрх олгодог. Олон удирдаач болон оркестртой хамтран ажилласан нь залуу уран бүтээлчдэд туршлагажих боломж олгодог байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн төгөлдөр хуурч болох хоёр арга бий. Авьяастнуудын олимп хэмээгддэг П.Чайковский, Ф.Шопены уралдаанд амжилт гаргах, олон мянгаар тоологдох хөгжимчидтэй өрсөлдөж нэрээ гаргах шаггүй тулаан. Гэхдээ үзээд алдахад буруугүй. Франц улсад зохиогдсон Милош Магины нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын уралдааны хошой хоёрдугаар байр, Ж.Чулууны нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын уралдааны тэргүүн байр, АНУ-ын Калифорнид болсон Оросын хөгжмийн уралдаанд шагналт байр эзэлжээ. Ингэхдээ Кабалевскийн төгөлдөр хуурын гуравдугаар концертоор ямар хэмжээний төгөлдөр хуурч болохоо харуулсан юм.
“Бетховенд хайртай”
Урлагт маш нарийн төрөл бол уран бүтээлчдээс нарийн ур чадвар, мэдрэмж шаарддаг гоцлол хөгжим. Төгөлдөр хуурын эгшиг хүнд бүрт гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг онцлогтой. Өнөөдөр тэр өөрийгөө төгөлдөр хуургүйгээр төсөөлшгүй. Төгс хөгжим учраас эзнээ ч гэсэн төгс байхыг шаарддаг. Энэ жамаар насан туршдаа суралцаж, ханаж цадашгүйгээр сонгодогт шунан дурлуулдаг болов уу. Түүний хайртай хөгжмийн зохиолч бол Бетховен. Хөгжимчдөд төвөгтэй хэллэгийг боловсруулах, сонсогчдын ой тойнд ортол таниулах гэсэн хоёрдмол давхар сорилт болдгоороо Бетховений бүтээлүүд гайхалтай. Тиймээс 2018 онд Бетховенийн VIII симфони болон Гуравдугаар концертыг тогложээ. Монгол уран бүтээлчдийн адил эх орныхоо нэрийг гаднын оронд таниулахыг хичээнэ. Гаднын том тоглолт, фестивалиудад Монголын төгөлдөр хуурч гэж зарлуулахдаа омогшдог. Тиймээс хаана л очно эх орноороо овоглох дуртай гэнэ. Энэ хүслийнхээ багахан хэсгийг ч гэсэн биелүүлэх зорилгоор Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс бүрдсэн аялан тоглолт хийхээр зэхжээ. Үндэсний сор болсон хөгжмийн бүтээлүүдээс тоглоход үзэгчид танхим дээгүүр дүүлэн нисэн ховсдуулдаг аж. Ийм ид шидтэй монгол аялгуунуудаас сурагчдадаа зааж өгч, шавь нараараа тоглуулахыг чухалчилдаг байна. Үүнийгээ монгол хүн болж төрснийхөө ачийг бага ч болтугай хариулж, эх орноо сурталчилж буй иргэний үүрэг гэж үздэг. Монголд сонгодог хөгжмөөр суралцдаг хүүхэд багачууд, оюутан сурагчдыг дэмжих, мэргэжлээрээ АНУ-ын их сургуулиудад суралцахад туслах зорилгоор "Virtuoso Agency" агентлагиа байгуулжээ. Тэрбээр оюутан сурагчдад хэрхэн АНУ-ын их сургуулиудад хөгжмийн ангид элсэн орох, хэрхэн элсэлтийн шалгаруулалт аудишнд бэлдэх, хэрхэн тэтгэлэг авахад нь тусалдаг. Анугийн шавь нарт насны хязгаар үгүй. Далласын “Mountain View Community College”-д төгөлдөр хуурын багшаар ажиллаж чамгүй туршлага хуримтлуулжээ. Харин өдгөө Нью-Йоркийн их сургуулийн хөгжмийн тэнхимд концертмэйстр багшаар ажиллахын сацуу Манхаттэнд байрлах хөгжмийн сургуульд төгөлдөр хуурын багш болон уран бүтээлийн захирлаар ажиллаж байна. Хөгжмийн ертөнцөд концертмейстер гэх үг нь дотроо гурван зүйл, өөр өөр түвшний хөгжимчнийг илэрхийлдэг. Найрал хөгжмийн хамгийн голлох хөгжимчин буюу хэн нь дарга вэ гэдгийг илтгэх албан тушаалын өргөмжлөл аж. Ану уран бүтээлдээ түлхүү анхаарахыг хүсдэг ч бүтэн цагаар багшилдаг болохоор цаг зав хомс. Түүний ойрын мөрөөдөл нь эх орондоо сонин, содон өвөрмөц хэв маяг бүхий тоглолтыг зохион байгуулах ажээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24610/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна