Ш.Энхбаяр: Уран ганган, гоёмсог нугалаатай боржигон уртын дуугаараа бахархдаг


БНХАУ-ын ӨМӨЗО-нд алдарт уртын дуучин Лхасүрэнгийн нэрэмжит  Олон улсын уралдаанд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ш.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр мэргэжлийн уртын дууны төрөлд боржигон уртын дуугаараа оролцсон нь шүүгч, судлаач, үзэгчдийн талархлыг хүлээжээ. Ш.Энхбаяр таван үе дамжсан уртын дууч гэдгээрээ алдартай.

-Өвөрмонголд зохион байгуулсан уртын дууны тэмцээнд түрүүлсэнд баяр хүргэе. Ямар уран бүтээлээрээ оролцов?

-БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанхот, Хянган аймагт энэ сарын 15-17-нд зохион байгуулсан Олон улсын уртын дуучдын уралдаанд монгол туургатан үндэстэн, ястны 300 уран бүтээлч оролцсон. Өвөрмонголын алдарт дуучин Лхасүрэнгийн нэрэмжит энэхүү уралдааныг дөрвөн ангиллаар зохион байгуулдаг. Хүүхэд, сонирхогч, мэргэжлийн, ахмадын гэсэн ангилалтай. Би мэргэжлийн  төрөлд “Хэрлэнгийн баръяа”, “Бор борын бялзуухай”, “Жаргалтайн дэлгэр” гэсэн боржигон уртын дуугаараа оролцлоо. Ингэхдээ эмээгээсээ өвлөн уламжилсан боржигон аялгаараа дуулсан юм.  Өвөрмөц, уран ганган, чимхлүүр, чамин боржигон дуу шүүгч, судлаач, үзэгчдийн талархлыг хүлээж, нэгдүгээр байр эзэллээ. Алтан цом, тэргүүн шагналыг эх орондоо авчирсандаа баяртай байна.


-Хэдийгээр үндэс угсаа нэг ч хилээр тусгаарлагдсан монгол туургатан дуучид оролцжээ. Эдгээрээс манай улсын уртын дуучдын давуу талыг та хэрхэн анзаарав?

-Шүүгчдийн бүрэлдэхүүнд доктор, профессор, нэрт эрдэмтэн Л.Эрдэнэчимэг байсан. Монгол Улсаас баруун монгол ардын дууч Ж.Тулгаа, төв халхын уртын дууч А.Пагмадулам, буриад дуугаар Б.Ариунбат  нар оролцлоо. Монгол Улсын дуучдын онцлог бол тайзны соёл, дуугаа өөриймшүүлж дуулах чадвар, бусдаас илүү язгуурлаг бас өөрийнхөө хэв маягаар баяжуулж дуулдгаараа давуу талтай. Байгаль, цаг уур, газар орны онцлог, амьдралын харилцан адилгүй хэв маягтай уялдуулан хөгжүүлж, өвлөн ирэхдээ ихэвчлэн уртын дуугаа зан үйл, ардын дууны хэв маягтайгаа холбож нэгтгэсэн байдаг. Ямартаа ч бүгдээрээ тус тусдаа уртын дууны өвөрмөц өв уламжлалаа хадгалж ирсэн нь дэвшилттэй юм.

-Өвөрмонголд уртын дуугаа өвлүүлэх, хөгжүүлэхэд яаж анхаарч байна?

-Миний анзаарснаар Өвөрмонголд уртын дууныхаа язгуур үндсийг маш сайн судалдаг. Төр, засгаас нь мартагдсан дуунуудыг сэргээн дуулах бодлогод анхаарч дэмжиж байна. Уран бүтээлчид нь олон язгуурын уртын дуунуудаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор пянз, сиди олноор хэвлүүлдэг. Ер нь өвөрмонголчууд ардын дуугаа үндэсний бөх шигээ дэмждэг, алдаршуулахад бүх нийтээрээ сэтгэл, зүтгэл гаргадаг юм билээ.

-Боржигон уртын дууны уг гарлын талаар манай уншигчдад танилцуулна уу?

-Боржигон уртын дууг хиад боржигон, Алтан ургийнхан,   Чингис хааны удмын  хаад ноёдын орд өргөөний найранд дуулагддаг байсан уртын  дуунаас анх үүссэн гэж  эрдэмтэн судлаачид  үздэг. Тиймээс боржигон найр нь  “Боржигон уртын дуу” хэмээх уртын дууны нэгэн өвөрмөц  дэг жаяг,  аялгуу, түрлэгийг түүхэн явцдаа бий болгосныг  эрдэмтэд  судлан тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр боржигон уртын дуу нь боржигон найраа дагаж үеийн үед  өвлөгдөж ирсэн төдийгүй боржигон  нутагтаа, малын бэлчээрт дуулагдан уламжлагдсаар ирсэн арвин  түүхтэй. Социализмын үед ихэс дээдсийн гэх тодотголоосоо болж дуулахыг хориглож байсан. Хэдий хориотой цаг үе ч боржигончууд найр, наадмаараа нууцаар дуулж өв соёлоо таслалгүй авч үлдсэн. Үүний тод жишээ нь манай гэр бүл. Боржигон аялгат уртын дуучин Үүлэн-Нэрэн, Сэдэддаа, Үүлэнзэвгээ, Харындоо, Балдансэнгэ гэлэн, Наваандоо, Гозгор банди, Гомбодоо, Базар, Сономпил, Улаан, Нарангомбожав, Хөх Ваанчиг, Мөр Зэвгээ, Давхарын  Дамдин, Лхагвадулам, Дэжид, Цэрэнпунцаг, Борнойн Цагаан өвгөн, Ширчинжунай, Цоохор Пунцаг, Гэлэгсамдан, Гомбо, Нармандах, Мөнх-Очир, Цэнджав, Лхам, Өлзийбат нарын уртын дууч хойч үедээ боржигон дуугаа өвлүүлсэн ачтай. 

-Түүх, соёлын эртний өв байх нь. Та боржигон уртын дууны онцлогоос дурдвал?

-Гол онцлог  нь гэвэл маш  нарийн чимхлүүр, уран ганган, гоёмсог нугалаатай. Усны дусал шиг бөнжигнөсөн, торго шиг гэж судлаачид тодотгож хэлдэг. Боржигон уртын дууг боржигон найран дээр гурван түрлэг тасралтгүй дуулна. Дуучнаас хоолойн ур чадвар ихээхэн  шаарддаг. Бас ам ангайхгүй, шүд хагас зуулттай дуулдаг онцлогтой.

-Удам дамжсан уран бүтээлчид олныг мэднэ. Гэхдээ таван үеийн уртын дуучин гэж танаас өөр сонсож байгаагүй. Удмын авьяасыг аль талаасаа өвлөв?

-Уртын дуучид төрсөн нутаг, аав ээжийн уг гарвал удмаасаа өгөгдөлтэй төрдөг. Ээж талаасаа тав дахь үеийн уртын дуучин. Одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хонгор толгой, Бага Эрээн, Их Эрээнээр нутагтай уртын дууч Цэвэлийн охин нь Мөнх, Мөнхийн охин Лхам, Лхамын охин Төмөрхуяг, Төмөрхуягийн охин нь би болно. Одоо миний арван настай охин боржигон уртын дуугаа өвлөн суралцаж байна. Уртын дуу заасан анхны хүн гэвэл эмээ минь. Дөрвөн наснаас минь дуулах эрдмийг гэрээр өвлүүлсэн. Эмээгийнхээ зааснаар Монголын хүүхдийн уртын дууны улсын уралдаанд оролцож,  мөнгөн медаль хүртсэн. Тэр цагаас хойш урлагийн замаар  замнаж, уртын дууг сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах үйлсэд зүтгэж  явна даа.

-Мэргэжлийн замд хөтөлсөн багшийнхаа тухай дурсана уу?

-“Сити” дээд сургуулийг 2015 онд уртын дуучин мэргэжлээр Ц.Насанбат багшийнхаа удирдлага дор  төгссөн. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн их сургуулийн дуу хөгжмийн консерватурт боржигон уртын дуугаараа магистр хамгааллаа.

-Ажил мэргэжил хүнийг төлөвшүүлж, амьдралыг харах өнцгийг өөрчилдөг. Тэгвэл уртын дуу таньд яаж нөлөөлсөн бэ?

-Би уртын дуугаа дуулж, хурдан морь унаж өссөн малчны охин. 14 нас  хүртлээ хурдан морь унасан болохоор ум марзай,  гийнгоог  сайн сурсан. Дуу бүжгийн “Боржигон” чуулгад 15 жил ажиллах хугацаандаа олон сайхан уран бүтээлээр урын сангаа баяжуулсан. Тиймээс би “Боржигон” чуулга, уртын дуу, соёл уламжлал намайг хүн болгож төлөвшүүлсэн гэж хэлэх дуртай. Нүүдэлчин язгууртнууд бид амьдралыг харах тэнгэр ухаанаар бусдаас онцгойрдог шүү дээ. Боржигон нутаг, өв уламжлал, дуу аялгуу намайг ивээж явдаг.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24610/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22